ҮНДСЭН ХУУЛЬ: Ард нийтийн санал асуулга гэж юу вэ?

Тодорхой асуудлаар ард нийтийн санал агуулга явуулах ба үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахын ялгаа юу бэ?
Юун түрүүн нэг зүйлийн ялгааг бид одоо л илүү анхааралтайгаар харах нөхцөл бүрдэж байна. Тэр нь “Ард нийтийн санал асуулга” гэж юу бэ? Гэх асуултыг өөр хоорондоо бие биедээ тавиад, харин мэргэжлийн хэдэд нь уншсан ном, харсан зүйлсээ дахин нягтлах боломжийг олдов.

Ард нийтийн санал асуулга (АНСА) бол дэлхий нийтэд түгээмэл ашигладаг иргэдийн шууд оролцооны гол хэлбэр боловч Монголчууд бидний туулж өнгөрөөсөн түүхийн хуудсанд тод мөрөө үлдээснээр л бид түүнийг эдүгээ төсөөлж байна. Өнөөгийн бидэнд АНСА гэх ойлголт төдийлөн танил биш үзэгдэл. Хэдийгээр бид түүхэндээ анх удаа буюу 1945 оны 10  сарын 20-нд Монгол Улс тухайн үеийн Хятад, өнөөгийн Тайван улсаас тусгаар улс болох асуудлаар (494,960 хүн бүртгэгдсэнээс 98.5 хувь оролцож, бүх оролцогчдын 100 хувь дэмжив) өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байснаар бага сага гадарлах боловч АНСА-гаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бол огт мэдэхгүйгээс ялгаагүй.
НЭГ. АНСА ЯМАР ТӨРӨЛТЭЙ БЭ?

Эдүгээ дэлхий дахинд явагдаж ирсэн АНСА нь дараах гурван төрөлд хуваагдаж байна. Үүнд:

1) Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон АНСА (mandatory constitutional referendum). Уг АНСА нь гагцхүү үндсэн хуулиар тогтоодог арга зам бөгөөд гарах шийдвэр нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой холбогдох болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх багтаж байна. Санал асуулгын үр дүн төрийн бүх байгууллагад шууд хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй буюу импратив байдаг. Энэ төрлийн АНСА-г Австрали, Дани, Ирланд, Швейцар зэрэг орнууд түгээмэл хэрэглэж байна;

2) Хүчингүй болгох АНСА (abrogative referendum) нь парламентаар урьд өмнө нь аль хэдийнээ батлагдсан болон шийдвэрлэгдсэн асуудлыг иргэдийн саналаар эргэн харахад ашиглаж байна. Үүнийг нэг талаар сайн дурын буюу гэнэтийн гэж нэрлэдэг. Жишээлбэл: Швед болон Австри улсуудын хувьд парламентын гишүүдийн 3/1-ийн саналаар энэ төрлийн АНСА явуулах боломжтой байна. Италийн хувьд парламентын гишүүдийн тэн хагас, эсхүл 500,000 иргэний санал болон 5-аас доошгүй орон нутгийн байгууллагын шаардсанаар явуулж болохоор хуулиар зохицуулсан байна. Энэ төрлийн АНСА-аар гарах шийдвэр заавал биелэгдэх шинжийг агуулж байна;

3) Зөвлөлдөх АНСА (consultative referendum)-г зарим тохиолдолд уг санал асуулгыг plebiscide or ad hoc referendum гэж нэрлэж байна. Энэ төрлийн АНСА-аар засгийн газар болон парламент өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг оруулах боломжтой гэж үздэг. Харин гарах шийдвэрийн хувьд заавал биелэгдэх буюу импратив шинжийг агуулдаггүй. Ийм төрлийн зохицуулалтыг үндсэн хуульд (Франц), тусгай хуулиар (Канад), эсвэл өөрөө санал асуулга явуулах тухай шийдвэрт (Их Британи) оруулах хэлбэрээр улс орнууд ашиглаж байна. Дашрамд дурдахад Их Британийн Европын холбооноос гарах эсэх талаарх АНСА энэ төрлийн сонгодог жишээ юм.

Дээрхээс үзвэл АНСА гэдэг нэртэй бүхэн өөр хоорондоо яг ижил агуулгатай хэмээн өнгөц дүгнэж болохгүй бөгөөд ямар төрлийн АНСА гэдгээс хамаарч өөр өөр үр дагаврыг бий болгож буй нь харагдаж байна.

ХОЁР. МОНГОЛ УЛСАД АЛЬ ТӨРЛИЙН АСНА ЯВАГДАХ БОЛОМЖИЙГ ХУУЛЬЧИЛСАН БЭ?

Нэгэн түүх өгүүлэхэд манай улс 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр онд анх Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлан гаргаад нэг ч удаа ашиглаагүй мөртлөө уг хуульдаа цөөнгүй нэмэлт, өөрчлөлт оруулаад хожим буюу 2016 онд шинэчилсэн найруулгаар батлан гаргасан.

Биднийг төөрөгдүүлээд буй нэг зүйл буй нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр буюу санал асуулгаар шийдвэрлэх асуудал хэмээх зүйлийн 4.3-т:

“Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ” гэх заалт юм.

Чухамдаа дээрх заалтын нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах гэх тоон илэрхийллээс үүдэн бид ганц зүйлийг асуухад 30 орчим тэр бум төгрөг зарах нь гэх ээлжит нэгэн улс төрийн шоглоомд өртөөд байна. Нээрээ АНСА-д зарцуулах зарцуулах зардал бага бишийн дээр урьд оны төсөвт огт суугдаагүй буй нь нэг талаас хүндрэлийг үүсгэж буйг нуух юун.

Гэвч зарчмын хувьд бид хуулийн өөр хэсгүүдэд буй бусад заалтыг сайтар харах аваас хоорондын ялгааг төвөггүй олж чадна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2 дах хэсгүүдийг бид юун түрүүн харж байж дээрх нэг удаад гурваас дээшгүй асуудлаар санал асуулга явуулна гэх заалт юунд холбогдож буйг мэдэх боломжтой.

Манай АНСА-ын тухай хуулийн заалтыг харвал манай улсад гагцхүү дэлхий дахин дахь АНСА-ын төрлөөс үзвэл манай улсад дараах хоёр төрлийн АНСА-ыг зохион байгуулж болохоор зохицуулжээ.

Уг хуулийн 4.1-т:
“Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна” хэмээн заасан нь бодлогын тодорхой асуудлыг иргэд шийдэх буюу Үндсэн хуулийн суурь зарчим болох 3 дугаар зүйлийн 3.1 дэх “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна . . . ” гэх зарчмыг бүрэн илэрхийлж буй явдал. Дээрх заалтаас гадна бид уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт: “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасны хэрхэвч мартаж болохгүй.

Уг заалтуудаас үзвэл манай улсад хэрэгжүүлж болох АНСА нь зарчмын хувьд хоёр өөр төрлийн буюу :

1) Үндсэн хуульд хуулиар заавал хийхээр тусгайлан заасан АНСА буюу Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан

2) Зөвлөлдөх АНСА буюу Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.1 дэх хэсгийн “Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх” зорилгоор хэрэгжүүлж буй гэх төрлүүдийг хуульчилжээ.

Дээрхээс үзвэл бидний төөрөгдүүлээд буй АНСА-ыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах шаардлага нь хуулийн зорилгын үүднээс авч үзвэл зөвлөлдөх АНСА-д шууд хамаарах болохыг харж болно. Яг ийм шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн батлах АНСА нь зарчмын томоохон ялгаатай болохыг бид харж байна.
ГУРАВ. ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ АСНА-ААР БАТЛАХ НЬ ТЭГЭЭД ЯМАР ОНЦЛОГ БАЙНА БЭ?

Юун түрүүн бид АНСА бүр ижил биш гэдгийг харсантай адилаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар батлах нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойг танин мэдэх шаардлага үүсэж байна.

Дэлхий дахинд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар батлах жишиг тийм ч шинэ зүйл биш юм. Өдгөө АНУ (Нью Йорк, Теннесси, Техас мужууд), Австрали (1906 оноос хойш 44 АНСА явуулсанаас 8 удаа л амжилттайгаар буюу нэмэлт, өөрчлөлт батлагдсан), Албани, Австри, Япон, Турк (1982 оноос хойш 2018 оны байдлаар 21 удаа нэмэлт, өөрчлөлт хийгээд буйгаад хасгийн сүүлд 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар баталсан), Дани, Эстони, Франц, Ирланд (Хамгийн бага буюу нийт гишүүдийн олонхоор АНСА явуулдаг), Итали (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн АНСА-аар батлах тохиолдол 2001 онд амжилттай болсон бөгөөд 2006, 2016 онд иргэд татгалзаж байв), Польш, Серби, Швед зэрэг орнууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар батлахаар Үндсэн хуульдаа тусгайлан заасан.

Дээрх улсуудад буй нэг нийтлэг жижиг нь Үндсэн хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийг Парламент батлаад (Хууль тогтоогчийн зүгээс хийх зүйлсээ дуусган) тухайн орны эзэд болох Ард түмэнд эцэслэн шийдвэрлэх эрхийг үлдээж буйгаар нийтлэг шинжтэй байна.
Энгийнээр бол бага ард түмэн гэгдэх хууль тогтоогч (Парламент) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг (de facto) хийгээд тэрхүү эцсийн хувилбарыг нь иргэд “Дэмжих” эсхүл “Дэмжихгүй” гэх хоёр сонголтыг л хийх хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт сая эцэслэн хүчин төгөлдөр (de jure) болдог.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн АНСА-аар батлахын бас нэгэн онцлог нь бусад АНСА-тай харьцуулахад дангаар нь явуулдаг жишиг буйг бид хэрхэвч мартаж болохгүйд оршино.

Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар энэхүү онцлогийг дээрх дэлхий нийтийн жишгээр харьцангуй тодорхой зохицуулж өгсөн нь 2010 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар бүлэг болох “Ард нийтийн санал асуулгаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам” гэх хэсэгт зохицуулсан заалтуудаас харж болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар батлах хүрээнд дээрх журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэх заалтын агуулгаас хархад:

УИХ одоо (2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх бичвэрээ баталсан. Нэг үгээр бол УИХ одоо хийх ажлаа хийсэн хэрэг. Нэг үгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт одоо аль хэдийнээ нэг цэг, таслал тавигдахаасаа өнгөрсөн хэрэг.
Харин иргэд бидний хувьд одоо тус эс бичвэрийг дэмжих эсвэл дэмжихгүй саналаа өгөөд хэрэв АНСА-д оролцогсдын олонх нь “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцохоор (Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.8 ) хуульд нэгэнт заасан учир бид уг сонголтыг хийх л үлдээд байна.

Уг энэ тусгай шаардлагын улмаас бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн АНСА-аар батлах хүрээнд давхар өөр төрлийн АНСА-г явуулах боломжгүй гэдэг нь харагдаж байна.

ДӨРӨВ. ТӨГСГӨЛД НЬ

Онолын хувьд энэ нь “Эзэн нь юмаа мэдэж, Эрэг нь усаа хашдаг” гэх зүйр үг лугаа адил АНСА-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь угтаа энэ орны эзний хувиар асуудлаа өөрөө шийдэх гэх агуулгыг тээж байдаг. Тиймдээ ч эзэн нь шийдсэн асуудлаар төрийн эрхийг ард түмнээс шилжүүлэн авсан Ерөнхийлөгч хориг тавих, мөн Үндсэн хуулийн цэц уг асуудлыг дахин хянах хууль зүйн боломж байхгүй нь Үндсэн хуулийг тогтоосон эзэд нь Ард түмэн хэмээн үздэгт оршино.

Дахин сануулахад энэ орны эзэд нь та бид тиймдээ ч манай орны Үндсэн хууль “МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД” гэж эхэлдэг нь тохиолдолын хэрэг биш биз ээ.

Хуульч А.Бямбажаргал

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%