Нийтлэл 09 сарын 19, 2018

САЛМАН РУШДИ: Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл”-ийг дахин уншихуй

“Би олон улсын уншигчдад зориулж бичдэг. Үүний тулд би Английн тухай дэлхий даяараа мэддэг тэр зүйлийн тухай бичих хэрэгтэй гэж бодсон юм. Тэрхүү зүйл нь энэ удаад англи гэрийн даамал байж таарсан” хэмээн Ишигүро Өдрөөс үлдсэн зүйл романыхаа тухай Парис Ревью утга зохиолын сэтгүүлд (“The Art of Fiction,” No. 196) өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Өдрөөс үлдсэн зүйл” роман өнгөндөө тун тайван өрнөнө. Хижээл насны даамал Стивенс Английн Вест Каунтригаар хэдэн хоног аялахаар шийдэж аян замдаа хөдөө нутгийн байгалийн сайхныг бахдан явна. Ийн явж байх зуураа 1950-иад оны англи киноноос гараад ирэв үү гэлтэй хөдөөгийн ард иргэдтэй, жаахан тодруулбал индүүдлэгтэй өмдтэй, төгс дуудлагатай эрхмүүдийг хараад малгайгаа өргөн мэндчилж, машид хүндэтгэн харьцдаг тийм л ард иргэдтэй уулзана. 

Романы үйл явдал ерөнхийдөө цомхон. Дарлингтоны шилтгээнийг америк ноён Фаррадей худалдаж авчээ. Тэрээр даамал Стивенстэй хошин яриа өрнүүлэхийг хичээвч нэг л сайн ойлголцохгүй. Том шилтгээнд хүн хүч дутсаны учир ноён Стивенс урьд нь тэнд ажиллаж байсан Кентон авхайгаас шилтгээндээ буцаж ажиллах хүсэлтэй эсэхийг нь өөрийн биеэр очиж асуухаар Вест Каунтри тийш аялалд гарна. Гэвч найдвар нь бүтэлгүйтэж гэрийн зүг жолоо залах бөгөөд энэ зуур уншигчдыг чилээхээргүй үйл явдлууд ч ар араасаа өрнөнө. 

Гэхдээ романы төгсгөл хавьд, нас дээр гарсан гэрийн даамал Уеймутын усан тавцан дээр огт танихгүй хүний өмнө яагаад нулимс цэлэлзүүлэн уйлах шахдаг билээ? “Хөгжилтэй амьдрахыг хичээх хэрэгтэй. Үдэш гэдэг бол өдрийн хамгийн сайхан мөч юм шүү дээ” гэсэн танихгүй эрийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх түүнд яагаад тийм хэцүү байв?

Романы тайван амгалан гэмээр өнгөлөн далдлалт дор хүчит давалгаа, шуурга аажим аажмаар хүчээ нэмнэ. 

“Өдрөөс үлдсэн зүйл” романы хувьд энэхүү зугуухан хүч нэмэх хүүрнэлүүд, хүүрнэл хоорондын шилжилтүүд хамгаас чухал. Гэм зэмгүй мэт харагдах шилтгээний амьдралд үхэл, өөрчлөлт, шаналал ар араасаа хөвөрсөөр... Эзэн, үйлчлэгч хоёрын цагийг элээсэн харилцаа хуучных шигээ гуйвшгүй үнэн байхаа болиод, угтаа өөрийгөө хуурч сүйрүүлэхийн уг үндэс байсан мэт санагдана. Аян замд таарах хөдөөгийн аз жаргалтай ард иргэд ч ардчилал, хувь хүний эрх, нийтийн эрхийг өмгөөлөх болж, энэ зуур Стивенс цаг үеэ өнгөрөөж хэдийнээ хоцрогджээ. “Боол хүнд ямар ч нэр төр гэж үгүй” хэмээн Девоны тосгоны нэгэн эр даамалд хэлэх ч, даамлын маань хувьд нэр төр гэдэг бүхий л бие сэтгэлээ өөрийн ажилдаа зориулах байсан шүү дээ. Ингэхэд эрх мэдэлтэй үүсгэсэн бидний харилцааны мөн чанар яг юу юм бэ? Бид эрх мэдлийн боол нь юм уу, эзэн нь юм уу? 

Ишигүрогийн романы чухал амжилтуудын нэг нь “Англи хүн байх гэж яг юу юм бэ?”, “Агуу чанар гэж юуг хэлэх вэ?”, “Ноён нуруу гэж чухам юу вэ?” гэх мэт том асуултуудын нухацтай байдлыг бүдгэрүүлэлгүйгээр хөнгөн, хошин өнгөөр хөндөж тавьсанд оршино.

Стивенс “агуу чанар”-ын тухай ихэд эргэцүүлэх бөгөөд түүний хувьд агуу чанар гэгч нь “хэмжээ хязгаартай байдал”-тай шууд холбоотой аж. Африк, Америк шиг үзэсгэлэнт байгалиа зарлан тунхагладаггүйд л Британийн байгалийн сайхны “агуу чанар”, ялгаа оршино гэж тэр итгэдэг. Стивенсийн аав нь ч мөн “агуу чанар”-ын тухай энэ үзэл санаанд итгэсэн даамал хүн байж. Гэвч аав, хүү хоёрын зэрэг итгэсэн энэ л үзэл санаа тэдний сэтгэл хөдлөлөө нуух зан чанарыг дэврээсэн гэлтэй.

Стивенсийн үзэж буйгаар, даамал хүний агуу чанар нь “хэзээ ямагт мэргэжлийн шаардлагад нийцэхээр биеэ авч явах чадвар”-тай гарцаагүй холбоотой. Энэ санаа цаашлаад англи хүн байхтай холбогдоно. Эх газрын европчууд буюу кельтүүд “багахан өдөөн хатгахад л хамаг хослол, хувцас хунараа тайлж шидлэн, хашхирч гуугачсаар зугтаж одох хүмүүс” юм санж.

Гэхдээ “агуу чанар”-ыг эрэлхийлсэн энэ л хүсэл тэмүүлэл нь Стивенсийн хайр сэтгэлээ олох цор ганц боломжийг нь үгүй хийнэ. Өөрийн үүрэг хариуцлагынхаа цаана нуугдсан тэрээр олон жилийн өмнө Кентон авхайг өөр эрийн тэвэр рүү түлхэж орхижээ. Үүнийг ойлгосон Кентон авхай хоолой зангируулан байж “Яагаад, ноён Стивенс, та яагаад, яагаад ингэж байнга дүр эсгэдэг юм бэ?” хэмээн асууна.

Эзэн нь хүн төрөлхтний сайн үйлсийн төлөө зүтгэж байна, түүнд хүчин зүтгэснээрээ өөрөө ч сайн үйл бүтээхэд хувь нэмэр оруулж байна гэж бодсон учраас л Стивенс хамгийн том ялагдлыг хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Лорд Дарлингтон эцэстээ ердөө л нацистуудын хамсаатан, тэдний хурууны үзүүрээр хөдлөх хүүхэлдэй төдийхөн болж шившгээ дэлгэнэ. Гэгээн Петрийн муухан хувилбар гэмээр Стивенс лорддоо хүчин зүтгэж байснаа хоёр ч удаа үгүйсгэж худал хэлдэг ч эцэст нь эзнийхээ тарьсан шившигт үргэлжийн мөнхөд будагдсанаа ойлгоно. Стивенсийн нэгэн адилаар, Дарлингтон ч баримталсан ёс зүйн дүрмийнхээ улмаас сүйрчээ. Версалийн гэрээгээр Герман улсад тулгасан чанга хатуу зүйл заалтыг дэмжихгүйдээ тэр аяндаа нацистуудын хамсаатан болох замдаа татагдан орно. 

Чанд зарчим гэгч зүйл, эрээ цээргүй явдлын нэгэн адилаар, хүнийг уруу татаж, дордуулж болохыг Ишигүро ийн харуулжээ.

Жеймс Айворигийн 1993 оны ижил нэрт кинонд лорд Дарлингтоны дүрийг хавьгүй зөөллөж харуулсан байна. Хамраа сөхсөн мэдэмхий нэгэн мэтээр дүрслэгдсэн лорд Дарлингтон сөрөг дүр гэхээс илүүтэй мулгуу нэгний дүр мэт, зэмлэхүйц гэхээс илүүтэй өрөвдмөөр нэгэн шиг санагдана. Ишигүрогийн романд тэрээр нацистуудтай дотноссон, хүнийг төдий энэрч өрөвддөггүй британи язгууртны дүр гэдэг нь хавьгүй тод дүрслэгдэж, хэдий Стивенс “Лорд Дарлингтон муу хүн байгаагүй. Огтхон ч муу хүн байгаагүй” гэж хэлэх ч уншигч түүний үнэн дүрийг даамлаас илүү сайн ойлгоод, ингэж дүгнэх шалтгаан огт үгүйг ойлгоно.

Лорд Дарлингтон үгүйдээ л амьдралын замаа өөрөө сонгожээ. Харин Стивенс “Гэтэл одоо би өөрөө өөрийнхөө алдаанд буруутай гэж хэлж чадахгүй байна шүү дээ. Үнэхээр... өөрөөсөө асуух хэрэгтэй байх... энд “нэр хүнд” гэх зүйл байна уу хэмээн шаналдаг. Түүний амьдрал бүхэлдээ мулгуу алдаа байж. Стивенс үүнийг олж мэдсэнийхээ дараа биеэ өмгөөлөхийн тулд ердөө л өөрийгөө хуурч, урьдын үзэл бодол нь ганхаж эхэлсэн гэдэг нь эндээс илхэн харагдана. Гашуун хэр нь сэтгэл татам түүхийн гашуун хэр нь сэтгэл татам төгсгөл нь энэ.

“Өдрөөс үлдсэн зүйл” романаараа Ишигүро өмнөх хоёр роман дээр давтагдсан япон орчноос нүүр буруулж, түүний ухамсар нэг газраа хадагдаагүйг, харин ч нэгээс нөгөөд нүүж, хувьсан өөрчлөгдөж чадахыг нотолжээ. “Өдрөөс үлдсэн зүйл”-ийг бичиж эхлэхдээ би зохиолын минь охь чанар нь нэг газраас нөгөөд нүүн шилжиж чадахыг ойлгосон. Минийхээр бол, аливаа зохиолын охь чанар орчноос хамаарахгүй” хэмээн Парис Ревью сэтгүүлийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл охь чанар хаана оршдог вэ? “Өөрийн дотоод сэтгэлээ нарийн судлалгүйгээр хэлэх аргагүй. Зохиолч хүн яагаад ижил төрлийн сэдвээр дахин давтан бичдэгээ танд хэлж буй бол түүнд хэзээ ч бүү итгээрэй.”

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл бичих

arrow icon