Нийтлэл 03 сарын 09, 2015

Дархан Нэхий ХК энэ сард Европ руу туршилтын экспорт хийнэ

Дархан Нэхий ХК 2015 онд компани Европын Холбооны улсууд руу эцсийн бүтээгдэхүүн буюу 400 ширхэг арьсан цүнх экспортлох туршилтын ажлыг эхлүүлж байна. Уг ажлыг 2015 оны хоёроос гуравдугаар сард багтаан хийх аж. Хэрэв туршилт амжилттай болвол эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэж орлого, ашиг нэмэгдэх боломж бүрдэнэ. 2014 оны нийт борлуулалтын орлогын 56 гаруй хувийг европ руу хийсэн боловсруулсан арьсны экспорт бүрдүүлж байгаа бөгөөд борлуулалтын гэрээг еврогоор хийсэн тул Монголд доллар чангарсан ч дэлхийн зах зээлд евро суларсан учир төгрөгөөр илэрхийлэгдэх орлого буурахад нөлөөлсөн аж.

 

Дархан Нэхий ХК 2014 онд Чингис бондоос 14 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай төгрөгийн зээл авсан бөгөөд  2015 оны 2-р сараас төгрөгөөр хүү төлж эхэлнэ.  14 тэрбумын зээлийн 6.673 тэрбум төгрөгөөр өмнө нь авсан байсан долларын зээлийг төлсөн. Ингэснээр 2015 онд валютын ханшийн эрсдэлгүйгээр, зээлийн зарцуулалт хийх боломжтой болсон байна. 2014 оны хувьд Дархан Нэхий валютын ханшийн алдагдалд 907 сая төгрөг төлжээ. Чингис бондын хувьд валютаар авсан бондын зээл учраас ханшийн эрсдэлгүй хэрэг биш. Харин Дархан Нэхий ХК-н зээлд харагдаж байгаа шиг доллараар зээлсэн бондоос төгрөгөөр хувийн хэвшилд зээл олгосноор валютын эрсдэл хувийн хэвшлээс төр рүү шилжсэн гэж хэлж болно.

 

Компанийн санхүүгийн гол үзүүлэлт:

 

 

Зах зээлийн хандлага

  • Хэрэглэгчдийн нэхий дээл хэрэглэх хэрэглээний хандлага буурч байгаа, Монголын өвлийн улирлын хүйтний хэм олон жилийн дундажтай харьцуулахад хот суурин газруудад буурсаар байгаа, мөн хожуу хүйтэрч, эрт дулаардаг болсон зэрэг нь нэхий дээлний эрэлт хэрэглээг бууруулж байгаа юм. Иймээс компани цаашид савхин эдлэл, гутал, арьсан эдлэл /цүнх/ үйлдвэрлэхэд стратегиа чиглүүлж, худалдан авах чадвар өндөр, хэрэглэгч олонтой олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорьж байна.
  • Компанийн хувьд өөрсдийн гол зах зээлийг БНХАУ гэж үзэж байгаа ч тус улсад бүтээгдэхүүн экспортлоход 38 хувийн татвартай байгаа нь өрсөлдөх чадварыг эрс бууруулж байгаа юм. Тэгвэл 2014 онд Си Жиньпин даргын айлчлалын үеэр яригдсан “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй Хятадад нийлүүлэх боломж” нээгдвэл компанийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд чанараар өрсөлдөх бүрэн боломжтой гэж компанийн удирдлагууд үзэж байна.

Эх сурвалж: Гаули Инвестмэнт

Сэтгэгдэл бичих

arrow icon