Физикт мега нэгжээр юуг заадаг нь тодорхой байдаг бол эдийн засагт тодорхойгүй. Хэр том төслийг, ямар төслийг мега төсөл гэх тухайд нэгдсэн ойлголт байхгүй. Тэр утгаараа “мега төсөл” гэдэг нь онолын гэхээсээ практикын, улстөрийн нэршил болно. Төв талбайд босгосон Нямбаатарын цагаан асарт иргэд “мега түц” гэж нэр өгсөн байх нь эдийн засгийн сонгодог шог мөн.
Онолдоо мега төсөл нь төсвийн бодлогоор эдийн засгийн циклийг удирдах Кейнсийн дэг сургуульд хамаарна. Тиймд мега төслөөр Монголын эдийн засгийг удирдах бодлого ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг Кейнсийн онолын хүрээнд шинжлэх, хэлэлцэх шаардлагатай. Харамсалтай нь Монголд “мега төсөл” онолын хэлэлцүүлгээс ангид тархи угаалт, улстөрийн үзэл суртал болж хувирсан ба Засгийн газар, УИХ, ерөөсөө төр бүхэлдээ үзэл суртлын машин болж хувираад байна.
Кейнс дэлхийд
Жон Мэйнард Кейнсийн дэвшүүлсэн макро эдийн засгийн удирдлага анх АНУ-ын 1930-аад оны Их хямралаар хэрэгжсэн. Кейнс богино хугацаанд бизнес циклийн хямралыг удирдахын тулд засгийн газраас зарцуулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрэлтийг нэмснээр ажилгүйдлийг багасгаж болно гэж үзсэн. АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн гүнзгий хямралын үеэр хамгийн ихдээ 1933 онд 25% хүрсэн ажилгүйдэл Ф.Рузвелтийн авч хэрэгжүүлсэн Кейнсийн бодлогын дүнд 1937 он гэхэд 14% болж буурав. Энэ үеэс мөн Кейнс vs. Хайэк буюу төрийн зохицуулалт ба чөлөөт зах зээлийн дэг сургууль хоорондын 100 жилийн цусгүй тулаан эхэлсэн байдаг. Энэ нийтлэл Монголын эдийн засгийн тухай тул уг тулааны талаар олныг өгүүлж багтахгүй. Товчдоо сонгодог буюу зах зээлийн талынхан төрийн идэвхтэй зарцуулалт баялгийг үр ашиггүй хуваарилж, үнийн нугалаа үүсгэж, зах зээлийн жам ёсны зоргоороо хөгжилд гажуудал үүсгэнэ гэж үзэж байв. Түүнчлэн хямралыг удирдах гэж эхэлсэн төрийн зардал хямралын бус өсөлтийн үед ч зогсохгүй тэлэх ба төрийн өр тасралтгүй хуримтлагдаж, инфляц нэмэгдэхэд хүргэнэ гэж анхааруулж байлаа. 100 орчим жил өнгөрсөн өндөрлөгөөс харахад сонгодог дэг сургуулийн анхааруулга байндаа туссан гэж үзэх үндэстэй. ОУВС-ийн 2024 оны тайланд дурдсанаар засгийн газруудын өр хуримтлагдсаар дэлхий дахинд 1 долларын ДНБ тутамд 1 долларын төрийн өр ногдох болж, нийт дүн 100 триллион доллар орчим болж өссөнөөс гадна өр хуримтлагдах хурд жилээс жилд нэмэгдэх болов. Олон оронд бизнесийн халалтаас илүү тасралтгүй өсөн нэмэгдэх төсвийн алдагдал, тэдгээр төсвийн ажлыг хийх үүрэгтэй нүсэр төрийн бүтэц ба түүнийг цалинжуулах, нөхөх мөнгөний нийлүүлэлт инфляцийн үндсэн шалтгаан болох болжээ.
Энэ тухайд Buchanan(2000) нар “Кейнс юу авчрав?” бүтээлдээ:
“Айл өрхүүд орлого зардлаа тэнцүүлэх гэж хичээж байхад засгийн газарт төсвийн баланс падгүй болжээ. Кейнсийн схемийн гол алдаа улстөр, улстөрчид, ажил олгогчдын талаар дэндүү өөдрөг төсөөлсөнд бий. Институцийн бодит байдлаас ангид онол их сайндаа тархины дасгалаас өөрцгүй” гэжээ.
Монголд
Ийм байдалтай болсон дэлхийн эдийн засаг угтаа Кейнсийн дэг сургуулийн эсрэг асар хүчтэй дархлаатай. Нэгд, төрөөс макро эдийн засгийн удирдлага нэвтрүүлэхээс өмнө мянган жилээр хөгжсөн технологи ба түүнд суурилсан хүчтэй зах зээлтэй. Хоёрт, тэрхүү зах зээлийнхээ жам ёсны хөгжлийг хамгаалах онолын дэг сургуулиуд төрийн оролцооны эсрэг амьд, хүчтэй шүүмж, хэлэлцүүлгийг бодлогын болон академийн түвшинд өрнүүлж байдаг. Ийм дархлаатай дэлхий өр ба инфляцид нэрвэгдэж байхад угаасаа коммунист замналтай, сул зах зээлтэй, зах зээлийг хамгаалах сэтгэлгээний болон академийн уламжлалгүй Монголд Кейнсийн эдийн засаг хамгийн буруу гараар хэрэгжиж, хамгийн гамшигтай үр дагавар тарьсаар ирэв. Данхар төсөв, төсвийн авлига, өргөн хэрэглээний үнэ, амьдралын өртөг нэмэгдэх зэрэг амьдралд нэгэнт ойлгомжтой үзүүлэлтүүдийг давтан нуршилтгүй. Ганц хоёрхон харьцуулалт нэмж дурдахад 2023 онд Монголд орсон хувийн шууд хөрөнгө оруулалт 3.5 тэрбум доллар байхад улсын төсвийн хөрөнгө оруулалт 2.14 их наяд төгрөгт хүрсэн байх жишээтэй. Хувийн секторын хөрөнгө оруулалт, бүтээмж, өсөлт бүх талаар төсвийн эдийн засгаас 2-3 дахин бага хурдаар мөлхдөг, чөлөөт нэртэй авч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шинжтэй болсон. Энэ дүр зураг бол сонгодог зах зээлийн дэг сургуульд тодорхойлсон crowding out буюу төрийн эдийн засаг баялгийн хуваарилалтад гажуудал үүсгэж, зах зээлийн өсөлтийг шахаж, инфляцаар нэмж нэрвэж буй сонгодог дүр зураг мөн. Колин Кларкын тооцоолсноор үндэсний орлогод эзлэх засгийн газрын зарцуулалт 25 хувийг давахад хүчтэй инфляцийн дарамт бий болдог. Өнөөдөр Монголд төсвийн зардал ДНБ-ны 35% орчим, Засгийн газрын өр 55 их наяд буюу ДНБ-ны 55% хүрсэн байдалтай байна.
Хангагдахгүй болзлууд (assumptions)
Ийм дүр зураг үүсгэж буй шалтгааныг Монголд ардын хэлнээ МАНАН, төрөөс баяжсан тэрбумтнууд, авлигажсан төр гэхчлэн нэрлэдэг болсоор уджээ. Авлига, хулгай дээрмээс гадна эдийн засгийн бүтэц, онцлогийн хувьд манай эдийн засагт Кейнсийн идеологи нийцэхгүй шалтгааныг ухаж хэлэлцэх хэрэгцээ бий. Заримаас нь дурдвал:
- Гарааны нөхцөл. Анх энэ бодлогын арга хэрэгслийг санал болгосон Их хямралын үед ажилгүйдлээс гадна үнийн түвшин 20-30% унаад байв. Өөрөөр хэлбэл Кейнсийн хөтөлбөр бол бизнес циклийн хямралын үеийн “түргэн тусламжийн” бодлого ба манай эдийн засаг шиг тогтмол хоёр оронтой инфляцтай, дунджаас дээш өсөлттэй эдийн засгийг бүүстлэх тусам ажил эрхлэлт нэмэгдэхгүй атал инфляц нэмэгдэх муу цикл үргэлжилж байна.
- Хугацаа. Кейнсийн бодлого богино хугацааны экономикс гэгддэг. Их хэмжээний үйлдвэрлэл, урт хугацааны төлөвлөлттэй эдийн засгуудад богино хугацаанд цалингийн түвшин тогтмол гэж үздэг ба засгийн газраас их зарцуулалт хийж эрэлт өдөөхөд цалингийн түвшнийг биш үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлдэг учраас энэ нь ажлын байр нэмж бий болгоно гэсэн таамаглал дээр суурилдаг. Кейнсийн бодлогын голт зүрх гэж хэлж болох энэ болзол манай эдийн засагт хамаагүй гэдгийг хаа хаанаа ойлгохоос манай эдийн засгийн бодлогын эргэлт эхэлнэ. Монголд хувийн ч, төрийн ч ажилд богино ба урт хугацааны ялгаа байхгүй. Өнөөдөр бодлого өөрчлөхөд маргааш цалин ба үнийн түвшин уян хатан өөрчлөгдөх чадвартай. Тиймд төрөөс эдийн засагт зарцуулалт хийхэд ажлын байраар биш үнийн өсөлтөөр хариу үйлдэл үзүүлж, энэ нь инфляц болдог. Тиймд Кейнсийн экономиксоор Монголд ажлын байр нэмэгдэхгүй. Богино хугацаагүй эдийн засагт урт хугацаа мөн байхгүй ба урт хугацааны технологийн хөгжил явагдахгүй, урт хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхгүй. Энэ талаар тусад нь дэлгэрэнгүй шинжлэх хэрэгцээ бий.
- Сэдэл. Кейнст үндэслэн эдийн засгийн бодлого дэвшүүлэн тавьдаг улстөрчдийн хэзээ ч дурддаггүй нэг чухал болзол нь хямралыг гэтлэх, ажилгүйдлийг бууруулах зөв сэдэл юм. Энэ талаар дээр авсан Buchanan нарын эшлэлд мөн дурдсан буй. Жон Мэйнард Кейнс өөрөө онолоо их хямралаар үүдэн бий болсон хүмүүнлэгийн хямралыг шийдэх, жирийн хүн ардын амьдралд туслах сайн санааны сэдлээр дэвшүүлсэн юм. Тэр утгаараа түүний онолын хэрэгжилтэд тухайн бодлогын тухай ойлголт, мэдлэгээс гадна хэрэгжүүлэгчдийн мораль нэг болзол болж тавигдана. Өөрсдөө баяжих, өөрийн бизнест тендер авах, өөрсдийн отог омогт ажил олгох, өөрийн уурхай, тойрог руу зам татах сэдэлтэй улстөрийн орчинд төрийн зарцуулалтыг нэмэх бодлого улстөрийг улам бүр авлигажуулж, ард түмнээс инфляцаар татвар авдаг утгаараа лорд Кейнсийн анхны сэдлийн яг эсрэг үр дүнд хөтөлдөг. Товчдоо онолын зарчмын хувьд хөрөнгө орлогоо нотлох чадваргүй Ерөнхий сайдад 14 байтугай нэг мега төсөл хэрэгжүүлэх эрх олгох ёсгүй.
Оюунэрдэнийн сонголт
Энэ хүртэл дурдсан Монголын өр ба инфляц, авлига бол Кейнсийн хөтөлбөр хараахан макро түвшнээс хэтэрч гараагүй байхад буюу төрийн зарцуулалт харьцангуй зугуухан өсөн нэмэгдэж байхад үүдэн бий болсон асуудлууд юм. Үүнээс цааш хүндэрч мега болгох тусам дээрх асуудлууд зардал хэдээр үржигдэнэ, асуудал түүнээс хэд дахин ихээр үржигдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Учир нь Кейнсийн эдийн засагт мултиплятор буюу үржүүлэгч ажиллаж байдаг. Нэг төгрөг буруу замаар тээхэд нэжгээд буруу замаар будаа тээж эргэх болно.
Ийнхүү онол ба амьдрал дээрх үр дагавар эсрэг өгүүлсээр байхад Оюунэрдэнийн Засгийн газар яагаад мега төслийг оршин тогтнох арга хэлбэрээ болгож сонгож авав гэдэг бол эдийн засгийн биш улстөрийн асуулт. Үүнд дотоод ба гадаад хоёр улстөрийн шалтгаан дурдаж болно.
Додоод улстөрийн хувьд Оюунэрдэнэд төдийг хүртэл төрийн эдийн засагт үүрлэсэн клиентүүдийг задлах, үүний тулд төсвийн реформ хийх, үүндээ ард түмний дэмжлэг авах гэсэн нэг зам ба төсвийн клиентүүдтэй хамт ард түмний эсрэг талд гарах гэсэн нөгөө зам байсан. Энэ хоёр замаас сүүлийнх нь замыг сонгож авсныг бид хоёр удаагийн кабинетийн бүтцээс нь мэднэ. Бараг ихэнх сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн зарцуулалтын гол хэрэглэгчид байдаг. Энэ бол Оюунэрдэнийн кабинет том том төсвийн зарцуулалттай төсөл хөтөлбөр батлах, түүнээс эдгээр клиентийн эрх ашгийг тэтгэх, тэд нь түүнээсээ Оюунэрдэнийн засаглалд хувь төлж улстөрд оршин тогтнуулах гэсэн симбиоз харилцаа. Энэ бол Кейнсийн сэдэл биш авлигын мега схем болно. Сайханбилэгийн эсрэг тэмцэж гарч ирсэн Оюунэрдэнэ Сайханбилэгийн ТОМ төслийн нэрийг МЕГА болгож солиод араас нь замнасан нь хэмээх нэгэн даажинтай бүлэг манай улстөрд ийнхүү бичигдлээ.
Гадаад улстөрийн хувьд 14 мега төслийн ихэнх нь Монголын засгийн газрын нэрээр батлагдах авч бодит процесс нь Хятадын эдийн засагт хамаарна. Практикт олон улсад хэрэгжсэн мега гэгдэх том скэилийн хөрөнгө оруулалт шаардсан төслийн 80-90%-д зардал хэтрэлт ба хугацаа хэтрэлт тулгардаг. Монголоос өндөр хөгжсөн технологитой, Монголоос олон арав дахин хүн амтай орнуудад ч мега төслийн хэрэгжүүлэлтэд хүч мөхөсддөг гэсэн үг. Дарханы зам татаж чадахгүй, усан оргилуур барьж чадахгүй манай эдийн засагт 14 мега төсөл хэрэгжүүлэх хүчин чадал байхгүй. Эрчим хүчний сайд Чойжилсүрэн “10 аймагт ДЦС барих Солонгосын "Бьюксан Инженеринг" компани дампуурсан. Чадвар муутай компани шалгараад ийм байдалд орсон” гэж ярьжээ. Энэ дампуурал зөвхөн шалгаруулалтын асуудал биш мөн л экономиксын үйлчлэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Дээр дурдсан Кейнсийн эдийн засгийн болзол хангагдахгүйгээс үүдсэн инфляц ба өрийн дарамт хувийн хэвшил, өрхийн амьдралаас эргээд төрийн эдийн засагт өөрт нь буух тойрог зам ойрд ажиглагдах болов. Тойрог зам гэдгээр тухайн үнийн түвшинд тендер зарладаг, нөгөө компани нь хэрэгжүүлэх үед инфляцийн зардал нэмэгдэж тендер хэрэгжүүлэх боломжгүй болохыг хэлж байна. 14 мега төсөл хэрэгжиж эхэлбэл энэ процесс хүндэрч хувь, төр хамтдаа дуусгаж чаддаггүй, урсгал зардлаар төсөв ба төгрөгийн ханшийг үүр дарамталдаг 14 цоорхой шуудайтай болно гэсэн үг. Ийм нөхцөлд 14 мега төслийн суртал ухуулга улам идэвхжиж, хамтарсан Засгийн газрын үндсэн хөтөлбөр болгосон нь Монголын нүүрсийг экспортлох, экспортын орлогоор Хятадын компаниудаар дэд бүтцийн төсөл гүйцэтгүүлэх, үүний дундаас Оюунэрдэнэ Нямбаатар ба тэдний режимд багтсан зарим дотоодын улстөрийн клиентүүд хувь хүртэх гэсэн явцуу эрх ашгийн баталгаа мөн. Ийм явцуу эрх ашигт Монголын бизнесүүд багтахгүй, монголчуудын нийгмийн амьдрал багтахгүй, эрүүл мэнд, боловсрол багтахгүй. Эцсийн дүндээ Монголын эдийн засгийг de facto Хятадын түүхий эдийн бааз дамжлага, хязгаар муж болгох бодлого мөн. 14 мега төсөл бол гарцаагүй хэрэгцээтэй ганц нэг эрчим хүч, дэд бүтцийн төслөөс бусдаар үндэсний эрх ашгаас урвасан урвалт мөн.
Хамгийн эмгэнэлтэй нь онолын болон эрх ашгийн олон талт хэлэлцүүлэг хийх үүрэгтэй УИХ бүхэлдээ 14 мега төслийн үзэл суртлын суваг болж хувираад буй явдал. Онол сурсан, барууны боловсролтой гэгдэх залуу гишүүд тэр дундаа бүгд төрийн зарцуулалтын эдийн засгийг бүлэглэн сурталдах нь дэлхийн академийн хувьд асар гаж үзэгдэл юм. Байдал нэгэнт ийм тул мега авлигын схемээс микро бизнесүүдийг хамгаалах сонгодог онолын жигүүр, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ажлыг уншигч Та бүхэнд даатгаад лорд Кейнсийн эшлэлийг төгсгөлд нь зүүе.
“Аливаа нийгмийн оршин тогтнож буй суурийг эвдэх хамгийн баталгаатай, хамгийн гэтүүр арга бол үндэсний валютаар нь наадах явдал.” Ж.М.Кейнс