ХУУЛЬЧДЫН ФОРУМ: Шүүгчийг томилоход хувь хүний зан төлөвийг чухалчлах нь зөв үү?

“Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” сэдэвт хуульчдын форум өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ жил гурав дахь удаа зохион байгуулагдаж буй тус форумаар  “Авилгын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл” зэрэг 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал, шийдлийг салбарынхан эрэлхийллээ.

Ингээд форумын салбар хуралдааны нэг болох “Шүүгчийн томилгоо” сэдвээр шүүгчдийн томилгооны шинэчлэл болоод эрх зүйн зохицуулалтын асуудлыг хэлэлцсэнийг тоймлон хүргэж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Оюуны Инноваци ТББ-ын гүйцэтгэх захирал П.Баттулга чиглүүлж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа, Монгол улсын их сургуулийн багш О.Мөнхсайхан, Оюуны Инноваци ТББ-ын судлаач Б.Төрболд нар хэлэлцүүлэгчээр оролцлоо. Тэд Шүүгчийн томилгоотой холбоотой тулгамдсан асуудал тэр дундаа шүүгчийн сонгон шалгаруулахад зан төлөвийг чухалчилж үзэх нь хэр үр дүнтэй болоод шударга ёсонд нийцэх эсэх асуудлаар хэлэлцсэн юм.

Б.Төрболд: Шүүгчид нэр дэвшээд зохих шалгалтуудад тэнцсэн хүмүүсийг Ерөнхийлөгч ямар шалгуураар шүүхийн ерөнхий зөвлөл рүү өргөн мэдүүлж байгаа юм бэ гэдэг асуудал чухал байна. Жишээлбэл Булган аймгийн эрүү иргэний шүүхээр тэнцсэн нэг хүнийг  шүүхийн Ерөнхий зөвлөл рүү өргөн мэдүүлээгүй асуудал гарсан байсан. Мөн бас зарлигийн асуудал чухал байна. Юуг үндэслэж зарлиг гаргаж байгаа нь бас тодорхойгүй байна. Мөн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр нэр дэвшсэн хоёр хүн бүх шалгалтандаа тэнцсэн. Гэтэл аль бага оноо авсан хүнийг нь Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөл рүү өргөн мэдүүлсэн байсан. Энэ бүхнийг хэрхэн цэгцлэх ямар шалгуураар шүүгчийг томилох нь хамгийн зөв шударга вэ гэдгийг өнөөдөр бид ярих хэрэгтэй байна.

Д.Мөнхтуяа:  Шүүгчийг томилох асуудал бол хамгийн түрүүнд хуульч хуулийн салбарынханд тэгш боломж олгодог байх хэрэгтэй.

Хоёрдугаарт тодорхой зарчим байх ёстой. Харин ямар зарчим байх гэдгийг олон нийт болоод оролцож байгаа хүмүүст ил байлгах хэрэгтэй байна.  Гарч байгаа үр дагаврууд нь ч  тодорхой байх ёстой.

Би 2016 оноос хойш шүүхийн мэргэжлийн хорооны гишүүнээр ажиллаж байна. Ажилласан хугацаанд ажиглагдсан засч залруулахаар шинэчлэхээр зарим нэг саналыг хэлье.

Хуульчаас шүүгчийг шилж сонгох процесс бол эхний ээлжинд мэргэжлийн хороон дээр буюу хуульчийн мэргэжлийн шалгалт өгөөд хуульчийн гэрчилгээтэй болсон хүнээс ур чадвар мэргэжлийн чадвар авдаг процесс. Энэ зарчим бол харьцангуй тогтвортой нэг зарчмаар явж ирсэн. Гэхдээ шалгалтын процессыг илүү боловсронгуй болгох шаардлага байгаа.

Дараагийн шат нь шүүхийн ерөнхий зөвлөл дээр сонгох процесс явагдаж байгаа. Үүнийг бол би хөндлөнгийн ажиглагчийн хувиар харж байгаа. Сая  Төрболд судлаач ч хэллээ хоёр хүн  шүүгчид нэр дэвшиж байхад аль бага оноо авсаныг нь шүүхийн ерөнхий зөвлөл рүү өргөн мэдүүлэх дүгнэлт гаргасан байна гээд. Яахав ингэж болно. Гэхдээ яагаад хамгийн өндөр оноо авсан хүн нь шаардлага хангахгүй болчихоод хамгийн бага оноо авсан хүн нь шаардлага хангаад байгаа үндэслэлээ тодорхой хэлэх хэрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болж байгаа энэ сонголт маш тодорхой бус үндэслэлгүй, сонгох зарчим нь ойлгомжгүй байгаа.

Тэр хүн хувь хүнийхээ хувьд таалагдаж байгаа болохоор сонгогдоод байгаа юм уу. Ойлгомжгүй. Уг нь шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд хувь хүний сонголт гэж байх ёсгүй нийтийн албан тушаалтан учраас сонголт бол зарчмын хүрээнд явагдах ёстой. Зарчмын хүрээнд явагдахгүй байвал л хардлага дагуулна.

 Хувь хүний зан төлөв гэдэг гурван дээд сургууль төгссөнөөс ч юм уу гадаад дотоодод боловсрол эзэмшсэнээрээ өөрчлөгддөг зүйл биш. Мэдээж боловсрол бол шүүгчийн сонгон шалгаруулалтын нэг үзүүлэлт. Гэхдээ чухал үзүүлэлт гэж би бодохгүй байна. Магадгүй мэдэхгүй зүйлээ ажлын практикаас сурч авах боломжтой. Харин зан төлөвийн хувьд тогтчихсон хүн шүүгч болсныхоо дараа засарна гэж байхгүй. Тиймээс анхнаасаа зан характер нь төлөвшчихсөн шүүгчийн албан тушаалд тохирох хүнийг олох л чухал. Шинэ журмаар хуульчдаас авах шалгалтад зан төлөвийг тодорхойлох шалгалтын төрлийг зохицуулахаар болж байгаа. Гэхдээ бид сэтгэлзүйч биш учир тэр хүний зан төлөвийг тодорхойлж чадахгүй. Үүнийг тодорхойлохын тулд олон улсын  туршлагыг судлая гэж байгаа. Гадны зарим оронд бол өнгөрсөн амьдралыг нь судалдаг юм билээ. Одоо зарим орнууд виз гаргахдаа ч цахим хаягуудыг нь судалдаг болсон байна. Магадгүй  энэ арга бас тухайн хүнийг илэрхийлэх нэг илэрхийлэмж гэж бодож байна. Мэдээж энэ бүхнийг судлахад маш их цаг алдана. Гэвч энэ бол шалгалтын хамгийн зөв төрөл гэж би бодож байна. Тэгэхээр энэ шалгалтын журам үнэлэх дүгнэх асуудлыг боловсронгуй болгоод хугацаа нэмж өгөөд анхаараасай гэж бодож байна.

 О.Мөнхсайхан:  "Шүүгчийг сонгоход хүнийх нь хувьд судлах хэрэгтэй. Өндөр итгэлтэй хүнийг нууцлалын зэрэглэлээр судалж, ярилцлага авах , шалгалт авах нь чухал байна. Америкийн зарим мужуудын Шүүхийн мэргэшлийн хороо ийм арга хэрэглэдэг. Хэрэв өөрсдөө ингэж судлахгүйгээр, ажлын хэсэгт үүрэг өгвөл тухайн хүний хувийн нууц алдагдах магадлалтай. Тэгэхээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгоход ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулах, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, гишүүдийн эрхийн хугацааг богиносгох, шүүгч болох хүнийг шалгахад хангалттай хугацаа гаргаж өгөх хэрэгтэй. Америкийн мужууд шинээр томилогдсон шүүгчдэд сургалтууд явуулж, ачаалал бага өгдөг юм билээ. Манай улс хамгийн сайн хуульчдаас хамгийн шилдэг, ёс зүйтэй хүнийг сонгож шүүгчээр сонгох тогтолцоо руу шилжих ёстой.”

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%