Нийтлэл 05 сарын 13, 2016

Хүний эрхийг хамгаалсан хууль батлах гэхээр дарга нар эсэргүүцээд байж болохгүй: Б.Хурцын захидлын тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад хүний эрх хамгаалагдах, шударга ёс тогтоход маш чухал алхам болно, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хамаагүй сайн эрүүгийн прецесстэй болно. Энэ төсөлтэй нэг сарын өмнө уншиж танилцаад ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд судлаачийн хувьд төслийг илүү сайжруулах 9 төрлийн санал гаргаж УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд бичгээр явуулсан.

Дур зоргыг хязгаарласан, хүний эрхийг хамгаалсан хууль батлагдах гэхээр энэ эрхийг зөрчдөг байсан практикт дассан дарга нар л эсэргүүцээд унах юм. Жишээ нь, энэ Б.Хурц нарын захидал. Үндсэн хуулиар баталгаажсан "шударга шүүхээр шүүлгэх эрх"-ийг хангахын тулд нууц мөрдөн шалгах ажиллагаа (гүйцэтгэх ажил) явуулах зөвшөөрлийг шүүх өгдөг байх, энэ ажиллагааг ч хараат бус, төвч, шударга ШҮҮХ-ийн хяналтад заавал байх ёстой, үгүй бол хүний эрхийн баталгаа энэ хүрээнд одоогийнх шигээ хэрэгжихгүй. Ардчилсан улсуудад шүүх зөвшөөрөхгүй бол нууц мөрдөн шалгахыг хориглодог. Учир нь, шүүх бол хараат бус, хөндлөнгийн байр суурьнаас хүний хувийн халдашгүй эрхийг хязгаарлах хангалттай үндэслэл байна уу гэдгийг хянаж зөвшөөрлөө олгодог. Прокурорын зорилго уг нь яллах бус шударга ёсыг тогтоолгох боловч бодит байдал дээр прокурор илүү яллах талаас хардаг учраас төвийг сахиж асуудалд хандах магадлал бага байдаг. Тиймээс, гэмт хэрэг илрүүлэх явцад нууц мөрдөн шалгах, хүнийг баривчлах, олон нийтийн сүлжээнд нэвтрэх зэрэг ажиллагааг шүүхээр шийдүүлэх нь хүний эрхийг хамгаалах олон улсын стандарт болж тогтсон. Ардчилсан Монгол улсад өөрсдийн ажлаа шүүхийн хяналтад оруулахыг эсэргүүцэх эрх АТГ, Цагдаа, Тагнуулд байхгүй ээ.

 

Б.Хурцын захидлын тухай фэйсбүүк пост, 2016.05.13

Сэтгэгдэл бичих

arrow icon