Нийтлэл 11 сарын 06, 2018

Өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн ч хариуцлага хүлээддэггүй болох уу?

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төслийг 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлсэн. Энэ төсөлтэй холбогдуулан Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог татан буулгах гэж үү” гэсэн нийтлэлийг 2018 оны 11-р сарын 05-ны өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлүүлсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнд үндэслэсэн дүрэм, журмаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар танилцуулж, ХЗДХЯ-наас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл хууль болон батлагдвал мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн өмгөөлөгчид хариуцлага зайлшгүй хүлээлгэж чадахгүй болно гэдгийг харуулна.

Хуульчид мэргэжлийн ёс зүйн маш өндөр шаардлага тавигддаг

Аливаа ардчилсан улсад ёс зүйн маш өндөр шаардлагыг хангаж ажиллах ёстой цөөн мэргэжлийн нэг нь хуульчийн мэргэжил. Яагаад гэхээр хуульчид нь өөр өөрсдийнхөө ажлаар хувь хүний амьдралын, байгууллагын үйл ажиллагааны болон улс орны нийтлэг ашиг сонирхлын хамгийн чухал зүйлүүдийг эрсдэлд орохоос урьдчилсан сэргийлэхэд тусалдаг, эрсдэлд орсон тохиолдолд шийдвэрлэдэг, шийдвэрлэхэд оролцдог ажлыг хийдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйлс хуулийн дагуу шударга, зөв шийдвэрлэгдэх үү гэдэг нь хуульчдын гарт байдаг. Ийм учраас хуульч нар маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. Хуулийн зөвлөх нь гэрээ байгуулах зэрэг тодорхой шийдвэр гаргахаас нь өмнө үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг хамгаалах боломжит гарцыг нээж өгдөг. Хүмүүс хуулийн зөвлөгөө авахын тулд төдийгүй амин чухал асуудлынх нь хувь заяа шүүхийн процессоор шийдвэрлэгдэх үед өмгөөлөгчид ханддаг. Прокурор нь Монголын нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан Эрүүгийн хууль зөрчигдсөн эсэх асуудал дээр нийтийн ашиг сонирхлыг төлөөлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг, шүүхэд улсын яллагчаар ордог. Шүүгчийн хувьд хэрэг, маргааныг хуулийн дагуу хамгийн үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх ажил хийж байгаа хуульчид маш том эрх мэдэл хэрэгжүүлдэг, түүнийгээ дагаад өндөр хариуцлага, олон нийтийн итгэл хүлээдэг. Иймээс л, ирээдүйд хуульч болох эрх зүйчдийг сайн бэлтгэх, үүний тулд хууль зүйн сургуулиудыг хараат бусаар, шударгаар магадлан итгэмжилдэг байх, сургуулиа төгсөөд хийдэг дадлагыг чанаржуулах нь маш чухал. Тэгээд шалгалтаа амжилттай өгч хуульч болчихсон хүмүүст маш өндөр ёс зүйн стандарт тавьдаг. Энэ талаар байнга сургалт, судалгаа хийх ажлыг Хуульчдын холбоо хариуцдаг. Хуульч нар хэрвээ ёс зүйн стандартаа зөрчвөл тохирох хариуцлагыг зайлшгүй хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо Хуульчдын холбоонд ажиллаж эхэлсэн.

Монголын хуульч нар өндөр хариуцлагатай байх механизмын суурь тавигдсан. 2013 онд Хуульчдын холбооны анхдугаар их хурал Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (“Хуульчийн мэргэжлийн дүрэм”) гэдэг нэртэй дүрмийг баталж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хэм хэмжээг олон улсын жишигт хүргэж тогтоосон юм. Энэ дүрэм нь ерөнхийдөө гурван хүрээнд хүрч үйлчилдэг. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нь хуульчийн мэргэжлийн ажил хийж байхад төдийгүй хувийн амьдралд нь үйлчилнэ, мөн энэ хоёроос бусад хүрээнд хүрч үйлчилнэ. Жишээлбэл, өмгөөлөгч хүн үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авчхаад шүүх хуралд нь очихгүй, хэргийг нь ч уншихгүй, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байвал мэргэжлийн хүрээнд гарсан зөрчил болно. Түүнчлэн, хувийн амьдралдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар машин барих зэргээр хуулийг ноцтой эсхүл удаа дараа зөрчих асуудал ч хуульчид байж болохгүй. Бусад хүрээнд үйлчилнэ гэдэг нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн хувьд багшлах, судалгаа хийх эрхтэй. Гэтэл судалгаа хийж байгаа гээд хүний номыг хуулаад биччихсэн ч байдаг юм уу эсвэл хуульчийн шалгалт авах комиссод орчхоод шалгалтын материалыг задруулсан байх ч юм уу. Ийм тохиолдолд үнэнч, шударга, зарчимч байх хуульчийн шаардлага хангах уу үгүй юу гэдэг асуудал яригддаг.

Одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн хуульчид хаалттай эсхүл нээлттэй сануулах, шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй хүчингүй болгох гэсэн найман төрлийн шийтгэлээс ногдуулдаг. Хуульчийн гаргасан зөрчлөөс нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийг нь харгалзан тохирсон шийтгэл ногдуулдаг. Жишээлбэл, шинээр хуульч болсон хүн анх удаа мэдлэг, туршлага дутсанаасаа болоод хөнгөн хэлбэрийн зөрчил гаргасан байвал хаалттай сануулах шийтгэл ногдуулж болно. Хаалттай сануулах нь тухайн хүнд өөрт нь “дахин ийм зөрчил гаргуузай” гэж өгсөн анхааруулга юм. Үүнээс бусад нээлттэй шийтгэл ногдуулсан шийдвэрүүд нь бүгд Хуульчдын холбооны цахим хуудаст тавигддаг, эмхэтгэл болгон хэвлүүлдэг. Ийм ил тод, нээлттэй байдал өмнө нь Монголд хэрэгжиж байгаагүй.

Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлийг давхардуулан байгуулсан нь

Хуульчийн мэргэжлийн дүрэм нь хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүнд үйлчилдэг. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Мэргэжлийн хариуцлагын хороог энэ дүрмийг зөрчиж мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр байгуулсан. Энэ хороо нь шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн, бусад хуульчийн ажил хийж байгаа бүх хүний мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан асуудлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Гэхдээ УИХ ийм хууль батлагдчихаад бусад хуулиуд дахь прокурор, шүүгчийн ёс зүйн асуудлыг тус тусад нь зохицуулсан зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм байна, тэрийг нь Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо батална. Шүүгч ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааны Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтууд хүчин төгөлдөр байгаа. Прокурор хувьд ч гэсэн Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт бий.

2014 оноос хойш Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаж эхэлсэн. Бодит байдал дээр шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдээд явж байна. Тэгэхээр нийт 5500 орчим хуульчийн 4500 гаруй хуульчийн асуудал бүхэлдээ Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалагдаж байна. Энэ хороонд шүүгч, прокурортой холбоотой гомдол ирэхээр үүнийг ерөнхийдөө Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл рүү шилжүүлж байгаа гэж ойлгодог. Одоогоор шүүгч эсхүл прокурорт давхар хариуцлага хүлээчихсэн зүйл алга. Мэргэжлийн хариуцлагын хороо бусад хуульчид, ялангуяа өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг голчлон шийдвэрлэдэг. Одоо бид Мэргэжлийн дүрмээр давхардуулж шүүгч, прокурорын асуудлыг зохицуулах юм уу, Мэргэжлийн хариуцлагын хороонд шүүгч, прокурорын асуудлыг харьяалуулах юм уу гэдгийг нэг талд нь гаргаж шийдэх ёстой.

Мэргэжлийн хариуцлагын хороог бэхжүүлэх нь харьяаллын давхардлыг арилгах гарц

Хуульчдыг хэлмэгдүүлж, буруугүй байхад нь хариуцлага хүлээлгэж болохгүй боловч ёс зүйн зөрчил гаргасан хуульчид заавал хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Хуульчийн хариуцлагын тогтолцоо нь муу хуульчдаас олон нийтийг хамгаалах, хуульчид итгэх итгэлийг хамгаалах зорилготой бөгөөд дөрвөн шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ тогтолцоо нь ёс зүйн зөрчил гаргасан хуульчдад хариуцлага зайлшгүй хүлээлгэх үр нөлөөтэй байх. Хоёрдугаарт, ямар ч хуульчийн асуудал шийдвэрлэж байгаа бүрэлдэхүүн нь өөрөө олон нийтийн итгэл хүлээхүйц хөндлөнгийн байх хэрэгтэй. Гуравдугаарт, уг асуудлыг шийдэж байгаа хороо нь хараат бус, бие даасан байх ёстой. Дөрөвдүгээрт, энэ маргааныг нарийвчилсан процессоор шалгаж шийдвэрлэж байх ёстой. Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүгчийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл тус бүрт нь эдгээр дөрвөн шалгуурыг хангаж буй эсэхийг үнэлсний үндсэн дээр эдгээр гурван байгууллагын харьяаллын давхардлыг арилгах хэрэгтэй.

Нэгдүгээр шалгуур - үр нөлөө. Мэргэжлийн хариуцлагын хороо нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017 онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад, 791 гомдол хүлээж авснаас 751 өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь прокурортой холбоотой гомдол иржээ. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах, 12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна. Шүүгчийн ёс зүйн асуудлыг шийддэг Шүүхийн ёс зүйн хороо 2014-2017 онд 807 гомдол хүлээж аваад 42 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр хянагдаад 31 нь хүчингүй болсон байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн хувьд шийдвэрүүд, хуралдаан нь ил тод бус, хэдэн прокурорт хариуцлага хүлээлгэж байгаа нь ч мэдэгддэггүй. Прокурорын ёс зүйн зөвлөлийг бид эргэж харах шаардлага бий. Үр нөлөө талаас нь харвал Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн нь, тэгээд Шүүхийн ёс зүйн хороо, хамгийн муу нь Прокурорын ёс зүйн зөвлөл байна.

Хоёрдугаар шалгуур – хөндлөнгийн бүрэлдэхүүн. Бүрэлдэхүүний хувьд хөндлөнгийн, хараат бус байх шаардлагатай. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн нь 18 шүүгч, 6 прокурор, 6 өмгөөлөгчөөс бүрддэг. Нэг маргааныг шийдэхдээ 3 шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч ордог. Өмгөөлөгчийн асуудлыг шийдэхэд өмгөөлөгч нь цөөнх байгаа. Энэ бол өмгөөлөгчийн хариуцлагын тогтолцоонд гарсан маш том дэвшил. Шүүхийн ёс зүйн хорооны хувьд 9 гишүүнтэй, гурвыг нь гурван шатны шүүхээс, гурвыг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гурвыг нь Хуульчдын холбоо тус тус нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Шүүгчдийн төлөөллөөс гурван л хүн байна гэсэн үг. Энэ бол олон улсын хандлага. Харамсалтай нь, прокурор дээр хөндлөнгийн, хараат бус бүрэлдэхүүнтэй байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа. Одоо Прокурорын ёс зүйн зөвлөлд 100 хувь прокурорууд орж ажилладаг. Мөн, Улсын ерөнхий прокурор уг зөвлөлийн бүх гишүүдийг томилоод зогсохгүй, прокурорт хариуцлага хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ нь Прокурорын ёс зүйн асуудлыг хөндлөнгөөс шийдэж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлдэг.

Өмгөөлөгчийн сахилгын асуудлыг өмгөөлөгч нь цөөнх болсон бүрэлдэхүүн шийдсэнээр өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдаж буй нь хий хоосон яриа. Өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан нэг ч баримтыг гаргаж тавихгүй байна, ийм баримт олдохгүй байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг харахаар яалтачгүй, маргаангүй нотлогдсон зүйл дээр л хариуцлага хүлээлгэж байгаа. Тухайлбал, мөнгө авчхаад ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсон өмгөөлөгчийг шийтгэснийг хараат бус байдалд нь халдсан гэх боломжгүй. Хараат бус байдал гэдэг нь ноцтой зөрчил гаргачхаад байхад хариуцлага хүлээлгэхээ болих зүйл биш. Хараат бус байдал болон хариуцлага хоёр бол хоёулаа зэрэгцэн хэрэгжих зарчмууд.

Гуравдугаар шалгуур – хараат бус, бие даасан байдал. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Хуульчдын холбооны удирдлагаас бүрэн хараат бус. Бүтцийн хийгээд хүний нөөцийн хувьд ч гэсэн бие даасан, хараат бус байдаг. Хуульчдын холбооны удирдлага эсхүл аливаа хуульч хорооны үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлбөл мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцдог. Энэ хороо нь жилд 150-160 сая төгрөгийн төсөвтэй, шалгалтын ажиллагаандаа хэрэглэдэг өөрийн машинтай гэх мэтчилэнгээр бие даасан.  Шүүхийн ёс зүйн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа, бие даасан байгууллага ч санхүү, төсвийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамааралтай байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүнийг бүрдүүлэхэд прокурор биш субъект оролцдоггүй, харин бүгдийг нь Улсын ерөнхий прокурор томилдог учраас түүнээс 100 хувь хараат гэсэн үг. Төсвийн хувьд ч бие даасан биш. Тэгэхээр одоогийн тогтолцооны хувьд хамгийн хараат бус нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо юм.

Дөрөвдүгээр шалгуур – нарийвчилсан процесс. Энэ шалгуурыг ч Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн хангадаг. Энэ хорооны ажиллах журам болон Маргаан хянан шийдвэрлэх журам нь иргэний процессын хууль шиг нарийвчилсан төдийгүй манай онцлог, олон улс улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулагдсан. Ийм нарийвчилсан журам нь буруутгагдаж буй хуульчид шударга хандах, хариуцлага зайлшгүй байх нөхцөл болдог. Жишээлбэл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаж нотлох баримт цуглуулах, тийнхүү шалгалтаар цугларсан нотлох баримтад үндсэн зөрчил гарсан эсэхийг дүгнэж нотлох, зөрчил гарсан эсэхийг тогтоож шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх чиг үүргийг салгаж гурван өөр этгээдээр гүйцэтгүүлдэг болсон нь эдгээр эрх мэдлийг урвуулан ашиглахгүй байх, хуульчид шударга хандах нэгэн баталгаа болдог. Мөн, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1.7-р зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан өдрөөс хойш гурван жил байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан. Энэ журамд шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаанаас харьцангуй урт хугацаа тогтоож өгсний дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох зохицуулалтыг оруулж, зөрчил гаргасан хуульчдад хариуцлага тооцох, хуульчдын нэр хүндийг хамгаалах боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Гэтэл, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас болж энэ хэт богино хугацаа өнгөрсөн л бол ямар ч ноцтой зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь шүүгчид хариуцлага тооцох механизмыг сулруулж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагах шалтгаан болж байна.

Гадаад улсын сайн туршлага

Шүүгчид Хуульчдын холбоонд гишүүн байж эсхүл идэвхтэй оролцдог тогтолцоо байдаг. Жишээлбэл, Америкийн Хуульчдын холбоо (ABA)-ны Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн хорооны дарга нь Аризона Мужийн дээд шүүхийн шүүгч байх жишээтэй. Мөн, Холбооны улсын хуульчдын холбоо (FBA)-ны 19,000 гишүүний 1500 нь шүүгч гэж вэбсайт дээр нь бичсэн байна. Гэвч, ихэнх улсад шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахгүйн үүднээс шүүгчийн сахилга, хариуцлагыг бусад хуульчаас тусад нь салгаж шийддэг. Жишээлбэл, Франц, Итали, Португали зэрэг Европын зарим улсад прокурор, шүүгчийн асуудлыг нэг газар шийддэг. Прокурорын асуудлыг өөрт нь өгдөггүй. Шүүхийн дээд зөвлөл нь шийдээд явчихдаг. Харин, АНУ, Канадад шүүгчээс бусад хуульчдын хариуцлагын асуудлыг хамтад нь зохицуулж, шийдвэрлэдэг. Прокурор ч бусад хуульчтай адилхан хуульчдын холбооны хариуцлагын тогтолцоонд харьяалагдана гэсэн үг. Тэгэхээр манай улсын хувьд шүүгчээс бусад хуульчдыг салгаж болохгүй, нэг газраа шийддэг байх нь зөв.

Олон улсад өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг зөвхөн өмгөөлөгчид нь хариуцуулахаас татгалзаж байгаа. Жишээлбэл, Германд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийддэг тусдаа сахилгын шүүх ажилладаг. Түүнээс биш дан өмгөөлөгчөөс бүрдсэн холбоонд өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг өгдөггүй. Өмгөөлөгч нь олонх биш бүрэлдэхүүнээр шийддэг газрууд ч бий. Америкийн Флорида мужид өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг ердийн шүүх шийддэг. Калифорни, Колорадод сахилгын шүүх шийддэг. Дани улсад гурван шүүгч, 9 өмгөөлөгч, 6 иргэн орсон бүрэлдэхүүн шийдэг. Эстон, Шведэд ч гэсэн хуулийн профессор, иргэдийг оролцуулсан холимог бүрэлдэхүүн өмгөөлөгчийн асуудлыг шийдээд байгаа юм.

ХЗДХЯ-аас боловсруулсан төсөл батлагдвал өмгөөлөгчийн хариуцлага суларна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Өмгөөллийн тухай хууль гэсэн шинэ хууль гаргаж үүнийг шийднэ гэсэн бодлого барьж байгаа аж. Эдгээр хуулийн төслүүдэд шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдэж байгааг хэвээр үлдээж, харин үлдсэн 4500 орчим хуульчийн хариуцлагын асуудлыг хоёр хуваах хувилбарыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчдийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын хороо, Хуулийн зөвлөх гээд өмгөөллөөс бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шийдэхээр төсөлд тусгажээ. Нийт хуульчдыг дөрөв, тав хуваах төсөл явж байгаа. Энэ бол нэлээд асуудалтай шийдэл харагдаад байгаа юм.

Манай улсад хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл  бол ямар ч хуульчийн ёс зүйн зөрчлийг шийдэхэд хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй шийдэх механизмыг хөгжүүлэх. Одоогийн давхардлыг арилгахдаа бид шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо шийдэж болно. Харин шүүгчээс бусад хуульчийн хувьд хариуцлагын асуудлыг нэг газар шийдэх нь зөв зүйтэй юм. Гэтэл, ХЗДХЯ-аас боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төслөөр прокурор, шүүгчээс бусад хуульчийг хоёр хуваах гээд байгааг дэмжих боломжгүй юм.

Өмгөөлөгч, хуулийн зөвлөх хоёрын юу хийж болох, болохгүй гэсэн ёс зүйн стандарт нь 100-ны 95 хувь нь адилхан байдаг. Төслөөр энэ хоёрын ёс зүйн стандарт болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх тогтолцоог салгах гээд байгаа нь давхардсан ёс зүйн стандарт үүснэ, хоёр газар шийдэхээр адилхан зөрчил дээр өөр өөр шийтгэл ногдуулах боломжтой. Жишээлбэл, хууль зүйн үйлчилгээний нууц задруулсан гэсэн үндэслэлээр хуулийн зөвлөхийн хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхэд, яг адилхан нууц задруулсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нь хүчингүй болгож болно. Тэгвэл тэр өмгөөлөгч хуулийн зөвлөхийн ажил хийгээд явах эрх нь нээлттэй. Ингэснээр шударга бус шийтгэл ногдуулах нөхцөл байдал үүсэх боломжтой. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо дээр нэмээд адилхан чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог ажиллуулах болох нь. Хуульч нарт санхүүгийн ийм хоёр дахин дарамт бий болгох шаардлага байна уу гэдэг зүйл бий. Өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэл маш том ухралт болно. Өмгөөлөгчид хариуцлага тооцож чадахгүй болно.

ХЗДХЯ-аас боловсруулсан Өмгөөллийн хуулийн төсөлд буй Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн ёс зүйн маргаан шийдвэрлэх инстүүцэд тавигдах дараах дөрвөн шалгуурыг хангаж чадахааргүй харагдаж байна: үр нөлөө; хөндлөнгийн бүрэлдэхүүн; хараат бус, бие даасан байдал; нарийвчилсан процесс. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төслөөр шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороонд, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд, өмгөөлөгчийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд, хуулийн зөвлөхийн ёс зүйн асуудлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалуулж шийдэхээр байна. Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны олонх гишүүн нь өмгөөлөгч байхаар төсөлд заасан. Эцэстээ шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор прокурорынхоо, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө ёс зүйн асуудлыг шийддэг 2013 оны өмнөх байдал руу буцаж орвол Монголд хуульчийн хариуцлагын тогтолцоог сулруулсан, хариуцлага тооцож чаддаггүй, ухралт болохоор харагдаж байна. Мөн, дан өмгөөлөгчдөөс бүрдсэн Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулбал одоогийн Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шиг хараат бус, бие даасан, үр нөлөөтэй ажиллаж чадах уу, түүний үйл ажиллагааг нь процессын шударга ёсны үүднээс нарийвчлан зохицуулж чадах уу гэдэг эргэлзээтэй. 2013 оноос өмнө байсан Өмгөөлөгчийн сахилгын хороо шиг хараат бус байдлын баталгаагүй, үр нөлөөгүй инстүүц болох магадлалтай.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-11-11

    156

    • Зочин
    • 2018-11-07

    Ene niohort medehgui zuil algaa

arrow icon