ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж үг хэлэхэд:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:   “ДЦС 4”-т осол гарсны улмаас Улаанбаатар хот бүхэлдээ цахилгаангүй болсон хэрэгт ч мөн Засгийн газрын гишүүд хариуцлага хүлээх хэрэгтэй. Мөн төрийн албаны ёс зүй, хариуцлагагүй байдалд салбарын сайд бус Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой . Энэ асуудал зөвхөн хүний амь нас хохирохоор хариуцулага хүлээж байгаа юм уу. Хэрэв хүн амины хэрэг гараагүй бол хариуцлага хүлээхгүй юу? "

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:  “Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарган ажиллаж байгаа. Мөн бүх төрийн байгууллагад шалгалт хийж байгаа. “ДЦС 4”-т гарсан ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг мөн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн албаны сахилга, хариуцлагаг дээшлүүлэх 47 журмыг шинэчлэн батлаад байна”.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: "Зам тээврийн яам дээр гарсан энэ асуудалд зөвхөн сайд нь ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш. Явж явж хохирогчийн албан тушаалд санаархаж байсан хэргийн эзэн зүгээр ажлаа хийгээд явж байна шүү дээ. Энэ бол зүй зохисгүй хэрэг. Энэ төрийн албаны ялзралыг зогсоох хэрэгтэй. Төрийн алба хариуцлагатай байж шүүх цагдаагийн байгууллага шударга байх ёстой.  Бид өнөөдөр сайдын асуудлаас илүүтэй гуч гаруйхан настай зүгээр ажлаа хийж явсан хүн яагаад улс төрийн золиос болж амь насаа алдав гэдэг асуудлыг ярилцах хэрэгтэй. Үхсэний хохь болж амьд үлдсэний зол болж явж болохгүй". 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Сайд огцрох гэж байгаа нь их харамсалтай. Гэхдээ үүний цаана бугшсан асуудал бүр ч харамсалтай байна. Их хурлынхаа танхимд янз бүрийн юм ярьж, зодоон цохион хийдэг, төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа ийм тохиолдол ер нь дэлхийд байдаг юм уу?

Нөгөө ардчилсан үнэт зүйл хаана байна. Энэ бол бидний хариуцлагагүй асуудал. Бид гадны нөлөөнд хэтэрхий автагдаж байна. Телевиз радио нь алан хядах садар самуун гаргаж байна. Энэ хэмжээнд хүртэл нийгэмд замбараагүй байдал бий болж байна. Энэ асуудлыг эргэж хармаар байна".

УИХ-ын гишүүн Л.Болд:   "Төрийн албыг тогтвортой, шуурхай байлгах үүднээс ЗТХ-ийн сайдыг сайдыг нэн даруй томилох ёстой.  Засгийн газраас сайдыг чөлөөлсөн л бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулаад сайдыг томилуулах шаардлагатай байсан юм. Энэ бол төрийн ажил удаашралтай явж байгаагийн нэг илрэл".

УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Сүүлийн өдрүүдэд гадаадын тагнуулын байгууллага Монголд баривчилгаа хийх оролдлого хийсэн, галт тэрэг замаасаа гарсан, яамны байранд хүн амины хэрэг гарсан зэрэг олон асуудал гарлаа. Нийгмийг цочроосон эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Монгол улс   энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсч, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо. Одоо ажлаа хийх хэрэгтэй байна.  Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав одоо наад найр наадмаа дуусгаад орон овоохойдоо ирж, түмэн олноо тайвшруулаач гэж шаардмаар байна".

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%