Нийтлэл 07 сарын 04, 2017

'ЦАГААН СОНГОЛТ' Б.Мөнхдөл: 1-р шатанд 50+1 хувийн санал авч чадаагүй хариуцлагаа намууд өөрсдөө л үүрэх ёстой

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дахин болж байгаатай холбоотойгоор намуудаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байгаа иргэд цөөнгүй байна. Сонгуулийн саналын хуудсыг бөглөхгүй хоосон өгөх эрх иргэдэд байгааг “Цагаан сонголт” хөдөлгөөнөөс сонгогчдод сурталчилан таниулж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа билээ. “Цагаан сонголт” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхдөлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд “Цагаан Сонголт” хөдөлгөөний талаар иргэд, сонгогчдод  мэдээлэл өгөхгүй юу?

Иргэд, сонгогчид энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улмаар “Цагаан Сонголт” хөдөлгөөнийг эхлүүлээд байна. “Цагаан Сонголт” хөдөлгөөн нь анхан шатны санал хураалтад 18663 сонгогч “Хэнийг ч дэмжээгүй” буюу нийтэд түгсэнээр “цагаан сонголт” хийсэн иргэдийн дундаас үүссэн хараат бус, ашгийн бус, аливаа байгууллага, улс төрийн хүчнээс хамааралгүй иргэдийн нэгдэл.

“Цагаан сонголт”-ын талаар иргэд, сонгогчдод яагаад уриалах болов? Зорилго, ач холбогдол нь юундаа байна вэ?

Бидний гол зорилго бол хоёр сая гаруй сонгогч маань сонгуульдаа оролцохдоо өөрийнхөө бүх эрхээ мэдсэний үндсэн дээр сонгуулиа өгөхийг юуны түрүүнд уриалж байгаа. Бүх эрхээ гэдэг бол аль нэг нэр дэвшигчийг сонгохоос гадна мөн алийг нь ч сонгохгүй байх эрх бас байгааг сонгогчид төдийлөн сайн мэдэхгүй байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр би өөрийнхөө туршлага дээрээ үндэслээд хэлж байна л даа. Зургаадугаар сарын 26-аас долоо хоногийн өмнө цагаан сонголт хийх, аль нэг нэр дэвшигчийг сонгохгүй байх, тэгсэн мөртлөө сонгуульдаа идэвхтэй оролцох эрх байгааг би өөрөө мэдээд ойлгосон л доо. Тэгэхээр яг над шиг адилхан аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байх эрх бүх сонгогчдод байгаа гэдгийг иргэд, сонгогчид сайн мэдэхгүй байгаа байх. Тийм учраас “Цагаан Сонголт” хөдөлгөөн бол сонгогчийг бүх эрхээ мэдсэний үндсэн дээр сонголтоо хийхийг уриалж байгаа юм. Мөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна. Аль ч нэр дэвшигчийг сонгохгүй байхыг “Цагаан сонголт” гэж нэрлэж байгаа.

Сонгуулийн тухай хуульд "Хэнийг ч дэмжихгүй" гэсэн сонголтыг баталгаажуулсан зүйл, заалт байдаг. Сонгуулийн тухай хуулийн 97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байгаа юм. Цагаан хуудас өгөх нь “Сонгох нэр дэвшигч алга” гэдгээ тайван замаар илэрхийлэх нэг хэлбэр. Харамсалтай нь энэхүү хуулиар олгогдсон эрхийг иргэд сонгогчид таньж ойлгоогүй, СЕХ хуулийнхаа дагуу саналын хуудаст уг сонголтыг огт оруулаагүй учраас “Цагаан Сонголт” хөдөлгөөний зүгээс сонгогчдод энэхүү эрхийг нь таниулах ажлыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

- Зарим иргэд, олон нийтийн зүгээс “Цагаан Сонголт” хөдөлгөөнийг зохион байгуулалттай, захиалгатай, ард нь хэн нэгэн улс төрийн хүчин байна гэж хардаж байгаа нь нууц биш. Хоёр дахь шатны санал хураалтаас хасагдсан МАХН-ын нэр дэвшигч “Цагаан хуудсыг сонго” гэж уриалснаар цагаан сонголт намуудын тохиролцоо гэсэн яриа ч нийгэмд чих дэлссэн. Бас “цагаан сонголт”-ын талаар намуудын зүгээс янз бүрийн тайлбар хийж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Дээр дурьдсанчлан бид “цагаан сонголт” хийсэн иргэдийн дундаас үүссэн хараат бус, ашгийн бус, аливаа байгууллага, ямар нэгэн улс төрийн хүчнээс хамааралгүй иргэдийн нэгдэл. Бид нийгэмд талцал тэмцэл, үймээн самуун, хүчирхийллийг сурталчилаагүй, харин сонгогчдын бие даан сонгох эрхийг хүндэтгэж хууль ёсны дагуу, тайван замаар, ёс суртахуунтай, үндэслэл нотолгоотойгоор үзэл бодлоо илэрхийлж буйгаараа энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудад үлгэр үзүүлэх зорилготой. Аливаа ардчилал төлөвшсөн улс орнуудад иргэдийн идэвх, эсэргүүцэл байгаагийн сайн дохио бол цагаан сонголт гэгддэг. Гэтэл ардчилсан Монгол Улсад иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө олон талын хардлага сэрдлэгэд өртөж, хараат бус иргэдийн хөдөлгөөнийг өөрсдөө санаачилсан мэт харагдуулах, улс төрийн зорилгодоо ашиглах явдал нэр дэвшигчдийн зүгээс гарч байгаад бид ихэд санаа зовнихийн дээр, харамсаж хүлээн авч байна. МАХН-ын нэр дэвшигчийн хувьд өөрийг нь оролцуулаад бүх нэр дэвшигчдийг дэмжээгүй цагаан санал өгсөн сонгогчдын иргэний ухамсар, эр зоригийг өөрийн нэр хүндэд наах, улс төрийн богино зайн тоглолтдоо ашиглахгүй байхыг хүсье.

МАХН-ын нэр дэвшигчийн зүгээс гаргасан уриалгыг манай хөдөлгөөнөөс тусдаа ойлгох хэрэгтэй. Ямар зорилгоор ийм уриалга гаргасныг мэдэхгүй юм. Магадгүй дахин сонгуулийг хүсч байгааг ч үгүйсгэхгүй.

Бид бол сайн дурын хөдөлгөөн. Үүнийг иргэд, сонгогчид маань ойлгох хэрэгтэй. “Цагаан Сонголт” хөдөлгөөний зүгээс саналын хуудсыг хоосон уншуулах боломжтойг сонгогчдод таниулмагц намуудын зүгээс янз бүрийн тайлбар хийж байна. Улс төрийн намууд ер нь цагаан сонголтын талаар өөрт ашигтай хувилбараар мэдэгдэл хийж, сонгогчдыг төөрөлдүүлэн, сонгох эрхийг нь зөрчиж байна.

- “Цагаан сонголт”-ын талаар дэлхий нийтийн жишиг ямар байдаг вэ? Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

“Цагаан сонголт” гэдэг бол 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон ойлголт юм. Урьд урьдны сонгуулиар цагаан хуудас уншуулах нь тоологддог байсан боловч энэ нь хүчингүй саналд тоологддог байсан. Харин 2015 онд батлагдсан уг хуулинд хүчинтэй санал гэж тооцогдож, тооллогонд нөлөөлдөг болсон. Ийм сонголт Монголд шинээр бий болсон гэж ойлгож болно. Энэ бол ганцхан Монгол Улсад байгаа хуулийн зохицуулалт биш. АНУ, Франц, Пакистан, Бангладеш зэрэг дэлхийн 10 гаруй улсад ийм хууль хэрэгждэг. Аль нь ч биш буюу “цагаан сонголт” хийх эрхтэй улс орнуудад ямар жишиг барьдаг вэ гэхээр, сонгуулийн саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн нэр байхаас гадна аль нь ч биш гэсэн дугуйлж болдог сонголтыг оруулсан байдаг. Тухайн сонгогч саналаа өгөхдөө алийг нь ч сонгохгүй байх эрхээ мэдэхгүй байсан ч гэсэн саналын хуудсаа аваад аль нь ч биш гэсэн сонголтыг хараад надад ийм эрх байгаа юм байна гээд шууд ойлгох жишээний байдаг. Гэхдээ иргэд, сонгогчид сонгуульдаа оролцохоос аль болох өмнө цагаан сонголт буюу аль нь ч биш гэдэг сонголт хийх эрхээ мэдэх хэрэгтэй.

Түүнчлэн АНУ-д гэхэд зарим мужуудад сонгуулийн хуудсан дээр нь аль нэг хүний нэрийг нэмж бичих хувилбар хүртэл байдаг. Мөн өнгөрсөн Францын сонгуулиар нийт сонгогчдын дөрвөн хувь нь “цагаан сонголт” буюу аль нь ч биш гэсэн сонголтыг хийсэн байдаг.

Сонгогчид маань өнгөрсөн 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд “цагаан сонголт”- ыг хийх эрх нь байсан боловч сонгогчид эрхээ сайн ойлгож мэдээгүйн улмаас энэ сонголтоо хийж чадаагүй гэж харж байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хуулинд орсон шинэ зүйл, заалтыг иргэдэд сурталчилан таниулах ажлаа СЕХ маш муу хийсэн гэж дүгнэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд СЕХ нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж байх ёстой. Гэтэл яагаад сонгогчдын ихэнх нь “цагаан сонголт”-ын талаар мэдэхгүй байгаа юм бэ гэдэг дээр манай хөдөлгөөний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. СЕХ-ны хийх ёстой ажлыг бид нар өмнөөс нь сонгогчдын боловсролын асуудалд анхаарал тавьж, хоёр  сая гаруй сонгогч бүр аль нэг нэр дэвшигчийг сонгохоос гадна алийг нь ч дэмжихгүй байх буюу “цагаан сонголт” хийх эрхээ мэдсэний үндсэн дээр сонгуульдаа маш идэвхитэй оролцохыг л “Цагаан Сонголт” хөдөлгөөний зүгээс уриалж байна.

- Танай хөдөлгөөнийг иргэдийн сонголтод нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого гэж нийгмийн сүлжээгээр болон зарим намуудын төлөөлөл үзэж байна. “Цагаан Сонголт” хийх нь сонгогч, иргэдийн хуулиар баталгаажсан эрх мөн боловч цагаан сонголт нэмэгдэх тусам дахин сонгууль болох магадлал ихэснэ. Ийм нөхцөл байдал үүсвэл яах вэ?

Сүүлийн үед иргэдийн дунд сонгогчийн эрхийн асуудлаар буруу ташаа мэдээлэл түгээж, ойлголтын зөрүү газар авч байна. Санал дугуйлаагүй хоосон цагаан хуудас бол сонгуулийг гацаах, хууль бус ажиллагаа биш, Сонгуулийн тухай хуульд туссан улс төрийн соёл, хууль ёсны эрх юм. Бид иргэдийг аль нэг нэр дэвшигчийг дэмжиж байсан бол болиод “Цагаан сонголт”-ыг хий гэж тулгаагүй, саналаа өгөхдөө энэ эрхийг мэдсэний үндсэн дээр оролцоорой гэж уриалж байгаа юм. Нөгөөтээгүүр бид сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглаагүй, хэрэв аль ч нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулж чадаагүй бол хуулийн дагуу дахин сонгуулийг зохион байгуулах ёстой. Бидний гол зорилго дахин сонгууль биш. “Цагаан сонголт” хөдөлгөөн иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг цаг үргэлж уриалж байгаа бөгөөд гагцхүү хэнийг ч сонгохгүй байх нь хууль ёсны эрх гэдгийг дахин сануулж байна. Сонголтгүй иргэдэд одоо ямар боломж байна вэ гэвэл дахин санал хураалтдаа идэвхтэй оролцож дахин цагаан хуудас уншуулах явдал юм. Хэрэв нэр дэвшигчдийн аль нь ч дахин олонхийн санал (50%+1)  авч чадахгүй бол намууд дахин шинэ дэвшигчид тодруулах учиртай.

- Долдугаар сарын 7-нд болох дахин санал хураалтад улсын төсвөөс 7.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа. “Цагаан Сонголт”-ын үр дүнд дахин сонгууль зохион явуулхаар болвол улсын төсвөөс дахин их хэмжээний зардал гарна. Энэ талаар бодож үзсэн үү?

Төсвөөс маш их хэмжээний үргүй зардал гарна гэдэг хариуцлагыг цагаан сонголт хийсэн сонгогчдод тохох гээд байгаа оролдлого явагдаад байна л даа. Иргэн хүн яагаад үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлснийхээ төлөө ийм том хариуцлага үүрэх ёстой юм бэ. Аль нэг нэр дэвшигчийг сонгохтой яг адилхан хуулиар олгогдсон эрх. Эрхээ эдэлснийхээ төлөө төсвийн зардлын хариуцлагыг яагаад энэ цагаан сонгогчдод тохоод байгааг ойлгохгүй байна. Ийм явуулга хийж байгаа хүмүүс буруу ташаа мэдэгдэл хийж байна гэж хэлэхийг хүсч байна. Иргэд сонгуульд идэвхгүй оролцож байгаагийн болон дахин сонгууль болж болох тэрхүү хариуцлагыг бид биш иргэдийн идэвхтэй оролцох боломжийг хангах ёстой улс төрийн хүчин, төр өөрөө хариуцах ёстой. Дахин сонгууль зохион байгуулж, улсын төсвөөс дахин зардал гаргаж байгаа нөхцөл байдлыг цагаан сонгогчдод тохож, улс төрийн намууд бурууг өөрсдөөсөө холдуулж байгаад харамсаж байна. Ардчилсан нийгэмд хүн бүр сонголтоо хийх эрх чөлөөтэй. Тэрхүү эрх чөлөөг нь  төрийн зүгээс хангах үүрэгтэй. Төр, Засгийн газар, СЕХ бол иргэдийнхээ хүслийг буюу сонгуулийн үр дүнг хүндэтгэх ёстой.

- Улс төрийн намууд олонхийн (50%+1) санал авч чадаагүй нь улс төрийн намууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний эв нэгдлийг хангахуйц, дэлхий дахинд Монгол Улсыг төлөөлж чадахуйуц, боловсрол мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлж чадаагүй нь харагдаж байна л даа. Энд бас улс төрийн байгууллагын хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Сонгууль бол нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байдаг. Ялагдсан нам бол ялагдсаныхаа хариуцлагыг нам өөрөө л хүлээдэг. Үүнтэй яг адилхан энэ сонгуулиар нэгдүгээр шатанд олонхийн (50%+1)  санал авч чадаагүй хариуцлагыг намууд өөрсдөө л үүрэх ёстой. Долдугаар сарын 7-нд болох хоёр дахь шатны санал хураалтаар хэрвээ аль нэг нэр дэвшигч нь олонхийн (50%+1)  санал авч чадахгүй бол энэ хариуцлагыг ч гэсэн намууд өөрсдөө хүлээх хэрэгтэй. Энэ бол улс төрийн том соёл.

- Та дээр дурьдахдаа 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогчид алийг нь ч дэмжихгүй байх буюу цагаан сонголтын тухай ойлголт бий болсон гэж хэлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэчилсэн хуулийнхаа хүрээнд дагаж мөрдөн явуулж байна. Гэтэл 2020 оны сонгуулийн өмнө УИХ-аас Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулвал яах вэ? “Цагаан сонголт”-ын тухай зүйл, заалт хасагдвал?

Засгийн эрхийг барьсан улс төрийн хүчин болгон яг сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулдаг нь зохимжгүй үйлдэл л дээ. Сонгуулийн тухай хуулинд хэрвээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарвал эртнээс мэдээлэн, иргэд сонгогчдын дунд хэлэлцүүлэг зохион явуулж, хуулийн ямар зүйл, заалт дээр  өөрчлөлт оруулах тухайгаа нээлттэй байдлаар хэлэлцэх хэрэгтэй.

-  Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад хэд орчим хүн “цагаан сонголт” хийнэ гэж та таамаглаж байгаа вэ?

Хоёр дахь шатны санал хураалтаар ямар ч байсан 18663-аас олон сонгогч “цагаан сонголт” хийх байх гэж таамаглаж байгаа.

                                                                                                                            Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

arrow icon