Нийтлэл 02 сарын 12, 2019

ЭДИЙН ЗАСАГ: Өрийн хямралаас зайлсхийх з арга зам

Эрсдэл өндөртэй цөөн хэдэн, тодорхой улс орны өрийн зохистой түвшний талаар маргаан, мэтгэлцээн түгээмэл өрнөдөг. Гэвч, өрийн ачаалал дэлхийн анхаарлыг татаж буй нэг асуудал болон хувирчээ. Монгол ч мөн ялгаагүй өрийн асуудалд чирэгдэн орсон.

 Хөгжингүй орнуудын өр дэлхийн II-р дайнаас хойш анхаарал татахуйц түвшинд хүрээгүй. Харин хөгжиж буй зах зээлийн өр 1980–аад оны өрийн хямралын түвшинд хуримтлагдаад байна. Мөн түүнчлэн бага орлоготой улс орнуудын 40% буюу 60 улсын 24 нь өрийн дарамтад өртсөн эсвэл өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд өрөө барагдуулах чадамжгүй байгаа юм. Энэ нь эдийн засгийн үйл хөдлөл болон ажил эрхлэлтэд эмх замбараагүй байдлыг авчрах сөрөг нөлөөтэй. Тиймээс Япон улс G20 хөтөлбөрийн удирдагч болохын хувьд өрийн зохистой байдлыг тэргүүн асуудал хэмээн тодорхойлсон байдаг.

 Хөгжиж буй улс орон бүрд өрийг бүртгэх, хянах бас тайлагнах институцийг сайжруулж, чухал ач холбогдолтой болгох боломж бий.

Одоогоор цөөнгүй хөгжингүй эдийн засгийн баримталж буй “маш бага хүүний түвшин”-н үед өндөр өр нь асуудал үүсгэх аюултай зүйл биш юм. Гэсэн ч их хэмжээний өрийн түвшин засгийн газрыг дэлхийн санхүүгийн байдал болон хүүгийн өндөр зардалд маш эмзэг болгодог ажээ. Энэ нь зах зээлийн залруулаг, валютын ханшийн огцом өөрчлөлтийг гааруулахаас гадна хөрөнгийн урсгалыг сулруулж, улмаар өрийн зохистой байдлыг улам ярвигтай болгодог.

 Мэдээж өр бүхэн муу биш билээ. Яг үнэндээ зээл л бидний амин чухал гэгддэг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол болон өөр бусад нийтийн барааг санхүүжүүлж чадна. Үр ашигтай нөөцөд зөв хөрөнгө оруулснаар өрийн зардлаас давсан орлогыг бий болгодог. Тэр ч бүү хэл зарим өрийн өсөлт ялангуяа томоохон эдийн засгуудын хувьд дэлхийн санхүүгийн хямралын дараах өсөлтөд эерэгээр нөлөөлсөн ба болзошгүй сөрөг үр дүнгээс зайлсхийх боломжийг олгосон.

 Өрийн түвшин өндөр байгаа нөхцөлд зээлээр орж ирсэн нөөцүүдийг ухаалгаар зарцуулаагүй (авилга болон сул институц), тухайн улс байгалийн гамшигт өртсөн эсвэл валютын ханшийн өөрчлөлт, капитал урсгалын гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн төрөл бүрийн сөрөг шокуудад өртсөн үед гол асуудал үүсэх бөгөөд энэ нь өрийг буцаан төлөх чадамжид сөргөөр нөлөөлдөг. Зарим хөгжиж буй эдийн засагтай орнууд одоо сүүлийн дурдсан асуудлыг шийдвэрлэх гэж хичээж байна.

 Бага орлоготой улсууд хамгийн хүнд өрийн сорилтуудтай тулгардаг ба хариу үзүүлэх чадвар хамгийн бага байдаг.

Эдгээр улсын ихэнхэд нь эдийн засгийн хөгжлийг бий болгоход нэмэлт санхүүжилт чухал хэрэгцээтэй. Гадаад санхүүжилт нь голлон засгийн газрын бонд, гадны байгууллагуудын тусламж дэмжлэг болон санхүүгийн байгууллагуудын зээллэгээс бүрддэг. Засгийн газрын бонд болон худалдааны зээл нь ихэнхдээ өндөр хүү, богино хугацаатай ирдэг бөгөөд өрийг барагдуулах зардал нэмэгдэж үүнийг удирдах даалгаврыг улам хүндрүүлдэг.

 Үүний зэрэгцээ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх нь ашигтай ч өрийн удирдах, эргэн төлөлтийн хугацааг зохицуулах зэрэг шинэ сорилтуудыг үүсгэдэг.

 Зээлдүүлэгч болон зээлдэгчид юу хийж чадах вэ? Гурван бодлогын тэргүүлэх чиглэл өөрчлөлт хийхэд тус болно.

Нэгт, засгийн газрын зээл санхүүгийн тогтвортой түвшинд байлгахад их хэмжээний хичээл зүтгэл хэрэгтэй. Зээлдэгч улсын өрийг зүй зохистой хэмжээнд байхуйцаар төсвийн зардал болон алдагдлын оновчтой төлөвлөгөөг гаргаж, маш хянамгай ажиллах хэрэгтэй. Дараагийн шинэ зээл авахаасаа өмнө санхүүжүүлж буй төслүүдийн боломжит өгөөж, татварын орлогоор эргэн төлөлт хийх чадвартай эсэхийг нягтлах шаардлагатай. Зээлдүүлэгчид ч гэсэн шинэ зээлээр гаргахаас өмнө энэхүү шинэ зээл нь зээлдэгчийн өрийн бүтцэд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Энэ нь зээлдэгчид болон зээлдүүлэгчдийг хоёуланг нь ирээдүйд үүсч болзошгүй санхүүгийн хүнд байдал, муу хэлэлцээр хийхээс хамгаална.

Хоёрт бүх улс орнууд улсын өрийнхөө талаар дэлгэрэнгүй, ил тод тайлагнах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Хөгжиж буй улс орон бүрд өрийг бүртгэх, хянах бас тайлагнах институцийг сайжруулж, чухал ач холбогдолтой болгох боломж бий. Жишээ нь бага орлоготой улс орнуудын гуравны нэг нь улсаас гаргасан баталгааны талаар тайлагнадаггүй, 10-ны 1 хүрэхгүй хэсэг нь улсын үйлдвэрийн өрийн талаар тайлагнаж байна. Зээлдүүлэгчид зээлийн нөхцөл байдлын талаар илүү ил тод байдлыг хүртэх боломжтой байх ёстой. Өрийн хариуцлагын талаарх ил тод байдал нь их хэмжээний далд өрийн дарамт үүсэхээс зайлсхийх боломжийг олгодог.

Гуравт, бид үндэсний бус зээл олгогчидод хамаарах өрийн бүтцийн өөрчлөлтөд бэлдэхийн тулд албан ёсны зээлдүүлэгчид хоорондын хамтын ажиллагааг урамшуулах хэрэгтэй. Их хэмжээний өр үүссэн үед зээлдүүлэгчдийн хамтийн ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлснээр өрийн хямралыг давахад чухал түлхэц болно.

 1980 – аад оны эхэн үед, Латин Америк болон бусад их хэмжээний өртэй ядуу орнуудын өрийн хямралыг шийдэх механизм бүтээх гэрээ хэлэлцээрүүд олон арван жилийг хамарч байв. Судалгаа шинжилгээ, үйл явдлууд өрийн дарамт хэрхэн томоохон гүрнүүдийн эдийн засгийн нөхөн сэргээх чадварт нөлөөлж буйг онцолж байв. Бид ирээдүйн өрийн эрсдэлийг урьдчилан харах, үүнийг бууруулах зөв алхмыг авах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon