Нийтлэл 06 сарын 07, 2017

Ерөнхийлөгчийн үүрэг ба боловсрол

Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг. Энэ суудалд хэн суухаас энэ улсын доторхи ойрын ирээдүйн шүүх засаглал, шударга ёсны үнэлэмж хамаарна. Мөн Монгол улсын гадаад харилцааны хөгжил энэ суудалд хэн суусанаас ихээхэн хамаарах нь дамжиггүй. Манай улсын топ дипломат бол чухамхүү ерөнхийлөгч нь байхаар Үндсэн хуульд хуульчилжээ. Энэ албан тушаалд хэн ч гарсан батлан хамгаалах чадварт сүрхий нөлөөлөх нь юу л бол. Үсрээд л хэдэн парад өмнүүрээ алхуулна. Учир нь зэвсэг техник, байлдах чадвар бол ганц хүнээс тэр бүр шууд хамаардаггүй нарийн юм.

Ерөнхийлөгчийн албан тушаал үндсэн хуулиар хуульчилсан хязгаарлалттай. Гэвч түүнд суусан Очирбатаас бусад хүн энэ албан тушаалыг Үндсэн хуулийн хэм хэмжээнээс давуулж эдлэхийг чармайсаар ирсэн байдаг. Ер нь  бол ингэж эрх мэдлээ хэтрүүлсээр байснаас сүүлийн үед ерөнхийлөгчийн албан тушаалын зах зээлийн үнэ үсрэнгүй өсчээ.

УИХ дахь 76 эрхэм төрийн, хүчний, олон нийтийн олон ажлыг удирдах менежерийг ерөнхийлөгчийн саналаар томилохоор хуульчлах болсон нь энэ албан тушаалыг хаагчийн эрх мэдлийг Үндсэн хуулиас хальтал нь нэмэгдүүлсэн байгаа нь нууц биш. За тэр яахав. Тэнэгтэл ухаарал авчирч, ухаарал урагшлалт авчирдаг хойно. Сайжирч гольдрилдоо орж л таараа.

УИХ-д суудалтай намууд төрийн тэргүүний энэ удаагийн сонгуульд 3 эрхэмийг уралдуулахаар шилэн гаргаж иржээ. Өндөр нам, өргөн бүдүүн, нас зүс ойролцоо 3 гар гарч ирэв.

Бүгд Монгол улсын иргэд, 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил Монголд байнга оршин суусан хүмүүс. Үндсэн хуульд тусгайлан заасан шалгуурт нийцсэн гурав.

Гэвч Үндсэн хуульд заасан ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бусад шалгуурыг хангаж байгаа эсэх нь бас эргэлзээтэй.

Ерөнхийлөгч үндсэн хуулиар юу хийхээр хуульчладсан байдаг вэ?

Нэгд: Мэдээж юун түрүүнд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурна. Үүний тулд бичиг үсэгтэй байх ёстой бөгөөд ядаж л буулгаж буй зарлигаа уншиж ойлгохоос гадна түүнээс гарах үр дагаварыг нь ухаж ойлгох хэмжээний боловсрол, оюуны чадамжтай байх ёстой болох нь.

Хоёрт: Ерөнхийлөгч Монгол улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлнө. Үүний тулд дэлхийн байдлыг анзаарч ойлгох хэмжээний өргөн мэдээлэлтэй, Монгол улсын эрх ашгийг хохироочихгүй хэмжээний эрүүл сэтгэлгээтэй, дэлхийн удирдагчидтай уулзаад ярихад улсаа доошоо чихүүлчихгүй байх хэмжээний жинтэй, үнэ хүндтэй бөгөөд үнэн үгтэй нэгэн байх ёстой болох нь.

Гуравт: Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн. Монгол цэрэг дэлхийн цэргийн технологи, байлдааны стратеги тактикийн оргилд байсан үе бий. Гэвч тэр үеээс хойш 800 шахам жил улирчээ. Гэхдээ манай цэрэг арми дэлхийг чичрээдэггүй юмаа гэхэд болчимгүй хүний болчимгүй тушаалд захирагдвал төрийг эргүүлчих хэмжээний хөөрхөн хүч. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхлээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн цэрэг армиа ард түмнийхээ эсрэг, Үндсэн хуульт засагалалын эсрэг хэрэглэхгүй байх хэмжээний саруул ухаантай, болчимгүй үйлдлийг өдөөхгүй хэмжээний оюун санаа сэтгэл зүйн сахилга баттай хүн байх ёстой болох нь

Дөрөвт: Ерөнхийлөгч бол хууль санаачлагч. Хууль санаачлана аа гэдэг бол нийгмийн зохицуулалтанд хамгийн нөлөөтэйгөөр оролцож байгаа хэрэг. Хууль бол тоглоом биш. Нэгэнт батлагдвал зөвхөн мөрдөх л ганцхан хувилбар ард түмэнд үлддэг.  Хууль санаачлахад бяр, уран үг, мөнгө зоос аль аль нь шаардлагагүй. Зөвхөн оюуны өндөр бэлтгэл хэрэгтэй. Санаачилж байгаа хуулийг нь шилдэг экспертүүд бэлдсэн байлаа ч түүнийг өөрийнхөө нэрийн өмнөөс хууль тогтоогчид өргөн барихын тулд л тэр экспертүүдээс дутуугүй хэмжээнд “санаачилсан” хуулийнхаа үг хэллэг, үзэл санааг ойлгож мэдсэн байх ёстой юм. 

Өөрөөр ганц үгээр хэлбэл Ерөнхийлөгч уг албан тушаалдаа бэлтгэгдсэн байх ёстой гэсэн шалгуур Үндсэн Хуулинд сууж өгсөнбайх ажээ. Үүнийг намууд анзаарсангүй юу, орхигдуулсан уу бүү мэд. Юутай ч 3 нэр дэвшигчийн 2 нь дээд боловсролгүй байгаа нь нийгэмд халуун маргааны сэдэв болж сэвэгдэж эхэллээ. Ийнхүү “боловсролгүй” хүмүүс төрийн тэргүүнд нэр дэвшсэний ачаар Монголчууд бид боловсролын чухлыг нийтээрээ ярьж эхэлдэг цаг ирдэг л юм байна.

Боловсрол гэж чухам юу юм бэ?

Энд боловсрол, мэдлэг, мэргэжил гэсэн ойлголтууд яваад байдаг. Миний анзаарснаар энэ бүгд хоорондоо уялдаатай мэт боловч зарим нэг нэн чухал ялгаатай. 

Боловсрол гэдэг бол шинжлэх ухааныг сурах арга барилд системтэй суралцах тухай ойлголт. Ихэвчлэн академик орчин (сургууль, их сургууль)-д олгогддог. Эрт баларын цагт бичиг үсэгтэй хүн боловсролтойд тооцогдож байсан бол одоо цагт дээд боловсролтой байж байж л боловсролтой хүний тоонд багтаж байна. Олон сургууль, олон зэрэг цолтой тусмаа өндөр боловсролтойд тооцогдох гэх мэт. Боловсрол бол бусдын хуримтлуулсан мэдлэгийг цаг хэмнэн, зардал багатай (өөр дээрээ туршихгүйгээр) мэдэж авах процесс, боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ бол чамайг тийм мэдэж авах тогоонд тодорхой хугацаанд чанагдан гараад мэдэх ёстой минимум зүйлсээ цаг тухайд нь мэдэж авсныг гэрчлэх баримт л юм.  

Боловсролын гол давуу тал нь хүнийг системтэй, зүй тогтлын дагуу сэтгэж сургадаг. Хүн эхлээд системтэй сэтгэж сурч байж л системээс гарч сэтгэж эхэлдэг. Системээс бусдаас түрүүлж гарч сэтгэхийг мэдлэгт нэмэр болох буюу contribution to knowledge хэмээдэг. Ингэж хүн төрөлхтөний мэдлэгт нэмэр болсон хүнд философийн доктор буюу PhD цол олголог уламжлал нэлээн эртнээс тогтжээ. 

Мэдлэг бол академик орчинд олж авсан эсэхээс хамаарахгүйгээр хүний тархинд янз бүрийн сувгаар хуримтлагдсан мэдээлэлийн хэмжээ юм. Түүнийгээ зөв ашиглах эв дүйтэй нэгнийг ухаантан (wise man) буруу ашигладаг хүнийг нөгөө юу гэнэ. Эрт үед ч, орчин цагт ч бичиг үсэггүй ч асар их ухаалаг өвгөд байсаар ирсэн. Цаашид ч байх биз. Хүний ухаан хувийн хүмүүжил, ажил хөдөлмөр, олсон эрдэм боловсрол, орчны нөлөө гэх зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд буй болсон байдаг.

Мэдлэгийг үндсэн 2 янзаар олж авдаг. Боловсролоор дамжуулж, эсвэл туршлагаар дамжуулж.

Бусдын мэдэж авсныг үг, бичиг үсгээр дамжуулах эсвэл бусдын бодит байдлыг харж тусган олж авах ба үүнийг боловсрол гэх бөлгөө. Эсвэл өөрийн арьсан дээр туршин мэдэж авах ба үүнийг туршлага гэнэ.  Энэ бол хувь хүний л хэрэг.

Зүйрлэвэл зогсож байгаа хүн тэнгэрийн хаяа хүртэл л харж чадна. Дэлхий бөөрөнхий тул 12 миль буюу 20 км алсын бараа л бидэнд харагддаг.  Чи 21 дэх км-д байгаа нэг зүйлийг олж авъя гэвэл ядаж тэр зүгт 1 км урагш алхах, эсвэл ялимгүй өндөрт гарч байгаад эхлээд олж харах хэрэгтэй. Өндөрт гарах процесс амаргүй ч богино хугацаанд чи харах гэснээ харна. Бас эргэн тойрны 21 км радиуст харж чадна. Харин чи 21 дэх км-т бгаа зүйлийг харахын тулд аль нэг зүг рүү ядаж 1 км алхах ёстой болно. Энэ бол цаг хугацаа авна. Аз таарч алхсан зүг чинь олж харах гэсэн зүйлийн байрлалын зүгтэй давхцаж байвал чи түүнийг өндөрт гарсан хүнээс ч илүү тодоор харна. Учир нь чи 1 км-н урд байгаа. Алхсаар 21 дэх км-д хүрвэл чамаас сайн харах хүн дэлхийд байхгүй болно.  Чи тэнд байх бүх чулуу хад, элсний ширхэг бүрийг алган дээрээ тавьсан мэт харж мэдэж авч чадна. Харин буруу зүгт алхаад эхэлбэл чи хэзээ ч заасан 21 дэх км-д байгаа зүйлийг олж харж чадахгүй.

Боловсролын давуу тал нь эхлээд өндөрт гарч 360 хэм тойргийг бүхэлд нь хараандаа авч байгаад 21 дэх км-т байгаа зүгийг эхэлж тогтоож чаддагт л байдаг.

Нэгэнт хайсан зүйлийнхээ чигийг мэдээд авчихвал түүнд хүрэх нь цаг хугацаа, хүсэл зоригийн л асуудал. Магадгүй зөв зүг рүү мэдрэмжээрээ түрүүлж хөдөлсөн хүнээс хоцорч очих ч эрсэн зүйлийнхээ байрлалд баталгаатай очих боломж зөвхөн өндөрт гарсан хүнд л бүхнээс илүү байдаг. Өндөрт гарсан хүнд буруу тийшээ алхсан бусад бүх хүнээс илүү боломж гарч ирдэгт л боловсролын хамаг ид шид оршдог.

Боловсрол энэ утгаараа хүнд алсын хараа өгдөг. Алсын хараа бол юмны зүй тогтлыг урьдчилан харах чадвар. Хэрхэн ямар аргаар, ямар замаар явбал ямар үр дүнд хүрэх вээ гэдгээ нээн илрүүлэх чадварыг системтэй боловсролын тогтолцоо л олгодог.  Билл Гэйтс, Стив Жобс, Марк Зукерберг нар боловсролоос хоцроогүй. Учир нь тэд сурахаа хэзээ ч зогсоогүй. Тэд коллежийн эхний жилүүддээ л суруулийнхаа номын сангаас хэрэгтэй өндөрлөгтөө гараад явах зүгээ түрүүлээд олоод харчихсан л тийм хүмүүс. Нэгэнт явах зүгээ түрүүлээд мэдчихсэн тэдэнд алсыг харагчид хоргодох шаардлага байгаагүй. Бусдаас түрүүлж гараад л давхичихсан хэрэг. Тэгээд тэд тэнд байх эрдэнэсийн уурхайг түрүүлж нээн өөрийн болгоцгоосон.

Энгийн хувь хүний хувьд боловсрол чухал эсэх нь нээх чухал биш.  Боловсролоос залхуурвал алхаад л байхаас өөр замгүй. Хайгаад л байна хайгаад л байна, алхаад л байна алхаад л байна. Азтай хоншоортой нэг нь хайж байгаа зүйлээ олно. Бусад нь насаараа эргэлдэнэ. Боловсрол ч бас адилхан. Өндөрт гарчихаад бүхнийг хараад байдаг. Хараад л байдаг. Өндрөөсөө бууж тэр зүг рүүгээ алхахгүй л бол чи харсаар л дуусна. Өндөрт гарч зүгээ эхэлж тогтоочихоод алхаж байгаа хүн бол хайсан эрдэнээ баараггүй олдог, өөрийн болгодог. Зарим тохиолдол илүү хол байх илүү том эрдэнэсийн санг олох хэрэгтэй болдог. Үүний тулд илүү өндөрт гарч харах буюу илүү их эрдэм сурах хэрэгтэй.

Мэргэжил бол тэр зүг рүүгээ алхах, хүрч очоод хайсан эрдэнээ өөрийн болгож үнэд хүргэхэд хэрэгтэй эв дүй юм. Англиар бол skill гэдэг. Үүнийг хүн өндөрт авирч байх хугацаандаа хуруу хумсаа хугалан авирч суралцах, эсвэл алхаж, хайж явахдаа улаа эргүүлэн суралцах 2 арга замтай. Нэг нь мэргэжлийн сургуульд сурах, нөгөө нь ажлын дадлагаар буюу on- job-training гэж нэрлэдэг сургалтаар олж авах.

Боловсролыг соёлт ертөнцөд өрнө дорно гэхгүй ихэд үнэлцгээдэг болжээ. Манай хөрш Хятад улс л гэхэд барууны их дээд сургуулиудын гадаад оюутнуудын 50%-г дангаараа илгээж дэлхийн боловсролоос шимтэн суралцан өөриймшүүлж байна. Тэд суралцаж байна. Харин бид хийрхэж байна.

Барууны боловсролын нэн чухал нэгэн эрхэм зүйл байдаг. Тэнд хуулахыг, хуурахыг үзэж чаддаггүй, эвлэрдэггүй. Ямар нэгэн байдлаар аль нэгэн барууны боловсролд хүрсэн хүн бол дор хаяж тодорхой хугацаанд ёс суртахууны маш өндөр хэмжээний хүлэмжинд ургаж байгаад гарч ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Бага сургуулиасаа эхэлсэн бол ёс суртахууны энэ хүлэмжинд анхнаасаа ургасан экологийн цэвэр жимс гэж хэлж болно. Сургуулиудад улсын хувийнаасаа хамаарахгүйгээр ёс суртахуун, шударга ёсны шалгуур нь жигд бөгөөд маш өндөр. Тэд шударгыг л эрхэмлэдэг. Учир нь шударга байдал нийгмийг тогтвортой байлгадаг. Нийгмийн тогтвортой байдал эдийн засгийг өсөлтийг тэтгэдэг гол хөрс суурь нь юм.

Улсын удирдагч боловсролгүй бол улс нь алсын хараагаар дутагддаг. Мэдээж юмыг яаж мэдэхэв тус улсын аз таарч боловсролгүй удирдагч нь улсаа зөв зүг рүү хөтөлбөл тэр улс том хожино.  Харин аз таарахгүй бол хэдэн 10 жилдээ л дэмий тэнэцгээнэ.

Удирдагч нь баахан дагуулж давхина, байгаа хүнс усаа барна. Тэгээд бөөндөө цөлд төөрнө. Харанхуй нөмрөхөд хаана байгаагаа ч мэдэхгүй дэмий бархиралдана. Ойр орчмын хөршөө араатан байна гэж санан айж цэрвэнэ. Эцэст нь гүн төөрөгдөл, цөхрөлд орцгооно. Бослого тэмцэл өрнүүлж улсаа нураана. Харанхуй удирдагчтай Венесуэл яг тийм замаар явж байна.

Боловсролтой удирдагч алсыг харах эрдмээ ашиглан 4 зүг 8 зовхисын ээдрээ нугачааг эхлээд харчихаад улсаа аль зөв бөгөөд дөт зам руу нь хөтөлж чаддаг. Оксфордын төгсөгч Сингапурын Ли Куан бол яг тэгсэн хүн. Боловсролгүй удирдагчтай улсын удирдагч яваандаа боловсорно. Тэр мэдээллийн уулзвар дээр байх тул түүнд ухаан суулгах түмэн үйл явдал болж өнгөрснөөр үр дүнд нь нөхцөл байдлын уялдаа холбоо, учир зангилааг олж харах чадвар түүнд суудаг. Гэвч цаг хугацаа ихээр алдана. Удирдагчийн дутуу боловсролын үр дүн ард түмний арьс махан дээр л мэдрэгдэж байдаг. Ард түмэн махаа ч зулгаана, ясаа ч тавина. Тэгэж тэгэж удирдагч нь ухаарвал өндийнө. Эс ухаарвал дараагийн удирдагч гарч иртэл зовцгооно.

Ирэх 4 жилд хэнээр удирдуулахаа сонгохоосоо өмнө сонгож байгаа хүнд чинь алсын хараа байна уу, алсын хараа нь цээжний пан уу, эсвэл эрдэм номын өндөрлөг үү гэдгийг нь эхэлж хараарай. Мөн ерөнхийлөгчийн дээр дурьдсан ажил үүргийг гүйцэтгэх чадвар хэр суусан эсэхийг нь нягтлаарай.

Өөрөө боловсрох боломж олоогүй ч эрдэм чадал төгс хүмүүсээр хүрээлүүлж, тэдний хүрсэн өндөрлөгөөс нөхцөл байдлыг тунгаасны эцэст улсаа зөв зүгт залдаг удирдагчид бас байдаг. Чингис хаан эрдэм чадалтай бол дайснаа ч дэргэдээ авч Монгол төрд зүтгүүлж чадаж байсны хүчинд Монголчууд тулгар төрөө байгуулж, түмэн газрын хэрмийг даван давшиж явжээ.

Сайн бод!

arrow icon