Нийтлэл 03 сарын 09, 2021

Ном бол ертөнцийг харах цонх мөн (2-р хэсэг)

Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам доллартай тэнцдэг. Монголоос долларын тэрбумтан төрлөө ч гэсэн яриа ч заримдаа гардаг. Ер нь тэрбум доллар гэж юу ярьж байгааг та бүхэн дараах зургаас үзээрэй. 
Монгол хүний дундаж цалинг нэг сая хоёр зуун мянган төгрөг гэвэл жилд бидний авдаг цалин зураг дахь хамгийн эхний ганц боодол ч болдоггүй аж. Харин Монгол Улсын гадаад өрийг 30 тэрбум гэдэг. Энэ нь ямархуу хэмжээний мөнгө гэдгийг дараах зургаас үзээрэй.
Маш их цаас байгаа биз? Гэхдээ би энэ удаад энэ цаасны тухай биш харин энэ цаасыг дэлхийд хамгийн ихээр олдог хүмүүст байдаг нийтлэг нэгэн дадал зуршлын талаар бичих гэсэн юм.
Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтын тэргүүнд Жефф Безос гэдэг хүн байх юм. Тэрбээр 176 тэрбум ам доллартай дүйцэх хөрөнгөтэй. Доорхи зурагтай харьцуулаад төсөөлдөө. Өдөрт сая доллар зарцуулахад 462 жил ямар ч ажил хийх шаардлагагүй. Бүр больё хүний дундаж амьдралын хугацаа болох 72 жилийг өдөрт нэг сая доллар зарцуулан амьдарна гэвэл дөнгөж 26 тэрбум ам.доллар л болно. Итгэхэд бэрх байгаа биз. Түүгээр ч үл барам Жефф энэ их мөнгийг олох замаа анх номоор тавьсан гэдэг. Амазон компани онлайнаар ном худалдаалах, солилцох үйлчилгээ үзүүлснээр анхны гараагаа эхэлсэн. Ямар ч бизнесменээс асуусан тэд ажлын гараагаа өөрт хамгийн ойр, мэддэг зүйлээсээ л эхэлсэн талаараа ярьдаг шүү дээ.
Чи насаараа ямар ч ажил хийхгүй зугаалж, цэнгэж, баярлаж ёстой өөртөө хүссэн диваажингаа өөрийн ертөнцдөө бүтээх боломжтой байхад өглөө бүр эртлэн босч, хурал цуглаан, элдэв уулзалт, энд тэндэхийн болсон болоогүй асуудлыг шийдэх гэж явах байсан уу? Бүр 66 насандаа шүү дээ. Гартаа бараг 10 кг хүнд цүнх барьж явна. Тэр нь дүүрэн номтой. Энэ хүн бол бидний мэдэх Билл Гейтс. Майкрософт компанийг байгуулж, дэлхийд алдартай их сургуулийг хаяж одсон энэ эрхэм амьдралаа бүхэлд нь номтой холбосон гэхэд хилсдэхгүй. Түүний тухай хөрөг нэвтрүүлэг болох “Билл Гейтсийн тархинд юу байдаг вэ?” баримтат кинонд түүний “Бодох долоо хоног” гэж нэрлэсэн өөрийгөө бүхнээс тусгаарлан зөвхөн номтой нөхөрлөж, бодож тунгаадаг үйлдлийг жилд 2 удаа заншил болгон хийдгийг нь дурддаг. Энэ үедээ тэр дэлхий дээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны тал хувийг зүгээр л шингэн алдалтаас үүдэлтэйг олж мэдэн, үүнтэй тэмцэхэд хувиасаа 30 тэрбум долларыг гаргасан байдаг. Гэтэл хүмүүс түүнийг коронавирустай холбон элдвээр хэлдэгч тэр их их мөнгийг хүүхдэд хандивласан гэдгийгдурьддаггүй.
Элон Маскийн хувьд номонд хэрхэн дурлаж, аливаа зүйлийг хийхдээ тухайн асуудлаар өөртөө үзэл баримтлал үүсч бий болтол уг сэдвийн бараг бүх номыг уншиж судалж, тухайн асуудалд жинхэнэ эзэн болтолоо өөрийгөө хөгжүүлдэг гэдгийг би өмнөх бичлэгтээ дурдсан. Энэ чадвар нь түүнийг хэрхэн 100 сая долларыг өсгөж дэлхийн топ баячуудын эгнээнд оруулсныг бид хэдийнээ ярилцсан шүү дээ. Энэ удаа дахин нуршиж чилээгээд яах вэ. Тэр өнөөдөр 147 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болоод байна.
Харин “Би унших дуртай. Учир нь унших тусам тархинд минь аливаа мэдээллийг шүүх шүүлтүүрүүд бий болж, түүнийхээ тусламжтайгаар хөрөнгө оруулалт хүссэн хэн нэгэнтэй уулзаад л эхний минутаас тэр уулзалт цагийн гарз, эсхүл үр дүнтэй бизнес эсэх талаар шийдвэр гаргаж чаддаг” гэж Уоррен Баффет хэлсэн байдаг. Өдөрт маш олон сонин, сэтгүүл, компанийн тайлан, санхүүгийн илтгэлүүдийг уншдаг тэрбээр энэ дадал зуршлаа хүүхэд ахуй цагаас нь л бий болсныг онцолсон байдаг.
Дэлхийн хамгийн баян эдгээр хүмүүсийн анхаарал татам нийтлэг онцлог нь тэдний асар их уншдаг дадал зуршилд нь байгааг харж болохоор байна. Тэд цаг хугацааны үнэ цэнийг мэдээж биднээс хавьгүй илүү ойгодог нь дамжиггүй. Гэхдээ тэд унших, судлах, бодож дүгнэх гэх мэт хамгийн их цаг ордог ажлаа ямар нэг туслах эсхүл цүнх баригчдад даатгадаггүй зөвхөн өөрөө хийдгийг харж болохоор байна. Эндээс “хэдий их уншвал төдий чинээ баян болно” гэсэн гаргалгааг шууд хийж болохгүй ч жинхэнэ баячууд их уншдаг хүмүүс дундаас л төрдөг юм байна гэсэн дүгнэлтийг хийхэд буруудахгүй болов уу.
Өнөөдөр техник технологийн дэвшил бидэнд тэдний уншиж судалж байгаа бүхнийг яг л ижил төвшинд олж авах, уншиж судлах, харах боломжийг өгчихсөн. Харин түүнийг бид ашиглахдаа нэг л хойрго хандаад байх шиг.
Одоо бүр хүмүүс дунд онц сурлагатангууд ядуу амьдарч, муу сурлагатангууд сайн яваа, амьдрал ийм л байдаг гэх мэт яриа ч энгийн зүйл мэт гарах болж. Онц сурна гэдэг угтаа унших, судлах, сурах гэдэгтэй агаар нэгэн утга л даа. Ер нь цаг хугацаа, үзэл санааны томоохон өөрчлөлт дунд таамаглашгүй дээрх мэт гаж үр дагаврууд гарах нь олонтаа. Тэр бол “түр зуурынх”. Харин жинхэнэ зөв үр дагавар жам ёсоороо тогтсон цагт “түр зуурын” үр дагаврууд “бүр мөсөн” арилдаг юм шүү дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon