Нийтлэл 11 сарын 20, 2019

Иргэд төрд саналаа хэлж, хариуцлага нэхэх эгэх хариуцлагын тогтолцоо бий болж байна

Дэлхийн Банк, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр “Монгол улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2-р үе шатыг удирдаж ажилласан Хүүхдийг Ивээх Сан нь 10 аймаг, нийслэл хотод ТББ-ууд, орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаагаар эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэрэгжсэн 14 дэд төслийн үр дүнг энэ  сарын 20-22 өдрүүдэд танилцуулна.

Орон нутагт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслүүдийг дэмжих замаар 10 аймаг, нийслэлийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын техникийн болон зохион байгуулах чадавхыг сайжруулахад бидний ажил чиглэсэн юм.

Төслийн явцад нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, аргачлалуудад суралцсан оролцогч талууд сайн дураар нэгдэн, өөрийн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамгийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэхээр хамтран ажиллаж, төр иргэнээ сонсон ажиллах үйл явцад эергээр нөлөөлсөн үр дүнгүүд бий болжээ.

Хүүхдийг Ивээх Сан нь 2019 онд Ардчиллын Боловсрол Төв, Монфемнет Үндэсний Сүлжээ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Худалдан авах үйл ажиллагааны түншлэл, Монголын Нийгмийн Эрүүл мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх ТББ-уудын сүлжээ, Транспаренси Интернэйшнл Монгол, Сургалт судалгааны Стратеги Академи, НОМТ, Хөдөлмөрөөрөө баялаг бүтээгчид зэрэг ТББ-уудтай гэрээлэн ажиллаж, арга зүйн дэмжлэгээр ханган, орон нутагт

 Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд-Иргэдийн оролцоог сайжруулах нь” төслийг Хөвсгөл аймагт,

“Улсын эмнэлэгт худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмжийг олон нийтийн оролцоотойгоор сайжруулах нь” төслийг Увс аймагт,

“Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” төслийг Ховд аймагт,

Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн “Залуу нас гэрэлт ирээдүй” төслийг Өвөрхангай аймагт,

“Эрүүл мэндийн даатгалын ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж” төслийг Дорнод аймагт,

“Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулахад олон нийтийн оролцоо” төслийг Сүхбаатар аймагт,

“Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй“ төслийг Говьсүмбэр аймагт,

“Өрхийн эрүүл мэндийн төвийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх замаар Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг Хэнтий аймагт тус тус хэрэгжүүлсэн бол

  Хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих чиглэлээр: 

“ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь” төслийг Сэлэнгэ аймагт,

“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Говь-алтай аймагт тус тус хэрэгжүүллээ.

  “Нийслэлийн эрүүл мэнд-2020” дэд хөтөлбөрийн холбогдох зорилт, үйл ажиллагааны хүрээнд: 

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлын хэрэгжилт

Артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэвшилтэт арга барилд тулгуурлан иргэд, олон нийт, салбар хоорондын оролцоог ханган хэрэгжүүлснээр эрт илрүүлгийг нэмэгдүүлж эрүүл зан үйлийг хэвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тус тус бодлогын үнэлгээ хийлээ.

 “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн холбогдох зорилт, үйл ажиллагааны хүрээнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих бодлогын хэрэгжилт

Сургууль, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлогын үнэлгээг тус тус хийжээ.

Нийгмийн эгэх (хойш буцах, эргэх) хариуцлага гэдэг нь “зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн ажиллагаанд бүтээлчээр оролцож, үр дүнг хянах үйл явц юм”. Тухайлбал, иргэд сонгуульд санал өгөхдөө хариуцлага асуух төдийгүй сонгуулийн дараа ч төрийн албан тушаалтнаас ажил үүргийн гүйцэтгэлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байхыг шаардаж, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байх учиртай. Харин төрийн албан хаагчид албан үүргийнхээ хүрээнд хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, мэдээлэх, мөн тэдэнтэй тухайн асуудлын талаар харилцан ярилцах шаардлагатай байдаг. Товчоор бол, нийгмийн эгэх хариуцлага нь нэг талаас иргэд төрөөс хариуцлага нэхэх эрхээ эдлэх, нөгөө талаас төр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хоёр талын харилцааны ойлголт юм.

 Нийгмийн эгэх хариуцлага ба төслийн хүрээнд хэрэгжсэн ажил, тэдгээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг www.irgen-tur.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon