Нийтлэл 08 сарын 02, 2020

БРУЖ ХОТОД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Үлгэр ба Амьдрал

Олон улс руу ирж очих, гарч орох ч кофе шиг л амьдралын ердийн хэмнэл болцон байж дээ. Одоо нэг газраа удахаар нэг л түгжигдээд байгаам шиг давчдах маягтай. Коронавирус газар авахаас өмнө хамгийн сүүлд аялсан газар, Бруж хотын тухай дурсамжаар төсөөлөл дотроо нэг хил давчаад ирье. Угаасаа алдартай хот тул очиж үзсэн хүн олон байж таараа. Миний хувьд зарим хүмүүсийн адил “In Bruges” киногоор мэддэг болсон, тэр киноноос болж тийшээ явсан. Очоод үзэхэд кинонд гардгаасаа ч гоё байсан.

Бруж хүртэл Бельгийн нийслэл Брусселийн төв буудлаас хурдан галт тэргээр нэг цаг явдаг юм байна лээ. Ганцхан цагийн дотор захиргааны уур амьсгалтай Бруссель хотоос тэс өөр орчинд буусан. Үнэн хэрнээ үлгэр мэт, сэрүүн хэрнээ зүүдэлж яваа ч юм шиг. Хүүхэд байхдаа уншсан Үл мэдэх, Их мэдэх нарын Цэцэгхэн хотхонд ирцэн ч юм шиг. Эсвэл Андерсоны үлгэрийн орон гэдэг нь энэ үү гэмээр өнгө өнгийн хөөрхөн байшиндаа үнэхээр л амьдран суудаг нь атаархмаар. Дээр нь нэмээд дундад зуунаас хадгалагдан үлдсэн уран барилга, сүм дуган, үе үе хотын чулуун гудмыг төмөр тахаар тогшсон шиг хажуугаар өнгөрөх хилэн хар морьд, бельги вафлины мухлагууд, тэндээс гарах хорхой хүрэм үнэр нийлээд хүнийг түр зуур диваажинд аваачна.  Ёстой л дундад зуунаас хойш хэдэн зуун жил хөлдөөж хадгалж байгаад хэвээр нь гаргаад ирсэн юм шиг хот аж.

Яаж тийм гоё болсон бэ гэвэл мэдээж мөнгөтэй байсных. Манай монголчууд  Евразиар ид сэлэм эргүүлж асан 14-р зууны үес Хойд тэнгисийн хамгийн завгүй боомт, Английн сайн чанарын ноос, ноосон эдлэлийн худалдааны гол суваг байжээ. 15 дугаар зуунаас хойш боомтын хувьд зогсонги байдалд орсон ч төчнөөн зуун цуст дайн үзсэн өчнөөн зуун жилийг эвдэж сүйдэлгүй даван туулаад өнөөг хүрсэн нь гайхалтай.

“In Bruges” киноны үйл явдал хотын соёлын өв, түүхэн дурсгалуудыг дамжин өрнөдөг. Жишээ нь буудалцаан болдог өндөр цамхаг бол Бружийн бэлэг тэмдэг, 47 мөнгөн хонхтой,  83 метр өндөр Белфорт цамхаг. Бас Христийн цуснаас хэдэн дусал дуссан алтан авс агуулдаг гэгдэх Ариун Цусны Базилика сүм дээр ч очдог. Хэдэн дусал цус агуулсан гэдгээрээ мянган жил оршсон тэр сүмийн сүр дагшин, сахиж хамгаалагдсан байдал гэдэг чинь биширмээр. Шашин гэдэг хаа ч очсон мянга мянган жилийн турш хүний итгэл үнэмшлийг, тиймдээ эд хөрөнгийг нь хурааж цуглуулсан урлаг, уран барилга, өв соёлын уурхай байх юм. Далай лам нарын бунхан байдаг Төвдийн Будала ордон ороод бас тэгж санагдсан тухай явж ирээд бичсэн.

Хоёр гол дүрийн нэг нь эдгээр өв соёлыг үнэлж мэднэ, нөгөөх нь тоохгүй. Тэгэхээр нэг нь тайлбарлах болно. Кино зохиолч маань үгүйсгэлийг үгүйсгэх буюу батлах диалог оруулах замаар хотыг сурталчлан таниулах ажлаа хийсэн байна гэсэн үг. Ийм зохиолоосоо эхлээд контент маркетингийн нэг сонгодог жишээ болсон. Ер нь сайн хийсэн кино, Колин Фарреллын хамгийн гоё дүр гэж боддог. Зохиол сайтай, өрнөл хурдан, эргэлт огцом, дүрүүд даам. Гоё! Dark comedy crime  төрлийн кинонууд дунд нэлээн өндөр үнэлгээ авсан ч байх. Дараа нь 2019 онд Бруж хотын захиргаа жуулчдыг татахын тулд биш багасгахын төлөө арга хэмжээ авахад хүрсэн байдаг.

Миний хувьд кинонд гараагүй нэг гоё юм үзсэн нь Пикассогийн 300 бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн. Зураасан, кубист, сюрриалист, симболист гээд олон төрөл жанраар зурдаг байснаараа алдартай сод бүтээлчийн 300 бүтээл дунд 2 цаг болоод гарч ирэхэд нүдэнд ямар нэг авшиг шингээд дэлхий ертөнц өөрөөр харагдаад ч байх шиг. Бас баахан чавхдаст хөгжим өрсөн харанхуй өрөөнд нэг цагаан толгойтой өвөө ганцаараа хачин уянгатай фолк хөгжим тоглож байсан нь аймар, кино кино. Хойд Европын Венец гэгдсэн хотын дундуурх завьтай аялалд мэдээж сууж тойролгүй яахав. Завины хөтөч өвөө 1000 жил болж байгаа хуучин чулуун гүүрэн доогуур гарах болгондоо хэзээ даруулж үхэх бол гэж айдаг гэж хошигнож байв. Тэр нь хосууд хамтдаа гарахад мөнхийн хайрыг олно гэгдсэн алдарт Миннвотер гүүр байх жишээтэй. Завьтай аялалын зам зуурт Европт хамгийн жижигхэн гэгдэх атгын чинээ цонх, тэврийн чинээ жижигхэн баримал байсан ч түүхэн утга учир, стоориг нь тайлбарлаад явах юм. Дэлхийн чинээ түүхээ зарж чаддаггүй улсын иргэн юм хойно нөгөө л ард үлдсэн эх оронтойгоо харьцуулж бодно.

Бельгид яваа хүн халуун вафль авч идэлгүй буцвал нүгэл болно. Бас пивоны эх оронд яваагийнх буцан буцталаа юм үзээгүй юм шиг бараг л өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны оронд пиво уусан байгаа хаха. Эргээд бодоход хямармаар гоё гоё локал жороор эсгэсэн пивонуудтай. Еврогоор худалдан авалт хийхээр манай муу төгрөгөөр бодоход нэлээн үнэтэй. Төгрөг биш юм гэхэд ер нь манайх шиг пост-соц, технологийн хөгжил сул гишүүн орнууд тийм үнэтэй валютын зоонд нэгдсэн нь евро бүсийн хямралын бас нэг шалтгаан болдог. Миний хувьд Азид яг коронавирусын айдас ид дэгдэж байхад тэнд явж таарсан. Ази жуулчин төдийлөн олон харагдахгүй. Ямар ч расизм, элдэв таагүй хандлагатай бол таараагүй, үлгэрийн хотод тийм юм угаасаа зохихгүй л дээ. Тэрэнд нь нийцэх гээд бас нэг үлгэрийн улаан малгай өмссөн шиг явлаа.

Өнөөгийн дэлхий дахины улстөрийн систем бол энх тайвнаас илүү дайны бүтээл билээ. Тэр талаарх тэмдэглэлийг явж ирээд “Дайн ба Энх” нэрээр нийтэлсэн. Тэр дундаа Бруссель хот бол европчууд энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд бий болгосон Европын Холбоо хэмээх асар том “засгийн газар”-н төв цэг юм (яагаад засгийн газар гэж дуудсан болон хашилтад хийснийг өмнөх цувралаас уншаарай). Тийм ч болохоор нэг тийм захиргааны, албан уур амьсгалтай. Харин Бруж бол яг эсрэг. Тэр өнгө өнгийн байшин нь хэзээ ч Нидерланд, Франц, Бельгийн элдэв зөрчил үзээгүй юм шиг. Хүмүүс хэзээ ч муу муухайг сэтгэдэггүй юм шиг. Хүний дэлхий хэзээ ч дайн хийгээгүй юм шиг. Барилга нь уран, хонх нь яруу, хүмүүс нь найрсаг, сууц нь өнгөлөг, вафли нь амтлаг. Эдийн засгийн өнцгөөс бол тэнд хүнийг үлгэр дотор амьдруулж өгөөд мөнгө хийж байна. Хүн гээч оюун ухаант амьтан сайн сайхныг зөвхөн үлгэрт зурагладаггүй, өөрсдийн гараар хийж чадна гэдгийг нүдээр үзсэн нь энэ аяллын гол олз байлаа. Нэгийг хийсэн байна гэдэг чинь л нэжгээдийг чадахыг хангалттай нотолно.

Нөгөө кино яалаа? Бруж хот бол Рэи буюу Колин Фарреллыг буудаж алахын өмнөх сүүлчийн бэлэг. Өөрөөр хэлбэл хүнийг үхэхийнхөө өмнө нэг сайхан юм үзэг дээ, нэг жаргаг дээ гэвэл явуулах газар, газрын диваажин юм байна л даа Бруж. Манай Монгол бас хүний гараар биш юм гэхэд байгалийн бурхад бүтээсэн газрын диваажин биз дээ. Бид нар харин түүгээрээ үлгэр бичиж чадаагүй байна. Магадгүй үлгэр зарж чадах байж хэтэрхий амьдралтай материаллаг эдийн засгийн загвар дагаад будилаад яваа байж ч мэдэх юм. Аль нь болохыг бодоход аялал санаа өгнө, түүнээсээ хуваалцлаа.

 

Холбоотой тэмдэглэлүүд: 

Европын Холбоо, Дайн ба Энх
Страсбург, Гоозүй ба Сэтгэлзүй
Бруссель, Эмоц ба Ухаан 
Зурагнууд

 

Сэтгэгдэл бичих

arrow icon