Нийтлэл 05 сарын 01, 2015

Ой, модны салбарын уруудсан түүх, сэргээх арга зам

Монголын ой, модны салбар 90-н жилийн түүхтэй ажээ. Үе үеийн залуус сургуулиа төгсөөд өөрсдийн хүсэл сонирхолоор салбартаа ажиллахаар нэгдэж, шинэ содон сайхан зүйлсийг сурч, мэдэрч мэргэжлийнхээ сайхныг гайхаж бас баярлаж явсан үе байдаг. Гэвч дотор нь ороод хэсэг ажиллаад ирэхээр орчноо мэдэрч, салбарын нөхцөл байдал ямар байгааг хардаг. Одоогийн ой модны салбарын хөгжил уналтад орж, ажиллаж байгаа мэрэгжилтнүүдийн цалингийн хэмжээ нь салбаруудын харьцуулсан статистикаар харахад хамгийн бага тувшинд байна.

Гэхдээ энэ чухал салбар үргэлж ийм байгаагүй.

 

Түүх сөхөн харвал 1970-аад онд ойжуулалтын ажлын үндсэн бэлтгэл болох үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх, мод үржүүлгийн газруудыг шинээр  байгуулан, ойжуулалтын гар болон хагас механикжсан бригад, салаа байгуулагдаж байжээ. 1980-аад онд гэхэд ой, модны салбар  бие даасан яамтай, 60 орчим үйлдвэр, үүний 5 нь бүтэцдээ 4-6 үйлдвэртэй томоохон цогцолбор комбинатууд, нийт 10000 орчим ажиллагсадтай,  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 шахам  хувийг үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүнийхээ 18-20%-ийг экспортолдог, эрчим хүч, уул уурхай, их барилгын дараа 4-р байранд ордог улс ардын аж ахуйн бие даасан томоохон салбар байжээ.

 

 

Гэтэл өдгөө Монгол улсын үндэсний ойн, ой модны гэх тодотголтой бүтэц үүрэг бүхий институт байхгүй, салбарын хөгжил зогсонги байдалд орсон. Бусад улс орнууд ойн үндэсний хүрээлэн, ойн үрийн үндэсний сан гэх мэт байгууллагуудаа ямар ч үед дэмжиж, хэвийн ажиллагааг нь хангаж байна .

 

Монголын ой, модны салбар хөгжихгүй байгаа зарим шалтгаанууд;

1-рт  Улсын төсвөөс санхүүжүүлдэг нэг га талбайд мод тарих ойжуулах ажлын зардал нь хангалтгүй. Жил бүр ойжуулалт хийнэ. Нэг талбайд хэдэн хэдэн удаа ойжуулалт хийнэ. Тэгсэн хэдий ч улсын хэмжээнд ойжуулсан талбайн хэмжээ, тарисан модны амьдралтын хувь маш муу үзүүлэлттэй байсаар л байна. Жил бүр Ерөнхийлөгчийн зарлигаар, Сайдын тушаалаар их хэмжээний мод тарих боловч тэр нь эзэнгүйдсэнээс болж цаашид ургаж чадахгүй байсаар л байна.

 

2-рт Монгол орны ойн сангийн нөөцийг тодорхойлох аргачлал сайн хөгжөөгүй. 1970-аал онд мод бэлтгэхэд зориулан тоолж бүртгэдэг байсан аргачлалаар тооцож 1313.4 сая шоо метр гэсэн нь ой модны зөвхөн гол ишний эзлэхүүнийг тодорхойлсон тоо юм. Ойн сангийн нөөц гэдэгт модны мөчир навч бусад дагалдах баялаг ордоггүй байх жишээтэй. Саяхан Германы хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд олон зорилтот улсын хэмжээний ойн тооллого гэх томоохон ажил хийгдсэн нь монгол орны ойн нөөцийн хэмжээ өөр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Улсын хэмжээний ойн тооллого хийх талаар Ойн тухай хууль, Ой зохион байгуулалт хийх журам, зааварт ороогүй эрх зүйн зохицуулалт нь баталгаажаагүй байх юм. Энэ ажлыг тендер шалгаруулан гүйцэтгүүлэхдээ Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар хувийн хэвшлийнхэнд тээврийн хэрэгсэл бэлэглэснийг дараагийн сайд нь ирээд бүцаагаад авсан байна.   

 

3-рт ойн аж ахуйн арга хэмжээ авахад зориулагдсан дэд бүтэц хөгжөөгүй. Ойн менежмент гэж дор дороо ярих боловч яг үнэндээ монгол орны ой мод нь эзэнгүйдэж хөгширч хатаж, ховхорч унасаар байна. Монгол орны ойн модны 76,4 хувийг болц гүйцсэн хөгшин ой эзэлдэг. Иймд зөвхөн суурин газруудын ойролцоох ой модонд л ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээ явагдах шалтгаан болж байна. Энд бас хууль бус мод огтлолт газар авсан бөгөөд модны хулгай багсахгүй байгаа нь нөгөө л авилгын сүлжээ, салбарын төрийн байгууллагад танилтай хүний хийж байгаа л ажил. Үнэн хэрэгтээ торгууль, шийтгэл авдаг нь жижиг дунд түвшний иргэд аж ахуй нэгж байх жишээтэй.

 

4-рт ойг хортон шавжаас хамгаалахад каратэ гэх химийн хорт бодисыг ашиглаж ирсэн. Миний мэдэхээр сүүлийн 15-н жилийн туршид хэрэглэж буй. Мөн энэ үйл ажиллагааг хэрхэн явуулах дүрэм, журам, хуул эрх зүйн актууд ог байхгүй байх юм. 15-н жилийн хугацаанд энэ ажлын технологи өөрчлөгдөж, шинжлэх ухааны дэвшил гарсан нь дамжиггүй Бусад улс орнууд биологийн аргууд хэрэглээд болоод л байна. Химийн бодис импортлогчийн санаа юу эсвэл хариуцсан мэргэжилтэн албан тушаалтнууд нь өөр юу ч мэдэхгүй байна уу? Ойн хортон шавжтай тэмцэх ажилд зориудаар их хмэжээний төсөв хөрөнгө баталж зарцуулдаг улс төрийнхний оролцоо байх магадлалтай.  

 

5-рт Улсын хэмжээний ойн үрийн сан, нөөц гэж байхгүй, мөн ойн үр бэлтгэх зорилгоор тогтоосон тусгаарласан элит мод бүхий талбай байхгүй. Монголын ойд гамшиг тохиолдвол яах вэ? Ой модоо нөхөн сэргээхэд бидэнд тусгайлан хадгалсан, нөөцөлсөн үр хэрэгтэй шүү дээ. Одоо манайд ойн үрийн төв фонд гэж нэг байгууллагын дотор нэгж байгаа бөгөөд тэр нь үрийн сангийн талаарх эрх зүйн зохицуулалтын баримт бичиг байхгүй, зөвхөн шинэс, нарс гэсэн хоёрхон төрлийн модны үрийг модны үрийг нэгээс худалдаж аваад нөгөөд зарах ажлыг их муу хийдэг. Ой үр болон мод үржүүлэх талын улсын хэмжээний томоохон нэгж байгууллага нь ганцхан хүний орон тоотой эзэнгүйдсэн байх жишээтэй. Бусад улс орнуудад  бол ургадаг бүх төрлийн модлог ургамлынхаа үрийг генийн бааз маягаар хадгалдаг байх юм.  Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө элит мод, шилмэл үрийн плантаци байгуулах ажил эхлээд энэхүү шуурганаар үрэгдэж алга болсныг дахин сэргээж хийхгүй байна.

 

6-рт Хот төлөвлөлт, барилга, үйлдвэр, дэд бүтцийн байгууламжуудын орчимд ногоон байгууламжийн эзлэх хувийг нэмэгдүүлж өгч чадахгүй байна.  Ногоон байгууламж заавал байх шаардлагатай гэсэн эрх зүйн баримт бичгүүд бидэнд хангалттай байгаа шүү дээ. Улаанбаатар хотын тохижилтын ажилд хотод том мод шахах бизнесийн хүчтэй бүлэглэл үүсчихсэн хот тохижилтийн төсөв баталж зарцуулан энэхүү үр дүн муутай ажиллагааг явуулсаар байна. Ихэнх тохиолдолд суулгасан том мод нь амьдрахгүй байна. Гэтэл энэ жил хот тохижилтод ашиглах нэг том модны үнэ 600 мянган төгрөг гэнэ.  Монгол орны хэмжээнд ойн нөөцийн ирээдүйн стратегийг бүрэн тодорхойлж хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг нь энэ салбар хөгжихгүй байгаа бас нэгэн шалтгаан гарч ирж байна. 2011 оны 12-р сард улсын ойн менежментийн ерөнхий төлөвлөгөө гэж хийгдэж засгийн газраар батлагдсан. Энэхүү төлөвлөгөө нь хэвлэгдээд... зүгээр л хадгаладсан бололтой. Төлөвлөсөн томоохон ажлууд өнгөрсөн 3-н жилийн хугацаанд хийгдээгүй иржээ.

 

7-рт Салбар хариуцсан төрийн байгууллагууд, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд харилцан уялдаагүй. Нэмж хэлэхэд  салбарын хөгжилд улс төржилт,  намчирхал байгаагаас гадна салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох үйл ажиллагаанд оролцохгүй, шийдвэр гаргах шатны нөхдүүд нь бодлого сайжруулах, хөгжүүлэхэд санаачлага гаргахгүй, бусдын гаргасан санаачлагыг дэмжиж ажиллахгүй байна.

 

Салбарын сайн мэргэжилтнүүд өөр салбарт орж ажиллаж зөвхөн өөрийн урдах ажилаа хийгээд сайн цалин аваад чимээгүй яваад байгаа нь салбар хөгжихгүй байгаа нь ч бас нэг шалтгаан.

Эцэст нь хэлэхэд ой, модны салбараа хөгжүүлэхэд тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэж шууд зөвхөн бид дүгнэх, зөвлөх нь өрөөсгөл юм. Бид тэргүүлэх мэргэжилтнүүдийг уриалан хамтарч ажиллах,  ой, модны салбарт тулгамдаад байгаа асуудлын шийдлүүдийг тодорхойлж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргаж шийдвэр гаргах түвшний нөхдүүдтэйгээ хамтран ажиллах нь чухал болоод байна.

 

 

Ой, модны салбарыг хөгжүүлэх санаачлагуудыг нэвтрүүлэх зорилгоор зарим мэргжилтнүүдийн саналыг тоймловол:

 1990 оноос хойш ой, модны бодлогын нэгж нь харьяалах яамандаа газар хэлтэс хэлбэрээр явж ирсэн бөгөөд үндсэн хэрэгжүүлэгч бүтэц нь дараах байдалтай дахин дахин солигдож явж ирсэн нь харсаар байтал салбарын бүтэцээр тоглож байна. :

  • Ой, Ан жуулчин нэгтгэл 1987-1998,
  • Байгаль ой усны нөөцийн газар 1998- 2002 он,
  • Ой, усны хайгуул судалгааны төв 1998-2009 он , ойн газар 2009-2012 он,
  • Ойн судалгаа хөгжлийн төв 2013- оноос өнөөг хүртэл  

 

Иймд:

Бид салбарын хэрэгжүүлэгч агентлаг Ой, модны хэрэг эрхлэх газар-ыг дахин байгуулж цаашид агентлагийг өөрчлөхгүйгээр урт хугацааны тогтвортой үйл ажиллагаатай байлгах шаардлагатай гэж үзэж байна. Монгол орны ойн зонхилох мод нь шилмүүст мод бөгөөд энэ нь 100-аас дээш жил ургаж байж нас биед хүрдэг, 4 жил болоод солигддог Засгийн Газрын бодлогоор ургуулж дийлэхгүй. Мөн ойн тухай хуулийг цоо шинээр боловсруулах шаардлагатай болоод байна. Ойн салбарын мэргэжлийн байгуулллага аж ахуй нэгжүүддээ тэр шалгуур, шаардлагуудыг өндөр гаргаж өгөөд салбарын ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах бодит зардлаа улсны төсөвтөө суулгаж өгчихөөд тендерээ шалгаруулж салбарын ажлыг чанартай гүйцэтгүүлэх нь салбар хөгжихөд чухал нөлөө үзүүлэх юм.

Олон газар тархсан хоорондоо уялдаагүй эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудыг нэгтгэн Ой, модны үндэсний төв ч юмуу хүрээлэн болгох. Энэ байгууллага нь мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт зөвлөмжөөр шийдвэр гаргах түвшний байгууллагадаа дэмжлэг үзүүлэх. Олон их дээд сургуулиудаар тарсан ой, модны чиглэлийн тэнхим факултетуудыг нэг томоохон сургууль дээрээ нэгтгээд чанартай цөөн тооны мэргэжилтэн бэлтгэдэг болох нь зүйтэй бөгөөд бусад нь МСҮТ- дээ сурч төгсөхөд л хангалттай.

Ойн газар, ойн анги, ойн үндэсний хүрээлэн, их дээд сургууль, мэргэжлийн аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон Ойн үндэсний зөвлөл байгуулаад энэ зөвлөл нь салбарын асуудлаа хэлэлцэх, салбарын хөгжлөө тодорхойлох гарцуудаа боловсруулах, салбарын хөгжлийн ололт амжилтын туршлагаа хуваалцах, улсын ойн менежментийн ерөнхий төлөвлөөг хэлэлцэх гэх мэт үйл ажиллагаанудыг явуулдаг баймаар санагддаг.    

Ой зохион байгуулалтын 1 га-ийн зардал дундажаар 267 төг, Ой хамгаалах, хортон шавж устгах арга хэмжээний 1 га-ийн зардал 8000-11000 төг, Ойжуулалтын ажлын 1 га-ийн зардал 650 000 төг байгаа нь одоогийн зах зээлийн нөхцөлд хангалтгүй байгаагагаас ажлын чанарт нөлөөлж байгааг анхаарч энэхүү зардлуудыг бодит тооцоонд үндэслэн нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Бид ой, модны салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүдээ муучлах гээгүй бүгдээрээ нэг цэгт төвлөрөөд цаашид хэрхэн ой, модны салбараа хөгжүүлэхээ ярихгүй бол аль аль талдаа утгаа алдаад байна гэдгийг л хэлж байна. Өнгөрсөн 25-н жилд ихэнх Монгол хүн мод, ой хамгаалах ухамсараа гээчихээд байна. Ерөнхийлөгч болон Байгаль орчны яам мод тарих хөдөлгөөн гэсэн шоу хийгээд маш олон тарьц суулгац газар булдаг гэсэн ойлголт нийгэмд тархаад байна.

 

Бид хойч үедээ

Элсэн цөлийг биш ойн төгөл, ширгэсэн гол горхи биш ширэнгэн ой, цементэлсэн талбай биш цэцэцрлэгт хүрээлэн, ойн нөөцийг багасгаж биш ихэсгэж үлдээх хэрэгтэй байна.Үүнийг бид бас та нар хийхгүй бол өөр хэн ч хийхгүй байна.Үүнийг дараа биш одоо хийхгүй бол хэн ч хэзээ ч хийхгүй байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon