Д.Ойсайхан: Хүүг минь хилс хэрэгт гүтгэж, эрүүл мэндээр нь хохироогоогүй байсан бол хөгшин би өдийд амарч байх байлаа

 Өчигдөр хуульчдын форумын салбар хуралдаануудын нэг “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр эрүүдэн шүүлт болон хилс хэргээр хохирсон асуудлыг бодит жишээн дээр буюу Орхон аймгийн Говь лагийн иргэн Д.Ням-Очир хилс хэргээр 330 хоног хоригдож харгис эрүүдэн шүүлтэд орсон тухай асуудлыг жишээ болгон хэлэлцсэн юм. Тэгвэл иргэн Д.Ням-Очирт чухам ямар хэргийг яагаад тохох болсон, хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авсан талаар түүний ээж Д.Ойсайхнаас тодрууллаа.

Таны хүүгийн хилс хэрэгт гүтгэгдсэн асуудлыг мэдэхгүй хүмүүс олон. Мэдэж байсан ч ихэнх нь мартсан болов уу. Сануулах үүднээс яг юу болсныг товч ярьж өгнө үү? 

2005 оны арваннэгдүгээр сарын 1- ны өдөр дугуйгаа оруулахаар гарсан хүү маань гэнэт л ор сураггүй алга болчихсон. Бид сандраад хандаж болох бүхий л газар хандаж хүүгээ сураглахад бүх л газар манайд ирээгүй гэсэн. Тэгээд 21 хоногийн дараа хүүг маань Улаанбаатар хотод ганц худагт байгаа гэх мэдээлэл ирсэн. Яагаад миний хүү Ганц худагт очих болов гэдгийг тодруулахад эхлээд хүүг маань хулгайн хэргээр гүтгээд, дараа нь хүн амины хэрэг тохсон байсан. Тэр хэрэг нь Улаанбаатар хотод болсон хэрэг. Гэтэл хэрэг гархах үед хүү маань Эрдэнэт хотод цэрэг татлагад орж байсан болохоор энэ бүхэн хангалттай нотлох баримт болно гэж үзээд хүүг маань буруугүйг тогтооно гэж бодож байтал үргэлжлүүлэн 330 хоногийн турш хорьсон. Хорихдоо энэ хэргийг хүлээ, хүлээхгүй бол нэмж хэрэг өгнө гэх мэтээр дарамталж үргэлж зоддог байсан гэсэн.

Одоо таны хүү сэтгэцийн хувьд эрүүл бус хөдөлмөрийн чадвараа 70 хувьтай алдсан гэж сонссон?

Тийм ээ. Миний хүү одоо сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг. Хавар намрын улиралд өвчин нь хүндэрч дэмий балай юм ярих, худлаа ярих, уур нь хүрвэл хэнийг ч хамаагүй цохиж гэмтээх гээд байдаг болсон. Энэ бүхнийг би тэр эрүү шүүлт, айлган сүрдүүлэлтээс болсон гэж боддог. Дөнгөж арван найман настай байсан хүүд маань ямар их дарамт шахалт үзүүлж, яаж зодсон болохоор тийм болгодог юм ёстой мэдэхгүй юм. Хүүг минь хилс хэрэгт гүтгэж эрүүл мэндээр нь хохироогоогүй байсан бол хөгшин би өдийд амарч байх байлаа. Одоо бол амрах бүр үхэх эрхгүй л явна даа.  

Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс яг ямар өвчний дүгнэлт хэлсэн байдаг вэ? Тархины гэмтэл ч юм уу тодорхой онош нь?

Дотор эрхтэн гадна харагдах байдлаасаа эрүүл. Гэхдээ тархиндаа тодорхой хэмжээний гэмтэлтэй гэсэн. Энд миний баталж хэлж чадах ганц зүйл бол би хүүгээ цоо эрүүл төрүүлж өсгөсөн. Тархины ямар ч асуудал байгаагүй. Гэтэл Монгол улсын төр, хуулийн байгууллагынхан миний хүүг ийм болгосонд би маш их гомдолтой байдаг.

Таны хүүг хилсээр гүтгэн эрүүл мэндээр нь хохироосон тухайн үеийн алба хаагчдад ямар нэг хариуцлага тооцсон уу?

Тооцоогүй. Одоо хүртэл ажилласаар байдаг. Эзэн холбогдогч олдсон болоод миний хүүг сулласан байх. Гэвч ажлаа хийж чадаагүй, иргэнээ өмгөөлөөгүй төрийн ажилчид одоо болтол ажиллаж л байгаа.

Төр болон хуулийн байгууллагынхан таны хүүг тань эрүүл мэндээр хохироосон гэж та үзэж байгаа юм байна. Ямар нэг хохиролоо барагдуулах нэхэмжлэл гаргасан уу?

Би анх 2009 онд хүний эрхийн комисст хандсан. Тэр цагаас хойш хүний эрхийн байгууллага болон өмгөөлөгч нар надад үнэ төлбөргүй хуулийн зөвөлгөө өгсөөр байгаа учир хохирол барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд бидэнд төрөөс 40 сая төгрөг гаргаж өгөхөөр болсон. Тэр мөнгийг өнгөрсөн хугацааны ажил хөдөлмөр эрхлээгүй болон эрүүл мэндийн хохирлын төлбөр гэж өгсөн. Яг үнэндээ 5 жилийн эмчилгээний төлбөрт л таарах мөнгө. Дан ганц хүү минь эрүүл мэндээрээ хохирсон юм биш. Бид гэр бүлээрээ бие сэтгэлээрээ хохирсон. Хүний эрхийн байгууллагад хандаад нэг зүйлийг мэдэж авсан. Сэтгэл санааны хохирол гэж нөхөж баршгүй хохирол байдаг. Гэтэл манай улс үүнийг хэрхэн үнэлэх яаж хохирол барагдуулах тухай ойлголт байдаггүй юм билээ.

Одоо хүүгийн тань болон танай гэр бүлийн байдал ямар байна?

Яг үнэнийг хэлэхэд хэцүү л байна даа. Хэцүүгээ хүн бүрт тоочоод явалтай биш. Миний л хувь тавилан гэж эвлэрч явна. Заримдаа цөхрөх үе их бий. Хүүг минь тэгж хилс хэрэгт гүтгэж эрүүл мэндээр хохироогоогүй байсан бол ямартай ч эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа гэж бодохоор л хуулийн байгууллага монгол улсын төрд үнэн сэтгэлээсээ гомддог. Надаас хойш хүүг маань хэн харж хандана. Хэдэн дүү нар дээрээ очиход ахаасаа болоод гэр бүл нь салж сарнихвий гээд сэтгэл тайван байх өдөр ховор байна.

Одоо Үндсэн хуулийн өөрлөлтийн төсөл өргөн баригдаж байна. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагынхан саналаа хүргүүлнэ. Иргэн хүн ч саналаа хэлэх эрх бий. Тэр тусмаа  хилс хэрэгт гүтгэгдэж, эрүү шүүлт гэдэг зүйлийг мэдэрсэн хүний ар гэрийн төлөөллийн хувьд та зайлшгүй саналаа хэлэх эрхтэй?

Яг нарийн тодорхой мэргэжлийн зүйлсийг би мэдэхгүй учир санал гэхээсээ илүү хүсэлт байна. Хүүд маань тохиолдсон явдал надад их эмзэг туссан юм. Алба бүр дээр дадлагажигч оюутнууд гэж төгсөх курсийн оюутнууд байдаг юм байна. Тэдний хувьд дээд албан тушаалтан буюу дадлага хариуцсан хүний хэлсэн үг бүрийг хийдэг юм байна. Миний хүүг байцааж байсан байцаагч дадлагын оюутнуудад ямар ч хамаагүй аргаар барьж ир гэдэг даалгавар өгсөн байсан. Тэгээд тэд даалгавараа биелүүлэхийн тулд хүүг минь зодсон байсан. Үүнийгээ болиоч, ажлаа шударга хийдэг болооч, хариуцлагын тогтолцоотой болж ард иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэх биелүүлж чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг хуулиараа нарийвчилж өгөөсэй л гэж хүсэж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%