Нийтлэл 01 сарын 10, 2020

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Засгийн газар тогтвортой байж чадах уу?

43 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай

Сайжруулсан шахмал түлшний буруу хэрэглээгээр 4-н хүн нас барлаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа, Автомашинтай жагсаал, Үндэсний фронтын жагсаал, Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулна, Сонгуулийн хууль батлагдлаа, Тэтгэврийн зээл тэглэнэ. Өнгөрч буй оны сүүлийн хагаст эдгээр үйл явц манай улс төр, нийгмийн идэвхтэй хүрээнд өрнөжээ. Дээрх сэдвүүдээс цаашид үзүүлэх цаг хугацааны хэмжүүр, шууд болон дам байдлаар хамгийн олон хүнд нөлөөлөх чадамж, бидний хойчийн түүхэн үйл явцуудыг нөхцөлдүүлэх чухал нь магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал байж болох юм. Түүнчлэн цаг хугацаа өнгөрөх тусам зүлгэгдэж улам тодрох нь дамжиггүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц УИХ-н түвшинд 209 оны 6-р сарын 6-наас эхэлж 11-р сарын 14-нд өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тусгагдсан төслийг хэлэлцэх зарчимд “11.3.6. Хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. ...” гэсэн шалгуур үндэслэн тооцоход нийт 23-н долоо хоног буюу 161-н өдөр хэлэлцэж баталсан байна. Энэ нь 2016-2020 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны 1/9-ийг зарцуулжээ гэсэн үг. Иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, намууд, УИХ-ын тамгын газар, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх нийтээрээ шалгалтад орлоо. Одоогийн алдаа оноогоо дүгнээд цаашлах уу? Парламентын Бүгд найрамдах засаглалыг орхиод өөр тийш явах уу? Ардчилсан тогтолцоог бэхжүүлэх үү? гээд олон жил яригдсан, суурь асуултуудад хариулт өглөө. Хариултууд хангалттай байсан уу? гэдэгт итгэсэн, эргэлзсэн, мэдэхгүй олон байр суурь байгаа ч бидний хариулж чадаж байгаа маань л энэ. Сайн, мууг ирэх он жилүүд шүүнэ. Ямартай ч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үйл явц эхний байдлаар бүх нийтээрээ Үндсэн хууль хэмээх зуны сургалтад хамрагдсан мэдлэг, мэдээллээ нэг шатаар ахиулсан ач холбогдолтой байлаа. Одоо дараагийн шатыг эхлүүлэх хэрэгтэй. Энэ бол оруулсан нэмэлт, өөрчлөлт цаашлаад Үндсэн хуулийн ач холбогдол, зүйл заалтуудын талаар олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх явдал юм. Үүнд төр засгийн байгууллагууд ялангуяа судлаачдын хүчин чармайлт тун чухал. Тиймээс дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин чухал хэсэг болох засгийн газрын тогтвортой байдлыг бий болгоход чиглэгдсэн 2 заалтын үзүүлэх нөлөө, авчрах үр дүнгийн талаар дор сийрүүлье.

Төргүй боллоо... , 

Эзэнгүй төр ... гэх мэтээр хэнд хаягласан нь үл мэдэгдэх бухимдал, ёжлол олон нийтийн сүлжээгээр, телевизийн сувгуудаар хөврөхийг та ямар нэгэн байдлаар харсан, сонссон эсвэл өөрөө ч тэгж боддог байж болох юм. Үүнд “Тийм юм байхгүй харсаар байтал УИХ, Засгийн газар, Шүүх гээд төрд байх бүтцүүд нь байгаа юм биш үү” гээд шулуухан гүрийх, загнахад эргэлзээтэй. 1992 оноос хойш 14-н засгийн газар ажиллаж дунджаар бүрэн эрхийн хугацааны 49%-д л ажилласан байна. Иймээс Засгийн газрууд Улс орны хэмжээний томоохон бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэхээс илүү өөрийн оршин тогтнох хугацаагаа уртасгахын тулд УИХ-тай тохиролцоход анхаарлаа хандуулж байсан нь үйл явцуудаас илхэн харагдана. Миний таны амьдралд мэдэгдэхүйц өсөлт харагдахгүй хүлээлтэд хүрэхгүй байгаа гол шалтгаан бол энэ. Үүнийг нийгэм, эдийн засгийн дараах энгийн тоон үзүүлэлтүүд ч батална.

 Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 1992 оны үзүүлэлтээс 3.3 %-аар өссөн буюу 9.9-тэй байна.

Ийм байхад олон нийтийн шүүмжлэл огт ор үндэсгүй биш юм. Тэгээд бид яах уу? Цаашаа ингээд л яваад байх уу? 11-р сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр дараах 2 заалт орсон.

Өнгөрсөн 28 жилийн түүхэнд засгийн газар УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамааралгүйгээр буюу хугацаанаасаа өмнө 8-н удаа огцорсны 5-д нь УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн санал гаргаснаар УИХ шийдвэр гаргаж огцорч байсан. Энэ тохиолдлыг бууруулахын тулд Засгийн газрыг огцруулах шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг байсан бол Үндсэн хуулийн 43.1-ийг өөрчлөн найруулснаар УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж байхаар зохицуулсан. Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх санал хураалт ердийн олонхийн саналаар шийдвэрлэгдэж байсны тод жишээ бол 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад 66-н гишүүн чуулганы хуралдаанд оролцож 36 гишүүн буюу 54,5% нь дэмжиж байсан явдал юм. Тэгвэл одоогийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах хуралдаанд хэдэн ч гишүүн оролцсон 50+1 буюу 39-н гишүүн аль нэг талд нь санал өгч байж шийдэгддэг болж байгаа юм. Хэрэв 2014 онд энэ зохицуулалт хэрэгжиж байсан бол Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохгүй байх байлаа. Парламентын засаглалтай улсад ямар ч засгийн газар огцорч болдог байх ёстой гэхдээ Парламент буюу тухайн улсын төлөөллийн төв байгууллагын нийт олонхийн итгэлээр шийдвэрлэгддэг байх нь ардчилсан тогтолцооны үндсэн зарчим.  

Мөн Ерөнхий сайдыг огцруулах санаачлага гаргах этгээд 4 байсныг 1 болгож эрсдэлийг бууруулсан. Үүнийг нарийвчилбал, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн тэн хагас, УИХ-ын дөрөвний нэг, Ерөнхийлөгч гэсэн 4-н этгээдийн санаачлагаар УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг байсан бол өнгөрсөн оны нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн санаачлагаар огцруулах саналыг хэлэлцэхээр болсон. Энэ нь улс төржилт УИХ-ийн танхимаас гадна Засгийн газар, Ерөнхийлөгчийн хүрээнд явагддаг байсныг бууруулах сайн талтай.

Дөчин гуравдугаар зүйлийн 2-т “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж өөрчлөн найруулсан нь 1-рт Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж огцруулах эрхтэй болсон Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, шийдвэртэй холбоотой бүхий л асуудлаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээхийг илэрхийлж байна, 2-рт Засгийн газар аливаа асуудалд нэгдсэн бодлого баримталж кабинетын зарчмаар ажиллах Ерөнхий сайдтай хамтарч ажиллах боломжгүй сайд нарыг огцруулах суурь нөхцөлийг тодорхойлж байна. Энэ нь Парламентын засаглалтай улсад гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад тавигддаг суурь нөхцөлүүдийн нэг юм. Парламентын засаглал төлөвшсөн Япон, ХБНГУ болон Европын улсуудын Үндсэн хуульд бас тусгагдсан байдаг.

Дээрх 2 заалт нь Үндсэн хуулийн бусад заалтуудтай харилцан уялдаатай бөгөөд тус бүрдээ өөр, өөр үр дүнтэй. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын хяналт, тэнцлийг сайжруулах, ойлгомжтой болгоход чиглэгдсэн нэлээдгүй зохицуулалт хийгдсэн бөгөөд энэ бичвэрээр 43-р зүйлд орсон өөрчлөлтийн а холбогдлыг тайлбарлахыг оролдлоо. 

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл. -ээс

Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon