Нийтлэл 02 сарын 05, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.02.01-ний өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургадугаар сарын 29-ны өдөр байхаар товлолоо. Мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 17- 19-ний өдөр авахаар УИХ-аас шийдвэрлэжээ.

2015 оны сүүлийн улиралд АНУ-ын эдийн засаг 0.7 хувиар тэлсэн байна. Олон улсын зах зээлийн эрэлт суларснаар АНУ-ын экспорт буурч, бизнес эрхлэгчид зардлаа танасан аж.

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа пүрэв гарагт 37 хувиар унаж, 3 хонгконг цент боллоо. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 38 сая ам.доллар болж буурсан байна. Сүүлийн байдлаар тус корпорацийн хувьцааг арилжих хэмжээ өдрийн 400 сая хувьцаанд хүрч, корпораци биржид бүртгүүлснээс хойш дээд хэмжээнд хүрлээ.

БНХАУ-ын гангийн эрэлт хурдацтай буурснаар боловсруулах үйлдвэрүүдийн алдагдал өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн онд "БНХАУ-ын Төмөр гангийн холбоо"-ны дунд, том үйлдвэрүүд 64 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани 2015 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон улирлын тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн бэлэн мөнгөний нөөц 8.6 сая австрали доллар болсон байна. Мөн өнгөрсөн улиралд тус компани 8.8 сая австрали долларын хөрөнгө оруулалтыг нэмэлт хувьцааны арилжаанаас татан төвлөрүүлжээ. Тодруулбал 70.6 сая энгийн хувьцаагаа 0.125 ам.доллараар худалдсан байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon