МЭРГЭЖИЛТНЭЭС АСУУЯ: Инженер Ж.Золжаргал агаарын бохирдол болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн тухай

Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулах, гэр хорооллыг  цэгцлэх чиглэлээр сүүлийн арваад жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй.  Жил бүрийн намар энэ асуудлыг ярьж, төсөл төсөв санаачилдаг ч үр дүнд хүрэхгүй байсаар өвлийг давж, хавар зундаа мартдаг жишиг тогтчихсон гэж хэлж болно. Тэгвэл эдгээр арга хэмжээний яг юу нь буруу болсон, яагаад үр дүнд хүрэхгүй байгаа, цаашид яавал зохих үр дүнд хүрч болох асуудлаар инженер Ж.Золжаргалаас саналыг сонслоо.

Утааг багасгах чиглэлээр нэлээд хэдэн жил маш их мөнгө зарцуулж олон ажил хийлээ. Үр дүн гарсангүй. Таны бодлоор яавал дээр вэ?

Өдий хүртэл бараг бүх төрлийн аргуудыг туршиж үзсэн. Бүгдийг туршиж үзээд болсон болоогүй юм хийгээд байгаа болохоор үр дүн гарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл зөв юман дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллаж чадахгүй юм юм рүү үсчээд хүчээ тарамдаад байгаа хэрэг.  Жишээлбэл одоо сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гээд 2019 оны тавдугаар сараас ердийн нүүрсийг хориглоно гэсэн шийдвэр гарч судалгааны ажил явж байна.  Энэ ажил өмнөх жилүүдэд ч явж байсан.  Тэгээд сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа компаниудад нэг тонн тутамд татаас өгнө гэж байсан. Сайжруулсан түлш үйлдвэрлэхийг нэг дэмжээд л  болиод л. Энд бас салбар салбарын хүмүүсийн өрөөсгөл хандлага яваад байх шиг  байгаа юм.

Салбарын хүмүүсийн өрөөсгөл хандлага гэхээр?

Жишээ нь түлшний салбарын хүн бол түлшээ сайжруулчихвал асуудлаа шийдчихнэ гэж бодно. Цахилгааны хүмүүс сэргээгдэх эрчим хүчийг л дэмжье, цахилгаан халаалтыг гэр хороололд хэрэглэе гэдэг. Барилгынхан орон сууц л барих хэрэгтэй гээд өөр өөрсдийн мэргэжлийн үүднээс л асуудлыг хараад байгаа юм. Нэг талаас энэ нь зөвхөн өөрийнхөө мэргэжлийн үүднээс харсан өрөөсгөл хандлага шүү дээ.

Та өөрийн мэргэжилтэй холбохгүйгээр зүгээр иргэн хүнийхээ хувьд ч юм уу харвал аль нь илүү үр дүнтэй юм бэ?

Дулааны хэрэгцээ багасах юм бол утаа бага гарна. Ер нь утаа гэдэг бол үр дагавар. Үндсэн асуудал нь орон байр.  Гэр хороололд амьдарч байгаа 220 мянган айлын бараг 100 мянга нь монгол гэрт амьдарч байна. Гэтэл монгол гэрийн 1квм газрыг халаахад шаардлагатай дулааны хэмжээ Монголын барилгын норм дүрэмд заасан хэмжээнээс бараг хоёр гурав дахин  их. Өөрөөр хэлбэл зохистой хэмжээнээс 2, 3 дахин их түлш хэрэглэж халаадаг гэсэн үг.  Бас 100 мянга гаруй байшин байдаг. Тэр байшингийн 90-ээс дээш хувь нь хямд материал ашиглаад өөр өөрсдийнхөө боломжоор дулааны алдагдал ихтэй  байшингууд байгаа юм. Мэдээж тэрийг халаахын тулд их хэмжээний нүүрс шатаадаг. Тэгэхээр нэгдүгээр асуудал ерөөсөө л орон байрны асуудал. Орон байр дулаан хадгалах чадвар сайн байх юм бол нүүрсний хэрэглээ хоёр дахин буурна.

Утаа бол үр дагавар. Үндсэн асуудал нь орон байр 

Орон байрыг шийднэ гэдгийг  гэр хорооллын дахин төлөвлөлт л гж ойлгож байна. Өөрөөр бол бүгдийг орон сууцжуулах.  Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт санхүүгийн хувьд, цахилгаан дулаан, цэвэр бохирын шугам татах боломж бололцооны хувьд хэр боломжтой юм бэ?

Нэгдүгээрт хэн орон сууцжуулах юм гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газраас өчнөөн мөнгө зарцуулаад хийх ажил юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Утаа бол үр дагавар орон байр үндсэн асуудал юм бол орон байрыг нь шийдэх том хэмжээний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас иргэд өөрсдөө оролцох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил бол цаашид үргэлжлээд явах байх. Энэ бол тийм ч буруу шийдэл биш. Гэхдээ мэдээж Улаанбаатар хотод байгаа гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах дэд бүтцийн бололцоо байхгүй. Хотын төвд ойрхон байгаа хэсгүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж болно.

Иргэдийн оролцоо чухал гэж байна. Иргэд яаж оролцох гэдэг асуудалд хариулт авмаар байна. Бас үлдсэн хэсэг буюу захын дүүргүүд яг нөгөө хүнд нөхцөлд амьдарч байгаа айлууд тэгвэл яах вэ?

Статистик мэдээллээс харахад сая хүрэхгүй орлоготой айл өрх ч байгаа. Тэдгээр айлуудын сарын хэрэглээнд хүндрэл учруулахгүйгээр шийдэх боломж байгаа.

Нийт гэр хорооллын айлуудыг үндсэн гурван хэсэгт хувааж үзье л дээ. Эхний хэсэг буюу гайгүй орлоготой айлууд нь дахин төлөвлөлтөд ч юм ямар нэгэн байдлаар орон сууцанд орно гэж бодъё.

Харин бага дунд орлоготой бас хашаандаа амьдрах сонирхолтой айлд хөнгөлөлттэй зээл олгоод байшин барих боломж олгох хэрэгтэй.  Эдгээр айлууд бага хүүтэй урт хугацааны зээл аваад өөрийн хүссэн загварын байшингаа бариулж болно.  Дэд бүтцийн асуудлыг зөөврийн системээр шийдвэрлэж болж байна.

Дараагийн хувилбар нь зөөврийн биш дэд бүтэцтэй буюу хэсэг бүлгээрээ нэгдээд сервис центэртэй болох. Өөрөөр хэлбэл хэдэн айлын дунд уурын зуухтай, цахилгааны нэгдсэн хуваарилах байгууламжтай сервис ажлуулах боломж байна. Таун хаус хороол маягийн. Тэндээсээ дулаан, цэвэр бохироо татах боломжтой.   Дэд бүтцийн төвдөө нүүрсээ шатаана. Нүүрсээ шатаахдаа яндан дээрээ фильтртэй байна. Тэр фильтр дөрөвдүгээр цахилгаан станцад ашигладаг 90-ээс дээш хувиар утааг шүүдэг.

Орон байрны асуудлыг энэ мэтээр шийдэж болох юм байна. Монгол гэр биш байсан ч гал түлнэ. Юу түлэх вэ?

Олон хувилбар байж болно .

 Нэгдүгээр хувилбар  хийн түлш хэрэглэх боломж байна. Манайх одоо дайвар хийг оросоос авч байгаа. Дайвар хий бол нүүрс боловсруулах үйлдвэрээс ялгардаг хий. Байгалийн хий шиг олборлодоггүй маш үнэтэй хий. Үүнийг их хэмжээгээр аваад гэр хороололд халаалтаар хэрэглэнэ гэвэл бүтэхгүй. Хэрвээ Монголын нефтийн үйлдвэр ашиглалтад орвол тэндээс нэлээд их хэмжээний дайвар хий гарна.

Хоёрдугаар боломж нь байгалийн хий байна. Байгалийн хийн орд Монголд нээгдээгүй. Ялгаагүй оросоос авч болно. Гэхдээ Монголд байгалийн хийн орд байхгүй боловч нүүрсний давхаргын метан гэж байдаг. Жишээлбэл таван толгойн ордод бол метан байгаа. Даанч түүнийг олборлох, ашиглах ажил хийж эхлээгүй байна.

Гурав дахь нүүрсийг хийжүүлээд метан болгох төслүүд яригдаж байгаа. Энэ эдийн засгийн хувьд жаахан хүнд. Хөрөнгө оруулалт ихтэй үр ашиг багатай.

Монголд хий байхгүй биш байна. Нүүрсний давхаргын метаны хий газрын тос боловсруулах үйлдвэр баригдахаар гарах дайвар хий хоёр бол хийн түлшний үндсэн түүхий эд. Магадгүй нүүрс хийжүүлж чадах юм бол бас байж болох хувилбар.

Орон байрыг нэгдүгээрт шийдэх хэрэгтэй. Орон байраа шийдсэний дараа нөгөө технологийн шийдлүүдээ нэвтрүүлэх хэрэгтэй. болно. Нүүрсээ түлж болно. Гэхдээ маш сайн чанарын нүүрсийг маш сайн боловсруулж түлэх шаардлагатай6

 Гаднын сайн туршлага юу байна?

Газ хэрэглэж байна. Хойд Европын зарим хэсэг цахилгаан халаалт хэрэглэж байна. Тэд нар том том голтой газрууд усан цахилгаан станц ашиглаж байна. Тэд  үнэгүй шахам цахилгаан ашиглаж байгаа гэсэн үг гол урсаж л байх юм чинь.

Таны хувьд нүүрсээ хэрэглээнээс хасахгүй гэсэн байр суурьтай байгаа. Нүүрсээ хэрэглээд хүлэмжийн хийг бууруулах ямар боломж байгаа вэ?

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхий даяараа хүлэмжийн хийг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Монгол улс тийм үүрэг хүлээсэн. Гэтэл манайх хүйтэн эрс тэс уур амьсгалтай. Мөн нүүрс уул уурхай бол манай эдийн засгийн гол эх үүсвэр. Тэгэхээр бидний хувьд нүүрсээ хэрэглэхгүй байх боломжгүй. Харин хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Тэгэхээр л нөгөө орон байрны асуудлаа хамгийн түрүүн шийдэх асуудал үүсэж байгаа юм.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4864

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%