Герман улс компанийн удирдлагад эмэгтэйчүүд дор хаяж 30 хувь эзлэхээр хуульчиллаа

“Харвард Бизнес Шүүмж”- ээс хийсэн судалгаагаар 500 глобал корпорацыг харьцуулахад  АНУ-д бизнесийн дээд түвшний удирдлагын 20%, Их Британид 16%-ийг, Хятадад 9%-ийг бүсгүйчүүд эзэлж байхад Японд 1% хүрэхтэй үгүйтэй байдаг тухай бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Манай улсын хувьд дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан олон улсын хүйсийн ялгааны тухай 2013 оны репортыг үзвэл эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны эрэмбээр Норвегийн дараа 2 дугаарт жагсдаг.  2013 оны байдлаар Монголд нийт бизнесийн 36% эмэгтэй захиралтай, 52% эзэмшилдээ эмэгтэй гишүүнтэй байгаа юм. Энэ нь гэхдээ манай бизнесийн гол хэсгийг жижиг дунд бизнес бүрдүүлж байгаа, мөн бизнесийн удирдлагыг гэр бүлийн гишүүдээс бүрдүүлдэг онцлогийг тусгаж байх магадлалтай тул дээр дурдсан 500 глобал корпорацын хувьтай шууд харьцуулах боломжгүй.

 

 Олон улсын түвшинд Catalyst олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар  удирдах зөвлөлдөө илүү олон эмэгтэй гишүүнтэй компани хамгийн цөөхөн эмэгтэй гишүүнтэй компаниас ногдол ашиг 53 хувь илүү, борлуулалтад эзлэх ашиг 42 хувь илүү, хөрөнгө оруулалтын өгөөж 66 хувиар илүү байдаг дүн гарсан байдаг. Бизнесийн удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь ийм хэмжээнд эерэг нөлөөтэй байхад бодит байдал дээр удирдах зөвлөлд хамгийн ихдээ 20 хувь эзэлж байгаа нөхцөл байдалд дээр дурдсан эдийн засгийн оролцооны эрэмбээр дэлхийд 46-д жагсаж буй Герман улс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь дор хаяж 30 байх түүхэн шийдвэр гаргалаа.

 Уг хууль ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Германы канцлер Ангела Меркелийн засгийн газар бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор тус хуулийг баталсан байна. Германы  шилдэг 30 компани удирдах албанд эзлэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилт тавьж, хуулийн дагуу зохих квотыг эмэгтэйчүүдэд ногдуулах кампанит ажлыг эхлүүлэх аж.

Норвеги, Франц, Испани зэрэг Европын бусад орнууд хуулийн дагуу компанийн удирдлагын гуравны нэгийг эмэгтэйчүүд байхыг шаарддаг. Харин Германы хувьд нийт ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байдаг ч удирдах албан тушаалтанд харьцангуй бага байдаг аж. Жишээ нь жижиглэн худалдааны Метро сүлжээний Герман ажилчдын 61.2% нь эмэгтэйчүүд боловч удирдах албан тушаалтны 14.9% нь эмэгтэйчүүд байдаг байна. Машин үйлдвэрлэгч Volkswagen, BMW ба Даймлер , Mercedes-Benz болон Siemens, Deutsche банк, BASF, Байер ба Merck гэх мэт Германы томоохон компаниудын удирдах албан тушаалтны 20 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.  Энэ сард Германы Цэнхэр Чип компани сайн дураараа удирдлагын түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. 2008 оныг хүртэл Цэнхэр Чип компанийн удирдах албан тушаалтны тоонд нэг ч эмэгтэй хүн байгаагүй бөгөөд өнөөгийн байдлаар удирдагчдын ердөө 3.7% нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн спортын бараа үйлдвэрлэгч Adidas компани 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн тоог 32-35%-д хүргэх томоохон зорилт тавьжээ.

30 хувийн квот тогтоодог нь Герман улс эмэгтэйчүүдийн бизнесийн боловсролдоо итгэлтэй байгаагийн баталгаа боллоо. Бизнесийн байгууллагын хувьд хүйс хамаарахгүй хамгийн чадвартай хүнээр удирдуулах нь өгөөжтэй. Хэрвээ Германд удирдлагын чадвартай эмэгтэй боловсон хүчин 30 хувьд хүрэхээр хангалттай бэлтгэгдсэн бол энэ шийдвэр жендерийн чанартай ялгаврлалыг давсан зөв шийдвэрт хөтөлж, компаниудын өсөлтөд түлхэц үзүүлнэ. Эсрэг тохиолдолд герман компаниудын олон улсын өрсөлдөх чадварт сөрөгөөр нөлөөлнө. Бизнест нөлөөлөх бас нэг сонирхолтой төрийн зохицуулалтын туршилт ийнхүү Германд хэрэгжиж эхэллээ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5087

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%