Нийтлэл 12 сарын 07, 2017

САЙН ААВ : Манай аав байхгүй, алга гэдэг үгийг бараг хэрэглэдэггүй

Айл гэрийн хаан, ахуй төрийн багана, ард олны түшиг ачит аавын нөмөр нөөлөг юутай ч зүйрлэшгүй сайхан.  Монгол эр хүн, эцэг хүн үр хүүхдүүддээ хангай шиг түшигтэй, хан уул шиг санагддагсан.

Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа Ц.Хулан найрагчийн сайхан шүлгийг иш татан “ САЙН ААВ” булангийнхаа энэ удаагийн дугаарыг уншигчиддаа хүргэе. Бид энэ удаа  С.Нямжав хэмээх аавыг онцолсон юм. Тэрээр бага байхдаа аавыгаа алдсанаас хойш ижийдээ туслангаа сургуульдаа явж 8-р ангиа дүүргэсэн. Бага балчир байхдаа аавын хайрыг мэдэрч элэг бүтэн өсөөгүй тэрээр үр хүүхдүүддээ элэг бүтэн сайн сайхан амьдруулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчилдаг. Тэднийх гурван хүү нэг охинтой. Охинтойгоо илүү дотно байж болж бүтэхгүй бүхий л асуудалд ноён нуруу нь болж байдаг түүний тухай охин Үржигээс нь тодруулсан юм. Түүний ярианаас Нямжав гуайг үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн, яаж тусалж дэмждэг тухай уншигч та харах биз ээ.

 Аав минь мөнгө төгрөгөөр тийм ч баян хүн биш ч сэтгэлээрээ бол хэнээс илүү  баян хүн. Аав маань материаллаг зүйлээс материаллаг бус эд баялгийг илүүд үздэг тийм л нэгэн. Хэн нэгэн тус гуйвал эрвийх дэрвийхээрээ гар сунгаад тусална, гэрт нь илүү юм байвал илүүчлээд л өгчихдөг.  Байхгүй, алга гэдэг үгийг үгийн мууд тооцож, хэлэх нь битгий хэл бодохыг ч цээрлэдэг. Бидэнд ч тэгж сургадаг. Дандаа сайн сайхан зүйл төсөөлж  байна, байгаа, болно, бүтнэ гэж билэгдэлтэй үг хэлж бай гэдэг.

Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэгчээр аав маань 40 гаруй наслахдаа малчнаас эхлээд түлш түгээгч, хот хоорондын жолооч, том оврын машины жолооч, үл хөдлөх хөрөнгийн газарт менежер, шатрын багш гээд хийж болох ямар л ажил байна тэр бүгдийг л гэр бүлийнхээ төлөө хийсэн. Эр хүн л юм хойно залуу насандаа галуун хошуут амсаж, гаанс зууж л явсан гэвч гэр бүлийнхээ төлөө тэр бүхнээ таягдаж чадсан.

Аав маань биднийг бараг эрхлүүлэхгүй.  Аав минь  би та нарыг эрхлүүлж байна гээд хошуу амаа дэвсээд л сарвайсан бүхнийг чинь авч өгөөд байвал  эрхлүүлж байгаа нэрийдлээр би та нарыг алж байгаа юм. Тийм болохоор эрхлүүлэхгүй байна гэж битгий гомд гэдэг. Энэ л аавын минь хүүхдээ хүмүүжүүлдэг зарчим нь.

 Аав минь бага байхдаа аавыгаа алдаж ээждээ туслахын тулд их сургуульд сурах боломж олдоогүй. Гэвч аав маш их хичээл зүтгэлтэй, тэмүүлэлтэй учир бүгдийг бие даан сурч байсан. Хонь хариулаад хонины бэлчээр дээр байхдаа монгол бичиг  сурч одоо хангалттай уншиж бичнэ. 

Тэвчээртэй хүн юуг ч даваад гарч чаддаг юм гээд хэдэн цагаар нь шатрын хөлгийн ард суулгана. Шатар тогловол ухаан тэлнэ гээд шатар тоглуулна. Гэхдээ манайхнаас хамгийн сайн сууж сурсан нь миний дүү Батхишиг. Дүү маань бид хэдийг бодоход хамаагүй алсыг хардаг, үг дуу цөөнтэй, сэтгэлийн хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байхгүй ч хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь цаанаа л нэг алсыг харсан, бодлоготой. Илүү аавыг дуурайсан. Манай дүү аавын гарын шавь. Манай хоёр аймаг, суманд зохиогддог бүхий л шатрын тэмцээнд оролцдог. Тодорхой амжилт ч үзүүлсэн.

Аав маань шатрыг бас л бие дааж сурсан, ганц дүү нь хотоос аавд шатрын ном явуулна, аав тэрийг хонины захад ч бай, хотын оффист ч бай хаа явсан газраа бор цүнхэндээ хийгээд л аваад явна, зав гарвал нээгээд нэг харчихна, санаа нийлсэн хүнтэйгээ өдөржин шатрын хөлөг ширтээд суучихдаг их л тайван амгалан хүн.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon