Нийтлэл 12 сарын 01, 2015

Жижигхэн гишүүдтэй том намууд

Монголд жижигхэн жижигхэн юмсыг моодонд оруулмаар санагдаад байдаг юм. Тэдэн тонн нүүрс, эдэн тэрбум долларын ДНБ-г хааяа нэг хойш нь тавьж,  “жижигхэн” уурхайчин залуу, “жижигхэн” сүүн  бүтээгдэхүүн гэх мэтийг сэдэв болгоно гэсэн үг.  Саяхан нэг шог жишээ хараад том том нам, төрийн бодлого,Үндсэн хуулийн өөрчлөлтийн хажуугаар “жижигхэн” гишүүн, гишүүнчлэл  ярьмаар болов. 

Намын гишүүнчлэл гэдэг бие хүний бахархал, стандарт, нийгмийн статус байсан онцлог бүр нохойн замаар оржээ. Саяхан МАН-ын хариуцлагатай албан тушаал бүхий хүний ороцолдсон хэрэг, олон нийтийн сүлжээгээр бичсэн зүйлийг үзвэл том намууд гишүүддээ, хүндээ хандсан дотоод бодлогогүй байхад хууль, системийг хэчнээн өөрчлөөд нэмэргүй мэт сэтгэгдэл төрнө.  Жирийн нэг намын гишүүн ч биш, хамгийн олон жилийн түүхтэй МАН-ын удирдах зөвлөл,  төр улсыг удирдана хэмээн УИХ-ын сонгуульд оролцож байсан, цаашид ч оролцох магадлалтай улстөрчийн өөрийн олон нийтийн хуудсанд оруулсан доорх тэмдэглэлийг үзвэл мөнгө төлбөр, шүүх зарга, эрх үүрэг гэхээсээ хувь хүний ёс зүйн мэдрэмж, хэм хэмжээ үнэхээр шалан дээр унажээ.

Хувь хүн, хувийн амьдралд халдах нь том намын удирдах ажилтны хувьд ч, хүний хувьд ч зохисгүй гэдгийг дотнын найз нөхөд, нэг намын нөхдөөс сануулах, устгуулахгүй байхыг харвал өчнөөн гоё уриа, эрхэмлэх зүйлс жагсаасан МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйл гэдэг нь  цаасан дээр бичсэн хоосон лоозон.  Олон нийтийн сүлжээгээр нэг удирдах төлөөлөл нь ийм бүдүүлэг загнах нь эргэн тойрныхонд нь энгийн үзэгдэл, М.Энхболд, Ж.Мөнхбат нарт ч толгойг нь илээд тоохгүй өнгөрөөх байдаг л нэг явдал болсон. Уншигчдын заримд нь ингээд бичээд сүртэй юм бэ, байдаг л нэг хэрүүл гэж бодогдож таарна. Тэр ч бас таны хувьд намын гишүүн гэж хэн ч биш болсны шинж. Гэхдээ намын гишүүн ийм болсон нь  ойрын арав, хорин жилийн л “амжилт” билээ.

Намын дээр хөх тэнгэрээс өөр юмгүй байсан цаг ул болжээ. Нэгэн цагт нам төрийн дээр, хүний дээр оршдог байв.  Нам бүхэлдээ Монголын төр, үзэл санаа, баримтлах суртал, амьдрах хүрээ болж асан тийм цаг үеийн алдаа оноог дэнслэх ажил орхигдож ирснээс үнэ цэнэтэй өв үнэлэмжүүд ч хаягдаж гээгдэв.  Зангидсан гар шиг нэгдмэл нам үгүй болж, таван толгой үзээд таван тийш тарж хэрэлдэх болов. Хөгжлийн бодлого, нэн ялангуяа урт хугацааны тулхтай бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх стратегигүй болж, институцийн гэхээсээ хувь хүний үзэмж, эрх ашгийн дор савладаг наманцаруудын дунд  төрийн залгамж халаа алдагдах болов. Нэг төрийн албыг 5 жилийн дотор 6 хүн солигдож хаших жишээтэй тасалдал наад захын жишээ.  Нам яагаад ингэтэл доройтов?  Гишүүд нь доройтсон болохоор, гишүүддээ тавих шаардлага, үнэлэмж нь доройтсон болохоор тэр бус уу?!

МАХН-ын хуучны гишүүд, ахмадуудтай ярилцах завшаан гарвал намын гишүүн гэдэг хэн байсан талаар дурсамжаас нь асууж сонирхож үзээрэй. Соц үед нам гишүүдээ атгадаг байсан тусмаа доторх зөрчил, албан тушаалын коррупц гүнзгийрмэгц хувийн эрх ашгийн үүднээс шийтгэл оноож хүний эрх зөрчих явдал ч гардаг байсныг зарим алдартай хэргүүд нотолдог. Гэхдээ жирийн гишүүдийн хувьд намын гишүүнчлэл гэдэг шашингүйжсэн Монголын хувьд ёс зүйн стандартын үүрэг гүйцэтгэж байв.  Намаас хөөгдөнө гэдэг гутамшиг, хөөгдсөн зарим нь гутарсандаа амиа хорлохоос наахнуур юм болдог байж. Сэхээтэн хүн эхнэрээсээ салж өөр хүнтэй суувал цалингийн ихэнхийг хүүхдүүдийнх нь тэтгэлэгт өгч, намын хурлаар донгодоно. Цалингаасаа илүү намын хурлаар донгодуулна гэдэг том шийтгэл байв. Одоо бол намын гишүүн нь даргыхаа авгайг аваад суусан ч хэн ч гайхахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Намын батлах хаяад бараг  хоолноос гарч ухаан санаа нь орон гаран 7 хоног, олоод баярласандаа 7 хоног ногоортол уусан гэх дурсамж ч сонсов. Батлахаа хаячихаар хөөгдөх шахуу арга хэмжээ авахуулдаг байж. 1945 оны дайнаар батлахаа ширэн уутанд хийгээд, сахиус шиг хүзүүнээсээ зүүгээд явдаг, нэг удаа бүслэлтэд орохдоо батлахаа жижиг тасдаад, зажилж шороонд булсан сонирхолтой түүх ч олж дуулав. Одоо бол батлахыг ломбард ч тоож үзэхгүй. Ихэнх ахмад одоо намын гишүүнчлэл, гишүүний үнэ хүнд гэж байхгүйтэй адил шахуу болсон гэлцэнэ.

Хуучин шиг нам хүнээс дээгүүр шашин мэт  орших нь хэтрүүлэг ч гишүүн ба гишүүн бусын хооронд ёс зүй, ухамсрын ямар нэг шугам, шалгуур байхгүй болсон нь нам гэдэг хөгжлийн бодлого зангидах институц биш улстөрийн амбицтай, боловсрол, суртахууны хувьд болсон болоогүй түүхий нарын бөөгнөрөл болж хувирсны гол шалтгааны нэг. Тэр дундаа төдий зэргийн үүх түүхтэй, чанд шалгууртай байсан намаас тасарсан МАН хэрхэн өөрчлөгдсөн нь улстөр судлаачдын хувьд намын хөгжил, сэтгэлгээ, хандлагатай холбогдох сонирхолтой л судалгааны сэдэв.

Судалгаанаас өмнөө, ер нь ч тэрбум тэрбумын авилгын  хэрэгт нэрээ холбож байсан толгой шад холбогч нарийн бичигтэй, хүүхдийн эрхийг хөлдөө гишгисэн өвлийн уралдаанаа өөгшүүлэн манлайлагч даргатай байхад нэг бодлын аргагүй. МАН болон бусад нам нэн түрүүнд бие хүний хувьд гишүүд нь эмээж хүндлэхээр ноён нуруутай, гишүүнчлэлийн чанд бодлоготой, алсын хараатай удирдагчтай болж байж гишүүдийх нь ухамсар, намын бодлого, цаашлаад тэднээс бүрдсэн төрийн институцийн чадамж сайжрах болов уу. Намууд өөрсдийн толгой дээрх тэмээг харахгүй Төр, Үндсэн хууль зэрэг системийн толгой дээрх өвс харахаа больж, дотроосоо, өвсний үндэснээс дорвитой шинэчлэл хийх цаг болсон. "Сайн албаттай бол муу хуультай ч улс хөгжинө, муу албаттай бол сайн хуультай байгаад ч нэмэргүй” гэдэг дээ.

Сэтгэгдэл бичих

    • Sod
    • 2015-12-02

    'Баярлалаа гэж дахин хэлье дээ, жижигхэээн намын хурган даргын хамтран амьдрагч танд!!!!' ха, ха, ха. Болушкаа эгээ юунд бухимдаав кккк. Нэг хамтран амьдрагч хүүхэн үүнд аймаар гомдоод хариу өгөхөөр шийдэж дээ. жижигхэээн гээд хэлчиж үүү ккккк. Амарсанаа агаа шулуухан үнэнийг л хэлж дээ.

    • Ha ha
    • 2015-12-02

    kkkkk h aha

    • Уянга
    • 2015-12-01

    Хэн юугаа бичнэ үү? энэ чинь дэх засаглал хэвлэлийн эрх чөлөө биздээ? харин АН-ын яамныхаа өрөөнд сельфиддэг сайдын тухайд та ямар бодолтой байгаагаа хуваалцаач. Миний бодлоор сайд хүн арай ч тийм ёс суртахуунгүй, хүмүүжилгүй, бүдүүлэг байж болохгүй юм шиг ээ. Ард түмнийхээ төлөө салбараа өөд нь татаачээ гэж сайдын суудал өгсөн байлгүй дээ, АН-ын удирдлага нь. Тэгсэн хүүхнүүд шиг хүслээ биелүүлж брэндийн цүнх авахуулсан аятай, гайхуулж ирээд өрөөндөө сельфи хийж байх жишээтэй. Үгүй ээ зүгээр, ажлаа хийж байгаад зураг даруулсан бас нэг өөр. Тэр өмссөн зүүсэн, пооз энэ тэр бол нэг л их айлгүй хүүхэн аятай. Хэнд сайхан харагдах гэж хэнд өөрийгөө рекламдах гэж?

arrow icon