Нийтлэл 08 сарын 28, 2015

39 сая доллараар үнэлэгдсэн хөрөг зургийн гунигт түүх

   19-р зууны үеийн Австрийн нөлөө бүхий зураач Густав Климт 1862 онд Венид мэндэлжээ. Густав сийлбэрчин, алтны дархан эцгийнхээ замналаар Венийн урлаг, гар урлалын сургуульд сурсан байна. Өөрийн амьдарч асан цаг үедээ чимэглэх урлагийн мастер гэгддэг байсан бөгөөд 20 насандаа туурвисан уран бүтээлүүд нь түүний авьяас билгийг олонд таниулсан юм.

 Хуучин "Бургтеатрын танхимын зураг", "Үнсэлт" болон олон гайхалтай хөрөг зургууд нь түүнийг алдрын оргилд хүргэсэн. Тэр дундаас эмчийнхээ охины хөргийг зурсан нь олонд их үнэлэгддэг билээ. Энэхүү зураг нь зурагдсанаасаа хойш олон гунигт жилийг өнгөрүүлсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард олон арван жил өмчлөлийн асуудалтай байсан уг зураг эцэст нь нэг юм Лондоны Сотебид дуудлага худалдаагаар 39 сая доллараар үнэлэгдэн зарагдсан байна. Энэхүү бүтээл нь сүүлийн 20 жилд худалдаалагдсан Климтын бүх зургаас хамгийн гайхалтай хөрөг зураг хэмээн тодорхойлогдоод байгаа юм.

 1902 онд Густав Климт эмчийнхээ охины хөргийг зурсан байна. 1903 онд анх үзэсгэлэнд тавигдахад нь нэгэн шүүмжлэгч “хамгийн тансаг мөртэй яруу найраг шиг палитр л үүнийг бүтээж чадна” гэж хэлсэн байдаг.

Зурагт дүрслэгдсэн цагаан, хөнгөн бөс даавуун гоёлтой эмэгтэй болбоос 19 настай Гертруд Лоев юм. Тодруулбал Густав Климтын эмч, Венад сүрлэг харшийнхаа дэргэд хувийн сувилал ажиллуулдаг байсан алдарт эмч Антон Лоевын охин билээ. Тэрээр хөгжмийн зохиолч Густав Мехлер, философич Людвиг Витгенштейн нарыг ч эмчилж байсан байна.

Нацистууд Венад ирэх үед эмчийн гэр бүл АНУ-руу зугтжээ. Гэвч уг зургийг маш олон тооны бусад цуглуулгуудтайгаа хамт байшиндаа орхиод явчихсан байна. Тэднийг явсны дараа эзгүй байшин нь Нацистуудын төв байр болсны сацуу үнэт цуглуулгууд нь тарж алга болсон юм. Дайны дараа Лоев үнэт цуглуулгуудаа сэргээхээр хотдоо буцаж иржээ. Гэвч тэдний хамгийн их итгэл найдвар хүлээлгэж үлдээсэн найз нь Нацистуудын албан шахалтаар цуглуулгуудыг нь хүчээр худалдсан байлаа.  1939 онд Лоев Веныг бүр мөсөн орхихоор АНУ-д амьдардаг хүүдээрээ очихоор шийдсэн байна. Гэвч түүнийг хилээр гаргасангүй. Эцэст нь 1940 онд АНУ түүнд виз олгосон бөгөөд энэ цагаас хойш төрөлх хотдоо ахин хөл тавиагүй юм. Тэрээр 80 нас хүртлээ Колулбад багшаар ажиллаж байгаад өөд болсон гэдэг. 

 

Дайны дараа тус хөргийг Климтын бусад бүтээлүүдтэй нь хамт зураач Мария Укикагын хүү олж авчээ. Тэрээр өөд болохдоо өөрийнхөө цуглуулгуудыг эхнэр Урсуладаа орхисон байна. Харин Урсула ашгийн төлөө бус соёлын төвийг байгуулж Климтын бүтээлүүдээр галерей ажиллуулахын сацуу түүний бүтээлүүдийн судалгааг эхлүүлсэн ажээ. Тухайн үед энэ бүх үйл явцыг Лоевын гэр бүл огтхон ч мэдээгүй байлаа. 

Лоевын ач охин эмээгийнхээ хөрөг зургийг олсноор тэд өмчлөлийн асуудлыг гаргаж ирсэн байна. Тэрээр "Энэ хөрөг эмээгийн минь зоригтой, тогтвортой зан чанарыг нь харуулсан байдаг. Түүний зан чанар, гоо үзэсгэлэнгийн хүч энэхүү харааны биелэлд оршсоор байна" хэмээн хэлсэн байдаг.

Олон жилийн түүхт уг зургийг хэн өмчлөх нь тодорхойгүй олон жилийг үдсэн. Харин хоёр тал зургийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргаснаар энэ асуудал шийдэгдэж, үнэт бүтээл байх ёстой газраа хүрээ биз ээ.  

Сэтгэгдэл бичих

arrow icon