Нийтлэл 12 сарын 21, 2017

О.БАТБАЯР: Элэгний өвчлөлийн эсрэг ЭМЯ-ны амжилтыг дэлхийд үнэллээ, одоо Сүрьеэтэй тэмцэхэд яг үүн шиг амжилт гаргах боломжтой

Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд ордог. Харвардын Их Сургуулийн албан ёсны судалгаа шинжилгээний нэгж салбар хүлээн авагч MHI байгууллагаас Харвардын Zero TB Cities санаачилгыг Монгол Улсад амжилттай  хэрэгжүүлж байгаа билээ. Харвардын Zero TB Cities   санаачилга гэдэг нь сүрьеэг Урьдчилан сэргийлэлт-Илрүүл-Эмчил гэсэн 3 хэсгээс тогтдог. Энэ асуудлаар MHI байгууллагын Сүрьеэгийн Төслийн менежер О.Батбаяртай ярилцаж, Монгол дахь сүрьеэгийн тархалт болон Харвардын Zero TB Cities санаачилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад байгууллагынхаа талаар танилцуулна уу?

Манай байгууллага MHI гэдэг нэртэй АНУ-ын Харвардын Их Сургуулийн албан ёсны судалгаа шинжилгээний нэгж салбар хүлээн авагч байгууллага, одогоор 40 орчим залуу судлаачид ажилладаг. 2005 онд Харвардын дэд профессор Д.Ганмаа доктор байгуулсанаас  хойш 20 орчим Харвардын судалгааг амжилттай хийж, судалгаануудын нотолгоон дээр үндэслэлсэн олон бодлого гараад байна. Манай судалгаан дээр үндэслэн  Д амин дэм сүрьеэгийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх, жирэмсэн эмэгтэйчүүдийн манас таталт болон арьсны экзем өвчний үед  Д амин дэмийг эмчилгээнд хэрэглэдэг боллоо.

MHI байгууллага нь зөвхөн судалгааны байгууллага биш бодлогын Think Tank байгууллага болон хөгжиж байна. Бид эрүүл мэндийн салбарын лидерүүдийг бэлдэх зорилгоор 2017 онд Харвардын Т2Т хөтөлбөрийг БСШУСЯ ба АШУҮИС хамтран АХБ дэмжлэгээр оруулж ирэн Монголын 100 гаруй Анаагаахын багш нарыг хамруулсан  10 сарын хөтөлбөрийг нэвтрүүллээ. Ингэснээрээ дэлхийд Хятад ба Энэтхэг Улсын дараагаар Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 3 дахь орон болсон.

Хөтөлбөрт хамрагдаж буй багш нар Харвардын номын санд бүтэн жил үнэгүй орж, Харвардын төгсөгч alumni статус авна. Мөн бодлогын чиглэлээр бид Баяжуулсан хүнсний тухай хуулийг боловсруулан өргөн барихад УИХ гишүүн А.Ундраа болон бусад гишүүнтэй хамтран ажилласан.

Сүрьеэгийн өвчлөлийн хувьд  Монгол Улс ямар хэмжээнд байгаа бэ?

Манай Улсын  хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орж байна. ДЭМБ-ын арга зүйгээр Глобаль сангийн санхүүжилтээр ХӨСҮТ  2014-2016 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Сүрьеэгийн тархалт хэр байгааг судалсан. Энэхүү судалгаанд  Монгол Улсын 15-аас дээш насны бүх иргэдийн төлөөлөл болсон 45000 хүн сонгогдон аймаг, хотуудаас оролцсон.  Судалгаагаар халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн насанд хүрэгчдийн тоо 100 мянган хүн амын дунд хэд байгааг тодорхойлсон. Эндээс харахад энэ тоо Монголд 567 гэж гарсан бөгөөд тооцоолж байснаас 3 дахин өндөр байсан. Яг энэ аргачлалаар судалгааг хийсэн  сүрьеэгийн өвчлөл өндөр дэлхийн 20 гаруй орон дотроо нэлээн дээгүүр орсон юм. Дашрамд дурдахад энэ судалгааг Монголд хийх гэж Глобаль сан ба ДЭМБ-ын зүгээс ихээхэн чармайлт гаргасан. Миний хувьд тэр үед ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албыг удирдаж байсан. Мэргэжилтний хувьд энэ судалгааг Монгол Улсад эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсандаа бахархаж явдаг.

Монгол Улсад 15 наснаас доошхи хүүхдийн дунд сүрьеэгийн өвчлөл хэр өндөр байдаг бэ?

MHI байгууллагын  зүгээс 2015 оноос Харвардын Их Сургуулийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагчдын дунд Сүрьеэгээс сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө гэсэн судалгааг хийж байгаа юм. Энэ судалгааны эхэнд судалгаанд оролцож буй Улаанбаатар хотын 6 дүүргийн 15 сургуулийн  8-12 насны 9800 гаруй сурагчдад сүрьеэгийн далд халдвар авсан эсэхийг оношлогооны шинэ арга болох IGRA шинжилгээгээр үзэхэд  Сүрьеэгийн далд халдварын түвшин хотын захын сургуулиудад 20 хувь орчим, хотын төвд 5 хувь орчим  байсан. Дунджаар  10 хувь нь сүрьеэгийн далд халдвар авсан үзүүлэлттй гарсан бөгөөд идэвхтэй сүрьеэгээр өвдсөн 153 хүүхэд илэрсэн. Оношлогоог ХӨСҮТ хамтарч хийсэн ДЭМБ-ын зөвлөхүүдийн зүгээс хүүхдүүдээс сорьц авах ёстой байсан гэж зөвлөж  байсан. Хүүхдүүдийн хувьд бүгд хавьталтай жингийн алдагдалтай, булчирхай томорсон уушигны зураг өөрчлөлттэй, хордлого ихтэй, өндөр ба жингийн алдагдалтай байсан. Үнэхээр сэтгэл өвдмөөр хүнд байсан. Хүүхдийн сүрьеэгийн энэ өвчлөлийн тоог 100 мянгад авч үзвэл 1464 буюу дэлхийд байхгүй өндөр тоо гарж байгаа юм.  Энэ бол насанд хүрэгчдийн өвчлөлөөс 2-3 дахин өндөр гарч байгаа нь хамгийн аймшигтай.

Та бүхэн үүний дагуу ямар арга хэмжээ авсан бэ?

Бид эхний ээлжинд ЭМЯ, ХӨСҮТ ба Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар болон  бусад байгууллагуудтай холбогдож  энэ тал дээр хэрхэн хамтран ажиллах арга замыг хайж эхэлсэн. Бид хэдийгээр судалгааны үндсэн ажлаа хийгээд завгүй байсан боловч  хүүхдийн сүрьеэгийн энэ өвчлөл үнэхээр сэтгэл түгшээж байна. Энэ асуудлыг ярьж эхлээд удаагүй байхад ХУД-ийн 15 сургууль дээр сүрьеэгээр 20 гаран хүүхэд өвдсөн тохиолдол гарсан.

Ингээд бид  Харвардын Zero TB Cities санаачилгыг Монголд хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Энэ нь Сүрьеэг бууруулах шинэлэг арга бөгөөд дэлхийн 10 гаруй хотод амжилттай хэрэгжүүлж сүрьеэг богино хугацаанд 40-50 хувиар бууруулсан билээ. 

Харвардын Zero TB Cities   гэдэг санаачилга юугаараа онцлог бэ?

2015 онд Харвардын Дубай дахь салбарт  олон эрдэмтэд цуглаж одоогоор Дэлхийн дахины Сүрьеэтэй тэмцэж буй  стратегид алдаа дутагдал байна, энэ стратегийг сайжруулах шаардлагатай гэж шүүмжлэлтэй байр сууринаас хандсан юм билээ.

Энэ стратегаар, ийм хурдаар буюу жилд 1.5 хувийн бууралттай  явбал Сүрьеэг 200 жилийн дараа устгахаар байгаа юм.

ДЭМБ-ын сүрьеэтэй тэмцэж буй арга нь Сүрьеэг Илрүүл-Эмчил гэсэн 2 хэсгээс тогтдог. Харвардын Zero TB Cities санаачилга нь дээрх Сүрьеэг Илрүүл-Эмчил гэсэн арга дээр Урьдчилан сэргийл гэсэн 3 дахь аргыг нэмж байгаа юм.

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт өөрөө бас шинэ зүйл биш. АНУ зэрэг орнууд 1950 оноос ашиглаж байгаа арга юм. АНУ Аляскийн индиан гаралтай хүмүүсийн дунд  энэ аргыг хэрэглж сүрьеэгийн өвчлөлийг 1950 оны үед маш амжилттай  40-50 хувь бууруулсан. Аляскийн индиан гаралтай хүмүүсийн дунд  сүрьеэгийн өвчлөл нь нийт хүн амын дунд 2 хувьд хүрсэн байсан гэдэг. Харвардын Zero TB Cities санаачилгад нэгдсэн ОХУ-ын хотууд мөн 2010 оны байдлаар маш амжилттай  40-50 хувь бууруулсан амжилтыг гаргаад байна.

Урьдчилан сэргийлэлтийг яаж хийдэг бэ?

Zero TB Cities санаачилга бол өөрөө цогц арга. Урьдчилан сэргийлэлт-Илрүүл-Эмчил гэсэн 3 хэсгээс тогтдог. Урьдчилан сэргийлэлтийн хувьд сүрьеэгээр өвдөх гол эрсдэлт бүлэг бол сүрьеэтэй өвчтөний хавьтлууд байдаг. Энэ хүмүүс сүрьеэгээр өвдөх эрсдэл их байдаг. 10 хувь нь сүрьеэгээр өвддөг ба 5 хувь нь халдвар авсан эхний нэг жилдээ өвддөг. Эрүүл мэндийн системд сүрьеэгээр өвдсөн бүх хүнийг илрүүлж эмчилж чаддаг, үр дүнтэй вакцин байсан ч сүрьеэгийн тархалт зогсохгүй. Учир нь халдвар авсан хүмүүс өвдсөөр халдварыг тараасаар байх болно. Ийм учраас эдгээр халдвар авсан хүмүүс цөөрч байж л сүрьеэгийн өвчлөл зогсоно гэж үздэг. Урьдчилан сэргийлэх эмчилгээний богино хугацааны  үр дүн өндөр  байдаг нь өвчтөн болон эрүүл мэндийн байгууллагуудад дарамт багатай дараахь горимууд байна. Үүнд: 3-4 сарын rifampin өдөрт нэгээр уудаг ; 3-4 сарын  rifampin plus isoniazid өдөрт нэгээр уудаг;  3 сарын rifapentine plus isoniazid долоо хоногт нэг уудаг. Бид энэ rifapentine plus isoniazid монголд оруулж ирж эмчилгээ хийх хийх зорилготой байна. Энэ шинэ эм нь эмэнд дасал өгдөггүй, гаж нөлөө бага, элгэнд хоруу чанар бага, долоо хоногт нэгээр 3 сар уудаг. Өвчтөн чирэгдэл бага хавьтал  сүрьеэгээр өвдөх эрсдлийг олон жилээр бууруулдаг нь нотлогдсон юм.

Эмчилгээг Монголд оруулж ирэхээр ЭМЯ-тай ярьж байна.  Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хавьтлуудад  урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх шаардлагатай гэж бид үзэж байна.  Энэ эмчилгээг бүх хавьтлуудад хийдэг болсноор бид сүрьеэгийн өвчлөлийг 10-20 хувь бууруулж чадна. Мөн өвчтөнд эмчилгээний дэмжлэг үзүүлэн илрүүлэлтийг сайжруулсанаар сүрьеэг 20-30 хувь нийт дүнгээрээ бол 2020 он гэхэд 40-50 хувь бууруулж чадна гэж үзэж байна. Яг одоогоор Монголд хавьтлуудад урьдчилан сэргийлэх эмчилгээг  хийхгүй байна. Манай удирдамжид сүрьеэгийн хавьтал 5 наснаас доош хүүхдийг эмчилнэ гэж орсон ч хэрэгжилт хангалтгүй байна. Хавьтлуудыг үзлэгт ч хамруулж чадахгүй байна. Учир нь дүүргүүд дээр рентген  апарат байхгүй эвдэрсэн аль эсвэл дараалал маш өндөр байна. Сая бид ХУД дээр 2017 оны 1 сараас 9 сарын хооронд сүрьеэгээр өвдсөн 150 гаруй хүний хавьтал 345 хүнд үзлэг хийхэд 70 хувь нь үзлэгт ороогүй байсан. Энэ нь юуг харуулж байна гэхээр сүрьеэгийн диспансерууд сүрьеэгээр өвдсөн хүнтэйгээ л ажиллаж амжиж байна, өөрөөр хүний нөөц алга, рентген алга, урьдчилан сэргийлэх баг ч алга.

Эмчилгээ оношлогооны шинэ арга аргачлалыг нэвтрүүлэхэд бэрхшээл нэлээн тулгарах байх?

Шинэ зүйл болгон бэрхшээлтэй байдаг. Эсэргүүцэгчид буруугаар гуйвуулдаг хүмүүс маш их байдаг. 2014 онд ХӨСҮТ-д ажиллаж байхдаа Британы  Medical Research Council  хэрэгжүүлж буй  Эмэнд Тэсвэртэй Сүрьеэгийн эмчилгээг богиносгох  STREAM төслийг оруулж ирэх гэж их л  шүүмжлүүлж явсан. Одоо энэ төсөл орж ирсэнээр Монгол Улсын эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний менежментэд эерэгээр нөлөөлж маш чадавхжсан байна.  Энэ судалгааг хамгийн амжилттай хийж дэлхийн ач холбогдолтой нотолгоо гаргаж ирэх улс нь Монгол болсон байна. Сайн зүйлийн үр дүн удаандаа гардаг тэр болтол тэвчих ёстой. Алс холын Харвардад байгаа Д.Ганмаа доктор маань Монголын хүүхдүүдийн дунд асуудал болсон Сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхээр бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Гэтэл тэрийг Монголд ойлгож дэмжиж байгаа хүн их цөөхөн байна. Бид яагаад ийм юм бэ гэж гутрах өдөр байдаг.

Та бүхэн одоогоор ямар ажлууд амжуулаад байна ?

Бид 2017 оны 6 сард Харвардаас болон Zero TB Cities санаачилгын бусад хамтрагчдыг Монголд урьж Zero TB Cities Улаанбаатар олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан. Техникийн дэмжлэг авсан. Эхний ээлжинд биднийг Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар их дэмжсэн. Мөн УИХ-ын гишүүн А.Ундраа, ХУД иргэдийн төлөөлөгч Ц.Байгальмаа болон ХУД-ийн  Засаг дарга, ИТХ-ын гишүүд дэмжиж ХУД дээр эхний үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл ХУД Сүрьеэгийн өвчлөлийг эхний ээлжинд Харвардын Zero TB санаачилгын аргачлалаар богино хугацаанд 50 хүртэл хувиар бууруулах,  дараагийн шатанд Улаанбаатар хот болон улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилго тавиад байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ ба Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Харвардын Zero TB санаачилгыг Мандал суманд хэрэгжүүлж байна. Бидний ажлыг Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг дэмжиж 15 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Монголд Zero TB Cities амжилт олно гэж та бодож байна уу?

Манай ЭМЯ сая 11 сард Элэг бүтэн Монгол хөтөлбөрөөрөө Бразилд Олон Улсын Элэгний Холбооноос шагнал авлаа. Гарч ирсэн шинэ эмийг богино хугацаанд бүртгээд ЭМД-ын сангаас санхүүжүүлээд илрүүлэлт хийгээд  эмчилгээг хийж үр дүн гаргасан нь үнэхээр дэлхийн жишиг болж чадсан. Бид энэ ажлыг удирдаж хийсэн ЭМЯ-ны удирдлагуудад төслөө таницуулсан.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Сүрьеэг бууруулна гэж орсон байгаа, тийм учраас Zero TB Cities Монголд яг Элэг бүтэн Монгол Хөтөлбөртэй адил хэрэгжүүлээд дэвшил гаргая учир нь Сүрьеэгийн асуудал үнэхээр том асуудал болоод байгаа гэдгийг бид онцолж байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon