Нийтлэл 02 сарын 21, 2020

Өөрийн шинж чанараа алдаж буй үндэстнээс бэрхшээл салахгүй!

Яах ч аргагүй энэ цаг үед бид үндэстнийхээ онцлог шинжийг ёстой л хурууныхаа завсраар гоожуулж буй мэт байна. Алив үндэстэнд өөрийн гэсэн үндэстний үнэт зүйл, сэтгэлгээний хандлага, өв соёлын өвөрмөц байдал гээд нэг тийм онцлог шинж гарцаагүй байдаг. Тийм юм аа алдаад ирэхээр л хэдий царай зүс нь монгол ч, сайхан халбагар дээл өмсөөд, монгол гутал жийчихээд, монголоороо ярьж буй ч монгол биш л болж хувирна.
Манайхан чинь эрлийз, хурлийз гэж хэлэх их дуртай шүү дээ. Монгол биш болж буйг нь эсэргүүцэн, шүүмжилсэн сэтгэлгээнийх нь нэг далийсан хандлага тэгэж хүчтэй илэрдэг.
Ерөөс өөрийнхөө мөн чанараа алдаад эхлэхээр л үндэстэн биш болно. Бид Африкийн олон жишээг мэднэ. Харахад яах л аргагүй бужгар үстэй том алаг нүдтэй африк хүн байгаад байдаг. Замби, Нигери, Конго л гэнэ, хоорондоо ялгарах юмгүй, ихэнх нь үндэсний хэл гэх юмгүй, англи, франц, эсвэл португаль зэрэг колончлогчдынхоо хэлээр ярина. Эрх биш нэг үсэрч цовхордог бүжиг энэ тэр нь мэр сэр газарт байна. Ихэнхдээ л даяаршчихсан, гэхдээ даяар иргэншлийн давуу талууд маш сул сууж өгсөн. Өөрийн үндэстний онцлог шинж төрх гэхээр юм ч сул, ерөнхийдөө Хар Африк гэсэн нэг тийм нийтлэг хэв шинж л давамгайлдаг. Дундад зуунд төв болон өмнөд Африкаар аялж байсан шашин номлогчид, газар зүйн нээлт хийгчдийн тэмдэглэлд тухайн үндэстний онцлогыг маш тод томруун бичиж үлдээсэн байдаг. Одоо бол тийм юм үгүй, байхгүй болсон. Одоо бол хүн төрөлхтөн муу муухайгаа хар тивтэй зүйрлэж ярьдаг болчихсон байх юм. Бид үндэстнийхээ онцлог шинжийг алдаад л эхэлбэл яг л тийм байдалд орно. Бахархах юм ч үгүй болно. Тэгээд ирэхээр үхэж буй хүнд дурсамжаас өөр юм үгүй болдог лугаа адил бид хий хоосон түүхээ бахархаж, цээжээ дэлдэхээс, агсам тавихаас цаашгүй болчихно. Тэгэхээр үндэстний оюун сэтгэлгээний цөм, онцлог ялгаатай талаа хадгална гэдэг нэн чухал учир холбогдолтой. Хамгийн чухал нь үндэстэн өөрөө өөрийгөө үнэлэх явдал. Бид хэн юм бэ? Бид яагаад орос, хятад, солонгосоос өөр байдаг юм. Бидний давуу болон сул тал нь юу байна вэ? гэдгээ нэн тодорхой мэдэж байх учиртай. Өөрсдийн үнэлэмжээ бодитойгоор тодорхойлж, өсгөж, өргөж байх хэрэгтэй. Урагшаа тэмүүлж байх учиртай. Өөрсдийгөө адгийн бэртэгчид, хулгайчид л гээд үзээд эхлэх юм бол оюун санааны хувьд мухардалд орж, тэгээд бусдын зууш, боол болоход нэг алхам дөхлөө гэсэн үг. Харамсалтай нь тийм хандлага нэлээд ажиглагдах боллоо.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй орнуудаас жишээ авая. Япон байна. Япон Дэлхийн II дайны дараа ялагдаж, сүйрчихсэн, дайны төлбөрт уначихсан улс орноо хэрхэн богино хугацаанд босгож, 64 он гэхэд Олимпийн тоглолт хүлээн авах хэмжээнд хүргэж чадав? Хэдэн мянган жилийн турш эх оронгүй, газар нутаггүй орон орноор тэнүүчилж явсан еврей нар Гитлерийн аймшигт хядлагыг давж туулсныхаа дараа Ойрхи Дорнодод улсаа тунхаглаж, босгож чадав?
Учир нь ердөө л энэ оюун санааны суурь итгэл үнэмшилд буй юм. Япончууд улс орноо Нарны орон гэдэг, Их наран улс гэж үздэг. Их улсын эзэн болсон Япон хүн хэрхэн муу байх билээ, өөртөө тавьдаг шаардлага нь өндөр байна. Япон хүнийг бүтээхэд онцгой анхаардаг.
Еврейчүүд өөрсдийгөө бурхнаас сонгогдсон үндэстэн гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй. Бүр хүүхэд байхаас нь л Талмуд судраараа дамжуулаад тархи толгойд нь шигтгээд гагнаад өгчихдөг. Тэнгэрээс сонгогдсон үндэстний эд эс гэдэгтээ бүрэн итгэсэн еврей хүн бусдаас онцгой байна. Ядаж л бие биедээ бурхны хүүхэд учраас огт өөр хандана, бидэн шиг нэг нэгэндээ гахай нохой яваа мэт хандахгүй. Тэд ёс бус юм хийх нь тун бага байна. Япончуудын ёсзүйн үндсэн код болсон Бушидо байна. Тэдний хөгжлийн нэг тулгуур нь энэ. Бушидо үгүйгээр японы ертөнцийг ч, өнөөгийн хөгжлийг ч ойлгох боломжгүй.
Гэтэл бидэнд бас тийм бүхэл бүтэн ёсзүйн цогц систем байсан гэвэл байсан. Бүр маш тодорхой систем байсны нэг илрэл нь өнөөх хөгшчүүлийн монголоо нэхэж буй харамсал, халаглалд буй юм. Бид түүнээ сэргээх, эргэж харахгүйгээр бас л урагшаа явахгүй.

Сэтгэгдэл бичих

    • afa
    • 2020-02-20

    afdgss

    • a
    • 2020-02-20

    aadada

    • batbaatar
    • 2020-02-20

    mundag!

    • e
    • 2020-02-20

    test

arrow icon