Т.Бат-оргил: Аавыг хайрлах хайр бол яг л уртын дуутай адил

Хөвгүүдээ хайрлая гэх сэдвээр бичмээр санагдах зуур цэргийн баяр, манайдаа ганц эрэгтэйчүүдийн баяраар “хайрлаж өсгөсөн хөвгүүн ийм болдог” гээд нэг гоё фигур, гоё эр хүнээс ярилцлага авч гаргамаар санагдаад байлаа. Монголынхоо л шороон дээр зодолдож өссөн,  гэхдээ гэр бүлийн болоод нийгмийн бусад институц, олны хайр хүндэтгэлийг шингээж авсан, тийм хайр хүндэтгэлийг дааж хариуцлагатай хөгжсөн орчин цагийн сайхан монгол эр хүний төлөөлөл, тийм фигур. Яг тэгж санаад хайж үзэхээр бас Монгол орон олон сайхан хүүтэй ажээ. Олон нэрс тодорч сонгож ядаж байтал  Бат-Оргил! гэх нэр хаанаас ч юм бэ санаанд харваж оров. Яг мөн! 

Сувдаа гуайн хүү, Мөнхийн ус, Аж богдын харуул, дуучин, гитартай, царайлаг Бат-Оргил.  Аа биш... аавын хүү, хүний аав, хуульч, хөгжлийн бодлого, улс төрийн реформист, улс төрийн гуравдагч хүчний тэргүүн Бат-Оргил. Хайрлуулж өссөн хөвүүн эрийн цээнд хүрч, ир бяр нь жигдэрчээ. Одоо түүн шиг хүн хайрлах ухамсрыг хүмүүжил, боловсролдоо шингээж бүрдсэн эрчүүдэд дараагийн үеийг авч явах бодлого, удирдлагыг даатгах цаг болсон мэт санагдана. Ингээд нийтлэгч М. Сэргэлэнгийн Т.Бат-Оргилтой хийсэн ярилцлагыг хүргэе:

  

 -Ярилцлагаа таны бага нас сурч боловсорсон түүхээс эхэлье. Өөрөө унаган микрийн хүүхэд байх аа?

-Микрийн 4-р байранд бага насаа өнгөрүүлсэн.  “Дружба” гээд орос цэцэрлэгт явдаг байлаа. Одоо “Элит” гээд хоолны газар болчихсон. Орос цэцэрлэгээсээ залгаад орос сургуульд орсон. Одоогийн Отгонтэнгэр их сургууль чинь хуучин орос сургууль байсан ш дээ. Тэнд найман жил төгсөөд, 14-р сургуульд орж ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Намайг арван жилээ төгсөж байхад яг бужигнаан эхэлсэн юм. Уг нь би бүр багаасаа л түүх, уран зохиол их сонирхдог хүүхэд байлаа. Тэр үед аав, ах нар зөвлөлдөж байгаад л одоо ерөөсөө нийгэм өөрчлөгдлөө. Тэгэхээр орчин цагт хуульч их хэрэгтэй болно. Тэр дундаа аж ахуйн хууль маш чухал болно, шинэ зах зээлийн нөхцөлд. Тиймээс чи олон үггүй хуулийн ангид сурна аа гээд л хуулийн сургуульд оруулсан. Гэхдээ би өмнө нь Герман явах гээд Германы бэлтгэлд сурсан юм. Тэгсэн яг явдгийн даваан дээр ардчилсан герман нь байхгүй болчихсон. Тэгээд явж чадаагүй. Ингээд л хуулийн ангид сурсан даа.

-Орос сургуулийн сурагч байхад хэцүү байсан уу? Дээрэлхүүлэх энэ тэр асуудал байгаагүй юу?

--Үгүй ээ, сайхан л үе байсан. Адилхан зодолдоно шүү дээ. Микрийхэн их гоё үзэлтэй байсан. Хүн дээрэлхээд байхгүй, хүнд дээрэлхүүлдэггүй л байсан юм даг. Цагаан хуаран, Улаан хуарангийнхан бол манайхантай үзэлцэнэ л гэдэг байсан  даа. Орос сургуульд явж байгаа монгол хүүхдүүдэд хэцүү зүйл байх нь байна. Үл ойлголцох асуудал байдаг л байсан. Манайхан 14-р сургуулийнхантай зодолддог байлаа. 3-р сургууль, 1-р сургуулийнхантай бас зодолддог байсан.

-Миний мэдэхийн микрийхэн чинь дандаа л урлагийнхан байх шиг санагддаг?

-Дандаа ч бас биш ээ. Ер нь олонх нь урлагийнхан.

-Ээж чинь урлагийн хүн. Урлагийн гэр бүлд төрж өсөхийн онцлог байна аа, янз нь. Юу гэж хараад байна гэхээр  Т.Бат-Оргилыг хуульч гэхээсээ илүүтэй дуучин гэдэг имиж олонд тогтчихсон байна?

-Миний ганц, хоёр дуу гарч телевизээр нэг хэсэг явсан.

-Дуучин имижээс салах хэцүү байна уу?

-Үгүй ээ. Би угаасаа өөрийгөө дуучин гэж боддоггүй. Дуучин гэдэг чинь өөрөө их том мэргэжил. Их хөдөлмөр шаарддаг. Зүгээр нэг сууж байснаа гарч ирээд дуучин болно гэж юу байхав. Энэ бол мэргэжилд хүндэтгэлгүй хандаж байгаагийн нэг хэлбэр л дээ. Яахав сайхан хоолойтой байж болно, үүнээс гадна дуулаачийн авьяас, сэтгэлээс гардаг нарийн мэдрэмж чухал байдаг. Цээл сайхан хоолойтой мөртлөө хоосон, хуурай дуулдаг хүн байдаг ш дээ. Тэгэхээр дуучин гэдэг бол их хэцүү мэргэжил. Би өөрийгөө дуучин гэж үздэггүй, бардын урсгалыг сонирхдог хүн гэж боддог. Дууныхаа аяыг, үгийг өөрөө зохиодгийг бардын урсгал гэдэг дээ.

-Таны хувьд дуучин гэдэг залуу насны сонирхол байж гээд бодъё. Гэхдээ “Аж богдын харуул” гээд дууны ая их сайхан аялгуутай ш дээ. Чиний дотор их мундаг ая зохиогч үхчихсэн юм биш биз дээ?

-Ая хийж байгаа. Бичүүлээгүй, дуулаагүй арав гаран дуу бий. Бичүүлнэ гээд амжихгүй л явна.

-Нэг хэсэг Америкт байсан уу?

-Тэгсэн. Америкт сургуульд сураад ирсэн.

-Америкаас ирсэн хойно С. Баяр таныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст томилсон уу?

-Хүмүүс тэгж боддог юм. Үнэндээ бол тийм юм болоогүй. Яасан гэхээр би Монголдоо ирэхдээ сүртэй их ирсэн. Би чинь эхлээд Америкт байхдаа бизнесийн мастер хийсэн. Тэгээд хоёрдох мастераа төрийн захиргааны удирдлагаар хийж байсан юм. Судлах зүйлийнхээ дөрөвний гурвыг үзээд дуусгачихсан, тэндээ байшин авчихсан, хоёр гурван машинтай, ажилд орчихсон, гэр бүлээрээ тэнд байсан. Таван жил Америкт байхдаа Монголдоо огт ирээгүй. Ямар ч хөдөлгөөнгүй Америкт байсан учраас сүүлдээ утгагүй санагдаад, энэ ер нь миний амьдрал биш юм байна, ер нь монгол хүн бол нутагтаа л ясаа тавих ёстой юм байна гээд нэг өдөр гэрийнхээ хойд цэцэрлэгийг эхнэртэйгээ цэвэрлэж, арчилж байгаад гэнэтхэн харилаа гээд л хамаг юмаа тэр дороо болиод шууд ховхроод Монголдоо ирсэн. Тэгээд ирээд нэг хэсэг аавыгаа өргөж асарсан. Тэр хугацаандаа хүмүүстэй уулзаж юу хийх тухайгаа судалсан. Яг монголын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан учраас. Тэгээд ямар ажил хийвэл миний мэдэж сурсан, сэтгэл хүсэл маань биелэх вэ гээд хүмүүсээс баахан зөвлөгөө авлаа. Тэгсэн хүмүүс монгол уул уурхайн улс болох гэж байгаа. Энэ чиглэл рүү хандвал, ажиллавал яасан юм гэсэн. “Эрдэнэс Эм Жи Эл” гээд байгууллага байгуулагдах гэж байна. Тийшээ орвол сонирхолтой ажил байж магадгүй. Эсвэл Ашигт малтмалын газар гээд төрийн бус байгууллага байгаа, тэрэнд ажиллавал болж байна. Энэ л чиний хийж чадах ажил гэсэн. Тэгээд л би Ашигт малтмалын газрын даргаар Болд ажиллаж байхад очиж өргөдлөө өгсөн. Би энд ажиллая, ямар ч хамаагүй ажил өг. Би сурсан мэдсэнээ хийх хүсэлтэй байна гэсэн утгатай өргөдөл бичээд өгсөн. Намайг тус газрын Тамгын газрын ахлах мэргэжилтнээр тавьсан. Сар гаран ажилласан юм. Тэр үед намайг яаж ажиллах нь гээд ажиглаад байсан юм билээ. Тухайн үед надаар нэг нийтлэл бичүүлсэн юм. Яг ашигт малтмалын салбарын өнөөгийн байдлаар. Тэгээд л энэ бүхнээс харж байгаад намайг Кадастрын газрын даргаар тавья гэдгийг Дэлгэрдалай дарга Болд даргад тавьсан байдаг юм.

-МАХН-д хэдэн онд элссэн бэ?

 -Би 1996 онд элссэн. Яг л ялагдаад л айхтар юм болох үеэр нь. Залуу хүн байж дээ. Үзэл бодол тогтоогүй, зүгээр л нэг сэтгэлийн хөөрлөөр ялагдсан хүнийг өмөөрдөг ш дээ, тиймэрхүү байдлаар намд элссэн. Америк л миний үзэл бодлыг их өөрчилсөн. Би Монголоос явахдаа өөрийгөө социалист хүн гэж бодож байсан. Тэгсэн Америкт очсон чинь би ерөөсөө социалист биш барууны үзэлтэй хүн юм гэдгээ мэдэрсэн.

-Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргаар томилогдоход хүмүүс гайхаж байсан. Нөгөө дуучин гэдэг имижээсээ салаагүй байдаг?


- Би өөрийгөө их эртнээс бэлдсэн. Хуульчаар сурч байхдаа, ажиллаж байхдаа ч  өөрийгөө бэлдэж л байсан. Би чинь Хууль зүйн яаманд найман жил ажилласан шүү дээ, Америк явахаасаа өмнө. Хууль зүйн яаманд Дэлхийн банкнаас нэг төсөл хэрэгжиж байсан юм. Би яаманд орохдоо гадаад харилцааны хэлтэст нь хэсэг хугацаанд ажиллаад Дэлхийн банкны төсөлд шилжиж ажилласан. Тэр төсөл манай Монголын хувьд маш чухал төсөл байсан. Хүмүүс нээх мэддэггүй юм. Социалист эдийн засгаас өнөөгийн нийгэм руу шилжихэд хууль эрхзүйн реформ хийх ёстой байлаа. Яг тэрэнд техникийн туслалцаа үзүүлж байсан төсөл Хууль зүйн яаманд хэрэгжиж байсан. Тэр үед тав зургаан төсөл зэрэг хэрэгжиж байсан юм. Энэ үе их гоё үе байсан. Ард түмний хувьд ч их гоё үе байсан гэж боддог юм. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, жоохон түгшүүртэй. Ирээдүй нь нэг тодорхойгүй, одоо яана аа гэж түгшсэн. Тэгэхдээ нөгөө талаас бүгдээрээ ирээдүй их гоё болно гэж итгэж тэмүүлж байсан үе гэж би хардаг. Картын бараанд өлмөн зөлмөн байлаа. Цалин хүрэлцэхгүй, цалингаа цагтаа тавьдаггүй. Тийм үеийг бид үнэхээр сайхан давж туулсан гэж би боддог. Ер нь миний Америк явсан шалтгаан сурч мэдэх ёстой юм байна гэж бие сэтгэлээрээ мэдэрснийх. Гаднаас баахан мэргэжилтнүүд ирээд зөвлөгөө өгөөд байдаг, маш өндөр цалинтай ажилладаг, тэд ажиллаж ажилчхаад баахан тайлан хийгээд буцдаг, тэрийг нь мань мэт нь ойлгохгүй, Зарим нэг нь бол бүр муулна. Муу сайн юмнууд ирээд цаас л хийгээд явлаа гэдэг. Цаас хийхгүй тэгээд өөр юу хийх юм. Тэр хүн оюун санааныхаа бүтээлийг цаасан дээр буулгаад бидэнд өгч байна. Бид тэрийг нь ашиглаж чадахгүй байгаа байхгүй юу. Ашиглах нь бүү хэл бүрэн ойлгож чадахгүй, өнгөцхөн зөвлөмжүүдийг нь ойлгоод байдаг. Гэтэл бүүр цаад яагаад гэдэг учрыг нь нарийн ойлгохгүй байна. Тэгээд л за ерөөсөө ингэж болохгүй юм байна. Явж суръя гээд Америк явсан. Анх явж байхдаа би эдийн засгийн бодлого гэдгээр сурахаар явж байсан. Тэгсэн эдийн засаг гэдэг зүйл худлаа юм байна аа гэж ойлгож дүгнээд бизнес рүү шилжсэн. Эдийн засаг гэхээр жоохон панаалтай гэх юм уу даа. Бүх хувьсагч нь өөрчлөгдөхгүй, зөвхөн энэ хувьсагч нь өөрчлөгдөнө гэж үзье гэж байгаад боддог. Гэтэл яг миний туршлагаас харахад Монголд өөрчлөгддөггүй хувьсагч гэж байхгүй.  

-Эргээд хувь хүнд тань хандая. Эхнэртэйгээ хаана, яаж танилцаж байв?

-МУИС-ийн 2-р байрны 2-р давхарт эхнэртэйгээ танилцсан.

-Амархан танилцсан уу. Тэр үед чинь өөрөө олонд танигдсан дуучин байсан ш дээ?

-Үгүй ээ, тийм биш. Тухайн үед чиний алдартай, ер нь хэн байх чинь надад хамаагүй гэдэг байдлаар нэлээд үзсэн. Нэг дуудахад гүйгээд ирдэг хүн сонин биш биз дээ. Манай хүнийг Н.Батцэцэг гэдэг. Одоо хувийнхаа бизнес, ар гэрийн асуудлаа авч явж байна даа.

-Ам бүл хэдүүлээ вэ. Одоо хэдэн хүүхэд билээ?

-Манайх таван хүүхэдтэй. Хоёр охин гурван хүүтэй. Олуулаа болсон. Манай бага хүү сая зургаан нас хүрлээ. Том хүү маань намайг өвөө болголоо.

-Танай ээж Н.Сувдаа гуайг хүн бүр мэднэ. Харин аавыг чинь тэр бүр мэдэхгүй байх. Аавынхаа тухай дурсаач?

-Аав маань бурхан болсон доо. Эдийн засагч хүн байсан. Мэргэжилдээ маш чадалтай, маш омголон зантай хүн. Дарга нартай огт таардаггүй, яг юу бодож байна тэрийгээ тэхий голоор нь хэлдэг. Ядаж байхад коммунизмыг байнга шүүмжилдэг. Тэрнээсээ болж хэрэгт ордог хүн байсан. Яахав өвөө маань дарга байсан болохоор арай ч цөлөгдчихгүй байдаг байсан. Ан гөрөөнд их дуртай, Жуулчинд удаан ажилласан даа. Намайг кантри дуунд дуртай болоход аав  маань их нөлөөлсөн. Намайг бага байхад унтахад маань пянз тавьдаг байсан. Энэ нь хүний сэтгэлд хоногшиж, хүн болоход их нөлөөлдөг юм шиг байгаа юм. Аав маань сахараар өвдөөд хүний гарт орсон. Гурван жил хэртэй аавыгаа асарсан. Бурхан болоод нэг жил өнгөрч байна даа.

-Хүн бүрд ээж нь мисс, аав нь супермен гэдэг. Танай аав чиний хувьд маргаангүй супермен биз?

-Аав бид хоёрын харьцаа их хэцүү байсан. Их тулдаг, үзэлцдэг байсан. Дунд ангиасаа хойш л тулдаг байсан. Харвардын их сургуулиас маш сонин судалгаа хийсэн байна лээ. Эрэгтэй хүний амьдралд 25 нас хүртэл нь ээж нь чухал байдаг гэнэ ээ. Эр хүн аавыгаа 75 нас хүрч байж их үгүйлж эхэлдэг гэсэн байсан. Харьцангуй урт настай хүмүүсийн дунд хийсэн судалгаа байх л даа. Уртын дууг бага байхад сонсоход их ядаргаатай сонсогддог байсан. Одоо 40 гараад ирэхээр сайхныг нь мэдэрч байна. Гүн ухааныг нь одооноос илүү ойлгож байна гэсэн үг. Аавыг хайрлах хайр бол яг л уртын дуутай адил гэж ойлгож байгаа. Энэ асуудал одоо яг над дээр ирж байна, миний хөвгүүд чинь ээждээ илүү. Бүр нялх байхдаа надад илүү байсан. Ухаан ороод ирэхээрээ ээждээ илүү болчихдог юм билээ. Үүнээс хараад тэр судалгаа үнэн юм байна гэж ойлгоод байгаа. Эр хүний амьдралд аав нь их сонин байдаг юм байна. Үүнийг манай эрчүүд ойлгоосой. Бид өөрсдийнхөө амьдралын нэг өдрийн 30-40 минутад л гэрийнхэнтэйгээ байдаг юм байна. Гэтэл энэ бага хугацааг юунд зарцуулж байна вэ гэхээр харамсмаар дүр зураг харагддаг. Аав ээж нь хүүхдээ цэцэрлэгээс нь аваад хүүхдүүдтэйгээ харилцдаггүй. Тэгэхээр хүүхдийн хөгжил хоцроод байгаа юм.

-Гэр бүлийн тань тухай ярьсан дээрээ бас нэг зүйл асууя. Ер нь эмэгтэй хүнтэй яаж харьцах ёстой юм бэ?

-Цэцэг шиг л. Цэцгийг услахгүй бол хатчихна. Хэт их усалбал ялзарчихна, үүнтэй адил. Эр хүн яаж явааг эмэгтэй хүн нь тодорхойлдог гэж ойлгодог.

-Би чамайг цэргийн формтой харсан санагдаад байх юм?

-Цэргийн формтой авахуулсан зураг байгаа. Манай аав цэргийн хувцсанд их дуртай хүн байсан юм. Ардын армийн хувцастай миний багын зураг байдаг.

-Армид алба хаагаагүй юм уу?

-Армид алба хаагаагүй, харин цагдаад богино хугацаанд байсан. Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх 2-р хэлтэст нь ажиллаж байлаа. Дараа нь яам руу шилжиж орсон. Цэргийн албыг эр хүн хаах ёстой гэж боддог. Бид нэг хэсэг Реформ клуб гээд хүмүүстэй нэлээд ажиллалаа, 2010 оноос хойш. Салбар салбараар явж байгаад хамгийн сүүлд нь эдийн засгийн салбар луу орсон.  Эрүүл мэнд, соёл боловсрол, байгаль орчин гээд. Дараа нь эдийн засгийн чиглэлийг байгуулаад ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр эдийн засгийн хөгжил гэдэг өөрөө хий үзэгдэл юм байна. Нийгмийн хөгжил эдийн засгийн хөгжлөө дагуулдаг. Түүнээс эдийн засаг гэдэг дангаараа хөгждөг зүйл биш. Нийгмийн хөгжил гэдэг эргээд хүний хөгжилд суурилдаг. Тэгэхээр бид хүнээ яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр цэргийн алба орж ирдэг. Одоогийн залуус их жул, ажлаас халширдаг, үг даадаггүй болж. Охид маань Монгол залууг тоохгүй, гадаад хүнтэй сууж байна. Тэр юунаас болж байна гэхээр цэргийн албатай хамааралтай юм. Манайд хуучин цэргийн албыг 3 жил хаадаг байсан. Бусад амжилттай хөгжсөн улс орнуудын хөгжлийн моделийг нь аваад үзэхээр цэргийн алба их чухал байдаг юм байна. Тэр нь хэн нэгэнтэй байлдах биш. Мэдээж батлан хамгаалах үүрэг маш чухал, үүнээс гадна үндэстнийг бий болгодог арми бол чухал юмаа. Тэнд залуусын дайчин нөхөрлөл бий болдог. Хал үздэг, хөдөлмөрч хатуужилтай болдог. Израиль гэхэд л чи ямар цэргийн ангид алба хаасан гэдгээрээ дараа нь нийгэмд ямар байр суурь эзлэх бэ гэдэг нь шууд тодорхойлогддог. Туркэд хүү нь цэргийн алба хаагаагүй бол аав нь бүр ичгүүртэй байдалд ордог. Хүнтэй уулзаж чаддаггүй гэдэг. Хөгжсөн гэж байгаа бүх улсын арми нь маш хүчтэй байдаг. Арми гэдэг хэн нэг даргын зусланг засдаг биш. Яг жинхэнэ юм сургадаг, жинхэнэ арми байж байж л тэр улс хөгждөг юм байна. Бидний өнөөдөр тэмдэглэх гээд байгаа баяр бол маш өндөр ач холбогдолтой, сайхан баяр юм. Бид Чингис хаан, цэрэг арми гээд бахархан ярьдаг хирнээ цэргийн алба хаадаггүй. Бид Монголын цэргийн албыг сэргээх ёстой юм байна. Зургаан сар гурилддаг бол цэргийн алба биш юмаа гэж үзэж байгаа.

-Цэрэг арми гэж ярьсан дээрээ асуухад өөрөө сагс тоглодог байсан. Өөр спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?

-Сагс тоглоно, уулын дугуй унана. Усан спортоор хичээллэнэ. Бас фитнессээр хичээллэж байна. 

-Жин хэд вэ?

-Зуун килограмм.

-Өндөр?

-1.84.

-Дунджаар арваад кг илүү байгаа юм байна?

-Гэхдээ өөх үү, булчин уу гэдэг өөр л дөө(инээв).

-Чи улс эх орныхоо болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг засах тал руу нь явж байгаа хүн, би тэгж ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн үед сонсогдоод байгаа гуравдагч хүчин үгүйлэгдэж байна гэдэг энэ орон зай руу дайрч байна гээд ойлгоод байгаа, зөв үү?

-Яахав, нэгдүгээрт тэр орон зай байгаа. Хоёрдугаарт одоо үнэхээр юм биш болчихлоо гэдгийг хүн бүр харж байгаа. Хамгийн энгийнээр ярихад 2 нам үзэл баримтлалгүй болчхож. Зүгээр л хоёулаа алалцъя гээд байна. Тэгээд алалцаж ч чадахгүй, цаагуураа очоод нийлчихдэг. Найзалсан ч биш, муудсан ч биш ийм л дүр төрхтэй байна. За энэ ч яахав, гол нь хоорондоо ялгарах үзэл санааны ялгаа байх хэрэгтэй. Сая төгрөг тараах уу, 1.5 саяыг тараах уу гэдэг бол үзэл санааны ялгаа биш, үнийн дүнгийн ялгаа байхгүй юу. Ардчиллыг нэг нь хувьчлаад авчихлаа. Нөгөөх нь тусгаар тогтнолыг өмчилчихлөө. Тэгээд сонгуульд бид ардчилал, тусгаар тогтнол 2-ын хооронд сонгох гээд байгаа юм уу, хаашаа юм. Ийм байдаггүй юмаа. Ардчилал гэдэг бол чухал шинжлэх ухаан, процесс.

Буддын сургаалд ном уншихгүй бясалгавал хорлол болно гэж байдаг. Манайхан ном уншихгүй мэдэмхийрэх болж. Би ингэж бодож байна гээд л, юу ч уншихгүй бодоод л яриад байдаг. Бодож байгаа юмнууд нь дандаа тулга тойрсон хэрүүл, сонины гарчигхан төдий байх жишээтэй. Тэгээд түүнийгээ ургуулж бодоод ярьдаг. Би ингэж хэлж байгаа юм биш ээ, бурхан багш хэлчихсэн юм шүү.

 -Гурав дахь хүчинд ямар хүмүүс байна вэ?

-Бид энэ улсаа ямар замаар хөгжүүлэх гээд байна гэдэг замаа сонгочхоод намаа зарлах нь чухал. Надаас авсан татвараар нэг компани байгуулаад надтай эргээд өрсөлддөг зүйлийг төр хийдэггүй юм. Төр бизнесээ дэмжих ёстой, бизнестэйгээ өрсөлдөх биш. Хөгжсөн бусад улсыг харахад төр нь гадаадад очиж хэлэлцээр хийдэг. Бизнесийн боломжийг нээж хэлэлцээр хийдэг. Бусад улс орнуудын зах зээлийг нээж өгдөг. Тэрнээс биш энд хүрч ирээд танай ямаанд мөнгө өгье гэдэг бол юмны учир олдоггүй хүмүүсийн мөчид арга. Зүй нь ийм биш юмаа. Манай төр засаг шоу үзүүлэнд хэтэрхий явчихлаа. Нэр хүнд өсвөл гадаадын хөрөнгө оруулалт өснө гээд байгаа. Уучлаарай манай нэр хүнд өсөхгүй, улам унана. 10-15 жил Монголд хэн ч мөнгө оруулахгүй. Тийм учраас бид хөгжлийн өөр гарц харах ёстой. Өнөөдөр уул уурхайг мартаж болно. Хэдэн бэлтгэгдсэн геологиуд бүгд гадагшаа гараад явчихлаа. Манайд сайн бэлтгэгдсэн геологиуд байсан. Тэднийг маань гадаадууд өндөр үнээр цохиод авчихсан. Тэр хүмүүсийг эргүүлээд авчирна гэдэг их хэцүү. Дээрээс нь ямар ч эрүүл ухаантай хүн булхайгаар шоглож хожчихоод маргааш нь найз нь өнөөдөр шал өөр болсон, тоглох уу гэхээр итгээд гүйж ирээд май хөгшөөн миний мөнгө гээд өгөх үү. Өнөөдөр манайхан яг ийм л юм яриад байна. Одоо богино хугацаанд юу ч хэрэгжихгүй. Бид алсын хугацаанд яаж өөрчлөгдөх вэ гэдгийг ярьж, үзүүлэх л хэрэгтэй. Магадгүй, сайнаар бодоход 15 жилийн дараа эхний хөрөнгө оруулалт орж ирнэ байх.

-Сая Буддын сургаалд ном уншихгүй бясалгавал хорлол болно гэж байдаг гээд ярилаа. Ингэхэд өөрөө хэр шүтлэгтэй хүн бэ?

-Бурханд итгэдэг. Гэхдээ бурхныг хэн гэдгийг би мэдэхгүй. Би бурханд итгэдэг, харин аливаа нэг шашинд автдаггүй. Үнэнч чанар гэдгийг манай өвөг дээдэс эртнээс зааж ирсэн. Бид үнэнч байж чаддаггүй болохоор муухай амьдраад байна гэж би боддог.

-Энэ амьдрал тийм муухай байна уу?

-Тийм сайхан байгаа юм уу.

-Ямар байсан юм бэ?

-Амгалан байсан. Монголын нууц товчоог уншиж байхад “Монголын ард түмэн үнэнч шударга ард түмэн буюу” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ үг маш их утга учиртай. Бодож санах юмгүй сайхан амьдрах гээд байдаг ш дээ. Бид өглөө босоод л нэг юманд яардаг. Юунд ч юм яараад л байдаг. Жижигхэн юманд бухимдаад л байдаг энэ үрэвслийг намжаах хэрэгтэй, нэг сайхан уужуу амьсгаа аваад. Сая интернетэд сонирхолтой газарзүй гээд бүх улс орнуудыг янз бүрийн пактаар нь ангилсан тийм нэг мэдээлэл гарсан.  Өөр шашныг үл тэвчигчид ч гэдэг юм уу, эсвэл эмэгтэйчүүдийн эрх хир зөрчигддөгийг өнгө өнгөөр ялгаж харуулсан байгаа юм.  Тэр дотроос миний анхаарлыг нэг зүйл их татсан. Хараад  харамссан, гэхдээ бас үнэн гэж би бодсон. Хамгийн хайр мэдрээгүй ард түмэн гэдэгт Монгол бусад улс орноос цойлоод л гараад ирчихсэн байсан. Бид өөрсдийгөө ингэж л тодорхойлсон байна. Гэтэл бид сайхан амьдармаар байна ш дээ.

-Тэгвэл таныхаар сайхан амьдрал гэж ямар байхыг хэлэх үү?

-Их энгийн л дээ. Ард түмэн аз жаргалтай байх үндэс нь өдөр тутмын давтагддаг үйлдэл нь тухайн хүнд аз жаргал өгч байна уу гэдэг л асуудал. Хувь хүний аз жаргал, ард түмний аз жаргал гэдэг өөр. Бүлгийн сэтгэлгээ, хувь хүний сэтгэлгээ гэж тусдаа зүйл бий. Бид бүлгээрээ аз жаргалтай байж чадахгүй байна. Жишээ нь би бол аз жаргалтай хүн. Би хэнийг ч үзэн яддаггүй, үхэн хатан зүтгээд байхгүй. Алдчих вий гээд айгаад байх эд хөрөнгөгүй. Яаж нэг талх олох уу гэж санаа зовдоггүй. Гэхдээ миний хувийн аз жаргал бүлгийн аз жаргалтай нийцэхгүй байгаа байхгүй юу.

-Сайхан амьдрахад амьжиргаандаа хангалттай хүрэлцэхүйц мөнгөтэй байх хэрэгтэй. Та амьжиргаагаа яаж зохицуулдаг вэ?

-Рестораны бизнес хийж байна, хоёр ресторантай. Бизнесээ манай эхнэр авч явдаг. Манай гэр бүл сүүлийн үед агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байна. Америкаас бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Гэхдээ энэ бол овойж оцойтол ашиг олох зүйл биш ч гэртээ хариад гэр бүлтэйгээ сайхан байхад хангалттай хүрэлцэнэ. Хүний зовлон хүслээс нь юм аа гэж бурхны шашинд хэлсэн байдаг. Байхгүй зүйлдээ шаналаад л. Хоёр өрөө байртай байж одоо дөрвөн өрөө байртай болчих юмсан гэж шунаад л...

-Наад шунал чинь нийгмийг хөгжүүлээд байгаа юм биш үү?

-Үгүй. Аливаа зүйлд хэмжээ, хязгаар гэж байдаг. Боломжийнхоо хэрээр амьдралаа сайжруулъя гэж хэн ч бодно. Боломжоосоо хэтэрсэн, бусдад байгааг хараад, ялангуяа хулгай хийж баяжсан хүнийг харж атаархаад тэр хүн шиг амьдрах гэж амь нь тэмцээд, тэрнээсээ болж бухимдаад. Энэ өөрт нь зовлон болж байгаа юм ш дээ. Хулгай хийсэн хүн яаж зовж байгааг бид мэдэхгүй, үнэндээ. Тэмүүлэл, эдийн сонирхол тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ хэмжээндээ, эрүүл байх ёстой.

-Ярилцлагынхаа сэдвээс багахан хазайя. Таныхаар төрийн үүрэг гэж юу юм бэ?

-Монгол хүнийг бойжуулж бий болгоно гэдэг бол төрийн үүрэг. Бидний “Эх орон” клуб,  “Хөгжил хүн” клубын судалгааны гол охь нь энэ. Иргэн хүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэл нь төрийн гол үүрэг. Үүнийгээ хийхгүй байна. Монгол хүний шинж чанарыг суулгаж өгөхгүй байна. Үндэстний шинж тэмдэг гэдэг зүйл нь манайд алдагдчихсан.

 - Багаас нь мэдэх Бат-Оргил төр улсын төлөө сэтгэл чилээх хэмжээнд хүрчээ.  Таны санаж сэдэж яваа үйл хэрэгт амжилт хүсье. Цэргийн баярын өдөр манай уншигчдад зориулж цаг гарган ярилцлага өгсөнд их баярлалаа.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%