Нийтлэл 12 сарын 22, 2017

Хулгайн гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг

Монгол Улсад жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэгээс 30-37 хувийг хулгайн гэмт хэрэг дангаараа эзэлдэг байна. Цагдаагийн байгууллагад хоногт ирсэн нийт гомдол, мэдээллийн 45 хувь нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол байдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь жилд 12 тэрбум орчим төгрөг буюу сард нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайд алдаж байна.

Тухайлбал энэ оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 17 хувиар буурсан. Гэвч эхний 10 сарын байдлаар 26, хувиар өссөн гэж Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Тодруулбал шинээр батлагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэргийн тоо эрс өсчээ. Энэ нь хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсантай холбоотой аж. Тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Энэ нь тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна" гэж заасан байна. Тэгэхээр хулгайч нар 300 мянгаас доош эд зүйл хулгайлаад 7-30 хоног баривчлагдаад өнгөрнө.

Энэ нь гэмт хэрэг бус зөрчлийн дайтай шийтгэж байгаа юм. Гудамжид нус, цэрээ хаях нь зөрчил, олон нийтийн газар тамхи татах нь зөрчил гэж үздэг. Тэгвэл 300 мянган төгрөг дотор хулгай хийх нь энгийн зөрчил мэт хуульд зааж өгснөөр халаасны хулгайчдыг улам өөгшүүлэх үндэс болж байна.

Түүнчлэн хувийн өмчийн хулгай 27 хувиар өссөн, малын хулгай 11 хувиар өссөн, тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан, халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Халаасны хулгайн гэмт хэрэг нь 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өссөн байна. Тэгэхээр 300 мянган төгрөгөөс доош хохирол учруулсан тохиолдол дээрх тоон мэдээлэлд ороогүй. Хулгайн гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг.  

Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул зэрэг дүүргээр машинтай явж 40 гаруй айл ухсан дөрвөн этгээдийг баривчилж, 18-25 насны дээрх дөрвөн этгээдийг одоогоор шалгаж байна. Мөн гэр бүлээрээ 100 гаруй айл ухсан этгээдүүдийг илрүүлсэн. Хулгайлсан эд зүйлээ эхнэрийнхээ нэр дээр ломбардад тавьсан нь тогтоогдсон хэргийг нарийвчлан шалгаж байна. Энэ мэт том жижиг хулгайн хэргүүд баяр наадмын үед дөхсөн эдгээр өдрүүдэд улам нэмэгддэг гэдгийг албаныхан хэлж байлаа. Хүн ихээр цугладаг томоохон худалдааны төвүүдэд шалгалт явуулахад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй 40-45 орчим насны бүлэг эмэгтэй хулгайч нарыг илрүүлэн баривчилжээ. Шалгалтын явцад тэд 30-40 минутын хооронд Хархорин худалдааны төв дотор 6 иргэний цүнх болон халааснаас эд зүйлс хулгайлдаг гэдгийг тогтоосон.  Энэ мэт хулгайлсан эд зүйлээ ломбард болон хувь хүнд дамнан зардаг тохиолдол сүүлийн жилүүдэд илүү нэмэгдэх болжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon