Нийтлэл 06 сарын 12, 2020

Буцаж байгаа парламентад хэлэх үг: БАЯРЛАЛАА!

Энэ зургийг сураглаж байж оллоо. Түүхэн зураг байгаам. Энэ момент хүртэл Алтанхуяг Ерөнхий сайд Засгийн газар нь аль хэдийн огцрохоор болцон байсныг мэдээгүй явж байсан гэдэг. Мань хүн арай ч огцорчино гэж бодоогүй. Ямар сайндаа шоконд ороод санал хураалтын дүнг өрөөнийхөө хананд жаазанд хийж хадаж байхав.

Одоо Засгийн газрыг үүн шиг чуулганд суусан гишүүдийн олонхийн саналаар огцруулах боломжгүй болсон. 2014 оны 11 сарын 5-ны өдрийн энэ чуулганд 66 гишүүн ирсэн. Үүнээс 36 нь огцруулахыг дэмжсэн байдаг. Өнгөрсөн 11 сард батлагдсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг нийт 76 гишүүний олонхийн саналаар шийдэх болж өөрчлөгдсөн. Ийм заалт тухайн үед үйлчилж байсан бол 36 кноп хангалтгүй байсан гэсэн үг. Өнгөрч буй 30 жилд Монголын улстөрийг тодорхойлох нэг гол онцлог засаглалын тогтворгүй байдал байлаа. 30 жилд 16 засгийн газар, нэг засгийн газар дунджаар 1,8 жил. Ийм байхаар төрийн албаны чанар, бодлогын хүртээмж унаж ядуурал хямрал дагалдаад байдаг.  Одоо энэ босго өндөрсөхөөр арай тогтвортой болно гэж найдаж байна.

Бас нэг зүйл. Ерөнхий сайд тодорч кабинетийн сайдуудыг томилох болохоор хөшигний ард бөөн заваан юм болдог нь бүгд мэдэх бичигдээгүй хууль болсон байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэхэд 4 сайдаа томилж чадахгүй Ерөнхийлөгч, УИХ дээр гацаж гацаж бүрдэж байлаа. Энэ үеэр нааш цааш болж болж томилогдсон ХАА-н сайд гэхэд “Мал хамгаалах сан”-аар дамжуулан 40 тэрбум төгрөг 27 компанид тараасан байдаг нь ЖДҮ эрхлэх сантай адилхан ноцтой асуудал. Энэ 27 компани дотор гишүүдийн болон Ерөнхийлөгчийн ашиг сонирхлын гэгдэх компаниуд багтсан нь томилгооны төлбөрөө төлсөн хэлбэр гэж хардах үндэстэй. Өөрөөр хэлбэл сайдуудын томилгоонд Ерөнхийлөгч, УИХ оролцдог учраас баахан эрх ашгийн даалгавар авсан кабинет бүрддэг. Энэ эрх ашгууддаа үйлчлэх гээд бие даасан бодлого хэрэгжүүлэх боломж байхгүй болдог. Үйлчилж амжихгүй бол УИХ-руу үл итгэх тогтоол оруулж, дээр бичсэнчлэн ирсэн гишүүдийн ирцээр унагаадаг ийм цикл явж ирсэн байгаа юм. Дээр дурдсан Шинэчлэлийн Засгийн газар гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, парламент дахь Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой тойрсон эрх ашгийг хангаж чадалгүй унасан нь бүгд мэдэх шинэ түүх. Энд бас өөрчлөлт орсон. УИХ биш Ерөнхий сайд өөрөө сайдуудаа томилно. Ингээд Толгой нь багаа мэдэж бүрдүүлээд, багаараа бодлогоо хариуцаад явахаар гүйцэтгэх засаглалыг сууриас нь дэнжигнүүлж байсан галт уул харьцангуй намжиж ирнэ гэж найдаж байна. Монголын улстөрд хүчтэй Ерөнхий сайдтай шинэ бүлэг эхэлж байна. Парламентын сонгууль бол давхар Ерөнхий сайдыг сонгох сонгууль. Сонгогчдын хариуцлага их.

Бас нэг зүйл. Сайдуудыг томилох чуулган үзэж байсан бол ёстой элгийн юм болдгийг мэдэх байх.Ялангуяа Сангийн сайдын томилгоо. Нулимс урсмаар ерөөл магтаал болно. Тэр дундаа телевизийн камера руу бүлтэлзтэл харж байгаад манай сумын тэр булан руу татсан зам, тэнд босгосон байшингийн мөнгийг шийдээд өгөөрэй гэж захина. Зурагт үзэж байгаа сонгогчдодоо тоогдох гэж үйлээ үзэж байгаа хэлбэр. Яг ингэж жижиг тойрогт мөнгө оруулах уралдаан явсаар байгаад төсөв бутарч, улсын хэмжээний бодлого алдагдаж, өр хуримтлагдсан. Дараа нь тэр сумдаар нэг, аймгаар нэг барьсан улстөрийн авилга маягтай элдэв байр савыг нь тордох зардал төсвийн урсгал зардалд бас нэмэгдэж дарамт болдог, ийм л байдалтай явсаар ирсэн. Одоо УИХ сайдуудыг томилохгүйгээс гадна төсөвт зардал нэмэхгүй болсон. Сангийн бодлого арай нэг макро бодлого руугаа чиглэж ирнэ гэж найдаж байна.

Бас нэг зүйл. Өнгөрсөн парламент магадгүй хамгийн олон гишүүн эргүүлэн татсан парламент боллоо. Гантулга, Номтойбаяр, Батзориг. Өөр гишүүд дээр ч хэрэг үүссэн байсан нь экс ЕС Ж.Эрдэнэбатын асуудлаар ил болж байна. Гишүүдэд хариуцлага хүлээлгэхэд халдашгүй бүрэн эрх нь хамгаалалт болдог. Одоо гэхдээ Үндсэн хууль дотор “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн өгүүлбэр цагаан дээр хараар бичигдсэн.  Гишүүдийн хүлээх хариуцлагад асар том хяналт үүссэн гэж харж байна. Энэ том хяналтыг гэхдээ олон нийт маш хянамгай хэрэглэх ёстой. 76-хан гишүүнтэй парламентын гишүүдийг улстөржсөн шүүх, прокурорын байгууллагаас дарамтлах, эргүүлэн татах дарамт хэтийдвэл бодлогын бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал эрсдэлд орно.Парламентын нэр хүнд хэтэрхий унах нь ч бас ардчилалд халтай. Тийм ч учраас бас энэ талархлыг бичлээ.

Энд зөвхөн Засгийн газар, УИХ-д хамаарах дөрвөн зүйл дурдлаа. Гишүүд төрийн бус байгууллага толгойлохгүй, чуулганы хуралдах өдөр 75 болж нэмэгдсэн гэх мэт хяналт, хариуцлага талдаа өөр олон дэвшил гарсан гэж харж байна. Энэ парламент тарахын өмнө УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг манлайлж батлуулж амжсан С.Бямбацогт гишүүн, олон парламент дамжсан ажлын голд зүтгэсэн Д.Лүндээжанцан гишүүн, олон төрлийн амбиц эрх мэдлийн балансыг олж чадсан Г.Занданшатар спикер нарт, мөн элдэв асуудал зөрчлийн ард 100 хувийн саналаар 20 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын бүрэн эрхээс хасч хариуцлагыг нэмэгдүүлэх, парламентын ардчиллаа бэхжүүлэх түүхэн үүргээ биелүүлээд буцаж байгаа парламентын гишүүдэд талархаж байна. Баярлалаа!

arrow icon