Нийтлэл 07 сарын 08, 2020

Морал хазард

Moral hazard гэж нэг ойлголт бий. Эдийн засгийн ухаанд принципал-агентийн модел энэ тэр гээд явдаг санагдана. Энд тэр мэргэжлийн ухагдахуунаар нь биш, энгийн утгаар нь хэрэглэе. Хэдэн жилийн өмнө хүүхдүүд маань сургуульд орж намартаа нэг төлбөр төлдөг даваатай болсон. Эхнэр бид хоёр анхандаа 9/1 болохоос өмнө яаж ийгээд төлдөг байлаа. Гэтэл ажаад байхнээ айлуудын нэлээд нь хагаслаж хугаслаад төлцгөөдөг юм байна. Бүр хичээлийн жил дуусч байхад ч төлөхгүй яваад байдаг хүмүүс байдгийг мэдэж авлаа. Сүүлдээ бид ч бас 9 сард эхний хагасыг нь, он гараад үлдсэн хагасыг нь гэж төлдөг болов. За тэгтэл энэ жил КОВИД гарлаа. Цахим хичээл бодит хичээлээс өөр шүү дээ г.м шалтгаанаар эцэг эхчүүд сургалтын төлбөр бүтэн төлөхгүй гэсэн бололтой. Сургуулийн зүгээс үүнд уян хатан хандаж буйгаа илэрхийлээд төлөөгүй хүмүүст 50 хувийн хөнгөлөлт олгоно гэв. Төлсөн нь тэгээд яах вэ? Энэ тал дээр юм хэлсэнгүй. Төлснийг нь чимээгүй аваад үлдчих санаатай юм болов уу? Санхүүгийн хувьд маш хүнд байгааг ойлгож байна, хэдийгээр цахим хичээл энэ тэр ч гэсэн, сургуулийн хувьд тогтмол зардал гарсаар байгаа. Хувийн сургуульд улсынх шиг бэлэн төсөв байхгүй, тэнгэрээс мөнгөн тусламж орохгүй. Гэхдээ л ижил тэгш шийдэхгүй бол МОРАЛ ХАЗАРД үүснэ. Өр төлбөрөө бүтэн төлдөг "сайн" эцэг эхчүүд унжиж эхлэнэ. Энэ нь эргээд сургуулийн ирээдүйн хэвийн үйл ажиллагаанд хортой нөлөөлөх болно. Санхүүжилтгүй нөхцөлд яаж ч чанартай сургалт явуулах вэ дээ.

Ахмадын зээлийг тэглэсэн. Өөрийгөө болгоод явдаг, бүсээ чангалдаг "сайн" ахмадууд нь хохирсон. Тэд зээл аваад, төлж чадахгүй унжаад явж байдаг байж гэж бодсон нь лавтай. 6 сая төгрөгийн зээлийг тэглүүлнэ гэдэг 6 сая төгрөг зүгээр авсантай ижилхэн. Халамжит төр, хайрт засаг нэгэнд нь өглөө, нөгөөг нь орхилоо (1 сая төгрөгийн ваучер гэгчээр хуурсан).

Хэн хэл ам хийнэ, луу унжина, тэр хүнийг "за яахав" гэдэг СОЁЛ дунд бид амьдарч байна. Компани дээрх хөдөлмөрийн харилцаанд хэл ам хийсэн ажилтны асуудлыг шийдээд, дуугүй, даруухан мөрөөрөө хүмүүсийг хохироочих асуудал олон. Төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд ажил үйлчилгээнийхээ төлбөрийг цагтаа төлөхгүй. Нэг дарга, эсвэл ня-бо нь ямар ч сонирхол байдаг юм гацаана. Түүнээс болоод тэндээс авлагатай хувийн компани цаашаагаа бас төлбөрийн өртэй, дам дамаа өрийн сүлжээ үүсгэнэ. Хэн төлбөрөө унжуулсан, сунжруулсан нь хожино. Японд нэг л өдөр төлбөр хоцроход дампуурсан аятай юм болдог учраас Монголд ирээд хавтгайдаа ийм байгааг нь хараад гайхаж билээ.
Өдөр тутмын дээд, доод шийдвэрүүд ингэж л гарч, МОРАЛ ХАЗАРДЫГ өөгшүүлж байна. Тэгчихээд бид одоо өөрсдөөсөө морал, ухамсар, ёс зүйг хайгаад яах билээ?

Хариуцлагагүй хүмүүсийг уучилж, хариуцлагатайг нь шийтгэдэг орчинд ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛЫГ нэхээд яах вэ?!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon