Нийтлэл 04 сарын 27, 2017

Би сингл байх эрхтэй

Жаахан зав гаргаад саунд орно баахан сингл бүсгүйчүүд. Сингл найзтайгаа уулзахаар кафед орно бас л баахан синглчүүд. Ганц сайхан бүжиглэе гээд гарахаар баахан бүсгүйчүүд. Ихэнх нь мэдээж сингл. Бүжгийн талбайд  зад аваад хэдүүлээ нийлж суусан зургаан бүсгүйгээс хоёрхон нь л нөхөртэй байсан юм даа.

Бүхэл бүтэн нөхөргүйчүүдийн арми бий” болжээ гэж ирээд л баахан өлсгөлөн араатан нөхрийг нь идэхээр ирж яваа юм шиг ярьдаг нь үнэндээ оргүй биш аж. Сингл гэхээр л хүүхдэд дарагдаад, хормойгоо чирээд эсвэл хэний ч нөхрийг булаахад бэлэн болчихсон эмэгчин амьтан явж байдаг юм биш ш дээ. Үгүй бол эрчүүдээ голж сээхэлзээд, мөнгөө үрж гоохолзоол саун, салон хэсээд л явж байдаг ч юм биш. Яг тэгж харагдаад байгаа бол яг таны бодол л тэгж хараад байгаа юм.

Зөвхөн Улаанбаатарт гэхэд л 23 000 синглчүүд ганхаж яваа. Гэхдээ энэ бол статиск. Ийм албаны тоо юуг илэрхийлдэг гээч??? Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог. Өрх толгойлсон гэдэг үг нь өөрөө “өрөвдмөөр амьтад” гэж нийтэд уншигддаг. Үнэхээр өрөвдмөөр байж болно, өөрийгөө өрөвддөг ч байж болно. Ер нь өрх толгойлох нь өөрөө “сонгоогүй сонголт”, “сонгосон сонголт” гэсэн хоёр утгатай.

Өнөөдөр манайд синглчүүдийн олонх нь өөрөө сонгоогүй хэрнээ сингл амьдралаар амьдарч байгаа. Нэмж хэлэхэд энд яриад байгаа сингл гэх тодотгголд нөхөртэй болох нь тодорхой бас нөхөртэй болох магадлал нь 60 хувиас дээш эмэгтэйчүүдийг оруулаагүй болно. 

Монгол даяараа 81000 өрх толгойлсон гэсэн өөдгүй “шошго” зүүсэн сингл бүсгүйчүүдийн цөөнх нь өөрийн сонголтоор энэ хэв маягаар амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл тэд энэ амьдралдаа дуртай, таатай бас эргэлздэггүй ээ гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг их сонин. Заримдаа БИ болоод БУСАД гэх том ачааг тэнцүүлж явахад том золиос шаардагддаг. Ажилттай карьертай, ар гэрээ төгс авч явдаг тийм төгөлдөр эмэгтэй хэчнээнийг мэдэх вэ? Ойр дотныхоо хэн нэгнийг нэрлэх гэж байна уу??? Би тэр эмэгтэйг чинь танихгүй бол биш л байна даа...

Ажиглаад байхад тэднээс гэр бүлээ тойглож энэ насаа дуусахаас  илүү маш том амбиц ханхалдаг. Яагаад болохгүй гэж!!! Эмэгтэй хүний ааш ээдрээтэй. Эсрэг хүйсний хүнийг зохицуулах гэж явснаас энэ биеэ зорьсондоо аваачвал илүү эрх чөлөө, дур зорго, эерэг тавлаг байдал ирдэг шүү. Үүнийг зөвхөн сингл трэндээр амьдрагчид л мэднэ.  Харин  олонх нь хүссэн ч эс хүссэн ч  энэ хэв маягаар амьдарч байгаа. Тэгэхээр амьдралын ийм шинэ хэв маяг байгаа юу, байгаа. Өөрийн сонголтоор сингл амьдрах трэнд байгаа юу,байгаа. Энэ хэв маягийн дотоод руу шагайвал маш олон сонирхолтой өнгийг олж харж болно. Нэгэнт бий болоод байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс яахав дээ.Ер нь бидний хамгийн том сул тал бол ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУРААГҮЙ-д л байгаа юм. 

Тиймээс л...,тэд хүний нөхөр рүү харлаа гэж хардагдаж, гадаад эр сонголоо гэж гадуурхагдаж, голж шилж ганцаараа явлаа хохь нь гэж тавлагдаж төрийн дансанд “өрх толгойлсон” нэртэй, түмний дунд “нөхөргүй хүүхэн” хочтой. Синглчүүдтэй нөхөртэй эмэгтэйчүүд  дөлж харьцана, эхнэртэй харчууд халдаж харьцана, эхнэргүй эрчүүд даварч харьцана. 

Энэ бүхний эв аяыг нь тааруулах гэж дөлж зугтаж, уурлаж, инээж, урваж шарваж янз бүр болсоор аашны тулам гэдэг “энгэрийн тэмдэг”-ийг өөртөө зүүлгэнэ. Гоёод явахаар эрээгүй гэнэ,  энгийн гарахаар хормойгоо чирсэн гэнэ.

Ачаалал даах чадвартай ангилалд оруулж хамгийн сүүлд явуулж, хамгийн эрт ирүүлэхийг хүснэ. Ар гэр рүүгээ яардаггүй шалтагаар амралт, баяр ёслолоор ч мөлхүүлэхийг санаархана. Аргаа барж, ар гэргүйдээ ажлын машин болж, боссын боол болдоггүй юмаа тэд.

Баяр ёслолоор уулзсан бүхэн аятайхан хүн амьтан олдохгүй байна уу гэнэ. Уг нь дахиад нэг хүүхэд гаргачихвал л гэнэ...Бүр заримдаа хүн амьтантай танилцуулах гэж манаргана. Өөрийнхөө амьдралыг цэгцлээгүй байж хүний амьдралд санаа тавигчид яасан олон юм бэ??? Хүнтэй суугаад хүүхэд гаргалаа гэхэд тэр санаа тавигчид тавьсан том зорилгыг нь бүтээж өгөх юм уу, санасандаа хүрэх шазруун хүслийг нь биелүүлж чадах юм уу?

 Сингл амьдрах нь хүний дур, хүний сонголт. Хэн нэгэн чиний нүдэнд хачин гаж санагдаад байгаа бол. Тэр хүн гажиг гэсэн үг биш. Чиний нүд гажиг байж болох юм шүү.

Э. Мөнхжин

Сэтгэгдэл бичих

arrow icon