Нийтлэл 01 сарын 07, 2021

Д.Гангабаатар: Шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай байсан

Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар шүүгчдийн хараат бус ажиллахад чиглэсэн ямар ямар өөрчлөлтүүд бий болоон мөн шүүгчийн хариуцлагын асуудал зэрэг  шүүхийн шинэтгэлийн асуудлар МУИС-ийн ХЗС-ийн профессор Д. Гангабаатартай ярилцлаа.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, уг хууль эхний том даваагаа давлаа. Шүүх засаглалыг хараат бус байхад чиглэсэн гол өөрчлөлтүүд хуралдаанаар дэмжигдэж чадав уу?

Гол өөрчлөлтүүд дэмжигдэж байна гэж харагдсан. Үндсэндээ шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлагын асуудалд хөндлөнгөөс орох улс төрийн нөлөөг багасгаж, шүүхийн бие даасан байдлыг хамгаалахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүд байгаа.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадах уу?

Шүүгч болон шүүх нь гүйцэтгэх болон хууль тогтоох институцийн нөлөөлөлд авталгүйгээр мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой. Ингэж байж иргэд шударга шүүхээр шүүлгэх боломжтой болно. Гэтэл шүүх эрх мэдэлд улс төрчдийн нөлөөлөл их байна гэж дүгнэсэн судалгаа цөөнгүй гарсан. Судалгаанд шүүх улс төрийн нөлөөнөөс хараат бус гэх иргэдийн итгэл буурсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын дагуу шүүх гүйцэтгэх эрх мэдлээс хамааралтай байх нөхцөл бүрдсэн байна гэж үзсэн. Тийм учраас шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай байсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дотор иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Гэхдээ шүүхийн шинэчлэлтэй холбоотой эдгээр заалтууд Шүүхийн тухай хуульд тусгагдаж байж амилна.

Хуулийн төсөлд шүүгчдийн хараат бус байхад чиглэсэн ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?

Олон шинэ зохицуулалт, өөрчлөлт орж байгаа. Тэдгээрийн нэг нь шүүхийг улс төрийн нөлөөллөөс хараат бус байлгахад чиглэсэн, ялангуяа гүйцэтгэх эрх мэдлээс хамааралгүй болгоход чиглэсэн. Шүүх ер нь гүйцэтгэх засаглалын нөлөөнд автах эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс шүүхийн хараат бус байдлын талаар ярихад нэн түрүүнд гүйцэтгэх засаглалаас хараат бус байх тухай хөндөгдөнө. Одоогоор манайд бүх шүүгчээс гадна шүүгчийг шилж, олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэгтэй Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд болон дарга, ерөнхий шүүгч, ёс зүйн хорооны даргын томилгоо, дээр нь ёс зүйн хорооны дүрэм, бүрэлдэхүүн, мэргэшлийн хорооны дүрмийг батлах гээд шүүх эрх мэдлийн бие даасан байдалд хамаатай олон эрх мэдэл нэг субьектэд төвлөрсөн байна. Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоонд улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байгаа нь Монгол Улсын шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлын баталгаанд сөрөг нөлөөлөл үзүүлж буйг НҮБ-ын Хүний эрхийн Тусгай илтгэгчийн тайланд онцолсон.

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон нэг үндсэн асуудал бол шүүгчийг томилох болон шүүхийн үйл ажиллагаанд гүйцэтгэх засаглалын нөлөөллийг багасгах зорилгоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд болон даргыг томилоход Ерөнхийлөгчийн институцийн оролцоог хязгаарласан явдал юм. Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлжээ. Арван гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо, үлдсэн таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохоор төсөлд тусгасан. Ерөнхий зөвлөлийн даргыг өмнө нь Ерөнхийлөгч томилдог байсан бол гишүүд дотроосоо өөрсдөө нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар сонгодог болох юм.

Урьд нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар санал болгодоггүй тохиолдол гарч хуульч, судлаачдын шүүмжлэлд өртөж байсан. Хуулийн төсөлд шалгалтын үнэлгээний эрэмбийн дагуу нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр заажээ. Ингэснээр шүүгчийн сонгон шалгаруулалт субьектив үнэлэмж болон гаднын нөлөөгүйгээр зөвхөн нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын үнэлгээнд тулгуурлан шударгаар явагдана.

Товчхондоо эдгээр зохицуулалт Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс хамгаалах юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөл улс төрчдөөс хамааралгүй, бие даасан байж гэмээ нь шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой, шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбоотой Үндсэн хуулиар олгогдсон үүргээ шударгаар хэрэгжүүлж чадна.  Төслийн энэ зохицуулалт батлагдвал шүүгчийн томилгоотой холбоотой эрх мэдлийн төвлөрлийг бууруулах 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Тэгвэл алдаа мадаг гаргасан шүүгчдэд хэрхэн хариуцлага тооцож, хэн тэдэнд хяналт тавьж ажиллах вэ?

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай Үндсэн хуулийн 49.6-д заасан. Энэ 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шинээр хуульчилсан заалт. Өмнө нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага оногдуулж ирсэн. Одоо бол зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүгчид хариуцлага тооцох бие даасан Үндсэн хуулийн байгууллагатай болж байна. Шүүгчийн хариуцлагын асуудлыг дүрэм, журмаар биш хуулиар зохицуулснаар шүүгчийн хариуцлагын асуудал илүү өндөр шалгуур, хяналттай болох ёстой. Тухайлбал, өмнө нь ёс зүйн зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа богино байснаас болж шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгодог байсан бол хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог байхаар боловсруулжээ. Энэ зохицуулалтын дагуу зөрчил гаргасан шүүгч хуулийн дагуу хариуцлага хүлээдэг болж, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны үр нөлөө дээшлэхээр харагдаж байна.

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг томилж, чөлөөлдөг болсон нь шүүх засаглал дахь нэг хямрал байсан гэж хэлж болно. Энэ гажуудлыг засаж чадаж байгаа юу?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан зохицуулалт өөрчлөгдөнө. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүгчийг огцруулахыг Үндсэн хуулиар хориглодог.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх болон огцруулдаг байсан. Энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн дагуу байгуулагдах Шүүхийн сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулдаг болно.

Шүүгчдэд Алдарт эхийн одонгоос өөр одон медаль өгөхгүй байх уу. Хэргэм зэрэг, гавьяа шагналыг олгох нь шүүгчдийн үйл ажиллагаанд өндөр хэмжээнд нөлөөлдөг гэж ойлгож болох уу.

Хуулийн төсөлд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал шүүгчид олгохыг хориглосон. Гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс хараат буй байх учиртай шүүгч өөрөө төрийн өндөр албан тушаалтнаас одон, тэмдэг, шагнал гардан авах нь иргэдийн дунд хардлага төрүүлэх, шүүхэд итгэл иргэдийн итгэлийг бууруулах сөрөг нөлөөтэй байж болох юм. Энэ шалтгаанаар Улсын дээд шүүхийн саналаар орж ирсэн заалт гэж ойлгосон. Гадаад улсын туршлагыг харахад шүүгчдийн холбоо зэрэг байгууллагаас бол холбооныхоо үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийг хөгжүүлэх, шүүгчийн боловсролын дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гишүүдээ урамшуулах, шагнах асуудал бол байдаг юм билээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon