Нийтлэл 02 сарын 26, 2015

888 зовлон - Монголын нийгэм хүүхэд тамлагч махны машин болжээ

Цасан дээр чармай нүцгэн, 2 гараараа нүүрээ дараад, томчууд бидэнд гомдон гүйж буй нүцгэн хүүхэд. Дөрөвхөн настай охины эрүүл газаргүй болтлоо зодуулж, эрэмдэглэгдсэн зураг. Хацраа хазуулсан, гараа заазуурдуулсан хүү, тогоо руу шидүүлсэн 2 настан. Нэг зураг 1000 үгний хүчтэй. Бидэнд дуу хоолой нь хүрэхгүй, харагдахгүй байгаа, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт хэзээ ч хүүхдэд ногдох ёсгүй хатуу хувь тавиланг дааж ядах бяцхан үрсийн уйлах дуу хааяа нэг ийнхүү зурагаар цухуйж, гашуун үнэний чимээ өгч шуугиулаад, тэгсгээд дарагдаж хоцроно.

Ээжүүдийн групп болоод жиргээчдийн дунд 1000 зул өргөх, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хөдөлгөөн ид өрнөж байна. Зул өргөх, эмгэнэл илэрхийлэх бол монголын ёс, хүний сэтгэл. Харин зул унтарсны дараа яах вэ? Зодуулж, хүчиндүүлж, доромжлуулж уйлсан хүүхдүүдтэй Монгол хэвээр үлдэнэ. Хүүхдийн тусламжийн утас 108 ашиглалтад орсноос хойш 9 сарын хугацаанд хүчирхийлэлд өртсөн гэж ирсэн дуудлагын тоог хар.  Цэнхэр тэнгэртэй, ногоон талтай   баялаг сайхан Монгол оронд зөвхөн ийн тусламж хүсэж, дуудлага хийж чадсан зовлонт хүүхдийн тоо 886!!!  Үүнийг бичиж байх зуур 2-ын зэрэг хүүхэд нэмж дуудлага хийгээд, өнөөх бэлэгддэг шүтдэг 888-д нь хүрч байж таараа.

 

 Эх сурвалж: Хүүхдийн төлөө үндэсний газар

 Тэнгэр заяа, босоо хийморь, ямар шүншиг, юуны сүлд нь түшиж байгаа  тэр тамтаггүй их монголын заяа хаана байна??? Тэрбум тэрбумаар нь төсвөөс авч ганжир дуганаа торддог гандангийн лам нарын уншиж байгаа номын буян хэнд хүртэж байна??? Хаана ч байхгүй. Хэнд ч хүртээлгүй. Тийм заяа, буян, сүлд хийморь, буян ном, Сарандаваа, талбай дүүрэн бөө монголын хүүхдүүдийг хамгаалсангүй. Хамгаалж чадах ч гүй. Хүүхдийг иргэн хүний хувьд төлөвшсөн эцэг эх, бодлогоор зохицуулагдсан хөгжилтэй нийгэм, төр л хамгаалж чадна. Тэд өөрсдөө хаана байна? Тэд үүргээ биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байгаа болохоор, өөрөөр хэлбэл нийгэм институцийнхээ, системийнхээ хувьд функц нь алдагдсан болохоор ажиллагаагүй төр, анархи нийгэм гэдэг аймшигт махны машинд үй олон зовлонт хүүхэд эргэлдэх болов

 Нэг хүүхдийн зургийн ардах “хүн”-ийг алах, цаазлах, шийтгэх нэг хэрэг, нэжгээд өрх гэр, хүчирхийллийг төрүүлж байгаа ийм буруу өрөгдсөн “бүтэц”, хүүхэд тамлагч махны машиныг хэн засах вэ? Гэр бүлийн хүчирхийллээс урдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл хаана явна? Нэг сайдаа бухаж, нөгөө нь гарч ирээд буцаагаад татсан. Гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хүнээ, эцэг эхийг, гэр бүлийг бүтээх монгол төрийн боловсрол эрүүл мэндийн бодлого хаана байна? Байхгүй. Халаа сэлгээ, эцэс төгсгөлгүй улс төрчдийн зодоон дунд алдарсан. Иргэд бид түр зуур цочирдож, эмгэнэж, гуниж, гутраад маргааш нь мартах биш ухаарч, тунгааж, уужуу хэлэлцэж, нийгмийн институцийг хувьсган сайжруулах мэдлэгтэй цэгцтэй шаардлагыг тууштай үргэлжлүүлэхгүй бол монгол хүний сайхан сэтгэл, зулын гэрэл, эмгэнэл гомдлын зөөлөн эмоцоор засагдахгүй хэмжээнд хүрсэн махны машин эргэлдэж байна. Өрөвдсөн цочсон бидний эмоц биш өрөөлийн зовлон яавал нимгэрэхэд илүү төвлөрье!  Гуних биш уурлъя! Залбираад өнгөрөх биш судлая, мэдье, шаардъя, хяная!  Монголын нялх үрс зовж, зодуулж, хүчирхийлүүлж,  хазуулж, заазуурдуулж, уйлж, бидэнд гомдож, бүр үхэж байна!!!

Сэтгэгдэл бичих

    • B
    • 2015-11-26

    Өрөвдсөн цочсон бидний эмоц биш өрөөлийн зовлон яавал нимгэрэхэд илүү төвлөрье! - Тэгье, зовлонг нимгэлж бодитой зүйл хийе гэсэн залуус, хүмүүс зөндөө байгаа, тэднийг нэгтгээд бодитоор тусалцгаая.

    • B
    • 2015-11-26

    Хүүхдийг хүчирхийллээс хамгаалцгаая, бүгдээрээ хайр хүчээ нийлүүлж, нэг ч гэсэн хүүхдийг авран хамгаалая. Бид чадна шүү дээ, аврах хамгаалах хөдөлгөөн, бүлэг, төсөл зохион байгуулая. We need to do something, we cannot just keep reading and hearing about all these tragedy, they are just like our kids. Let's join our minds, actions and save children.

    • Зочин
    • 2015-09-09

    үхэж байсан муу хар хулгайчуудыг цаазаар тамлаж албал таарна. новшнууд энэ хорвоогоос зайлаасай. Үрээ хаясан зодсон эх хүн эцэг хүн амьд яваад яаан вэ. та нар бурханаас хүүхэд авах эрхгүй муу хулгайчууд та нар шиг новшыг нэгыг нь савгүй болгож нөгөөг нь эр биш эм болговол таарна. Нөгөөдөхийг нь мэс аргаар салгаж авбал таарна Хүүхдээ зовоодог хайхардаггүй хүмүүс яаж хүн гэдэг нэр зүүж яваж чадаж байнааа муу чонон сүргийнхэн чононоос доор новшнууд чоно хүртэл бэлтрэгээ харамлаж хүнрүү дайрдаг байхад ёстой хэлэх үг алга бүгдийг нь ал!!!!!!!!!

arrow icon