Нийтлэл 03 сарын 31, 2015

Улаанбурхангүй орон гэсэн батламжаа хамгаалж чадсангүй

Улаанбурханаар өвчилсөн тохиолдол энэ сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт 93 бүртгэгдээд байгааг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. 

 2014 онд манай улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр тодорч, ДЭМБ-аас улаанбурхангүй орон болохыг баталсан батламжаа гардаад байсан. Манай улсад сүүлийн 4-5 жил халдварын дэгдэлт гараагүй учир ийн улаанбурхангүй орон гэсэн батламжийг аваад байсан аж. Харин батламжаа аваад удаагүй байтал ийн бага насны хүүхдүүдийн дунд улаанбурханаар өвчлөх тохиолдол нэмэгдлээ.   

Халдвар судалал үндэсний төвийн хэвлэлийн албанаас

“Улаанбурханы халдвар шинээр авч буй хүүхдүүд есөн сар хүрээгүй эсвэл хоёр нас хүрээгүй буюу дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгээгүй хүүхдүүд өвчилж байна. Мөн товлолын вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй өсвөр насныхан уг халдварт өртөж байна” хэмээн мэдээллээ. 

Улаанбурханы дэгдэлтийг зогсоохоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар тушаал гаргажээ.

Эрүүл мэндийн байгууллагууд уг тушаалыг ажил хэрэг болгон ажилласнаар өвчлөл буурах учиртай аж. 

Улаанбурхан гэж юу вэ?

Улаанбурхан өвчин: Вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг өндөр халдвартай, цочмог өвчин юм.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн, улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс халдварлах эрсдэлтэй.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга:

Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь хоёр удаа хийгддэг улаанбурханы вакцинд хамруулах шаардлагатай.

Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулалгүй хоцорсон бол харъяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой.

Улаанбурхан өвчин илрэх шинж тэмдэг:

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үед:

Дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандаарай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon