Нийтлэл 09 сарын 16, 2020

Аль-Фарабигийн үзэл баримтлал ба дундад зууны тусгал

Ромын эзэнт гүрний император Юстинианы тушаалаар мянга шахам жил үргэлжилсэн Платоны Академи МЭ 529 онд хаагдаж Эртний Грекийн философи сэтгэлгээний мартагдах тийшээ хандаж байхад Ойрхи Дорнодын Арабын цөлд Ислам шашныг үндэслэгч Гэгээн Мухаммед (с.а.с) МЭ 570 онд мэндэлж байв. МЭ 610 оноос Эзэн тэнгэрийн илчлэлийг хүлээн авч эхэлсэн Мухаммед ислам гэх шинэ шашныг тунхаглах болсон юм. Улмаар ислам шашин Арабын цөлийг байлдан дагуулаад зогсохгүй хойд Африк, Өмнөд Ази, Төв Азийн бүс нутагт дэлгэрэн тархаж хүн амынх нь ахуй амьдрал, уламжлал соёлыг шинэ шатанд гаргасан байдаг. Үүнийг нэг шалтгаан ислам шашин олон бурхдыг бус ганц эзэн тэнгэрийг номлож, өөрийн гэсэн хатуу дэг жаягийг мөрдөхийг ёс болгодог байв.

Ислам шашин дэлгэрэн тархаж олон соёл, иргэншилтэй тулгаран танилцахын хэрээр ислам шашин мөн эрдэм мэдлэгийг дээдлэн сайшаадгийн нөлөөгөөр бусад соёл иргэншлийн ололт амжилт, мэдлэг ухааныг таньж мэдэх гэсэн эрмэлзлээр дүүрч ислам шашинт хаад ноёд ч үүнийг нь дэмжин тэтгэх болсон байна. Энэ бол чухамхүү ислам шашны сонгодог эрин үеийн эхлэл байсан бөгөөд түүний нэг томоохон төлөөлөгч нь хөрш Казахстан улсаас гарвальтай Аль-Фараби гэх сэтгэгч байсан юм. 

Фарабигийн жинхэнэ нэр нь Абу Наср ибн Мухаммед Аль-Фараби. Тэрбээр дундад зууны дорно дахины исламын томоохон сэтгэгчдийн нэг билээ. Философич, хэл шинжээч, хөгжмийн онолч, мөн бусдаас илүүтэйгээр Арабын ертөнцөд логик судлалын үндсийг тавьснаараа “Удаах Их багш” гэж алдаршсан юм. Анхны “Их багш” бол мэдээж Аристотель. Түүний бүтээлүүдийг шавь нар нь төдийгүй их сэтгэгч Ибн-Сина тэргүүтэй исламын сэтгэгчид, европ философичид суралцан судалж байсан нь сэтгэлгээний дэг сургуулийг бий болгох хэмжээнд нөлөөлсөн байдаг.  

Аль-Фараби ойролцоогоор МЭ 870-72 онд төрж, 950 онд жанч халжээ. Түүний амьдралын талаарх мэдээлэл арвин биш. Хожим 12-13 дугаар зууны үед Ибн Усайбия, Ибн Халлекина зэрэг хүмүүс хичээнгүйлэн цуглуулсан мэдээллээ нэгтгэн товч намтрыг нь бичиж үлдээжээ. Энэ утгаараа түүний төрсөн, нас барсан цаг хугацаа, Багдадад сурч ажиллаж байгаад Дамаск явсан гэх мэт цөөн хэдэн мэдээллээс бусад нь үлгэр домог шинжтэй бөгөөд баталгаа нотолгоо багатай. Энэ нь бусад их сэтгэгчдийн арвин түүх намтар, шавь нарынх нь тэмдэглэж үлдээсэн дурсамжуудтай харьцуулахад ядмагхан хэдий боловч хувь хүний өөрийнх нь даруу төлөв амьдралын хэв маяг, нэр төр, алдар хүнд гэхээсээ илүү хувь хүнийх нь даяанч амьдралын хэв маягтай холбоотой гэж судлаачид үздэг.

Гэхдээ Аль-Фарабигийн талаар бичих болсон гол шалтгаан юу вэ гэхээр түүний гарал үүслээс үүдэлтэй юм. Учир нь Казахстан Улс түүнийг үндэсний томоохон сэтгэгч гэж үздэг. Намтрын эх сурвалж дээр Аль-Фарабиг Фараб гэх газар буюу одоогийн Казахстаны Отырар мужид мэндэлсэн гэж мэдээлдэг. Өөрөөр хэлбэ, Арыс гол Сырдарья мөрөн рүү цутгадаг хэсгийг хэлж буй юм. Фараб нутгийн Весиж гэж тосгонд төрсөн учраас бүс нутгаар нь ийн нэрлэсэн гэж үздэг. Энэ утгаараа судлаачид түүнийг түрэг гарал угсаатай гэж үздэг юм. Казахстан улс албан ёсоор Аль-Фарабиг үндэсний сэтгэгчийн хэмжээнд авч үзэн нэрэмжит их сургууль, соёл, хөшөө дурсгал байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ хөргийг нь мөнхжүүлсэн байдаг.

Түрэг угсаа гарвальтай гэдгээс өөр бага залуу насных нь талаар мэдээлэл хомс. Түүний аав армийн генерал байсан гэх мэдээлэл байдгаас гадна бага залуудаа шашны сургууль буюу медрессед сурч араб хэл, шашны суурь мэдлэг олж авсан гэх. Мөн тодорхой хугацаанд шүүгч хийж байсан гэх мэдээлэл буй. Мөн Хадис буюу Мухаммад зөнчийн айлдвар судрууд болон Кураны тайлбар судлалыг хурдан сурч эзэмшсэн гэж ярьдаг. Төв Азид өсөж төрсөн Фараби хамгийн ойр орших шашин соёлын төв болох Самарканд, Ташкент, Бухар хотуудад сурч ажиллаж байсан гэж зарим эх сурвалж дурддаг.  Мөн өөрийн мэдэх түрэг, согд хэлээс гадна араб, перс хэлийг богино хугацаанд эзэмшиж чадсан нь хожмоо намтрын эх сурвалжуудад далан хэлт гэж хэтрүүлэн магтах шалтгаан болсон байна.

Улмаар шашны гүн ухааны боловсролоо үргэлжлүүлэх зорилгоор тэр үеийн исламын соёлын төв, сэтгэлгээний охь болсон Багдад хотод Аль-Фараби очжээ. Багдад тухайн цагт эрдэмтэд, мэргэдийн хуран цуглардаг гол төв, несторийн шашинтай гарамгай орчуулагчид эртний Гэрэгийн мэргэдийн бүтээлүүдийг ид орчуулж байсан үе байв.

Фарабиг Багдадад ирэх цагт Аль-Муктадир (908-932 он) халиф буюу исламын шашин төрийг хослон баригч хаан ширээнд заларж байсан юм. Муктадир нь исламын түүхээс үзвэл Аббисид удмынхны эрин үеийн ээлжит халиф байв.  Энэ эрин үед исламын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж эртний Гэгэг Ромын соёл сэтгэлгээний өвийг хурдацтай орчуулан өөриймшүүлж байсан билээ.

Несторичууд эхэндээ практик зорилгоор анагаах ухаан, одон орны сэдвээр орчуулж байснаа улмаар логик, гүн ухааны, математик гэх зэрэг өргөн хүрээнд орчуулга хийж Платон, Аристотель, Гален, Евклид зэрэг эртний Гэрэгийн эмч, эрдэмтэд болон философичдын бүтээлүүдийг хөрвүүлсэн байдаг. Мөн үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн соёлыг ч бас орчуулан өөриймшүүлж байжээ. Энэхүү их соёлын шилжилт нь сэтгэгчдийн бие даан бүтээлчээр сэтгэх бололцоог олгосон байна.

Багдадад хүрэлцэн ирээд Аль-Фараби, логикч Юханна ибн Хайлан болон Абу Бишр Матта нарт шавь орсон байна. Зарим домог болсон ярианд итгэх аваас Юханна багшийнх нь багш шавийн барилдлагын гинжин хэлхээ нь Аристотель хүртэл тасралтгүй уламжлагдан ирсэн гэх. Өөрөөр хэлбэл, Арабын ертөнцөд Аль-Фарабигийн логикийн мэдлэг Аристотелиэс шууд улбаатай хамгийн үнэн зөв мэдээлэл мөн гэдгийг үүгээр харуулахыг оролддог байжээ. Логикийн ухааныг сонирхон гүнзгий судалж, шавь нь багшаа давж гарах хэмжээнд гарамгай сайн суралцан эрдэмтний түвшинд очсон нь мэдлэг чадвар, бүтээл туурвилаараа нотлогдон “Удаах Их багш” хэмээн хүндлэгдэх болсон ажгуу.

Олон жил сурч ажилласны эцэст МЭ 942 оны сүүлээр Аль-Фараби Багдадыг орхин Сирийн нийслэл Дамаск хот руу нүүжээ. Учир нь тэнд тухайн үеийн бас томоохон исламын соёлын төв болох Сайф аль-Даула дахь Али Хамдани хааны ордны дэргэдэх эрдэмтдийн нийгэмлэг байв. Хэл шинжлэл, яруу найраг, гүн ухаан гээд олон салбарын эрдэмтэд цугларсан газар. Мөн соёлын ялгаа зааг үгүй, Түрэг, Перс, Араб олон угсааны эрдэмтэд цугларч мэдлэгийн төлөө чөлөөтэй мэтгэлцэн маргадаг талбар байжээ. Гэсэн ч эрдэмтдийн хээнцэр бардамнал түүнийг татаагүй бөгөөд эх сурвалжид бичсэнчлэн, өөрийгөө эрдэм судалгаа, ном бүтээлээ туурвихад зориулж, суфи нөмрөгөө нөмрөн жижиг горхины дэргэд зузаан навчит модны сүүдэр дор бүтээлээ туурвидаг байсан гэлцдэг. Дамаск дахь амьдрал нь тийм ч хангалуун байсангүй, хааны ивээлд багтсаны ачаар өдөр бүр өгдөг бага хэмжээний тэтгэмжээр амьдардаг байжээ.

Мисир буюу Египт, Алеппо руу аялсныг эс тооцвол Аль-Фараби ийнхүү Сирийн Дамаскад насан эцэслэсэн байдаг. Түүнийг нас барахад Сайф аль-Даулын удирдагч Аль-Хамдани хаан өөрөө биечлэн ирж хөдөөлүүлэх ажилд нь оролцон хүндэтгэл үзүүлсэн гэсэн мэдээ бий.

Зохиол бүтээлийн хувьд Аль-Фарабигийн бичсэн ном, тайлбарууд цөөнгүй хадгалагдаж үлдсэн билээ. Намтар бичээчдийн тэмдэглэснээр бол дал гаруй бүтээл байдгийн бараг хагас нь логикийн чиглэлээр, тэр дундаа Аристотелийн логикийн бүтээлүүдийг тайлбарласан, дэлгэрүүлсэн агуулгатай байдаг. Тэрбээр метафизик, ёс зүй, нийгэм-улс төр, сэтгэл зүй, астрологийн чиглэлээр цөөнгүй бүтээл туурвижээ. Гол нь түүний зохиолууд системтэй, өөрийн гэсэн дэс дараалалтай, товч тодорхой байдлаараа онцлог.

Тухайлбал, “Китаб ул-хуруф” номондоо тэрээр Аристотелийн “Категориуд” зохиолыг илүү дэлгэрэнгүй ойлгомжтой бичихийн зэрэгцээ гүн ухааны ахуйн тухай нарийн асуудлуудыг энгийн хэлээр тайлбарлан бичсэн байдаг. Харин “Эль-Медениет уль-фазила” (Төгс хот) зохиолдоо исламын шашинт хамгийн төгс нийгэм ямар байх ёстой тухайг Платоны “Төр улс” зохиолын санаан дээр тулгуурлан бичсэн байна. Мөн “Ихса-уль ульум” зохиолдоо мэдлэгийн бүх салбарыг ангилан системчилсэн байдаг. Түүнчлэн “Аз жаргалд хүрэх тухай”, “Аз жаргалын зам”, “Философийн утга учир”, “Философи судлахын тулд юу мэдэх шаардлагатай вэ”, “Оюун ухааны тухай” зэрэг агуулгатай зохиол бичсэн нь уншигчийн сонирхлыг татахаар боловч өнөөдөр зарим бүтээлүүд нь нийтийн хүртээл болж амжаагүй, гар бичмэл хэвээр хадгалагдаж байгаа юм.

Философи үзэл, чиг хандлагын хувьд Аль-Фарабиг Аристотелийн философийн дэг сургуулийн уламжлал болох перипатетизмын уламжлалыг Арабын ертөнцөд үндэслэгч гэж үздэг. Тэрбээр Платон, Аристотелийн философийн бүтээлд номлосон үзэл санааг хослуулан ашиглаж байв.

Исламын ертөнцийн төлөөлөл болохын хувьд тэрбээр эртний Гэрэгийн философийн үзэл санаануудыг өөрийн шашны гүн ухаантай зохицуулан авч явах оролдлого хийсэн бөгөөд тэр утгаараа дээрх философичдоос ялгарах өөрийн гэсэн суурь үзэл санааны онцлогуудыг гаргаж тавьсан нь харагддаг. Хэдийгээр Аль-Фарабигийн бүх зохиол бүтээлийг нэгтгэн нэг нийтлэлд багтаан тоймлох аргагүй ч уншигч авхайд голыг нь хүргэх үүднээс түүний философи шашны үзлийг тоймлон хүргэхийг оролдсуу.

Аль-Фараби, философийг нэгдмэл нэг зүйл гэж авч үздэг байсан юм. Учир нь философичдын туйлын зорилго бол бүгд адилхан үнэнийг олж танин мэдэхэд чиглэгдсэн байдаг. Платон, Аристотель нар философийн ухааныг үндэслэн  суурь зарчмууд, арга ухааныг нь боловсруулсан хэдий ч агуулгын хувьд зөрчилгүй нэгнээ нөхөн хөгжүүлсэн шинжтэй байдаг бөгөөд хэлбэрийн хувьд л ялгарах шинжтэй гэж Аль-Фараби үзсэн байдаг. Тиймээс Аль-Фарабигийн хувьд эртний Гэрэгийн философийн олон дэг сургуулиуд болох перипатетикууд, платончид, стоикууд, эпикурчид нэр усаараа ялгагдаж буй боловч угтаа нэг, ерөнхий философи гэх нэг сургуулийн илрэх хэлбэрүүд гэж үзсэн байна. Тэрбээр аливаа философийн урсгал чиглэлийг шавь нар, дагалдагсад нь туйлшран дагах нь буруу, учир нь их сэтгэгчдийн шавь нар болон шүтэн бишрэгчид туйлшрал үүсгэдэг гэж үндэслэл гарган философичдын үзэл санаа, онолуудыг холбон зохилдуулж хоорондох зай, дутагдлыг нөхөх гэж оролдох ёстой байтал хэт туйлшрагч шавь нарын нөлөөгөөр улам ялгаатай, буруу байдлаар тайлбарлан холдуулдаг гэж үзжээ. Энэ нь хожмоо Сэргэн мандалтын үеийн философичдын хэлж байсантай ижил санаа юм.

Аль-Фарабигийн философийн номлолд угтаа ямар нэг цоо шинэ үзэл санаа үгүй. Эртний болон хожмын үеийн Гэрэгийн философийн дэг сургуулиудын, ялангуяа Александрын сургуулийнхны гаргаж тавьсан санаа түүний бүтээлүүдэд давтагддаг. Хожмын үеийн Гэрэгийн философич Порфирий багш Плотины тухай бичихдээ түүний бүтээлд перипатетикууд болон стоикуудын үзэл санаа шингэсэн байна гэж дурдсан байдаг боловч үнэн хэрэгтээ Порфирий өөрөө Платоны философийг Аристотелийнхтэй нийцүүлэх гэсэн оролдлого хийсэн байдаг. Улмаар Александрын сургуулийнхан үүнийг уламжлан авч үргэлжлүүлсэн байна. Гэвч эд нарын нэг нь ч бүх философичдын үзэл санааг нэгтгэх гэж оролдож байгаагүй юм.  Харин Аль-Фараби энэ санааг бүтээлүүддээ илэрхийлж байсан нь элбэг.

Угтаа шашны үнэн хийгээд философийн үнэнүүд обьектив утгаараа нэг л юм, хүрэх хэлбэрийн хувьд л өөр. Тийм учраас Исламын номлол болон философийн санаануудыг нэгтгэх нэг нөхцөл болсон байна. Аль-Фараби үүнийг ашиглан философийн шинэ номлол нээсэн хүн гарцаагүй мөн. Улмаар залгамжлан гарч ирсэн Ибн Сина (Авицена) тэргүүтэй исламын сонгодог философийн төлөөлөгчид үүнийг үргэлжлүүлжээ. Тухайлбал, Ибн Сина илүү Платоны филолософийн үзэл санааг дэлгэрүүлж байсан бол Ибн Рушд Аристотелийн философийг шашны номлолтой уялдуулах оролдлого хийж байв.

Энэхүү философичдын номлолыг уялдуулах оролдлого нь хоёр үндсэн зорилготой. Юуны түрүүнд перипатетик философийг Платоныхтой номлолын хэлбэртэй уялдуулан улмаар исламын номлолтой нийцүүлэх зорилготой байсан бол нөгөө нэг зорилго нь шашны үнэнд оюунлаг рациональ тайлбар хийх эрмэлзэлтэй байв. Аль-Фараби тэгэхээр философийг илүү шашинлаг талаас нь дэлгэрүүлж шашныг философижууах оролдого хийсэн гэсэн үг. Үүнийг нэг илрэл нь, перипатетик номлолыг тэрээр космологи болон сэтгэлзүйн онолдоо хэрэгжүүлэх гэж оролджээ. Тухайлбалт түүний Оюун ухамсрын арван шатлал болон Оюун ухааны онолоороо тэрхүү уялдааг гаргаж тавьсан байдаг. Мөн Кораныг тайлбарлах, Зөнчийн тухай философи үндсийг тайлбарлахдаа мөн ашигласан байна. Тиймээс Аль-Фарабигийн философийг энэ дөрвөн онолоор нь товч илэрхийлж болох бөгөөд дөрвүүлээ угтаа нэг л зорилгод уягдана.

Хэдийгээр Аль-Фарабигийн үзэл номлол тухай цаг үеийнхээ буюу Дундад зууны тусгал боловч шинэ үеийн болон орчин үеийн ойлголтуудыг багтааж чадсан байдаг. Тэр утгаараа шинжлэх ухааны мэдлэгийг хамгаалсан, туршилтыг зөвтгөж, зөгнөл зурхайг буруушаадаг байсан билээ. Тэрээр шалтгаан үр дагаврын онол буюу детерминизмд бүрэн итгэдэг байсан, бүр илэрхий шалтгаан нь олдохгүй байгаа зүйлд хүртэл заавал учир шалтгаан байх ёстой гэж үздэг байв. Тийнхүү Аль-Фараби оюун ухааныг бүр дээш нь өргөж ариун чанарт аваачсан бөгөөд өөрийн шашны уламжлалаа, философитой холбож чадсан гүн ухаантан юм.  

НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН: М.Амантай

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon