Нийтлэл 05 сарын 05, 2022

СТАГФЛЯЦ: 1970-аад оны Америк VS 2022 оны Дэлхий

Стагфляц ба сорилт (шалтгаан)

Стагфляц гэдэг үгийг сүүлийн үед дэлхий дахинд эдийн засагчид болон бодлого боловсруулагчид их хэлэх боллоо. Сурах бичигт эдийн засгийн зогсонги байдалтай зэрэгцээд үнэ өсөх үзэгдлийг стагфляц (stagnation+inflation) гэж тодорхойлдог. Aмьдрал дээр 1970-аад оны Америкийн эдийн засагт ажилгүйдэл болон инфляц зэрэг өссөн нь стагфляцын бодит жишээ болдог байна. 

Стандарт нөхцөлд үнэ ихэвчлэн эдийн засгийн идэвхжилийг дагаж хөдөлдөг буюу зах зээл дээрх эрэлт их үед үнэ өсдөг зүй тогтолтой байдаг. Иймд өндөр инфляцтай үед эдийн засгийн “хэт халалт”-ын шинж тэмдэг гэж үзээд тэлэх бодлогод “тормоз” гишгэснээр инфляцыг тогтворжуулж болдог. Эсрэгээрээ эдийн засгийн идэвхжил саарч, эрэлт сул үед инфляц бага байх бөгөөд энэ үед тэлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. 

Харин стагфляц бол эдийн засгийн идэвхжил сул үед ч инфляц өсдөг онцгой үзэгдэл юм. Энэ үед үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүд ажилгүйдлийг нэмэгдүүлж, эсрэгээрээ эдийн засгийг дэмжих алхам нь инфляцыг улам өсгөх тул төвөгтэй байдал үүсдэг байна. Түүнчлэн, стагфляцын үед эрэлтийн бодлогоор шууд удирдах аргагүй нийлүүлэлтийн шок (нефтийн үнийн өсөлт г.м.) давхцах нь түгээмэл тул давхар сорилт болдгоороо онцлог юм.

1970-аад оны Америк: Стагфляцын өрнөл

Дэлхийн 2 дугаар дайны дараа Америкт эдийн засгийн тэлэлтийн алтан үе эхэлсэн байдаг. Гэтэл 1960-аад оны дундаас үнэ хурдтай өсөж эхэлсэн нь нийгмийн бухимдлыг төрүүлж эхэлжээ. Америк гэрийн эзэгтэй нар үнэ өсгөсөн хүнсний дэлгүүрийн өмнө жагсаж (Housewife revolt), үнийн өсөлтийг эсэргүүцэн гэртээ талхаа барьцгааж байсан гэдэг. 

Гэвч үнийн өсөлтийг шийдэж чадсангүй. Хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх процесс эрчимтэй явагдсан бөгөөд энэ нь цаанаа томоохон суурь шалтгаантай байлаа: 

  • Нэг талаас Америкийн эдийн засаг бүтээмжээ алдаж, аж үйлдвэрлэл саарч байв. Өөрөөр хэлбэл, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг нэмэгдэж байсан гэсэн үг юм. Тухайн үед Герман, Японы эдийн засгууд хурдтай өсөлтийн шатандаа орсноор технологийн том өрсөлдөгч болж гарч ирсэн байдаг. Харин Америкт эсрэгээрээ аж үйлдвэрлэл өрсөлдөх чадвараа алдаж, Америкийн бахархал болсон автомашины компаниуд хүртэл уналтад ороод байв (1970-aaд оныг автомашины салбарын Malaise era түгшүүртэй үе гэдэг бөгөөд, Европ болон Японы автомашины дайралт айсуй гэх нийтлэл NYTimes сонинд нийтлэгдэж байв).  

Бүтээмж дээшлэхгүй байхад үйлдвэрчний эвлэлүүд үнийн өсөлтийг даган цалин нэмэхийг хүчтэй шаардсанаар “үнэ-цалин-үнэ” эргэх холбоос ч давхар ажиллаж энэ нь инфляцыг улам хөөрөгдөж байлаа. 1970-аад он бол Америкийн түүхэнд үйлдвэрчний эвлэлүүдийн бухимдал, эсэргүүцлээр дүүрэн он жил байсан бөгөөд зөвхөн 1970 онд гэхэд 3 сая ажилчныг хамарсан 5700 гаруй ажил хаялт, жагсаал цуглаан болж байсан байна.  

  • Нөгөө талаас,Америкт төсөв, мөнгөний зэрэг тэлэх бодлого эрчимтэй үргэлжилж байсан нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. 1960-aaд оны Вьетнамын дайны зардал дээр нэмээд тухайн үеийн нийгмийн халамжийн бодлогууд (Л.Жонсоны Great Society хөтөлбөр гм) төсвийн зардлыг ихээр тэлж байв. Үүний зэрэгцээ Холбооны нөөцийн сан хүүгээ бага түвшинд хадгалж, мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж байлаа. 1973 он гэхэд дайны дараах дэлхийн санхүүгийн системийг тодорхойлж байсан Бреттон Вүүдс тогтолцоо үгүй болсноор ам.доллар алтаар баталгаажихаа больж, фиат мөнгө нийлүүлдэг төв банк харьцангуй сул мөнгөний бодлого хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон байв. 

Америкийн эдийн засагт бүтээмж буурахын зэрэгцээ инфляц үйлдвэрлэх тэлэх бодлого хэрэгжиж байсан суурь орчинд 1970-аад оны нийлүүлэлтийн шок буюу нефтийн хямралууд нэмэгдэхэд стагфляц бий болжээ: 1980 оны дунд үе гэхэд Америкт инфляц 14%, ажилгүйдлийн түвшин 7% давсан  байв. Хэдийгээр 1973, 1979 оны дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн огцом өсөлт, үүнээс үүдэлтэй эрчим хүчний хямрал олон улс оронд нийтлэг хүнд цохилт болсон хэдий ч бүх улс оронд стагфляц бий болоогүй юм. Иймд стагфляцын суурь шалтгааныг дан ганц нийлүүлэлтийн шокоор тайлбарладаггүй бөгөөд, бүтцийн бодлого (structural policy) болон эрэлт талын бодлогуудын нөлөөг чухлаар авч үздэг.  

Хэт тэлэх бодлогын шалтгаан: Эдийн засагчид, бодлого боловсруулагчдын философи

Дэлхийн 2 дугаар дайны дараах Америкт эдийн засагт төрийн оролцоо чухал гэдэг үзэл баримтлал давамгайлж байв. Энэ нь сайн зохицуулалтгүйн улмаас чөлөөт зах зээлд алдаа үүсэж (market failure) 1929 онд санхүүгийн том хямрал нүүрлэсэн, мөн энэ үед төрөөс хангалттай арга хэмжээ аваагүйн улмаас санхүүгийн хямрал даамжирч 1930-аад оны Их хямрал болон гүнзгийрч, бодит эдийн засагт ажилгүйдэл 25% хүрсэн өмнөх түүхэн сургамжаас үүдэлтэй байлаа. 

Кейнсийн философи тухайн үед их хүчтэй байсан бөгөөд “Засгийн газар хэрэглээгээ тэлэх замаар эдийн засгийг хүндрэлээс гаргах, бизнесийн циклийг удирдах боломжтой” гэж үзэж байлаа. Бодлогын түвшинд ажилгүйдлээс сэргийлэх нь эдийн засагт анхаарах хамгийн гол зүйл гэж үзэж байв: Америкийн засгийн газар ажилгүйдлийг бууруулахад төвлөрч байсан бол “Бүрэн ажил эрхлэлт” гэдэг зорилтыг Холбооны нөөцийн сан буюу Америкийн төв банкны зорилт болгож хуульд хүртэл тусгасан байв. Улмаар ажилгүйдлийг бага байлгаж эдийн засгийг сайн байлгах зорилгоор төсөв, мөнгөний тэлэх бодлогууд эрчимтэй хэрэгжсэн байна. 

Эдийн засгийг тэлэх бодлого мэдээж цаанаа зардал, золиостой бөгөөд тэр нь инфляц байлаа. Тухайн үеийн эдийн засагчид болон бодлого боловсруулагчдын шийдвэр гаргах гол чиг баримжаа нь үнэ болон ажилгүйдлийн хоорондох урвуу хамаарлыг илэрхийлэх Филлипсийн муруй байв. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийг бага түвшинд байлгах төлөөс нь өндөр инфляц гэж үзээд тэлэх бодлогыг хэрэгжүүлж байлаа. Гэтэл Филлипсийн муруйн зүй тогтол үргэлж биелэх албагүй бөгөөд, ажилгүйдэл үнэ 2 зэрэг өндөр байх ч боломжтой нь стагфляцын үед харагдсан байна. Мөн тухайн үеийн статистик тоон мэдээлэл хангалттай сайн биш, тооцооллын аргачлал төдийлөн боловсронгуй болоогүй байсан нь потенциаль үйлдвэрлэлийг хэт дээгүүр, ажил эрхлэлтийн натурал түвшнийг хэт доогуур үнэлж, улмаар хэрэгжүүлж буй тэлэх бодлогын инфляцад үзүүлэх нөлөөг дутуу тооцоолж байсан гэж дүгнэдэг. 


Нийтлэлийн дараагийн хэсэгт стагфляцаас хэрхэн гарсан шийдлийн талаар авч үзнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon