Нийтлэл 12 сарын 22, 2019

Хэлэх үг байна: Хийн хоолойг Монголоор дамжуулах тухай Орос, Хятадын төрийн бодлогод тусгагдаагүй

Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр хийн хоолой барих тохиролцоо хийгдээгүй. Тийм зүйл байх боломжгүй. Яагаад гэвэл,

МОНГОЛ
Байгалийн хийг гэр хороололд болон автомашинд цэвэр түлш болгон ашиглаж агаарын бохирдлоо багасгах боломж нээгдэнэ. Хийн цахилгаан станц байгуулж, хэрэглээндээ тааруулан ачааллах замаар Монголын эрчим хүчний системийн гол хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, сүлжээний тогтвортой ажиллагааг хангана. Ийм тохируулах эх үүсвэртэй болсноор нар салхины тогтворгүй эх үүсвэрийг илүү шингээх боломжтой болж, сэргээгдэх эх үүсвэрийн ашиглалт нэмэгдэнэ. Дээрээс нь хийн транзит хоолой манай нутгаар дайрснаар хөршүүдтэй хийх харилцаанд Монголын жин нэмэгдэх тал байж болно.

Монголчууд нефть бүтээгдэхүүний хангамжаар Оросоос хамааралтай. Төвийн эрчим хүчний систем нь бас Оросоос хамааралтай. Байгалийн хий бол нүүрстэй харьцуулахад олон талын давуу талтай цэвэр түлш. Оросоос хий авах тохиолдолд алсдаа нүүрсний хэрэглээ төвийн хэдэн хотуудад бараг үгүй болох биз. Айл өрхүүд хийгээр халааж, дээрээс нь цахилгаан станцууд хийгээр ажиллаад ирэхийн цагт Оросын хийнээс бүрэн хараат болно. Ямар нэгэн шалтгаанаар хий тасалдвал, эсвэл тасалбал улс хөлдөнө. Иймд муу нэртэй ч гэсэн өөрт байгаа нүүрсээ илүү цэвэр технологиор ашиглаж сурах нь зөв гэж бодно.

Уул уурхайн яаманд нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн нэгж ажиллаж буй. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Газрын тосны талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон холбогдох хууль журмуудад нүүрснээс хий үйлдвэрлэх маш тодорхой зорилт тавьж, өндөр ач холбогдол өгсөн буй. Хэрэгжих боломжтой эсэх нь тусдаа асуудал. Ямар ч байсан төрийн батлагдсан бодлого. Гэтэл сая ерөнхий сайд, салбарын сайд нар нь Оросоос хий авахаар боллоо гэж зарлав. Оросоос байгалийн хий авбал нүүрснээс дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг худлаа, өрсөлдөх чадвар байхгүй. Эндээс хоёр дүгнэлт хийж болно.

Нэг бол тэд төрийн бодлогоо огт тоолгүй санааны зоргоор юм ярьдаг, эсвэл олон нийтийн анхаарлыг татахын тулд попорсон. Аль ч тохиолдолд тэд төрийн сайд шиг байсангүй, Монгол төрд бодлого байдаг гэж харагдсангүй.

 ОРОС
Монголоор дамжуулан хийн хоолой байгуулах талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “улстөрийн хувьд асуудал байхгүй” гэж хэлж. Улстөрийн хувьд шүү. Шадар сайд А.Гордеев “Эдийн засгийн хувьд Оросд ашигтай эсэхийг 6 сарын хугацаанд тооцоолно” гэж хэлсэн байсан.
Оросууд түлш эрчим хүчнийхээ зах зээлийг тэлэх, Хятад болон Зүүн Азийн зах зээлд нөлөөгөө нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Энэ утгаараа Монголоор дамжин уу дамжихгүй байна уу гол нь Хятад руу гаргаж л байвал тэдэнд хэрэгтэй. Монголын зах зээл хэмжээний хувьд сонин биш. Монгол байтугай өөрийнхөө Эрхүү муж, Буриадын бүгд найрамдах улсыг ч эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдэг шалтгаанаар байгалийн хийгээр хангаагүй байгаа. Тэгэхээр Хятад руу том хоолой Монголоор дамжуулан байгуулбал Оросын экспорт нэмэгдэнэ, далимд нь Эрхүү, Буриадаа хийгээр хангах нөхцөл бүрдэх талтай.

Сибирийн хүч хоолойг байгуулахдаа Орос Хятад хоёр айхтар геополитик ярьж Монголыг боомилохын тулд зориуд Алс Дорнодоор тойруулсан юм биш. Оросын хувьд Зүүн Сибир, Алс Дорнодын томоохон байгалийн хийн ордуудыг алсдаа эргэлтэд оруулахын тулд хийн хоолойн суурь дэд бүтцээ тэдэндээ ойр байхаар тавих нь ашигтай. Хятадын хувьд хийн хоолойг Зүүн Хойд, Зүүн, Зүүн Өмнөд гэсэн хэрэглээ өндөртэй нутаг дундуураа хөндлөн гаргах нь найдвартай хангамж талаасаа давуу талтай. Гэтэл Монголын бараг хэрэглээ байхгүй зэлүүд тал дундуур хийн хоолой татах нь угаасаа тийм ашигтай хувилбар байгаагүй.

Сибирийн хүч хоолойгоос гадна Алтайн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр Орос, Хятад улсууд ярилцсаар олон жил болж буй. Эдгээр төслүүд Оросын төрийн бодлогод тусгагдсан, үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан. Оросын түлш эрчим хүчний салбар судалгаанд тулгуурлаж, төлөвлөгөө хийж, төр нь баталж байж хэрэгждэг учраас гэнэт Монголоор дамжуулан хийн хоолой тавих талаар ярина гэж байхгүй. Тийм ч учраас “Оросд ашигтай эсэхийг тооцоолно” гэж шадар сайд нь хэлсэн байна. Хэрэв ашигтай гэж тэд дүгнэвэл ирэх жилүүдэд салбарын байгууллагууд нь судалж, төрийн бодлогодоо тусгаж, ТЭЗҮ хийж, түүний дараа гэрээ хэлэлцээр эхлэх биз.

Сибирийн хүч хийн хоолойн төсөл 10 гаруй жил яригдаж, барилга угсралтад 5 жил зарцуулж, 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жишгээр бол Монголоор хийн хоолой дамжуулахын тулд гурван улсын яриа хэлэлцээр хийж тохироход нэлээн хэдэн жил болно. Бүх тохироо хийгдсэний дараа нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад 2 жил. Барилга угсралт 5 жил. Хэрэгжинэ хэмээн хийсвэрлэж таамаглавал багцаагаар 10 жил шаардлагатай болох нь.

 ХЯТАД
Хятадын эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн талаас илүүг нүүрс бүрдүүлдэг. Усны, цөмийн, нарны, салхины эх үүсвэрийн ашиглалт бүгд нийлээд 10 гаруй хувьтай л байгаа. Олон төрлийн түлш шатахуун, цахилгаан машинаас болоод нефтийн хэрэглээ цаашид огцом өсөхгүй. Харьцангуй цэвэр түлш болох байгалийн хий хэрэглээ нэмэгдэж байна. Иймд Хятад Улс дотоодын олборлолтоо ч, импортоо ч нэмэгдүүлж буй.

Найдвартай байдлаа хадгалахын тулд олон эх үүсвэрээс олон төрлийн хий ашиглах бодлогыг баримталдаг. Үүнд,

Нэгдүгээрт, тоймоор хэлбэл Хятад улс жилд 300 тэрбум м3 байгалийн хий хэрэглэдэг ба үүнээс 150 тэрбум м3-ийг импортоор авдаг. Дотоодын хийн олборлолтоо нэмэгдүүлэхийн хэрээр импортын эх үүсвэрээ олшруулах бодлого баримталж байна.

Хоёрдугаарт, импортын олон эх үүсвэртэй. Хятадууд байгалийн хийн нийлүүлэлтээс хэн нэгнээс онцгой хамаарахгүй байх бодлого явуулж байна. Хийн хоолойг Хойд талаасаа Оросоос, баруун талаасаа Дундад Азиас, урд талаас Мьянмараас татсан. Өөрөөр хэлбэл эх үүсвэр хангалттай байсан ч Оросоос авах хийн хэмжээ хязгаартай.

Гуравдугаарт, хийн хангамжийн олон төрөлтэй. Хуурай газраар хоолойгоор авахаас гадна шингэрүүлсэн байгалийн хийг далайгаар Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америкаас авч байна. Дээрээс нь уламжлалт бус эх үүсвэр буюу занарын хий, нүүрсний метаны хайгуул олборлолтыг нэмэгдүүлж байна. Хийн энэ гурван эх үүсвэрийг ижил тэнцүү хэмжээнд хүргэх нь тэдний зорилт.

Эндээс, нийт 300 тэрбум м3 хэрэглээний 150 м3-ийг дотоодын олборлолтоор хангаж байна. Үлдсэн 150 м3 -ийн 50 тэрбум м3-ийг занарын хий, нүүрсний метанаас, 50м3-ийг далайгаар LNG байдлаар, 50 тэрбум м3-ийг хийн хоолойгоор авна гэсэн үг. Мэдээж энэ бол ерөнхий хандлагыг харуулсан тойм. Ингэж бодвол Орос, Төв Азиас авч байгаа хэмжээ зорилтод хэмжээндээ хүрчихсэн гэсэн үг. Сибирийн хүч хоолойгоор 38 тэрбум м3-ийг оргил үедээ авна, эхний жилүүдэд үүний 1/3-ийг л авна. Дээрээс нь Туркменстан, Узбекстан, Казахстан чиглэлээр хийн хоолойгоор аваад эхэлсэн. Шинжиан Уйгараас Шанхай хүртэл хийн хоёр ч шугамыг барьж ашиглаж байна. Тэгэхээр Оросоос авах хэмжээ үндсэндээ тулчихсан гэсэн үг.

Тийм учраас л Хятадууд Алтай чиглэлийн хоёр дахь шугамыг хэрэгжүүлэхгүй цааргалсаар, Оросууд хэрэгжүүлэхийг хүссээр удлаа. Тэгэхээр Алтай чиглэлийг болиод оронд нь Монголоор дамжуулна гэдэг нь эрэлт талаасаа Хятадуудын хувьд тийм чухал биш гэдэг нь харагдаж байна.

ТӨРИЙН БОДЛОГО
Хятад, Орос шиг нэгдсэн удирдлагатай байя, “хүчээ нэгтгэе” гэх яриа сүүлийн үед Монголд их сонсогдох болсон. Бодит байдал дээр Хятад, Оросд ерөнхийлөгч байна уу, ерөнхий сайд байна уу хэн нэгэн дарга хүслээ илэрхийлээд, түүнийг нь нийтээрээ дагадаг зүйл огт байхгүй.

ОХУ Эрчим хүчний стратеги 2035 хэмээх баримт бичгийг ШУА нь ахлаад олон арван байгууллагууд хамтарч боловсруулан хэрэгжүүлж буй. Тэнд тусгасан хүрээнд засгийн газар нь ажилладаг. Тэрнээс биш даргын дураар болдоггүй. Монголоор хийн хоолой дамжуулах талаар Оросын төрийн бодлогын баримт бичигт байхгүй. Хэрэв Монголчууд шинэ санал тавьж байгаа бол түүнийг судлаад, баримт бичигтээ тусгаж өөрчлөөд, түүнийг нь баталсны дараа засаг нь хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.

БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь судалгааны байгууллагуудын санал, мэдээллийг нэгтгэн таван жилийн төлөвлөгөө боловсруулж түүнийг засаг нь мөрддөг. 13-р таван жилийн төлөвлөгөө 2020 онд дуусна. Энэ төлөвлөгөө, түүний дагах баримт бичгүүдэд Монголоор хийн хоолой дамжуулах тухай заалт байхгүй. 14-р таван жилийн төлөвлөгөөний суурь судалгаанууд хийгдсээр л байгаа, тэд гэнэтийн зүйл оруулж ирэх нь магадлал бага. Хэрэв манайхан нөлөөлж чадаад, үнэхээр Хятадуудад ашигтай гэвэл 2021 оноос хэрэгжиж эхлэх 14-р таван жилийн төлөвлөгөөн эхлээд тусгуулах хэрэгтэй болно. Дараа нь хэрэгжих асуудал яригдана.

Хатуу гартай том удирдагчийн дураар улс орон хөгждөг жишээ ямар ч байсан хоёр хөршийн хувьд байхгүй. Тэдний удирдагчдын хэрэгжүүлэх бодлогыг чиглэлийг салбар, мэргэжлийн судлаачид гарган тавьдаг гэдгийг энд дахин дурдъя. Дууриамаар байгаа бол үүнийг л дуурайх хэрэгтэй байна.

ДҮГНЭЛТ

Нэгдүгээрт, Хийн хоолой Монголоор дамжих нь транзит тээвэр гэдэг утгаараа эдийн засаг, байгаль орчны хувьд ач холбогдолтой. Гэхдээ түлш, эрчмийн салбараа импортын хийнээс бүрэн хамааралтай болгохоос зайлсхийж, нүүрсээ байгаль орчинд бага нөлөөтэйгээр ашиглаж сурах нь Монголын хувьд илүү чухал.

Хоёдугаарт, Хятад хийн хангамжаа олон төрлөөр, олон эх үүсвэрээс авч байгаа ба Оросоос авах хэмжээгээ дахин нэмэгдүүлэх онцын шаардлага тэдэнд байхгүй.

Гуравдугаарт,Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудал Орос, Хятадын төрийн бодлогод тусгагдаагүй учир хэрэгжих талаар ярих үндэслэл одоогоор байхгүй.

Дөрөвдүгээрт, Хөршүүд судалгаа хийж, төрийн бодлогодоо тусгаад хийн хоолойг Монголоор дамжуулахаар боллоо гээд төсөөлсөн ч ойрын хэдэн жилд хэрэгжих боломжгүй.

Нэмж хэлэхэд Монгол орон нүүрс, газрын тос, уран, нар, салхи болон усны эрчмийн асар их нөөц боломжтой нь үнэн. Гэвч байгалиас заяасан нөөц боломж дангаараа юуг ч шийдэхгүй. Газарзүйн хувьд бид дэлхийд түлш эрчмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Орос, хэрэглээгээр тэргүүлэгч Хятадын дунд байрладаг. Түлш эрчмийн томоохон зах зээл болох Зүүн Хойд Ази, томоохон нийлүүлэгч болох Төв Азийн нутгийг дамнан оршдог. Гадаад орчны энэ онцлог нөхцөл байдал, технологийн хурдацтай хөгжлийн эринд байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах вэ гэдэг асуултыг бид нухацтай бодох шаардлагатай. Энэ сэдвийг сонирхсон хүмүүст “Монголын Түлш Эрчим Хүч” хэмээх номыг уншихыг зөвлөх байна.

Ж.Золжаргал, Инженер

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2019-12-30

    Ene ynen shyy. Odoo yavaad baigaa surtchilgaa erduul hedhen hunii songuuliin beltgel shoul baihgyi yu. Taag hugatsaa haruulnaa

    • Алтансүх f Japan
    • 2019-12-30

    Хаха бид яг үнэндээ тэр хии гээд байгаа зүйл дээрээ амьдарч байгаа шдээ Яагаад манайд хий байна уу хаана байна гэж нэгч ярихгүй байна вэээ

    • Халиунаа
    • 2019-12-30

    Бодитоор харж зөв мэдээлэл өгсөнд баярлалаа

    • Халиунаа
    • 2019-12-30

    Бодитоор харжээ . Ийм л учиртай юм байна доо

arrow icon