Монгол улсын 25 жилийн төлөвлөгөө ба хүслийн жагсаалт

Хэд хоногийн өмнө Оюун-Эрдэнэ ЗГХЭГ дарга 25 жилийн төлөвлөгөө гэх зүйл  ярьсан нь анхаарал татсан юм.

“Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой.

Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна. " гэж онцолсон байв.

Монгол улсад тулгардаг томоохон асуудал бол, төрийн бодлого нь хувьсамтгай, тогтворгүй, төлөвлөгөө, алсын хараа байхгүй, түүнээс болоод хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хохирдог асуудал. Мөн энэ дээр бичсэнчлэн хууль дүрэм, хөтөлбөр төслүүд нь хэрэгждэггүй, хөсөр хаягддаг, уялдаа холбоо, судалгаа муутай гэдэг асуудалд түүнтэй санал нийлнэ.

Зөвлөхүүдийн ихэнх нь Харвард, Оксфорд төгссөн, боловсролтой шижигнэсэн залуус харагдаад байгаа юм. Эдний зарим нэгтэй нь уулзаж ч байсан, чадалтайгийн хувьд чадалтай залуус.

Өнгөцхөн харахад, зөв юм яриад ч байгаа юм шиг санагдахаар бас байгуулсан баг нь харьцангуй хүчирхэг болохоор итгэл тээж болохоор харагдахаар улс төрчийн популист үг гэдэг утгаараа нилээд даацтай, сонсголонтой мэдэгдэл мэт харагдаад байгаа боловч, энд чөлөөт эдийн засаг, ардчилалын суурь үндэс гэдэг зүйлд илт хор нөлөөтэй зүйл ажиглагдаад байгаа мэт санагдсан тул бичихгүй байж чадсангүй.

Социализм, коммунизм руу буцаж орох гэж байна уу?

Дээр бичсэнчлэн Оюун-Эрдэнэ сайдын энэ үгнээс нь бид эргээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу ухрах бодолтой байна уу? гэсэн хардлага төрөхөөр байгаа юм. Хэвтээ загварын хэн, хэзээ, юуг, яаж хийх вэ гэдэг нь тодорхой төлөвлөгөө, төлөвлөлт, богино хугацаанд өндөр үр дүн гаргадаг. 1930-аад онд чөлөөт худалдаа, зах зээлийн эдийн засаг нийтээрээ хямарч байхад Зөвлөлт холбоот улс бусад социалист улсууд хурдтайгаар хөгжиж байсан жишээ

 Нацист Германы үеийн 4 жилийн төлөвлөгөөний дагуу дэлхийн нэгдүгээр дайнд нэрвэгдсэн эдийн засгаа босгож авсан жишээ Манжго улсын 5 жилийн үйлдвэрлэлжүүлэлтийн төлөвлөгөөний жишээ диктатурны нийгмийн үеийн өмнөд Солонгосын төлөвлөгөөний амжилт гээд амжилттай явагдсан төвлөрсөн төлөвлөгөөнүүд БНХАУ-ийн одоо хүртэл харьцангуй амжилттай хэрэгжиж байгаа 5 жилийн төлөвлөгөө гээд. Гэхдээ төвлөрсөн төлөвлөгөө амжилтанд хүрдэггүй гэдгийг Монгол улс өөрийн биеэр аль хэзээний амсаад, дайраад гарсан. БНХАУ-ийн одоогийн 5 жилийн төлөвлөгөө ч тэр, ЗХУ зэрэг улсын төлөвлөгөөнөөс тэс ондоо шинж чанартай, "Зорилго" буюу дээр бичсэн "Хүслийн жагсаалт" гэдэгтэй илүү утга төстэй зүйл болохоос, бүх зүйлийг нарийн төлөвлөсөн төлөвлөгөө байдаггүй.

Мөн урт хугацаанд уян хатан бус төлөвлөлт, төлөвлөгөө хийх нь ямар хор уршигтай вэ гэдгийг БНМАУ байхдаа бид амсаж байсан биш бил үү?

25 жилийн нарийвчилсан төлөвлөгөө?

Хэрвээ ямар нэгэн төлөвлөгөө хийх бол, тэр нь биелэлттэй, биелэлтээ дүгнэдэг KPI буюу, гол амжилтын индекстэй байх хэрэгтэй байдаг. Гэхдээ, бид хичнээн мундаг судаллаа гээд бүхэл бүтэн 25 жилийн төлөвлөгөөг хийж, хэрэгжүүлж чадах уу?

Дээр дурдагдсан төвлөрсөн төлөвлөгөөнүүд хүртэл хамгийн уртдаа 5 жилийн төлөвлөгөө байдаг байсан ба урт хугацааны зорилт, зорилго бол эсрэгээрээ "хүслийн жагсаалт" байх нь элбэг. Гэтэл, улам бүр хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин үед 25 жилийн нарийвчилсан төлөвлөгөө гаргана гэж ярих хир үндэслэлтэй, хир бодитой вэ?

25 жилийн дараа байтугай, 5 жилийн дараа банк, санхүүгийн систем өнөөгийн хэвээрээ байх эсэх, энерги, үйлдвэрлэлийн систем яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хэн ч урьдчилан харж чадахгүй байхад урьдчилан хараад зогсохгүй нарийвчилсан action plan гаргана гэдэг арай л БААВАР мэдэгдэл биш үү?

Хэрвээ тэгж таамаглаж, төлөвлөж чадах юм бол, ёстой ВАНГА цаашаа биз дээ?

Том төр, том авилга, том ялзрал

Уг нь төрийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол, хувийн хэвшилдээ садаа болохгүй байх, ерөнхий чиг шугамаасаа гажихгүй байх болов уу?

Төр данхайгаад, зүв зүгээр жамаараа хөгжиж байгаа юм руу оролцоод эхлэхээр ямар завхрал үүсдэгийг бид ЖДҮ, тариалан эрхлэгчдийн сан зэргээс харж байгаа. Гэтэл бүр төлөвлөгөө гаргаад, action plan гаргаад, төрийн оролцоогоо томруулаад эхэлвэл ямар эрсдэл хүлээгдэх вэ гэдгийг тэнэг хүн ч ойлгомоор, ойшоомоор?

Ардчилсан нийгмийн үндсэн зарчимуудаас эргэн буцсан зүйл үү?

Дээр бичсэнчлэн, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг ер нь бол диктатуртай, коммюнист, нацист улсуудад хамгийн их хэрэгжиж байсан зүйлс. Дээрээс нь, сүүлийн үед ажиглагдаад байгаа, шүүх засаглалыг үл тоомсорлох байдал, хувийн өмч лүү халдах халдлага, хэт их популизмдан, "зөв буруу нь шүүхээр шийдэгдтэл сэжигтэн бол буруугүй" гэдэг зарчмыг илт үл тоомсорлосон байдал ч юм уу, олон зүйлээс, энэ улс чинь ардчилалын үндсэн зарчмуудаасаа ухарч буцаад байгаа юм уу даа?

Урт хугацааны "алсын хараа", дунд хугацааны "зорилт зорилго", богино хугацааны "төлөвлөгөө"

Чадахгүй, биелүүлэхгүй зүйлээ амлахгүй, уян хатан байх нь улс оронд ч, хувийн компанид ч, хувь хүнд ч хэрэгтэй зүйл. Ядаж л тэр хүн, тэр компани, тэр улсад итгэх итгэлд гэдэг утгаараа. Тэр ч утгаараа "алсын хараа, зорилго, зорилт, төлөвлөгөө болон action plan" гэдэг үг чухал байдаг байх. Оюун-Эрдэнэ гишүүний хувьд, энэ зарчмаар ажиллаад, 2020 он хүртэл юу хийх вэ, тэрийгээ хэрхэн дүгнэж, дүгнүүлэх вэ гэдгээ ярьвал илүү бодитой, итгэл даахуйц харагдах байх.

 Түүнээс биш 25 жилийн төлөвлөгөө яриад байвал энэ хүнд итгэх миний итгэл анхнаасаа л төрөхгүй. Мэдээж, нэгэнт бэлтгэгдсэн тэр 560 гаруй бичгүүдээ илүү уялдаа холбоотой болгох зэрэг дээр ажиллаж болох л байх. Ядаж ямар зөвлөмж, зорилтууд яагаад биелээгүй вэ гэдгээ судлаад, хэрэгжих талаас нь ажилладаг ч юм уу. Түүнээс цоо шинэ юм хийх гээд хайран цагаа дэмий юманд үрээд, попроод байх хэрэггүй байх.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4460

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%