Нийтлэл 08 сарын 27, 2022

Үндсэн хуулийн хулгай

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн.  Давхар дээл Үндсэн хууль зөрчсөн үү? гэдэгт биш харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явц Үндсэн хууль зөрчсөн.  Хоёр үндэслэлээр зөрчсөн.  Нэгт, Үндсэн хуульд заасан нэмэлт өөрчлөлт оруулах процесс зөрчсөн.  Хоёрт, Үндсэн хуулийн нэмэлтийг процесс зөрчиж баталсан. Хоёр үндэслэл хоорондоо ойрхон сонсогдож магад.  Гэхдээ ялгаатай болохыг дор дэлгэрүүлье.

Үндэслэл нэг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, санал гаргах эрхтэй хоёр этгээд байдаг: нэг нь Үндсэн хуулийн Цэц; нөгөө нь хууль санаачлагч: Их хурлын гишүүд эсхүл Засгийн Газар.  Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эрхтэй бас л хоёр этгээд бий. Нэг нь Монголын ард түмэн; нөгөө нь УИХ-ын 57 гишүүн ≤.  Өөрөөр хэлбэл Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, санаачилга гаргах болон нэмэлт өөрчлөлтийг хийх эрхтэй хоёр этгээд л байдаг.  Энэ бол Монгол Улсын Үндсэн Хуулийн зохицуулалт, сахигтун юм.

Гэтэл Монгол Улсын Их Хурал гуравдахыг нь өчигдөр зохиов.  Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэжээ. Үндсэн хуульд тийм заалт байхгүй.  Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх.  Түүнээс биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болно гэж үзэж заагаагүй.

Гурав дахь хувилбар гэж дүгнэсний шалтгаан нь Цэцийн шийдвэрийг үндэслээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа бол тусгай процесстой байхаар хуульчилсан.   Хэдийгээр хууль санаачлагч ҮХНӨ-ийн төсөл санаачилсан боловч түүнийг батлах процесс нь тусгай байгаа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шинэ хувилбар тогтоосныг илэрхийлнэ.   Тийм учраас гурав дахь хувилбар гэж үзэж байгаа юм.  Тиймээс Үндсэн хуульд заагаагүй энэ хувилбараар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Үндсэн хуулийн бус.

 Яагаад заавал гурав дахь хувилбарыг зохиов. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд нэг бол Ард нийтийн санал асуулга явуулна.  Ард нийтийн санал асуулгыг Сонгуулийн Ерөнхий Хороо зохион байгуулж, үр дүнг УИХ-д тайлагнана.  Энэ процессыг сонсоод л дор хаяж хагас жилийн асуудал болохыг та ойлгож байгаа байх.

Нөгөө нь 57 гишүүн ≤ саналаар Үндсэн хууль өөрчилнө.  Гэтэл 57 гишүүн санал нэгдсэн ч заавал олон нийтийн хэлэлцүүлэг, судалгаа, танилцуулга г.м. олон ажил зохион байгуулах шаардлагатай.  Хуулиар тэгж зохицуулсан.  Хурдаллаа гэж бодоход хагас жил.  Тиймээс гуравдахыг буюу богинохон хугацаанд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх боломж нь Цэцийн эцсийн шийдвэрээр нэмэлт, өөрчлөлт хийх гэдэг гаргалгаа, зохиол юм.  Яагаад энэ зохиол өөрөө хууль бус бэ гэдэг бол хоёрдугаар үндэслэл.

Үндэслэл 2.

Зохиолоо төлөвлөсөн бололтой.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиудаа засаад, гуравдах хувилбараа нэмчхэв. Хэдийгээр хууль санаачлагч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах, УИХ батлах эрхтэй боловч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт учир их хатуу шалгуураар хийгдэх ёстой.

Харин энэ хатуу шалгуурыг үгүй хийхийн тулд 3 дахь хувилбарыг зохиосон.  Яаж гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийдэг нийтлэг процессоо ердийн хууль баталдаг процессоор сольсон.  Зарим газар нь ердийн хууль баталдаг процессоосоо дор шаардлага тавьж өөрчилсөн.  Ямар шаардлагуудыг устгасан бэ гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлахад тавигддаг хэлэлцүүлэг, судалгаа, олон нийтийн оролцоо, … гэх зэрэггүйгээр нэмэлт өөрчлөлт хийх боломжтой болсон.  Тойруулахгүй хэлбэл ард иргэд юугаа мэддэг юм, бид мэднэ гэж хэлсэнтэй ялгаагүй.

Энэхүү бүдүүлэг хүчирхийллээ хийхдээ бас хууль зөрчсөн.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх журмын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиудад 24 цаг хүрэхгүй хугацаанд өөрчлөлт хийсэн. Эдгээр хуулиудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гуравдах хувилбараа тусгасан буюу хуулиар шаардсан процессыг нь шалдалсан. 

Хэт яарч хийсэн тул эдгээр хуулиудад хийсэн өөрчлөлтүүд нь хууль тогтоомжийн тухай хууль, чуулганыхаа дэгийн тухай хуулиудаа зөрчөөд хийсэн.  Хууль батлах процесс 4 үе шатаа бодсон ч тэр, хууль тогтоомжийн тухай хуулиар шаардсан баримтуудаа харсан ч тэр ийм хурдан хуульд өөрчлөлт оруулах боломжгүй.  Энэ бол их хурлын тогтоол биш. Ядаж л 24 цагаас урт хугацаа шаардах ёстой.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийдэг хоёр л арга зам байна.  Нэг бол ард нийтийн санал асуулгаар нөгөө нь хууль тогтоогчоор.  Нэмэлт, өөрчлөлт хийх боломжийг нь шалгуур болгоод дэлхийн улсуудыг хатуу болон зөөлөн шалгууртай гэж ангилдаг.  Манайх хатуу шалгууртайгаас гадна, хоёр хувилбарыг хоёулыг нь тусгасан.  Аль ч хувилбарыг нь сонгож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн иргэдээсээ асууна, хэлэлцэнэ, зөвлөлдөнө.  Энэ бол нэмэлт, өөрчлөлт хийх  үндэс. Үндсэн хуулийн амин сүнс.  Түүнээс их хурал мэддэг (техникали) гээд өөрөө Үндсэн хууль бичиж болохгүй. Ичих нүүргүйгээр шинэ хувилбар зохиогоод, түүндээ намын шийдвэр гаргахдаа тавьдгаас дор шаардлага бариад баталчхаж болохгүй.

arrow icon