Нийтлэл 08 сарын 17, 2017

Үндсэн хуулийн өөрчлөлт ба хувь хүний нууцлал

АНУ-ын Үндсэн хуулийн хамгийн чухал хоёр өөрчлөлтийн нэг нь 4-р өөрчлөлт буюу (Fourth Amendment) тухайн иргэнийг тодорхой сэжиглэх үндэслэлгүйгээр төр засгийн зүгээс тагнаж чагнах эрхийг хязгаарласан нөгөө нь Үндсэн хуулийн 1-р өөрчлөлт (First Amendment) буюу хувь хүн үзэл бодлоо чөлөөтэйгээр илэрхийлэх эрхийг баталгаажуулж өгсөн өөрчлөлт юи. Үндсэн хуулийн энэхүү 4 дэхь өөрчлөлт АНУ-д төр засгийнх бүх үйл ажиллагаанд нөлөөлсөн байдаг бөгөөд гудамжаар явж байгаа замын болон эрүүгийн цагдаа тухайн иргэнийг ямар нэгэн зөрчил гаргаагүй л бол зогсоож шалгах тохиолдол тун цөөн. Хэрэв зам дээр машин бариад ямар нэгэн зөрчилгүй явж байхад замын цагдаа зогсоож шалгавал тухайн иргэн цагдааг өөрт нь Үндсэн хуулийн 4 дэхь өөрчлөлтөөр олгосон эрхийг зөрчсөн буюу өөрийг нь үндэслэлгүйгээр тагнаж цагдсан шалтгаанаар шүүхэд өгөх эрхтэй.

Хоёр жилийн өмнө мандсан Снөүдэний хэрэг гэгч дуулиан mass electronic surveillance буюу АНУ үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор өөрсдийн иргэдийн электрон харилцаа холбоог “бөөн”-дөж чагнаж буйг илрүүлсэн юм. Уг асуудлаар удаан хугацаанд Америкийн нийгэм маргалдсаны эцэст 2015 оны 5 сард Холбооны шүүх энэхүү дотоодын иргэдээ тагнах үйл ажиллагаа нь хууль бус хэмээн шийдвэрлэв.

АНУ-д хууль хүчний байгууллага дараах схемийн дагуу гэмт хэргийн нотлох баримт бүрдүүлдэг. 

 

Үүнийг махчилан орчуулбал:

Mere suspicion: Сэжиг төдий

Reasonable suspicion: Үндэслэлтэй сэжиг

Probable cause: Магадлалтай

Preponderance of the Evidence: Үндэслэх баримттай

Clear and convincing evidence: Тодорхой бөгөөд үнэмшилтэй нотлох баримттай

Beyond a reasonable doubt: Эргэлзэх зүйлгүй

Иргэн Болд тухайн гэмт хэргийг үйлдсэн байх магадлал 0-5% байгаа нөхцөлд сэжиг төдий (mere suspicion) бол нотлох баримтаар батлагдаж гэмт хэрэг хийсэн нь хөдөлшгүй үнэн болсон нөхцөлд Эргэлзэх зүйлгүй (Beyond a reasonable doubt) гэж ойлгодог. Харин хууль хүчний байгууллага иргэн Болдыг гэмт хэрэгт сэжиглэж буй нөхцөлд дор хаяж Болд тухайн хэргийг үйлдсэн байх магадлал 30% буюу Probable Cause байхад шүүхээс тухайн хүнийг тагнаж чагнаж хэргийн эд мөрийн баримт цуглуулах зөвшөөрөл хүсдэг. Иргэн Болдыг чагнаж тагнасны үндсэн дээр мань хүн хэрэг хийсэн нь 51%-ийн магадлалтай болсон нөхцөлд оргон зугтаах эсвэл нийгэмд хохирол учруулах магадлалтай үед баривчлах зөвшөөрөл шүүхээс хүснэ.

Саяхан Wikileaks сайтаар дамжуулан нийтэд дэлгэгдсэн Италийн Hacking Team компаний имэйл харилцааг харж байхад манай хууль хүчний нэлээд олон байгууллага тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авахаар сонирхож байсан бололтой. Үүнд АТГ, ТЕГ-ийн гүйцэтгэх ажиллагаа, ЭЦГ-ийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Шүүхийн Шийдвэр биелүүлэх, Төрийн Тусгай хамгаалалт зэрэг газрууд Hacking Team-ийн Remote Control System-ийг сонирхож иргэдээ тагнаж чагнахаар 2011 оноос хойш оролдож байгаад АТГ л 2016 оны 6 сар хүртэл ашиглалтын лицензийг нь худалдан авсан бололтой. Үүний өмнө Гамма компаний FinFisher хэмээх тагнуулын програм хангамжийг ТЕГ-ийн гүйцэтгэх ажиллагаа худалдаж авсан нь 2014 оны 8 сард илэрч байсан билээ.

 

Hacking Team –ийн Remote Control System -ийг SafeBit компанийхан туршиж үзсэн үр дүн нь “аймаар” ч юм шиг. Өөрөөр хэлбэл энэхүү системийн тусламжтайгаар хувь хүнд нууцлал гэх ямар ч ойлголт байхгүй болж хууль хүчнийхэнд “дэлгэсэн тэрлэг” шиг хамгаа үзүүлэх боломжтой бололтой.

Энэ дуулианыг харж байхад хүмүүс хоёр янзын реакц үзүүлж байх шиг байна. Нэг хэсэг нь АТГ хууль зөрчлөө гэж буй бол нөгөө хэсэг нь авилгачдыг л тагнаж байгаа нь зөв ухааны юм ярьж байх. Миний бодлоор АТГ хууль зөрчөөгүй бөгөөд Авилгын эсрэг хуулийн 18.4.5-д АТГ нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах; эрхтэй хэмээн заажээ. Харин энэхүү тагнаж чагнах ажиллагаа ямар процессийн дагуу явж байгаа, хэн нэгэн даргад таалагдаагүй нөхрийг тагнаж чагнах эрх шууд үүсч байгаа эсэх л бидний санаа зовох зүйл. Нөгөө талын шүүмжлэгчдэд зориулж хэлэхэд ямар ч хувь хүнийг “ухах”-ад замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс эхлээд эхнэрээ араар нь тавих мэтийн бусдаас нуух шаардлагатай “но” гарч ирдэг юм шүү. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалтанг авилгын хэргээр эхлэн тагнаж байгаад сүүлдээ нотлогдохоо баймагц тухайн хүний талаар олж авсан “хувийн нууцлал” бүхий мэдээллүүдээсээ шүүж Диплом хуурамчаар үйлдсэн гэх мэт огт хамааралгүй хэргээр ял өгдөг асуудал бийг санаж явахад илүүдэхгүй биз.

Миний хувьд хуульч биш учир Монгол улсад тагнаж чагнах болон баривчлах эрх ямар нөхцөлд яаж үүсдэгийг мэдэхгүй байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван Зургадугаар зүйлийн 17-д Монгол Улсын Иргэн: төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална; гэж заасан нь тодорхой хэмжээнд хувийн нууцлалыг баталгаажуулж өгсөн бололтой. Харин яг төрийн хардлага сэрдлэгээс иргэн хүнийг хамгаалсан хууль эрхзүйн акт би хайгаад олсонгүй.

Эрхзүйт төрийн доорхи эрх чөлөөт нийгэмд амьдарч буй бол Ж.Орвеллийн 1984 зохиол дээрхи “Big Brother”-аас нуугдаж хэн намайг яах бол гэж амьдрах нь утгагүй юм. Иймийн тулд одоо Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй улстөрчид маань төрийн институциудын харилцааг зохицуулах заалтуудынхаа хажуугаар хэзээ ч Big Brother болоод хувирчихаж магадгүй хууль хүчнийхэнээсээ ард иргэд биднийгээ хамгаалсан зүйл заалт оруулж өгөөсэй гэж хүсэх байна. 

М.Отгонпүрэв

2015 оны долдугаар сарын 30

Сэтгэгдэл бичих

arrow icon