Нийтлэл 03 сарын 14, 2022

БНХАУ-ын залуу үеэ төлөвшүүлэх бодлого интернет орчинд хэрхэн хэрэгжиж байна вэ?

БНХАУ-ын засгийн газaр өнгөрсөн жилээс хойш интернет тоглоомын орчинд шинэ журмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь цаашид Хятадын залуу үеийхнийг төлөвшүүлэх бодлогын нэгэн хэсэг болж байна.

2021 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн онлайн видео тоглоомын шинэчилсэн журамд 18-аас доош насны хүүхдүүд баасан гараг, амралтын өдрөөр оройн 20-21 цагийн хооронд буюу долоо хоногт ердөө 3 цаг тоглох боломжтой болжээ. Хүүхэд залуус онлайн тоглоомд хэт донтох, мөн олон цагаар үргэлжлэн тоглосноос нүдний хараа муудах, мөн харалган өвчлөл үүсэх гэх мэт асуудлуудад эцэг эхчүүд санаа зовж байгаагаас гадна Хятадын засгийн газраас ч энэ тал дээр илүү анхаарал тавьж байна.

Хятадын төр засаг онлайн тоглоомыг өсвөр насныханд хор хөнөөлтэй “оюун санааны хар тамхи”-тай зүйрлэн үзэж байна. Иймээс хүүхэд залуусын бие махбод болон оюун санааны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор онлайн тоглоом, агуулга, дүрүүд, тоглох цаг зэргийг тодорхой хэмжээнд журамласаар иржээ. Тухайлбал, 2019 оноос эхлээд хүүхдүүд ажлын өдөр 90 минут, амралтын өдөр 3 цаг хүртэлх хугацаанд тоглох цагийн хязгаарлалттай байсан нь 2021 оны шинэ зохицуулалтаар ийнхүү улам багаслаа.

Нэг талаас уг шийдвэрийг дэмжих эцэг эхчүүд олон байгаа ч нөгөөтээгүүр хүүхдүүдийн хувьд чөлөөт цагаа өнгөрөөх асуудал нь төрөөс хэтэрхий хамааралтай болон төрийн цензур их оролцож байгаад таагүй хүлээн авч байгаа юм. Аливаад цензур хориг тавьснаар нийгмийн хэм хэмжээ, дэг журмыг сахиулдаг ч хэтрээд ирэхээр эсрэгээрээ нийгэмд бухимдал эсэргүүцэл өдөөх эрсдэлтэй.   

Хятад улс нь дэлхийн онлайн тоглоомын зах зээлийн хамгийн том хэсгийг бүрдүүлдэг. Түүнчлэн онлайн видео тоглоомыг цахим спорт (e-sport) хэмээн спортын төрлөөр ч хүлээн зөвшөөрдөг аж. Дэлхийн алдартай онлайн тоглоом “League of Legends”-н 2021 оны Дэлхийн аваргын тэмцээнд Хятадын цахим спортын Edward Gaming (EDG) баг аварга болж, нийт 2 сая 225 мянган ам.долларын шагнал хүртсэн. Тэд сүүлийн шатанд өмнөх оны аварга Өмнөд Солонгосын DWG Kia багтай өрсөлджээ. EDG бол “League of Legends”-н дэлхийн аварга болж буй хятадын 3 дахь цахим спортын баг юм.

Цахим спортоор хичээллэх нас маш залуу, амжилт гаргахыг хүсвэл эрт хичээллэх хэрэгтэй. Хятад улс хүүхэд, өсвөр насныхны онлайн тоглоомын хэрэглээг сайнаар үздэггүйн дээр хязгаарлаж байгаа нь цаашдын цахим спортын өрсөлдөөнийг бууруулж болзошгүй. Харин зөвхөн хүүхдүүдийн тоглоомын хэрэглээг багасгасан буюу бусад насныхны хэрэглээ хэвээрээ учир онлайн тоглоомын зах зээл, технологийн салбарын шинэлэг, бүтээлч байдал, хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэх сөрөг нөлөө тийм ч өндөр биш байж болно.

Дээр дурдсанчлан цахим спортоор Азийн улсууд ялангуяа Хятад, Өмнөд Солонгос гэсэн улсууд тэргүүлдэг. Өмнөд Солонгост онлайн тоглоомын цагийн хязгаарлалттай холбоотой хууль байсан хэдий ч үр дүнгүй байсан гэж үзээд 2021 оны 8 сард хүчингүй болгосон байна.

Онлайн тоглоомоос гадна нийгмийн сүлжээний зарим аппликейшинд ч хэрэглээний хязгаарлалт оруулсан байна. “TikTok”-ийн Хятад хувилбар “Douyin” нь Youth mode горимыг идэвхжүүлснээр 14-ээс доош насны хүүхэд өдөрт 40 минутын хугацаанд тус аппликейшнийг ашиглах аж.

Энэ мэт арга хэмжээ үүгээр зогссонгүй. Гэмт хэрэгт холбогдсон, татвараас зугтсан алдартай, олны танил хүмүүсийн олон нийтийн сүлжээн дэх хаяг, дэмжигчдийн хуудсыг устгах, цаашид тэднийг телевиз, дэлгэцээр гаргахгүй байх, уран бүтээлүүдээс нэрийг нь хассан. Сүүлийн үед ийм төрлийн хатуу арга хэмжээг тууштай авч байна. Хятадад телевиз, дэлгэцээр нүүрээ будсан, эмэгтэйлэг төрхтэй эрэгтэй алдартнуудыг телевизээр гаргахыг хориглосон.

Мөн олны танил, алдартай уран бүтээлчдийн дэмжигчдийн клуб ихэвчлэн залуу хүүхдүүдээс бүрддэг. Тэд уран бүтээлчээ хэт их шүтэх, хамгаалах, хаацайлах үйлдлүүд гаргах болсон нь залууст төдийгүй Хятадын төрд аюултай зүйл гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн оны 8 сарын 25-нд Хятадын Цахим Оронзайн Удирдлагын Газар (Cyberspace Administration of China) дэмжигчдийн клубын зах замбараагүй байдлыг цэгцлэх 10 шинэ журам гаргасан. Тухайлбал, насанд хүрээгүй дэмжигчдийн оролцоог хатуу хянах, дэмжигчдийн замбараагүй санхүүжилт цуглуулах явдлыг стандартчилах гэх мэт.

Боловсролын салбарын хувьд 2021 оны 10 сард сурагчдын гэрийн даалгавар болон сургуулиас гадуурх сургалтаас ирэх “давхар ачаалал”-ыг бууруулахаар хууль баталсан. Хичээлээс гадуурх төлбөртэй сургалтад тавих хяналтаа чангатгаж, хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдэд үүсэх санхүүгийн дарамтыг багасгаж байгаа ажээ.

Хятадын үндэсний үзэлтэй бичээч Li Guangman “Хүн бүр томоохон өөрчлөлт өрнөж буйг харж байна” хэмээх эсээндээ Хятадын төр засгийн авсан дээрх арга хэмжээ, журмуудыг нийгмийн буруу зүйлийг цэвэрлэх, цэгцэлж буй зөв үйлдэл хэмээн үнэлсэн. Эдгээр өөрчлөлт нь Хятад улс эргээд “хүн ард төвтэй” социалист мөн чанараа сэргээж буй явдал, боловсролын салбарт тэгш байдлыг бий болгосноор нийтийн хөгжил дэвшилд хүрч, бүгд нэгэн ижил бололцоотой амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа тухай эсээндээ тайлбарласан. Мөн үүнээс ч илүүг арга хэмжээ авах хэрэгтэйг дурджээ. 

БНХАУ-д шинээр гарсан журам, зохицуулалтын зорилтот бүлэг нь төлөвших насан дээрээ яваа өсвөр насны хүүхдүүд аж. Соёл буюу энтертайнмент, боловсрол бол үзэл суртлыг хамгаалах, дэлгэрүүлэхад хамгийн тохиромжтой, давуу боловч эмзэг салбар. 

2019 оны 3 сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин “үндэсний сэргэн мандалтын эрхэм зорилгыг биелүүлэх чадвартай, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн олон талын боловсролтой шинэ үеийн залуусыг төлөвшүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй”  гэж хэлж байсан нь энэ бүх журам, зохицуулалтуудын гол чанарыг илтгэж байна. Улс орон залуу үедээ анхаарал хандуулж, хамгаалах нь улс орны ирээдүй, аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг. Гэхдээ залуу үеэ хамгаалж, төлөвшүүлэн бэлтгэх бодлогын дүнд хүүхэд залуусаа бага багаар боловсрол, сэтгэлгээний хувьд хайрцаглахаас зайлсхийх хэрэгтэй болов уу. Нийтийн хөгжил дэвшил нэрийн дор боловсролын салбар, инновац, бүтээлч байдал, өрсөлдөөнийг үгүй хийх эрсдэл байгаа нь эргээд БНХАУ-ын дэлхийд тэргүүлэх том амбицын эсрэг хүчин зүйл болж болно.                              

Дэлхийн нийгэм, улс төрийн өөрчлөн шинэчлэлтийн түүхэнд ихэнхдээ залуусын дуу хоолой гол хөдөлгөгч, сэдэлжүүлэгч хүчин зүйл нь байсан. Тэд шинийг олж харсан, шинийг эрэлхийлсэн залуус байдаг. Магадгүй Хятад улс бүх шатны боловсрол түүнээс гадна хүүхэд залууст орчин үед хамгийн их нөлөөтэй болсон интернет, энтертайнмент орчинг хумьж, ялангуяа өөртөө нийцүүлэн журамласнаар хүүхэд залуусын сэтгэлгээг хянах эрх мэдэл, боломжоо үүсгэж буй явдал юм.

Б.АНХНОМИН

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутан 

ЭХ СУРВАЛЖ: 

1. “China: Children given daily time limit on Douyin - its version of TikTok”, BBC News. 20 September

2. Editor: Mu Xuequan, “Xi stresses ideological and political education in schools”, Xinhua. March 18, 2019

3. ‘‘[Editorial] Shutdown law shuttered’’, Korea Herald, November 16, 2021

4. English translation by Alex Yu and Cindy Carter, “Translation: Everyone Can Sense That a Profound Transformation Is Underway”, China Digital Times. August 31, 2021

5. James Palmer, “Why China Is Cracking Down on Video Games”, Foreign Policy. September 1, 2021

6. Nectar Gan and Steve George, “Zhao Wei and Zheng Shuang: Why is the Communist Party clamping down on China’s biggest stars and fan clubs?”, CNN. August 30, 2021

7. Reporting by Steven Bian and Engen Tham in Shanghai; Editing by William Mallard, “China passes law to cut homework pressure on students”, Reuters. October 23, 2021

Video News: League of Legends World championship 2021”, South China Morning Post. November 8, 2021

9. With assistance by Colum Murphy, and Jing Li, “China Targets 'Effeminate’ Men in Xi’s Mounting Push for Conformity”, Bloomberg News. September 21, 2021

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-06-19

    МУИС-д Хятадын Коммунист намын тоталитари хяналт, цензур, тархи угаалт, репресээр өвчилсөн хүүхэд сурч байдаг бх нь.

    • Анхномингийн үл таних дэмжигч
    • 2022-03-16

    Тийм шүү. Хятад улс ШУ иновацаараа хоцрогдоод ирэхээр амаа барих байх. Яг одоо залуусаа гэрлүүлэх гэр бүл болгох 3 4н хүүхэдтэй болгохыг нь дэмжиж буй шиг хүн амын өсөлт их гээд 1 хүүхэдтэй хууль эдр батлаад байсан одоо буцаагаад ганц бие залуус олшироод ирэхэд алдаатай бодлогоо эргэж харсан шиг.

arrow icon