Нийтлэл 10 сарын 21, 2015

Ч.Сайханбилэгийн романтизм буюу амлалт нь ажил болоогүй учир

Бид өмнө нь “Ч.Сайханбилэгийн романтизм буюу ажил болоогүй амлалт" нийтлэлээр Ерөнхий сайдын олон нийтэд хандаж хийнэ, шийднэ гэж ярьсан амлалтуудаас болсноосоо болоогүй нь олон байгаа тухай нэгтгэн  хүргэсэн. Түүнээс гадна хаврын чуулганаар баталсан Эдийн засгийн хүндрлийг даван туулах төлөвлөгөө гэж тал нь үлгэр, сайхан уран зохиолын бүтээл бас бий. 

Гэхдээ ажил болоогүй гэдэг нь түүний санасан сэдсэн бүхэн буруу муу байсан гэсэн үг биш. Төдөн зуун тэрбумыг өгчвөл олон улсын зочид буудал нээгдэхэд бэлэн байна аа ч юм уу,  зээлийн шугам нээлгээд төдөн тэрбум доллар аваад ирлээ гэх мэт, эсвэл Чингисийн талбай дээр Бат-Үүл дарга бид хоёр од авчирч дуулуулна гэх мэт жол жул юм ярих нь ярьдаг. Гэхдээ  үнэ чөлөөлөх, хөрөнгийн биржээ хөгжүүлэх гэх мэт өөрөө реформ гэхчлэн нэрлээгүй болохоос хэрэгжвэл манай эдийн засаг, бүтцийн асуудалд томхон реформ болохоор зөв зүйтэй санаачлага ч олныг дэвшүүлсэн.

Асуудлын гол нь түүний санаачлага зөв зүйтэйд биш, манай улсын төрийн чадамж доройтож, зөрчил гүнзгийрсний дээр түүний дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт жин дарах улс төрийн нөлөө байхгүй гэдэгт бий. Чимэдийн Сайханбилэг улстөрд хэзээ ч  голлон тоглогч байгаагүй. Сайн менежер буюу гүйцэтгэгч гэгдэх тэрээр ордны хуйвалдаан, ил далд зөрчил, өөр сонголтгүй ацан шалаанаас авшиг хүртэж гэнэт Монгол Улсын Ерөнхий Сайд хэмээх манлайлагч, стратегич байх ёстой хамгийн том байр сууринд очсон. Тиймдээ ч ажлаа эхлэхдээ томчуудын дайны ая, хамгийн том шийдвэр гаргах, хариуцлага хүлээх байр сууринд байхын жаргал зовлонг гүйцэд гадарлаагүй байж магадгүй. Ингээд тулаан удирдаж үзээгүй генералын өөдрөг цайлган романтизмаар ажлаа эхлүүлсэн нь Монголчууд, УИХ-д хандаж хэлсэн удаа дараагийн илтгэл, ярилцлагаас нь тодхон харагддаг. Нэг л хөнгөн ам, гоё илтгэл, хоосон оптимизм түүний онцлог болсон. Энэ дүр төрхийг нь харахаар угаасаа ч өөрт нь хүнддэх албанд очсон мэт. Ерөнхий сайд гэж ингэж байх ёстой алба гэж сандарсан, андуурсан байж ч мэднэ. Хамгийн том алба, эрх мэдэл анхлан гартаа авч үзсэн залуу хүний хувьд гоё сайхан санаачлага дэвшүүлээд УИХ, бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж болно, чадна гэсэн гэнэн итгэлээр  хандсан нь түүний хамгийн том алдаа байлаа. Ерөөсөө нам, УИХ-ын хувьд түүнийг томилсон нь хийхээс өөр аргагүйд хүрсэн алдаа байв. Ингээд улс төрийн романтизм нь худлаа болсны улмаас том жижиг эдийн засгийн мөрөөдлүүд нь гацсан.  Түүний политикс хэр гэнэн, хэр романтик эхэлснийг илтгэл, хэлсэн үгээс нь эшлээд эргэн нэг харцгаая: 

  • Хэдхэн хоногийн өмнө АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын даргад баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн нэг баг болж их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс илэрхийлж байна(гэтэл 4 сарын 5-нд юу боллоо доо?).
  • Шинэ Засгийн газрын гол шинж нь: Дэмжлэгтэй ЗГ, Шийдлийн ЗГ, Шуурхай ЗГ байх болно.
  • Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье.
  • Аливаа бүхнийг үл итгэх, үгүйсгэх, муулах басамжлах сөрөг бодол, сөрөг үг хэл, сөрөг үйлдлээсээ ганцхан сар ч атугай татгалзаад нэг үзье. Эхэлж л  чадвал эрүүл саруул үзэл хандлага улам бүр түгэн дэлгэрнэ.
  • Хэн хэлсэн нь чухал боловч юуг, яагаад хэлсэн, уриалсан учир шалтгааныг нь хамтдаа тунгааж, хийж хэрэгжүүлэхийг оролдцгооё.  
  • Олимпийн анхны аварга төрөхөд алтан соёмбот далбаан дороо монгол түмэн уухайлан нэгдсэн шигээ илүү сайхан өдрүүдийн төлөө эвлэрч нэгдээд зүтгэцгээе.
  • Хүндрэл бэрхшээлийг шийдмэг зоригтой, эрч хүчтэй, илүү хурдтай туулан гарцгаая. Монгол оронд гайхамшиг болдог, монголчууд амжилтанд хүрч чаддаг ард түмэн гэдгээ дахин нэг нотлоё. Даян дэлхийд харуулъя. Монголоо саадгүй сайхан хөгжүүлцгээе.
  • Хүндрэл бэрхшээлийг шийдмэг зоригтой, эрч хүчтэй, илүү хурдтай туулан гарцгаая.
  • Монголчууд эв эеэ нэгтгэж, Монгол эх орноо хөгжүүлэх хамтын их хүч, харилцан ойлголцолд хүрцгээе  гэж хэлж байсан.

 Ер нь Ц.Элбэгдорж Монголын Путин болж чадаагүйгээс хойш Ч.Сайханбилэг ч Монголын Медведев болж чадахгүй нь нэгэнт тодорхой. Медведев болчихоор Ерөнхий Сайд томилох, түүнтэйгээ хамтраад төр улсаа тохинуулах төрийн түшээдээ сонгох эсэх нь иргэд бидний ирэх оны сонголт.

Сэтгэгдэл бичих

    • Иргэн
    • 2016-02-23

    Гэхдээ ингэхгүй гээд ч яах вэ дээ. Ялзарсан, бүгд л амин хувиа хичээсэн энэ төрд ингэж зоригтой дугарч байж түүнийг дагах 'манай' талын хүмүүст зориг оруулна шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө хэдээсээ айгаад хөдөлж чадахгүй шүү дээ.

arrow icon