Нийтлэл 10 сарын 02, 2018

20К: Эрдэнэт бол хот, эрдэнэтчүүд бол бүтээн байгуулагчид юм байна

20К клубээс Эрдэнэтээр аялах арга хэмжээ зарлагдангуут дуун дээр бүртгүүлсэн юм. Бараг эхний бүртгүүлэгч болсон байх. Эхэндээ бол Эрдэнэтийг сонирхсон гэхээсээ вагонд суумаар байсан гэвэл илүү шударга үнэнд нийцнэ. Токиод дандаа төмөр замаар зорчдог байсныгаа санагалзах маягтай байсан юм. За тэгээд хүссэн вагондоо суулаа. Могой шиг уран хөнгөн шинкансэний хэрэглэгч байсан хүнд нүсэр хийцийн орос вагон цаг хугацаагаар эргээд аялаж байгаа юм шиг сонирхолтой. Их сонин нь үнэхээр сайхан аялаад ир гэсэн мэт үлгэр шиг зөөлөн цас хаялсан үдэш замд гарлаа. Хамт аянд гарсан 26 нөхдийн хамт тун ч зугаатай явав. Хуучин вагоны цул төмөр цутгаж хийсэн бариул, орны араам сэлтээс зардал хэмнэх гэлгүй материал техникээр зодож хийсэн төрийн бүтээн байгуулалтын ул мөр харагдана. Хэдий хуучин ч стандарттай байгууллага гэдэг нь бүх юмнаас харагдана. Социализмын үед ч ийм л байгаа болов уу гэмээр зад угааж өлгөсөн цагаан тааран алчуурнууд, төмөр хувин, хананд наалттай дүрэм журмууд, нямбай цэвэрхэн индүүдэж гялгар уутанд савласан цагаан хэрэглэл гээд л. Орчин үеийн үнэтэй үнэтэй машин унаж зам дээр овоорсон өнөөгийн бидэнд байхгүй дэг, стандарт 20-р зуунаас тэнд өвлөгдөж үлджээ. Ядаж хүн бүр утас шагайсан өнөө цагаас нээрээ л өнгөрсөнд очсон мэт вагоны үйлчлэгч эгч ном уншиж явахыг хэлэх үү. Төмөр замаас караоэкэ вагоноор Лхагва, Баасан гараг бүрт үйлчилж байгаа нь таарч Камертоны Ганаа, дуучин Гантогоо, гитарчин Бат-Итгэл, Элькондорын Хэрлэн, Дэизи, битбоксер Рэи гээд олон уран бүтээлчид багт нэгдсэнийг хэлэх үү аялал бараг л бүтэн концертоор эхлэв. 

20180928_190714

20180928_200109

Сайн мэдээлэл ойлголтгүй вагонд суучихсан хүн хагассайны өглөө Эрдэнэтийн өртөөн дээр бууж байж л нэлээн хүндтэй зочин болж яваагаа ухаарлаа. Илгээлтийн эзэн болж хувирсан залуус идээ ундаа барьж, дуу хуур болсоор угтсан нь 20К клубээс санаачилж зохион байгуулсан тус арга хэмжээг Эрдэнэт хотын боловсрол соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар,  Улаанбаатар дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн дэд дарга  Сүнс хамтлагийн дуучин асан Б.Эрдэнэзул, Авшиг Хур компанийн захирал Г.Батсүрэн тэргүүтэй баг сэтгэл зүтгэл гаргаж бэлдэж дэмжсэн тур аяллын дөнгөж эхлэл нь байв.

Эрдэнэт үйлдвэрийн олон нийттэй харилцах төлөөлөгчидтэй өглөөний цай ууж,  товч танилцуулга сонссоны дараа эхлээд ил уурхай дээр очлоо. Том уурхайн төсөвт оруулсан мөнгийг тоогоор харах нэг хэрэг, нүдээр харах нэг өөр хэрэг ажээ. Үечлэн хуулж олборлолт хийсэн агуу том хөндий дотроо бол жижиг харагдах белаз гэхэд 130 тон буюу нэг ачихдаа хоёр вагоны ачаа зөөнө гэнэ. Тухайн үед ЗХУ-д хоёр том зэсийн уурхайн орд мөн илрээд байсан гэх ба тийшээ хөрөнгө оруулалт явсан бол Эрдэнэтийн уурхай ба хот үүсэхгүй байсан байж ч мэдэх аж. Үйлдвэрээ танилцуулсан мэргэжилтэн тэр үеийн удирдагчид ямар алсын хараа,  зөв бодлогоор хэчнээн том төсөл хэрэгжүүлсэн талаар бидэнд хүүрнэлээ. Асар том ил уурхайн дээрээс харж зогсоход мөн л вагонд төрсөн сэтгэгдэл дахин төрөв. Бид өнгөрсөн 30 жилд муулж баалдаг социализмын үед хийгдсэн бүтээн байгуулалт ба стандартыг давах нэгээхэн ч legacy шинэ өв өөрсдөө хийж чадаагүй юм байна. Болж өгвөл бүгд очоод үзмээр юм билээ. 

20180929_150019

Эрдэнэт хот ус гол биш уурхай дагаж үүссэн хот учраас усны асуудалтай, 64 км хол Сэлэнгэ мөрнөөс хамгийн үнэтэй ус татаж уудаг, тиймдээ ч усанд гамтай юм. Иргэд нь 4 зүг 8 зовхисоос цуглаж өөрсдийн гараар барьж босгосон учраас үр хүүхэд нь эцэг эхийнхээ барьж бүтээсэн хотод үлдэж ажилладаг, тэр түүхээрээ их хайрлаж бахархдаг онцлогтой юм байна. Ер нь унаган орос хэлтэй технократ, инженер олонтой үйлдвэрлэл дагасан хөгжлийн онцлог харагдаж байв. Нэг л өдөр Орхон аймаг болж хувирсан хотын иргэдийн хувьд  Эрдэнэт бол хот гэсэн итгэл, үнэт зүйл дотроо тээж байдгийг бид хотоор аялах зууртаа Твиттерт #ЭрдэнэтБолХот хаштагаар хуваалцсан шиг явлаа. Аяллын тэнгэр ивээж хотоос гарсан урд үдшийн цас шиг хөвөн цас зөөлөн хаялсан хэвээр. 

Эрдэнэт үйлдвэрт анхны хөрс хуулалт хийсэн Трактортой хөшөө,  80 тонн хүдэр ашиглан бүтээж энэ жил дахин алтадсан, хэмжээний хувьд Азидаа хоёрт орох Бурхан багшийн хөшөө, Эрдэнэтийн “Зайсан толгой” зэрэг дурсгалт газруудаар дамжаад “Эрдэнэт хивс” үйлдвэртэй танилцав. Шивтэр гэмээр үнэр ханх тавьсан түүхий ноостой хаалгаар ороод шинэ барааны үнэр ханхалсан гоёмсог хивстэй дэлгүүрээр гарах нь их гоё. Тийм ид шид бүтээж  буй залуус  хэрүүл хийж, хүн амьтан муулж суух завгүй ажиллаж харагдах.  Эрдэнэт хивс мөн л социализмын үеийн бүтээн байгуулалт. Шат дараалан технологио шинэчилсээр одоо 42 орны зах зээлд холбогдсон экспортлогч болж өргөжижээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Саудын Араб руу экспортлох ажил хэлэлцээрийн шатандаа яваа гэнэ.

20180929_100944

20180929_164349

Тэндээс гарч иртэл орон нутгийн хоёр үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаар гадаа хүлээж байв. Байгаа бүхнээ боож өгөөд бөртийтөл үлддэг байсан эмээгээ санах ч шиг. Баян-Өндөр сумаас зарласан төсөлд сахаргүй жимсний жигнэмэг, нухаш, шүүс хийх төслөөр орж түрүүлсэн Б.Насанжаргалын гараас бүтээгдэхүүний дээж, Д.Хүрэлбаатар захиралтай Орда компанийн хамт олноос “Хайрын жигнэмэг” нутгийн идээ бэлгэнд авлаа.  

_TGS4347

Сэлэнгэ амралтын бааз руу явах замд түр саатсан уулын жихүүнийг тэнд шарсан тахиа, чанасан адууны мах, салат зэхээд хүлээж байсан “My Chicken” брэнд үйлдвэрлэгчдийн халуун сэтгэл хамаагүй давж байсныг хэлэх хэрэгтэй. Хээр ууланд баннер тавиад хэдэн танихгүй баагийд халуун хоол зэхээд хүлээж байх санаа магад монгол хүнд л төрнө. Гавьяа байгуулсан юм шиг л хотоос очсон хэдэн нөхөд санаа зовж, нулимс гармаар хүний сайхан сэтгэл, цайлган нөхөрсөг монгол хүн, хөдөлмөрч даруу зан, хэн гэдгээсээ  илүү нутаг ус, хийсэн бүтээснээ илүүтэй ярих бахархалтай алхам тутамдаа таарч явлаа. Сэлэнгэ амралтын баазад ажилчдын спартакад зохион байгуулагдаж байгаатай таарч манай багийн уран бүтээлчдээс  сюрприз гараагаар бэлэг барьсан.

Аяллын хоёр дахь өдөр,  Сэлэнгэ амралтын баазын гол эзэд буга согоонуудтай “мэнд мэдээд”, Сэлэнгэ мөрөн орж, тэндээсээ манай улсын анхны катодын зэсийн үйлдвэр Эрдмин оров. Харьцангуй богино хугацаанд бүтээж болохуйц цөөн дамжлагатай, компакт жижиг үйлдвэр үзээд ийм үйлдвэр хэд хэдийг байгуулаад боловсруулсан бүтээгдэхүүний экспортоо нэмж яагаад болдоггүй юм бол гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байв. Зэс хавтангийн үйлдвэрээс яараад буцах шахсан биднийг ажилчид нь зэс кабелийн үйлдвэрээр дайраад гар гэж ятгаад, дайрсан нь ч зөв болов. Үйлдвэр дотор О.Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг бүтнээр нь бичиж өлгөсөн зэрэг зөвхөн Монголд л харагдах онцлог орчин.  Самсунг зэрэг олон улсын импортлогчдод хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн 99.999% сорьцтой цэвэр зэс голтой цахилгааны утас гартаа барьж үзлээ. Ер нь хивс, хүнс, кабель аль ч үйлдвэрийн ажилтан залуус аль болох хийсэн бүтээснээ танилцуулах сонирхолтой, бахархалтай байгаа нь мэдэгдэж байлаа.

20180930_154223

Бас мэргэжлийн өнцгөөс харахад мянга мянган жилийн түүхтэй олон улсын үйлдвэрлэлийн эдийн засгийг араас нь нэхэж байгаа нялх эдийн засаг гэдгээ, нэг нэгийгээ нягт дэмжиж бодлого хийж байж тэсч үлдэнэ гэдэг гашуун үнэнийг ч гартаа барьж, нүднээ харж явав.

Үдэлтийн арга хэмжээ My Chicken брэндийн үйлдвэрлэгч, Эрдэнэтийн 6000 ажилтанд кэитеринг сервис хийдэг компанийн Хүннү лоунж ресторанд боллоо. Урд өдөр нь уулан дээр зогсож байсан даруухан бүсгүйчүүд үнэндээ бол Азидаа нэрээ гаргаж үзсэн шэфүүд байв. Хонины толгойнд ялз жигнэж болгосон ногоо, жижиг аяган тогооны хорхог гээд монгол үндэсний хоолоор меню хийж чадсан тохилог ресторанд арга хэмжээг зохион байгуулагчид маань хэр их ажиллаж, бэлтгэж байж тийм шахуу үр дүнтэй хөтөлбөр бүхий хоёр өдрийг бий болгосныг сонслоо. Арга хэмжээ болгоныг тултал нь зохион байгуулдаг 20К клубийн тэргүүн Эбогоос түрүү жил цасанд боогдоод явж чадаагүй үед аль хэдийн зэхсэн байсан гэх зэс аяга гишүүддээ бэлэглэж, хамтран ажилласан байгууллага, хүмүүст дурсамж гардуулав.

Нутгийн хэдтэйгээ салах гэж бараг нус нулимс болох шахаж, богоонд суугаад Зөвлөлт рүү сургуульд явах гэж байгаагаас дутахгүй юм боллоо. Хоёрхон өдөрт ижилдсэн 26 нөхдийн хамт суусан өнөө хуучин орос вагон, тэнд тоглохоор бүтээсэн юм шиг гитарын аялгуу, уран бүтээлчдийн дуу, инээд хөөр болсон хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжтай аялал Даваа гаригийн өглөө Улаанбаатарт ирснээр өндөрлөлөө. Жижиг цэмцгэр хотоор аялаад буухад манай хотын утаа угаар, шавж барьсан саарал цементэн хорооллууд, хог шороо улам үзэмжгүй, нүдэнд тодрон үзэгдэх нь бяцхан гунигтай. 

Энд дарахад #BrandTrend20K хаштагаар, мөн эндээс фото альбум үзэх харах боломжтой. Тэмдэглэлийг буулгасан миний хувьд эдийн засаг, бизнесээс илүүтэйгээр хот хот биш, үйлдвэрлэл үйлдвэрлэл байхгүй Улаанбаатарт учраа олохгүй байгаа болохоос үйлдвэрлэл аж ахуйтай нутаг усандаа бол зочломтгой цайлган монгол хүн хэвээрээ л байгааг, залуус ойлголцож, итгэлцэж, нөхөрлөж болдгийг эргэн нэг санасан нь энэ аяллын хамгийн том олз байлаа. Эрдэнэт бол хот, эрдэнэтчүүд бол бүтээн байгуулагчид юм билээ шүү.

arrow icon