Нийтлэл 12 сарын 17, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Зүлэйха нүдээ нээхүйд

Нэгэн зууныг донсолгосон алдартай хувьсгал, Сталины их хэлмэгдүүлэлт, нударган баячуудын хөрөнгө хураалт гээд 1918-1945 оныг хүртэлх Оросын түүхийн нэгэн эгзэгтэй үеийг тэрхүү түүхийн асар том эргүүлгэнд хумхын тоос мэт замхарсан олон сая хүний амьдралыг харуулсан энэ номыг түүхийн бүтээл гээд хэлчихэж болох мэт. 

Уг зохиолыг бичсэн Гузель Яхина татар бүсгүй. Нэгэн цагт дэлхийг донсолгож явсан түүний өвгөд үр хойчис болсон хөөрхий нэгэн охиныхоо энэ түүхийг сонссон бол авсандаа эргэхээр л юм болсныг тэр сөхөн өгүүлсэн нь энэ.

Түүхийн өмнө хүн ямар өчүүхэнийг, олон зуун жил оршсон хөдлөшгүй мэт ёс заншил цагаа тулахаар алга урвуулахын дайтай өөрчлөгдөж болдгийг, тэрхүү орвонгоороо эргэх хугацаандаа хүмүүсийн амьдралыг ямархан өчүүхнээр үзэж үрдгийг өөрчлөлтийн золиос бас өөрчлөлтийн үр дүн гэж юу байдгийг яруу тодоор харуулсан. 
Сталины их хэлмэгдүүлэлтийн үед шууд утгаараа Зөвлөлт Холбоот Улсын 12,5 сая хүн, өргөжүүлж авч үзвэл 30 сая хүн хэлмэгдсэн гэж үздэг. Түүн дотроо зүгээр л өөрийгөө болон өрөөлийг тэжээхийн дайтай амьдарч байсныхаа төлөө “ нударган баян” хэмээх цол зүүж, эд хөрөнгө төдийгүй амь наснаасаа хагацаж, төвлөрч хөгжиж чадаагүй байсан улсынхаа үймээн самуун, өлсгөлөн бэрхшээлийг давах золиос болсон хэсэг бий. 1930 оны 1-р сарын 30-ны өдрийн Улс төрийн товчооны “ Хамтралжуулах хөдөлгөөний бүс дэх баячуудын аж ахуйг татан буулгаж устгах тухай” тогтоолоор хөрөнгөтөн этгээдүүдийг гурван түвшинд хуваан үзжээ. Үүнд:

1-р бүлэг - Хувьсгалын эсэргүү хэрэг өдүүлэгчид, өдөөн турхирагчид;

2-р бүлэг - Хувьсгалын эсэргүү бусад этгээдүүд болон нэн баян этгээдүүд;

3-р бүлэг бусад нударган баячууд. Ингэж хуваагаад эхний хэсгийг нь баривчилж ял тулган шууд л буудан хороож (зарим мэдээлэл дээр Сталины буудан хороох жагсаалтад 45,000 орчим хүний нэр орсон гэж үздэг) мэдээж бүгдийнх нь хөрөнгийг хурааж, гол нь ихэнхийг нь ямар ч үндэслэлгүй ял тулган шинэ суурьшлийн бүс буюу ЗХУ-ын аглаг зэлүүд газрыг шинээр эзэмшүүлэхээр албадан хөдөлмөр эрхлүүлэхээр цөлж байлаа. Хэлмэгдүүлэлтийн үйл явц 1957 оныг дуустал янз бүрийн хэлбэрээр үргэлжилсэн гэж үздэг.

Ялангуяа Татарчуудын хувьд хэлмэгдүүлэлтийн эхний үед аймшигт өлсгөлөн, хөрөнгө хураалт, Урал Сибирийн цөллөгөөр, дараа нь сэхээтнүүдийн төөрөгдөл гэгчээр үндэстнийхээ хамгийн соруудаа, эцэст нь дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудтай хамссан гэх нэрийдлээр нийтээрээ шахуу Казахстан, Киргизстан руу нутаг заан цөлөгдөж, ерөнхийдөө 20-30 жилийн дотор үндэстнийхээ хувьд хоморголон устгах бодлогод өртсөн ард түмэн юм. Ийм л хэцүү цаг үед бүсгүй заяанд төрсөн хөөрхийлэлтэй нэгэн татар эмэгтэйн түүхээр тухайн үеийн түүхийг илэрхийлэн бичжээ. Хэрэв түүх сонирхдог бол уншууртай ном.

Ажил ба амьдрал
Ямар ч ажил зүгээр ажил төдийхөн байдаггүй. Заримдаа хүмүүс ажил бол бүр мэргэжил ч гэсэн зүгээр л хоолоо олж идэх хэрэгсэл, хэрэгцээгээ хангах зайлшгүй үйл ажиллагааны нэг хэсэг гэж бодох нь бий. Тэд ажил дээр элдэв асуудалд орооцолдоохоос зайлсхийж, эрх мэдэлтнүүдтэй сөргөлдөхөөс болгоомжилж, илүү даалгавар авчих вий гэж зугтасхийж, хэн нэгнээс илүү ч үгүй, дутуу ч үгүй урдахаа хийчихээд харихын мөн болох нь бий. Гэтэл энэ нь хорвоод хичнээн төвөг учруулж, хичнээн хөгжлийг саатуулдгийг тэд төсөөлдөг ч үгүй.

Үүгээр ч тогтохгүй ажил мэргэжил гэдэг бол хорвоод хүн болж төрсөн бидний ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл, өөрийгөө олж харах, бусдыг олж мэдэх хэрэглүүр гэдгийг тэд тэр бүр олж хардаггүй. Аливааг хийхдээ яаж хүний төлөө хийх вэ? Миний хийх ажлыг надаас өөр хэн хийх вэ? Угаас ингэж хийх ёстой зүйлийг буруу хийвэл юу болох вэ? Миний асуудал бусдад төвөг бэрхшээл учруулбал яах вэ? Би ер нь өмнөхөө, өөрийнхөө ажлыг яавал сайн хийх вэ? Би ер нь юу хийвэл чадах хүн бэ? гэж бодож тунгааж үргэлж өөрчлөгдөн сайжирч байх нь тухайн хүний зөвхөн ажилдаа хандах хандлага биш харин амьдралд хандах хандлагыг илэрхийлдэг. Жишээ нь гэхэд удахгүй хилс хэрэгт татагдах гэж буй Бакиев хамтран зүтгэгчдийнхээ нэгийг ч болсон хилсээс холдуулахыг бодож байхад харин Горелов яаж хэрэгт хийж холдуулчихаад орыг нь залгах вэ? гэж бодох жишээний.

Тушаал биелүүлэх, тушаал өгөхийн хооронд л хүн чанарын гүн ангал нь тэднийг хорвоод ирсэн хэрэгтэй хэрэггүй амьтан гэсэн хоёрхон лагерьт эргэлт буцалтгүй хуваачихаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ажил гэж зөвхөн гүйцэтгэхийн нэр биш ээ. Нөхцөл байдлаар халхавчилж, хулчгар, хуурамч дүр эсгэгсдийг амьдрал өөрөө ялгаад тавьчихдаг. Гэтэл ямар ч нөхцөл боломж нь хангагдаагүй байхад хоосон нойтон байсан ч мэргэжилдээ эзэн, мэргэжилдээ үнэнч, мэргэжлийнхээ ёс зүйг өөрийн ертөнцийг үзэх үзэл болгосон хүмүүс хаа ч мунхаг бүдүүлгийн харанхуйг зүсэн гэрэлтүүлэх бамбар, хүн төрөлхтний оюун санаа, хөгжил дэвшлийн төлөөлөл нь байсаар байх болно гэдгийг эзгүй эрэг дээр цөлөгдсөн 30-хан хүний амь гарсан энэ түүх харуулна. 
Энийг би чадахгүй, би яагаад хийх ёстой юм, бусад нь яачихсан юм, яаж ч хийсэн яадаг юм гэсэн үгс ямар их хор хохиролтой байж болохыг энэ номын хуудас бүрт дурайтал нь биччихсэн бий. Ажил мэргэжлээ хувийн өшөө авах хэрэгсэл, ашиг хонжоо олох арга болгож хувиргасан хүн нэртэй нохойнууд яаж хүний амьдралыг там болгодгийг ч энд харуулсан. Юу ч байхгүйгээс эхлээд хүн булааж авмаар санагдах хүртэл нь ажлыг босгох хийхийн тухай бас өгүүлсэн.Иймээс амьдралын чинь ихэнх цагийг эзэлдэг ажилдаа чин сэтгэлээ зориулах, нөхцөл байдлаар халхавчлалгүй хүн чанараараа ажиллах, шийдвэр гаргахын тухай ном гэж хэлж бас болно. 
Мөнхийн сэдэв - Хайр
Өнгөрсөн зууны эхэн үед үймээн донсолгоотой нэгэн улсын бөглүү зэлүүд алсын тосгонд нөхөр, хадам ээжтэйгээ хамт амьдардаг жирийн нэгэн татар эмэгтэй. Түүний амьдрал хэтэрхий эзэрхүү сохор хадам эх, хэтэрхий харамч шуналтай нөхөр, хүслэн болж мэндэлсэн ч хэд хоноод л нярай нялхаараа тэнгэрт одоцгоосон дөрвөн охин, асуух ч үгүй даган үйлдэх мухар сүсэг, давж дийлэхгүй их ажил, бас байнгын өлсгөлөнгөөс бүрдэнэ. Эзэрхий бурангуй ёсны сүүдэрт төрж өсөөд ийм л байх ёстой хэмээн сэтгэн өөрчлөх тухай бодож ч үл зүрхлэх түүний амьдрал Орос гүрэнд мандан ялсан хувьсгалын нөлөөгөөр орвонгоороо өөрчлөгдөнө.

Гэвч энэ ном түүхийн тэр бусгаа цаг үеийн тухай гэхээсээ илүү мөнхийн сэдэв болох хайрын тухай. Эр эм хоёрын сэнсрэм, гансрам хайр гэхээсээ илүү сэргэлэн нохой зангаараа босгосон хөрөнгөндөө өөрийн амьнаас илүү хайртай бүдүүн бараг тариачин эр, үр ганцаа хэнээс ч илүү үзэж бусдыг өөчлөх эх, сэтгэцийн өвчтэй ч мэргэжил тангарагтаа үнэнч эмч, эх хэлнээсээ илүү харь хэлэнд нэвтэрхий ч урлаг, уран зурагт чин сэтгэлээсээ хайртай зураач, сэхээтэн, харгис догшин харанхуй бүдүүлэг ч хүний зөнгөөрөө, хүн чанараараа яагаад гэдгээ ч тайлбарлаж чадахгүйгээр бусдыг авран хамгаалж, жаахан ч гэсэн хүн төрхөө хадгалахыг хичээж буй цэрэг эр, зүгээр л амь гарахыг хичээж буй хүний ул долоож байж сэтгэл бүтэн явдаг хувь дутсан хөөрхий нэгэн азгүй эр, алба тушаал өгсөж цол ахихын тулд хүний амиар наадагч зальтай эр гээд хорвоод хайрлаж дурлаж татагдаж болох юу л байдгийн бүгдийг нь, бас түүнийгээ хэрхэн хайрлаж болдгийг бүхий л аргаар нь ёстой дурайтал бичжээ. Энэ номын бараг хуудас бүхэн дээр хүмүүс жоом шиг л үхэж байх.

Хэдэн зуугаараа хэдэн арваараа хэтэрхий харамсмаар бас гонсоймоор. Гэсэн ч энэ номын хуудас бүрээс хүний амь ямар бөхийг, хүн ямар их зовлон шаналал даадгийг сэтгэл чивчиртэл үг үсэг бүрээрээ мэдрүүлнэ. Ийм сэтгэлийн уг хөндүүр болом ном уншилгүй уджээ. Бас тэр баавгай агнадаг хэсэг нь. Би тэр хэсгийг уншчихаад сэтгэгдлээ баллахгүйн тулд бүр киног нь хэсэгтээ үзэхгүй байхаар шийдсэн шүү. Чулпан Хаматова тэр хэсгийг сайхан гаргана гэж мэдэрч байгаа ч Игнатовын хэсгийг хэсэг бүүвэйлж бодох гээд хүлээлгэсэн. Уншаад үзвэл юун тухай ярьж байгааг маань ойлгоно оо. За тэгээд эцэст нь яагаад Зүлэйха нүдээ нээхүйд гэж нэрлэсэн бэ гэж үү? Минийхээр бол ийм. Хижээл хэвийсэн насандаа мухар сүсэг, хуучин итгэл үнэмшлээ таягдан хаяад, голын хайртай ганц үрээ аймшигтай ч басхүү гайхамшигтай байж мэдэх тэр учир битүүлэг ирээдүй рүү нь үдэн явуулчихаад сая л нэг өөрийн "ирээдүй" рүү буурал сор суусан тэргүүнээ цэх өргөн цүнхээлийн ус шиг гүн ногоон нүдээрээ ядрангуй ч мятрашгүй эгцлэн харах тэр эмэгтэй - Зүлэйха. Одоо л тэр өөрийгөө олж, одоо л тэр нүдээ нээжээ.

Жич: Энэ ном надад нэгэн жижиг үндэстний ээж эмээ нар охин үрдээ ярьж өгдөг үлгэр шиг санагдсан. Энэ үлгэрийг сонссон охин бүр эмэгтэй хүний хувь зохиолыг илүү энэлж эмтэрч ойлгох юм шиг санагдсан даа.

Сэтгэгдэл бичих

    • Uran zohiol
    • 2019-12-22

    Zaaval unshih gadad uran zohiold niitees sanal avch ydaj60-70%g oruulj bait? Ene nomiig oruulna. (3-5jild neg udaa sanal avch surguuliin nomiin sand n ulsaas ogch baih)

    • Зочин
    • 2019-12-22

    50%g unshsan ym shiv bolov. Zaaval unshih gadad uran zohiold oruulbal (huuhdiin)niitiin sanal asuulgaar demjinee

arrow icon