Нийтлэл 05 сарын 14, 2015

Санияз Манас “Дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй ачааны онгоцыг Японы эрдэмтэдтэй хамтран Монголд зохион бүтээнэ”

 

Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх  зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд зохиогдсон  “Инновацийн үзэсгэлэн Маркетинг өдөрлөг”  өчигдөр ШУТИС-ийн гадаах задгай талбайд боллоо. Өдөрлөгт шинэ зохион бүтээлт, хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эх орондоо төвлөрүүлэн, Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулах эрхэм зорилгыг өвөрлөн, шаргуу ажиллаж амжилтад хүрсэн олон залуус бүтээлээ дэлгэсэн байв.

Ингээд  дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй ачааны онгоцыг зохион бүтээж шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин болсон өнөө үед дэлхийн хэмжээнд монгол  хүний оюуны ур ухааныг таниулахаар хичээн зүтгэж, шаргуу хөдөлмөрлөж яваа ШУТИС-ын Механик Тээврийн Сургуулийн багш Санияз Манастай ярилцлаа. 

 

 

- Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе

- Сайн баярлалаа.

- Энэ жилийн иновацийн шилдэгт ямар бүтээлүүдээрээ оролцож байгаа вэ?

- Бид энэ удаагийн иновацийн шилдэг бүтээлд дэлхийн хамгийн  анхны нисгэгчгүй ачааны онгоц, судалгааны зориулалттай нисэх аппарат, алсын удирдлагатай агаарын камер гэсэн гурван төрлийн бүтээлээр оролцож байгаа.

- Дэлхийд хамгийн анхны нисгэгчгүй ачааны онгоц Монголд хийсэн  гэсэн үг үү.  Онгоцныхоо талаар танилцуулахгүй юу?

- Тийм. Дэлхийд хамгийн анхны гэж хэлж болох нисгэгчгүй ачааны онгоцыг бид зохион бүтээсэн. Одоогоор туршилтын шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл онгоцыг хүн жолоодох хэрэггүй. Онгоц өөрөө ачаагаа тээвэрлээд явдаг зориулалттай зохион бүтээсэн байгаа. Хэдэн км нисэх, хаана ачаагаа буулгах зэрэг мэдээллүүдийг онгоцонд автоматаар суулгаснаар онгоцонд хүн сууж жолоодох хэрэггүй гэсэн үг.

- Онгоц хэр их ачааг тээвэрлэх хүчин чадалтай вэ? Яагаад ийм онгоц зохион бүтээхээр болсон бэ?

- Монголын нөхцөлд бид ачааг маш хол замаас машинаар тээвэрлэдэг. Энэ нь маш их цаг алдах, хөрөнгө мөнгөний хувьд ч нилээн алдагдалтай байдаг. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор ачааг хамгийн хурдан хугацаанд, хамгийн хямд аргаар тээвэрлэх онгоцыг бүтээсэн

Онгоц ойролцоогоор 5 метрын урттай. Хүчин чадлын хувьд нэг удаагийн тээвэрлэлтээр 70 кг ачааг тээвэрлэх бөгөөд эхний ээлжинд 100 км-т нисэх зориулалтаар бүтээсэн байгаа. Мөн ойролцоогоор цагт 70 км-ийн хурдтай ниснэ.

- Манай улсын хувьд ачааны онгоц зохион бүтээнэ гэхэд орчин нөхцөл, санхүү мөнгө гэхчлэн хүндрэлтэй зүйлүүд их гарч байгаа байх?

- Тэгэлгүй яахав. Одоогоор бидний энэ онгоц бодит хэмжээг 2 дахин багасгасан хувилбар. Эцсийн шатны үйлдвэрлэлээ Япон Улсад хийхээр болсон байгаа. Бид энэ онгоцыг дэлхийд техник, технологиороо тэргүүлдэг Япон Улсын Нагаоко Технологийн Их Сургуулийн багш нартай хамтран хийж байгаа. Мөн эцсийн шатны үйлдвэрлэлтэд Монголын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн байгаа.

- Дэлхийн энтэй сэтгэж, тэдэнтэй өрсөлдөхүйц техник, технологийн шинэ бүтээлийг зохион бүтээнэ гэдэг чамгүй ур ухаан, авьяас шаардана. Танай багт хэдэн хүн хамтарч ажилладаг вэ. Таны хувьд ямар сургууль төгссөн бэ?

- Энэ онгоц ШУТИС-ын багш, оюутнууд, Нагаоко Технологийн Их Сургуулийн багш нар гээд олон хүний хүч хөдөлмөрөөр зохион бүтээгдсэн.  Миниий хувьд ШУТИС-ийг төгсөөд одоо сургуульдаа багшилж байна. Мөн Украйны Нисэхийн Их сургуулийг докторантаар сурч байгаа. Биднээс маш их хүч хөдөлмөр, ур ухаан шаардсан бүтээл бол энэ онгоц. Гэхдээ бидэнд хийх бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл байхад ямар ч монгол хүн дэлхийн энтэй сэтгэж, улс эх орноо дэлхийн зах зээлд таниулж чадна. Залуу хүний хүсэл мөрөөдөл гэдэг юугаар ч бөхөөшгүй халуун гал цогтой байх ёстой гэж боддог. Тэр үед ямар ч хүндрэл, бэрхшээл, хэцүү зүйл байсан тэр гал халуун хүсэл мөрөөдөл түүнийг унтрааж, даван туулж чаддаг.

- Ярилцсанд баярлалаа

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-10

    онгоц нь где?

    • Зочин
    • 2016-06-20

    sain baina, gehdee delhiin anhniih ch bish baihaa,

arrow icon