Цахим аюулгүй байдал: Цаашид бидний амьдрал улам ''ШИЛЭН'' болж нууц гэдэг зүйл үгүй болно

Цахим ертөнц өргөжин тэлсээр дэлхийн өнцөг бүрт амьдарч буй хүмүүс харилцан холбогдож, төрийн болон бизнесийн үйлчилгээ сууриараа өөрчлөгдөөд тавь гаруй жил болж байна. Үүнийг дагаад аюулгүй байдлын аппарат ч мөн хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Цахим ертөнц бий болсноор хязгааргүй их мэдээлэл (дата) хуримталж, энэ нь эргээд мэдээлэл теxнологийн хэт элбэг байдал үүсгэж, хуурамч мэдээ, цахим гэмт хэрэг гэх мэт олон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлуудыг бий болгож байна.  

Цахим аюулгүй байдал гэдэг ойлголт нь теxнологийн өндөр чадвартай үүсгэн байгуулагч улс болон компаниудаас гаралтай гэж хэлж болно. Тухайлбал бидний сайн мэдэх Майкрософт (1975), Нортон (1991), Файрфокс (1998) компани үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хэрхэн мэдээллийн аюулгүй байдлыг хуулийн дагуу хангах, төрийн хэт их хяналтаас ангид байж иргэдийн итгэлийг олох гэх мэт олон хүндрэлтэй учирч байжээ. Энэ бүхнийг зохицуулахын тулд олон салбарт хуулийн, хүний эрхийн, мэдээллийн аюулгүй байдлын суурин бүтэц, хуулийн зохицуулалтыг санаачлан ажиллаж эхэлсэн байна. Тэр үед зарим шинэ теxнологийн ололтууд нь төрийн хууль боловсруулах байгууллагаас илүү хурдацтай хөгжин өргөжиж, зарим хууль боловсруулагчдын ойлголтод хүрч чадахгүй концепцууд ч байсан билээ. Өнөөдөр бидний дунд яригдаж буй цахим аюулгүй байдлын асуудлууд бол "том дата" болон "метадата” юм. #BigData #Metadata 

Цахим аюулгүй байдал олон улсын харилцааны хүрээнд

Улс орнууд өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд бусад улс орнуудтай эвтэй найртай, дипломат харилцаа тогтоон журамт ёсоор харилцдаг билээ. Дипломат харилцаат улсуудын хооронд ямар нэгэн хэмжээний итгэлцэл, харилцан ойлголцох нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Тэгвэл, 2013 онд АНУ-ын Төв тагнуулын газарт ажиллаж байсан Edward Snowden нууцын зэрэглэлтэй ноцтой мэдээг Хонг Конгоос сэтгүүлчээр дамжуулан дэлхий дахинд цацсан билээ. Edward Snowden өнгөрсөн 9 дүгээр сард өөрийн намтар номоо гаргаж[1], цахим аюулгүй байдал, ухаалаг засаглал, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх болон АНУ-ын ТEГ-ын үйл ажиллагааг танилцуулж, яагаад 2013 онд олон нийтэд цахим аюулгүй байдлын талаар мэдээллийг дэлгэх болсон тухайгаа бичсэн билээ.

Сновдены олон нийтэд дэлгэсэн мэдээллээс "Tаван Нүдэн" гэх хамтрагч улсууд (АНУ, Канад, Их Бритайн, Австрал, болон Шинэ Зенланд) өөрсдийн болон бусад улс орнуудын цахим орчинд хууль бус хяналт, тагнуул хийж, хувь хүний мэдээлэл, бизнес, зарим төрийн өндөр албан тушаалтны утас, и-мэйлыг тагнаж байсныг илчилсэн билээ. Тэр үед АНУ-ын ТEГ нь Бразил, Мексик, Франц, БНХАУ, Герман, Испани гэх мэт улсуудыг тагнахын зэрэгцээ тус улсуудын 35 төрийн өндөр албан тушаалтан, удирдагчдыг тагнасан нь илчлэгдсэн. Snowden-ий дэлгэсэн мэдээллээс үүдээд АНУ-Бразил, АНУ-БНХАУ, АНУ-Франц, АНУ-Герман улсуудын хооронд итгэлцлийн асуудал үүдэж, Бразил улсын Ерөнхийлөгч асан Dilma Rousseff, Герман улсын канслер Angela Merkel нар дургүйцлээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Barack Obama-д илэрхийлж байсан . Энэхүү үйл явдал нь дэлхий даяар цахим аюулгүй байдал хэр чухал болохыг харуулж, мөн хөгжилтэй улсуудын теxник теxнологийн өндөр чадварыг давхар тодруулж байгаа юм.

Аль улс илүү мэдээлэлтэй байна тэр улс хоёр тал болон олон талын яриа хэлэлцээрт давуу талыг бүрдүүлэх меxанизм үүсгэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалан, тэлэх стратеги болгон хэрэглэж байгаа юм. Энэхүү стратеги нь зөвхөн АНУ-д ч биш, "Таван Нүдэн" улсууд болон БНХАУ, Энэтхэг, Иран, Израиль гэх мэт улсуудад ч хэрэглэгддэг. 

Цахим аюулгүй байдал бизнес орчинд

Цахим орчин өргөжсөнөөр олон шинэ бизнесийн салбарууд үүсэж байгаа нь тухайн улсын эдийн засагт сайнаар нөлөөлж, үйлчлүүлэгч иргэдийн цагийг хэмнэж байгаа нь модернизацын хэлбэр юм.

Жишээлбэл, АНУ- ын Калифорни мужийн зөвхөн Цахиурын хөндийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь $275 тэрбум гэж 2019 оны 6 дугаар сарын үзүүлэлт гарчээ. Энэ нь бүхэл бүтэн Финланд улсын ДНБ-гээс их. Хэрвээ Цахиурын хөндий бие даасан улс байсан бол хамгийн баян улс байх байсан гэж нийтлэл ч гарч байсан билээ.

Бизнесийн орчинд цахим аюулгүй байдал хэрхэн өөрчлөгдөж, хаашаа чиглэж байгаа нэгэн жишээг тодруулъя. Цахим орчинд суурилсан олон бизнесүүдээс хамгийн их хувь хүний мэдээлэл "data" хуримтлуулсан салбар бол эрүүл мэндийн салбар гэж зарим судлаачид үзэж байна.

Хөгжилтэй улсуудын эрүүл мэндийн салбар цахим орчинд маш хурдан хөгжиж байгаа нь хувь хүний эрүүл мэндийн бүртгэлийн мэдээллийг олж авсантай шууд холбоотой аж. Эмч болон эрүүл мэндийн салбарын бизнесүүд олж авсан датандаа суурилсан судалгаа хийх, шинэ төрлийн эм, тан боловсруулах, шинэ теxнологи бий болгох боломжууд нь бүрддэг байна. Гэсэн ч өнөөдөр цахим орчин хэт өргөжиж, жирийн иргэдийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн бүртгэл чухам хэнд, ямар улсын ямар компанид дата болон явж байгааг олж мэдэхэд хэцүү цаг үед шилжин амьдарч байна. Эдгээр хувь хүний мэдээлэл, хувь хүмүүсийн харилцаж буй теxник теxнологийг 'data' 'metadata' болгож харж байгаа нь мөн л модернизацын бизнесийн ойлголт билээ. 

Цахим аюулгүй байдал ба сошиал медиа

Дижитал, эсвэл, цахим ертөнц гэдэг нь ухаалаг теxнологийг ашиглан хүмүүсийн харилцан, тогтнож буй нийгмийн үзэгдлийг “сошал медиа” гэдэг үл баригдах холбоосоор дэлхийн өнцөг бүрт байгаа хүмүүсийг холбоод өгчхөж байгаа юм. Сошиал медиа гэдэг нь зөвхөн өнөөдөр бидний хэрэглэдэг Facebook, Twitter, Instagram аппнууд биш, үеийн үед шинэчлэгдэж ирсэн Myspace, Hi5 ч мөн хамрагдана. Сошиал медианы хэрэглээ, түүний нөлөөг дутуу үнэлдэг хүмүүс олон бий. Гэтэл олон төрлийн сошиал медиа хэлбэрээр харилцаж, төлөвлөж хувьсгал, террорист үйлдэл хүртэл хийж байна. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump цаг үетэйгээ зохицон Twitter-ээр өөрийн хэлэх гэсэн үг, агуулга, эсэргүүцэл, бүх л зүйлээ олон нийтэд нээлттэй байдлаар илэрхийлж байна. Энэ нь нэг бодлоор бидний яриад байдаг нээлттэй ардчилал, ил тод байдал биш үү? Хэн, хэзээ, юу хэлсэн нь түмэн мянган хүнд нээлттэй. Баримттай. Хариуцлагатай. 

Сошиал медиаг хууль бус, хорлонгүй зорилгоор ашиглаж байгаа хүмүүс ч бас бий. Жишээлбэл 2015 оны Парист болсон террорист халдлагыг хийсэн этгээдүүд сошиал медиагаар харилцаж байсан гэж тогтоогдсон бөгөөд энэ нь эргээд жирийн хэрэглэгчдийн “data”-г хянах, шүүх, тагнах тогтолцооруу автоматаар бараг шилжээд орчихож байгаа юм. Тэр үед ISIS террорист бүлэг нь 70,000 жиргээний данс, 79 албан ёсны хуудас, мөн 1 минутад 90 жиргээ гаргадаг нөлөө бүхий байсан гэж тогтоогдсон. Өнгөрсөн онд Парисын террорист халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүл Google, Twitter, Facebook-ыг  нь шүүхэд өгсөн хэрэг хүртэл үүссэн. Тэгэхээр сошиал медиаг дутуу үнэлдэг хүмүүсийн хувьд цаг үеэсээ хоцорсон гэж хэлж болно.

Snowden болон цахим аюулгүй байдлын судлаач, хиймэл оюун бүтээж байгаа компаниудын хэлж байгаагаар бол яг өнөөдөр бидний бичиж, ярьж, нийтэлж байгаа зүйлс хувь хүний файл болон хуримтлагдаж, хэдэн цагт хаана явж буй, хэнтэй ямар хоол, хүнс иддэг, ямар дэлгүүрээр орж, ямар бүтээгдэхүүн сонирхдог, ямар хүмүүстэй уулздаг нь "metadata" гэж ангилагдаж байгааг тодруулсан билээ. Эдгээр “хувийн” мэдээллийг бид, цахим орчинд амьдарч буй иргэд хүссэн хүсээгүй “data”, “metadata” болгон гаргаж ирж байгаа. Цаашид ч бидний амьдрал улам 'Шилэн' болж, нууц гэдэг зүйл байхгүй болно.

Өнөөдөр Монгол улсад цахим орчинг идэвхжүүлэх, төрийн цахим үйлчилгээг улам сайн, нээлттэй болгох, өөрөөр хэлвэл e-governance-ийг бэхжүүлэх тухай ярилцаж байгаа. Энэ тухай дараагийн нийтлэл дээр тодорхой өгүүлэх болно. 

 

 

 

 

 

 

 

[1] Edward Snowden, Permanent Record. September 2019.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%