Нийтлэл 03 сарын 11, 2020

Шок номлол: Ултра Либерализмын янаг хонгор явжээ бид!!!

Гамшгийн капитализмын үүсэл номын тэмдэглэл

Канадын сэтгүүлч Наоми Клайны The Shock doctrine: The rise of the disaster capitalism ном Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл нэртэйгээр монгол хэлнээ орчуулагдан гарсан. 

Тус бүтээлийг уншиж эхлэхэд л нэг тийм жихүүдэс аль эсвэл зэвүүцэл дургүйцлийг хүргэх болно. Учир нь тус бүтээлийн хамгийн эхний хэсэгт 1950-аад оноос эхлэн АНУ-ын ТТГ-ын дэмжлэгтэйгээр Эвэн Камерон гэх эмч хүмүүс дээр аймшигт туршилт явуулж байв. Тэр нь “Шок эмчилгээ.” Энэхүү эмчилгээний анхны зорилго нь сэтгэхүйн асуудалтай өвчтөнийг тогоор цохиулж мэдрэхүйг нь сааталд оруулснаар цоо шинэ хүнийг бүтээж болно гэх биелшгүй хүсэл байсан юм. Харамсалтай нь Эвэн Камерон ч тэр ТТГ ч тэр аль аль нь санасандаа хүрч чадсангүй. Шок эмчилгээний харгис хатуу туршилтууд нь шинэ хүнийг бүтээх биш харин ч өвчтөнийг улам дордуулж байсан бөгөөд удалгүй ТТГ-ын санхүүжилт байхгүй болсноор энэхүү туршилт зогссон байна. 

Хамгийн өр өвдөм зүйл бол тухайн туршилтад оролцсон өвчтөнүүдийн мэдрэхүйг нь сааталд оруулах зорилгоор биеийг хүлж цонх, агааржуулагчгүй өрөөнд хэдэн өдрөөр байлгах явдал юм. Ингэснээр хүн цаг хугацаа орон зай бүхий л мэдрэмжээ алдах учиртай аж. Гэвч хүний төрөлх зөнгөөрөө эрх чөлөөг тэмүүлэх мэдрэмжээрээ жижиг зүйлсээс ч амьдралын тухай төсөөллөө алдахгүй барьж чадаж байжээ. Тэртээд дуулдах сүмийн хонх, өглөө бүр нисэж өнгөрөх онгоцны чимээ, цэцэрлэгт тоглох багачуудын шуугиан… энэ бүх зүйлс орчлонгийн бүхнээс таслагдсан нэгэнд бол амьд явах, зовлон зүдүүрийг тэсэж давах тулгуур нь болж байжээ. Аймшигтай…

Харин яг энэ цаг үед Милтон Фридман тэргүүтэй Неолиберал эдийн засагчид нийгэмд ч бас яг иймэрхүү байдлаар Шок эмчилгээ хийснээр цоо шинэ нийгмийг бүтээж болно хэмээн үзэж байжээ. Тэдний үзлийн гол мөн чанар нь эдийн засаг дахь төрийн оролцоог огт байхгүй болгох, хувийн хэвшлүүдийг дэмжиж, халамжийг бодлогыг үгүй хийх явдал юм. 

Эвэн Камерон өөрийнхөө өвчтөнүүд дээр туршилтаа амархан хийсэн бол Милтон Фридманд тийм “аз” тохиосонгүй. Учир нь түүний номлолыг Маргарет Тетчер, Роналд Рейган нарыг засгийн эрхэнд гарч ирэх хүртэл үл тоосоор байжээ.  1970-аад оноос л харин Фридман өөрийн номлолоо хэрэгжүүлэх боломжтой болж иржээ. 

Тэд энэхүү Шок эмчилгээгээ байгалийн гамшиг, өвчин тахал, дайн самуун, төрийн эргэлт гээд л байж болох бүхий л байгаль, нийгмийн гамшгийг ашиглан хийж иржээ. Хамгийн сүүлд Катрина хар салхины гамшгийг ашиглан Луизана мужийн сургуулиудыг хувьчилж төрийн оролцоог байхгүй болгосон явдал юм. Үүнийг Фридманы “боловсролын боловсон дээрэм” гэж нэрлэсэн нь бий. Үүний өмнө АНУ-ын засгийн газар яг шок эмчилгээг 2003 онд Иракт явуулах гэсэн боловч бүтэлгүйтжээ. 

Тэгвэл хамгийн анх 1973 онд Чилид засгийн эрхийг булааж авах замаар энэхүү бодлогоо хэрэгжүүлсэн бөгөөд энэ үед ард түмнийг ихээр хэлмэгдүүлж эрүүдэн шүүж байв. Ингэхдээ Эвэн Камероны туршлагад үндэслэн тогоор цохиулах мэдрэхүйг нь гачигдуулах зэрэг яргалал үйлдсэний дүнд олон арван хүн эрэмдэг зэрэмдэг болжээ. Ор сураггүй болсон нь ч цөөнгүй. Энэ мэтээр олон улс оронд Шок номлолоо дэлгэрүүлж байв. Ингэхдээ Чили улсыг Неолиберал үзэл Шок номлол амжилттай хэрэгжсэн жишээ болгон дурддаг ч 10 хүрэхгүй жилийн дараа буюу 1980-аад оноос Чили улс эдийн засгийн бодлогууддаа тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж байж сая л нэг юм эдийн засаг нь өсөж эхэлсэн байна. 

Энэхүү Шок номлол яг энэ номд бичигдсэн хувилбараараа монголд явагдсан болохыг Наоми Клайны номыг уншсан хэнбугай ч ойлгох нь дамжиггүй.

Шок номлол хэрэгжүүлэх хамгийн гол арга нь ямар нэгэн гамшгийг далимдуулан шоконд орсон ард түмний хуулийг хэсэг бүлэг хүмүүст зориулан “зохиох,” хувьчлалыг хавтгайруулах, үнийг огцом чөлөөлөх зэрэг явдал юм.  

Социалист системээс дөнгөж салаад байсан монголчууд 20-р тогтоол гэгчээр энэхүү шок эмчилгээнд орсон юм. Үүнийг огцом чөлөөлж, улсын үйлдвэрүүдийг хувьчилснаар дотоодын үйлдвэрлэл байхгүй болж дэлгүүрийн лангуу давснаас өөр зүйлгүй болсныг бид мэднэ.  

Шоконд орсноо ч мэдэхгүй явсан Монголчууд бидний сүүлийн 30 жилийн алдаа завхралыг Наоми Клайн тодорхой дурдсан бөгөөд ганцхан жишээ дурдахад Неолиберал үзэл Шок номлол хэрэгжсэн улс оронд Төр бизнесийн ялгаа үгүй болдог бөгөөд энэ нь өнөөгийн монголд тэнэг хүнд ч харагдахаар ил болжээ. Монгол улс бол Шок номлолыг төгс утгаар нь хэрэгжүүлсэн цор ганц улс. Тиймдээ ч барууны ертөнцөд биднийг The darling of the ultra-liberalism буюу Ултра-Либерализмын янаг хонгор хэмээн нэрлэдэг юм билээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • Economist
    • 2020-03-11

    Meregjliin bish junii emotion enduurel igtei nom orchuulj ediin zasgiin medleg ni socialist ulamjlaltai ard tumnee ulam hoish Tatar, uimruulj baisan aas, basic zuv medleg olgoh Surabaya bichig, end durdagdaj baigaa asuudluuldaar meregliin ediin zasagchdiin tailbar zuvlulgutei nom orchuuulj baimaar baina. Hen yamar zorilgoor iim ajil demjij sanhuujuuldeg yum bol??

arrow icon