Нийтлэл 09 сарын 30, 2019

Кино тэмдэглэл: In the mood for love (Хайрын сэтгэл)

 Түүх

Дэлхийн кино урлагийн түүхэнд гарсан хайрын тухай хамгийн яруу илэрхийлэл бүхий киноны нэг. Уран хийц, уйтгарт зураглалаар хүний сэрэл мэдрэхүйг уярааж, өдөөж, өрнүүлж, догдлоож, шаналгаж, хөнгөн гуниглуулахдаа тун гарамгай мастер Вон Кар Вайг дэлгэцийн яруу найрагч гэж нэрлэдэг нь ийм л учиртай ажгуу. Түүний кинонууд эгээ л сайн яруу найргаас хүртэж болох яруу сайхан мэдрэмжийг үзэгчдэд өгдөг. Ямар нэг давс гичгүй атлаа дарсаар амталж даршилсан мэт он цаг жирийх тутмаа жин даасаар байдгаас үзвэл “Хайрын сэтгэл” бол нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн нэгэнтээ: “Яруу найраг бол гоё юм биш. Яруу найраг үнэн байх ёстой юм” хэмээн өгүүлсэнчлэнтэй агаар нэгэн “Хайр сэтгэлийг яруу найраг лугаа үнэн илэрхийлэх” Вон Кар Вайн онцлог арга барилын оргил бүтээл нь яалт ч үгүй мөн юм. Нэр нөлөө бүхий олон шүүмжлэгч Вон Кар Вайн уг бүтээлийг шинэ зууны эхээр бүтээгдсэн кино урлагт жин даах сод бүтээлийн нэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг билээ.

Хайр сэтгэлийн төгс илэрхийлэл болохын сацуу, хүсэл тачаал буй боловч наанаа платоник хайрын харилцаатай байх ёстойгоо ойлгож буй хоёр гол дүрийн сэтгэл зүйн байдлыг “этиклэг романс”-аар илэрхийлэхэд тийм ч амар биш. Өнөө үед нүдний гэм шинжтэй болсон жинхэнэ романтизмыг арилжааны чанартай “халтуур”-уудаас ангид байдлаар өмнө тань дэлгэн, кино урлаг гээч нь нүднээ үзэгдэх яруу найраг, хөдөлгөөнт уран зураг байж болохын нотолгоог бэлээхэн харуулсныг дурдахгүй байж болохгүй.

Кино нь улирагч зууны сүүлээр “улаан номонд орох шахуу” ховордоод байсан “жинхэнэ романтик” гэх тодотголтой дэлгэцийн бүтээлүүдийг постмодернист чиг хандлагын үүднээс илүүтэй сайн илэрхийлсэн шинэ зууны эхээр бий болсон шилдэгт зүй ёсоор тооцогдохоор бүтээл болсон гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ялангуяа Холливуудын инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй, нүцгэн шалдан кадрууд элбэг романтик комединуудаас “хайр” хэзээ ч “жинхэнэ утгаараа” ханхалдаггүй байв. Харин уг кино яруу найраглаг илэрхийлэмжийг уран хийц, өвөрмөц тавилтайгаар дүрсжүүлж, дэлгэцийн бүтээл болгон гаргаж ирснээрээ үзэгдэх яруу найраг гэдэг бол кино юм аа гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх түвшинд аваачсан юм.

“Empire”, “Time out New York”, “Time” зэрэг сэтгүүл “Хайрын сэтгэл”-ийг бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтдаа багтаасан бол “Sight & Sound”-ийнхон шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бүх цаг үеийн 50 киноны тоонд 2000 оноос хойш хийгдсэн хоёрхон кино багтсаны нэгээр “Хайрын сэтгэл”-ийг нэрлэжээ. Энэчлэн уг бүтээлийн гардсан шагнал, хүртсэн алдар хүнд нэлээдгүй хөвөрнө.

Найруулагчийн тухай:

Вон Кар Вай бол 20 дугаар зууны сүүлчээр хүч түрэн гарч ирсэн авьяаслаг, чадварлаг найруулагчийн нэг билээ. Түүний кинонуудаас “Хайрын сэтгэл” (In the mood for love, 2000) болон 2046 (2004) зэрэг нь чанартайд тооцогддог. “Омголон өдрүүд” (Days of being wild, 1990) /”Догшрох цаг” ч гэж орчуулаад байдаг/, “Хайрын сэтгэл (2000)”, 2046 (2004) зэрэг кинонууд нь цаг хугацаа, үйл явдал, дүрүүдээр харилцан шүтэлцээтэйн хувьд кино судлаачид гурвалсан (трилоги) кино гэж үздэг юм.

Найруулагч Вон Кар Вай Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртээд зогсохгүй, тус кино наадам болон Берлины кино наадмуудын шүүгчдийн зөвлөлийн тэргүүлэгчээр сонгогдож байсан удаатай, Хонконгийн кино урлагт ихэд хүндтэй байр суурь эзэлдэг нэгэн билээ. Уран бүтээлийн гараагаа Хонконгийн кино стидиудэд кино зохиолч, туслах найруулагчаар эхлүүлж, наяад оны сүүлээс кино бүтээж эхэлсэн ба бүрэн хэмжээний 10 киног үзэгчдийн хүртээл болгожээ. Эдгээр бүтээлүүд нь Хонгконгийн төдийгүй олон улсын нэр хүндтэй олон шагналуудыг хүртсэнээс гадна хамгийн шилдэг кино жагсаалтуудад нэлээд дээгүүрт багтдаг байна. Түүний бүтээлүүд Box Office-оос сайн орлого олж чаддаггүй хэдий ч, ихэнхдээ кино судлаач, шүүмжлэгч нарын зүгээс өндөр үнэлгээ авдаг билээ. Найруулагч маань кино зохиолчоор ажиллаж байсан хэдий ч, кинонуудаа зохиолгүйгээр хийдгээрээ алдартай. Энэ нь заримдаа жүжигчид болон продюссерүүдэд хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг тухай гомдол шүүмж цөөнгүй. Ямар ч төлөвлөгөө, зохиол, цаг наргүй ажилладаг зэргээс шалтгаалан зарим киноны зураг авалтыг бүтэн 2 жил гаруйн хугацаанд хийх ч тохиолдол гарч байж. Энэ байдлаасаа болоод санхүүгийн бэрхшээлд орох явдал ч мөн цөөнгүй тулгарч байж.

Найруулгын арга барил:

Судлаачид Вон Кар Вайн кино хийц, найруулгын арга барилыг “импрессионист” урсгалтай адилтгадаг. Учир нь тэрээр өөрийн уран бүтээлийг “хэл”,”үг”- д суурилан тайлбарлахаас илүүтэй өнгө, хөгжим, дүрслэл, сэтгэл хөдлөл болоод киноны хэллэгийг ашиглан илэрхийлэхийг илүүд үздэг уран бүтээлч юм. Импрессионист кинонд төсөөлөл, дурсамж, зүүд зэргийг үзэгчдийн өнцгөөc (point of view) гаргаж ирэх нь түгээмэл.

Өнгө: Дүрүүдийн темперамент, үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлэхдээ ихэвчлэн өнгө, хүрээг ашигладаг. Жишээ нь, улаан өнгө бол донтуулагч бодис шиг. Улаан нь дур хүсэл, шунал тачаал, зориг тэмүүлэл, айдас түгшүүр, донтолт, ад зэтгэрлэг өнгө аясаас гадна хайр дурлал, сэтгэл хөдлөлийн чиг шугамыг ч мөн илэрхийлдэг шүү дээ.

Хөгжим: “Хайрын сэтгэл” кинонд “Shigeru Umebayashi-Yumiji’s Theme” дуу болон аязыг ашиглажээ. Японы хөгжмийн зохиолч Shigeru Umebayashi-гийн Yumeji хэмээх кинонд зориулж бичсэн хөгжим юм.

Үйл явдал:

1960-аад оны үед Хонгконгд амьдарч буй эрэгтэй, эмэгтэйн хайр дурлалын ээдрээт харилцаа. Эхнэртэй эрэгтэй, нөхөртэй эмэгтэйн хооронд үүссэн хайр дурлал, тэдний бие бие рүүгээ тэмүүлж буй сэтгэл, нүүр царайндаа ил биш ч, сэтгэлийн гүнд нь нуугдан буй тэрхүү мэдрэмжүүдийг гайхалтайгаар дүрслэн гаргажээ.

Киноны үйл явдал нэгэн эмэгтэй нийтийн байранд өрөө хөлслөхөөр ирж буйгаар эхэлнэ. Түүнтэй зэрэгцэн нэгэн залуу мөн тэр газар өрөө хөлсөлнө. Тэд зэргэлдээ өрөөнүүдэд орцгоож, нэг нэгэнтэйгээ харц тулгарч эхэлнэ. Тэдний эхнэр, нөхрүүд гэртээ ховорхон үзэгдэх, үргэлж гадаадад томилолтоор явдаг хүмүүс. Жирийн хятад хүмүүсийн ёсоор хөлсний байрныхан хоорондоо үргэлж дотно байцгааж, хамт хооллож, хөзөр тоглоцгоох авч, гол дүрийн хоёр маань бусадтай төдийлөн ойр дотно байдаггүй. Хоорондоо харин байнга тааралдана. Тааралдах бүртээ ямар нэгэн нууц гэмээр дохиог бие бие рүүгээ илгээх мэт. Энэ мэтээр тэд ойртож дотносно. Өөрсдийн харилцааг бусдаас нуух хэрэгтэй болно. Үүнээс болоод гадуур хамт алхах, хооллох гэх мэтээр уулзаж эхэлнэ. Хайр дурлал тэдний дотор асна. Гэвч гаднаа илэрхийлж үл чадна. Ийм л ээдрээтэй харилцаа.

 Хэзээ нэгэн цагт бидний сэтгэл зүрх урвах тавилантай тулгарвал бид сэтгэлээ барьж чадах болов уу?

Дүрүүд:

Киноны дүрүүд ганцаардмал, хаягдмал, нууцлаг, бодол мэдрэмждээ ээрэгдсэн байдаг. Өнгөрснийг дурсан санагалзсан, хуучнаа мартахыг хичээсэн, шинэ зүйлтэй учирсан ч бэлэн биш байдаг нь Вон Кар Вайн кино дүрүүдийн “меланхолик” зан чанарын гадаад илэрхийлэл нь болдог. Меланхолик темперамент нь эмзэг, бүрэг ичимхий, бишүүрхсэн, “ганцаардлын дархлаатай”, бодлогоширонгуй хэв шинж. Энэ хэв шинжийнхэн идэвх муутай, дуу цөөн, бүрэг хүлцэнгүй хэрнээ уян зөөлөн, үнэнч хүмүүс байх нь нийтлэг.

Гол дүрүүдийг Хонгконгийн кино урлагт хүндтэй байр эзлэх Tony Leung Chiu Wai болон Maggie Cheung нар бүтээсэн байна. Эдгээр хоёр жүжигчин Каннын кино наадмаас шилдэг жүжигчний шагналыг хоёул хүртэж байсан төдийгүй, Хонгконгийн кино наадмаас шилдэг жүжигчний шагналыг тус бүр таван удаа гардаж байжээ. “Хайрын сэтгэл” кино нь Каннын кино наадмын Palme d'Or шагналд нэр дэвшин, эрэгтэй гол дүрийн жүжигчин Tony Leung Chiu Wai тус кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.

Баримт:

Найруулагч киног анх Нууц хэмээн нэрлэх гэж байгаад “I'm in the mood for love” дууг сонссоны дараа түүнээс сэдэвлэн ийн нэрлэсэн гэдэг. Хятад нэр нь “Цэцэгс дэлгэрэх цаг” бөгөөд “Залуу нас, гоо үзэсгэлэн, хайр дурлалын цаг хугацаа” гэх утгатай үл гүйцэлдэхүйн хэв шинжийг агуулсан зүйрлэл аж. Юутай ч шарх шаналал дүүрэн, бүтэлгүй хэрнээ нандин хайрыг уг кино бидний өмнө цэцэглүүлж бас бөхөөнө. Киноны art director ээжийнхээ дурсгалд зориулж заавал 1960-аад оны үеийн хятад үндэсний хэв маяг бүхий даашинзтай кино бүтээнэ хэмээн өөртөө амласан байсан нь тийнхүү тус киногоор биеллээ олсон аж. Миний нэрийг нь хөрвүүлж (Мөөгий эгч) дуудах дуртай дур булаам Maggie Cheung энэ кинонд тоглохдоо нийт 46 өөр янзын Qipao (хятадын үндэсний хувцас) өмсдөг. Киноны зарим хэсэг монтажлах явцад хасагдсан тул эдгээрээс 20 гаруй нь л кино дүрснээ буужээ.

 

 

Кинонд ороогүй хэсгүүд: Deleted Scene http://www.youtube.com/watch?v=2wQ4gJo0bII

 

2019.08.27.

 

Сэтгэгдэл бичих

    • Даваа
    • 2020-02-21

    Сайн байна уу? Сайхан нийтлэл болжээ. Энэ киног Монгол хэлээр үзэх боломж байгаа юу?

arrow icon