Коронавирус эдийн засаг ба ард иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх вэ?

1) Корона вирусын эдийн засгийн нөлөө нь ямар байх вэ?

“Одоохондоо хэлэхэд эрт” гэдэг нь энэ чухал асуултын хамгийн оновчтой хариулт юм. Богино хугацаанд олон улсын зах зээл дээр зарим савлагаа, үнийн хэлбэлзэл ажиглагдаж байгаа бол дунд урт хугацаанд вирусын тархалт, түүнд улс орнуудын үзүүлэх хариу үйлдлээс их зүйл шалтгаалах болно.

Богино хугацааг авч үзвэл, өвчний шууд үр дүн нь зах зээл дээрх айдас, савлагаа хэлбэрээр илэрч буй. Тухайлбал, Цагаан сарын дараах 10 гаруйн хоног үргэлжилсэн амралтын дараа Хятадын санхүүгийн зах зээл нээгдэхэд хувьцаа, юанийн ханш болон түүхий эдийн уналт бий болов. Мөн зарим агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцлах, улс орнууд иргэдээ Хятад руу зорчихгүй байхыг анхааруулах зэрэг арга хэмжээг авч буй. Мөн Хятад өөрөө ч шинэ вирус идэвхтэй тархаж байгаа муж, хотуудад хөлийн хорио цээр тогтоох арга хэмжээг авсан. Энэ нь аялал жуулчлал, тээвэр, нийтийн хоол, үзвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаанд шууд мэдрэгдэж буй. Гэхдээ нөгөө талаар интернет худалдаа өсөх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх гэх мэт өөр салбаруудын үйл ажиллагааны идэвхжилд нөлөөтэй. Харин Цагаан сарын амралтын үеэр үйл ажиллагаа нь зогсонги байсан салбаруудад төдийлөн нөлөө нь мэдрэгдэхгүй болов уу. Иймд вирусын нөлөө Хятадын, болон бусад орнуудын эдийн засагт хэр их нөлөөтэй байв гэдгийг статистик тоо нэгтгэгдсэн хойно л хэлэх боломжтой юм.

Харин илүү дунд болон урт хугацааны үр дүнг урьдчилж таамаглах нь хэцүү юм. Учир нь вирусын тархалт хэр өргөн цар хүрээтэй байх вэ, түүнд хариу үйлдэл үзүүлж буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байх вэ гэдгээс их зүйл шалтгаална. Нэг талд өвчлөгсдийн тоо хурдтай нэмэгдэж буй ч, нөгөө талд шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед вирусыг тусад нь ялгаж аваад судалж буй (Япон), дархлаа дэмжих үр дүнтэй эмчилгээг олсон (Тайланд) зэрэг эерэг мэдээ ч байна. Тэгэхээр цаг хугацаа л харуулах ийм зүйл дээр тэвчээртэй, тайван байх нь чухал юм.

2) Negativity bias буюу сөрөг мэдээнд илүү сонор байдал

Хүн цагаан цаасан дээрх ганцхан хар цэгт анхаарлаа хандуулдаг шиг хар бараан мэдээ, муу зүйлст илүү тѳвлѳрдѳг. Учир нь аливаа аюулд сонор сэрэмжтэй байх нь хүний натур, амьд үлдэх инстинкт юм. Медиа ч үүнийг сайн ашигладаг бөгөөд, олон хандалт авч сайн зарагдах мэдээнүүд ихэвчлэн “муу мэдээ” байдаг (мэдээний гарчгийг судлаад үзэхэд 80% нь сѳрѳг байна гэсэн барууны судалгаанууд ч бий). Сошиал медиа хөгжсөн өнөө үед энэ процесс улам ч хүчтэй болж, вирусын талаарх мэдээ вирусын тархалтаас хэд дахин хурдаар түгэж байгааг харж болно.

Гэхдээ бодит мэдээлэл байлаа ч анхаарал болгоомж гэхээсээ шаардлагагүй айдас, паник үүсгэж байвал тийм ч сайн хэрэг биш. Газар хүчтэй хөдлөх үед тэвдэж гүйж яваад гэмтэх нь олон тохиолддогтой адил үүссэн паник нь тухайн аюулаасаа илүү эрсдэлтэй байж ч болдог. Иймд эрсдэлээс сэргийлэх зүйлсээ сайн хийчихээд, тайван байх нь шаардлагагүй рискээс сэргийлнэ.

Мэдээж өдөр бүр өвчлөгсдийн тоо хурдтай нэмэгдэх, олон хүн нас барж буй талаарх бараан мэдээг хараад тайван суух хэцүү. Корона вирусын тархалтын оргил үе хүртэл цаашид ч нэг хэсэгтээ эдгээр нь өсөх нь тодорхой статистик юм. Харин эмоцио түр дараад тархиараа бодит эрсдэлийг бодоод үзвэл арай өөр өнцгөөс харах боломжтой. Коронавирусын хувьд хурдтай тархаж буй ч үхэлд хүргэх магадлал нь одоогоор 2% орчим гэгдэж байна (2 сарын 3-ны байдлаар 17000 тохиолдлоос нас барсан нь 360 ). Үүнтэй харьцуулахад 2003 онд дэлгэрсэн SARS-ын хувьд энэ үзүүлэлт 10% байв. Түүнчлэн, 2019-2020 оны өвлийн ид хүйтний улирлаар Америкт 15 сая хүн ханиад хүрч, 8000 гаруй хүн нас барсан гэдэг статистик бий. Монголд гэхэд уушгины хатгалгаар нас барсан хүний тоо 400 давсныг мэдээлсэн. Иймэрхүү харьцуулалт, бодит тоон үзүүлэлтүүд дан айдас эмоцид автах бус, илүү логиктой сэтгэхэд тусална.

3) Herding behavior буюу сүргийн зан авир

Хүн нийгмийн амьтан учраас хүссэн хүсээгүй бие биенээ дууриадаг зантай нь заримдаа сөрөг үр дагаварт хүргэх тохиолдол бий. Томчуудыг дуурайж буй балчир хүүхэд, найз нөхөдтэйгээ дарвиж буй өсвөр насныхан, хувцасны мода дагаж буй залуу бүсгүй гээд энэ нь түгээмэл ажиглагддаг зүйл. Хувьцаа уралдаж зарж буй хөрөнгө оруулагч үүний нэг жишээ байж болно. Дэлгүүрт талх гурил уралдаж авч буй хэрэглэгчид ч бас нэг жишээ юм.

Гэхдээ хувь хүний дор бүрээ өөртөө ашигтай гэж бодоод гаргасан шийдвэр нийлбэр дүнгээрээ нийгэмдээ тусгүй, өөрсдөд нь эргээд хохиролтой үр дүнд хүргэж болдог. Зах зээл дээр энэ нь нийлүүлэлтийн илүүдэл эсвэл хомсолд хүргэж үнийн хөөргөдөл эсвэл уналтыг үүсгэж, олон хүнийг хохироох тохиолдлууд бий. Жишээ нь дэлгүүрийн лангуу хоосорч талхны үнэ өсөхөд хүрэх, эсвэл хувьцааны үнэ огцом унаж хөрөнгө оруулагчид мөнгөө алдаж болно. Эдгээр шаардлагагүй эрсдэлээс зайлсхийх нэг арга нь ердөө л эмх цэгцтэй, тайван байдал юм. Аливаа эрсдэл, байгалийн аюулт үзэгдлийн үед нийгэм паниктаж, эмх замбараагаа алдах нь тухайн гамшгаасаа илүү сөрөг үр дагавар авчирсан жишээ хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй бий.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5583

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%