Нийтлэл 01 сарын 21, 2015

Харуусал 1

Эх орон, эх нутгаа зарж болдог бараа мэт ойлгогсод газар авсаар л, нэмэгдсээр л...

Миний нэг танил бизнесмен залуу байдаг юм. Би найз гэхгүй. Учир нь тэрээр заримдаа найз найз гээд сүйд заримдаа огт танихгүй хүн шиг болчихдог араншинтай. 
Уул нь тэрээр Сибирийн нэгэн хотод 1980 оны дунд үед Дээд сургууль дүүргэсэн гэж ярьдаг боловч жаахан яриа халахаараа тарваганы арьс зардаг наймаа эрхэлж байсан болоод явчихдаг этгээд. 
Одоо тэр бол Монголдоо бол том бизнесмeнүүдийн тоонд орно. Том байшинтай, том машинтай мөн том даргатай, топ хүүхэнтэй найз (гэдэг)... 
Гэвч эрхэлдэг бизнес нь ердөө л тендер авч Төсвөөс мөнгө хусах. Зам, гүүр, барилга байшин, ширээ сандал, ном сурах бичиг... хийгээгүй, шахаагүй юм байхгүй. Жишээ нь Дунд сургуульд 100 төгрөгний модон ширээ нийлүүлэх хэдэн зуун сая төгрөгний тендер аваад 30 төгрөгний картонон шахмал шахна. Ашиг 70 төгрөгөө том дарга найзтайгаа хуваана. Хүүхэд дээр нь ганцхан удаа үсэрч гараад л уг ширээ хэмх. Дараа жил нь төсвөөс дахиад л ширээ авахаар төсөвлөнө. Манай хүн дахиад л өөр компани, хүний нэрээр тендер авна, өмнөх жилээ давтсан үйл ажиллагаа өрнүүлнэ....

Баяжиж буй нь тэд, ядуурч буй нь Монголчууд бид нар юм. 
Уул нь ухаантай, мэдлэгтэй удирдлагатай бол 5 дахин өссөн үнэтэй ч чанарын дээд зэргийн шаардлага, стандарт хангасан мэргэжлийн нэр хүндтэй бренд компанитай олон улсын хэм хэмжээнд гэрээ хэлцэл хийгээд ширээгээ авчихдаг бол ямар ч асуудал байхгүй болох юм. Жил бүр ширээ авах гэж мунгинадаг, бусдад идүүлдэг маань баяртай болох юм. Эсвэл энэхүү бренд бүтээгдэхүүний Монголд хийх үйлдвэрлэлийг нь дэмжээд өгвөл бүр асуудалгүй болох юм. Манай дарга нар мэддэггүй эсвэл мэддэг ч хүсдэггүйд л учир байна.
Монголд хувийн сектор, хувийн бизнесийг дэмжинэ гэж их ярих юм. Шударга, ил тод өрсөлдөөнийг нь дэмжил дээ. Өрсөлдөөнөөс чанар бий болно, үнэ тогтворжино, цаашилбал буурна. Төрөөс төсвөөс хувь хүмүүс компани мөнгө хусдаг, хулгайлдагийг л зогсоох арга хэмжээ авах нь тун чухал байна. 
Хувь хүн, хувь компаниар өргөн хэрэглээний барааныхаа импортыг эзэмшүүлчихээд үнэ бууруулна, үнэ тогтворжуулна, чанарыг эрхэмлэнэ гэдэг бол бухын доодхыг харж үнэг турж үхнэ ээ гэдэгтэй агаар нэгэн юм. 
Хувь импорт хийж 2-3 дахин нугалж зарж буй хэдхэн этгээд хомсдол үүсгээд үнээ өсгөх ахиухан ашиг хийх шуналын бодолтой л байна. Нуугаад байх юм байхгүй. 
Төр өрсөлдөөнийг бий болгоод өгвөл татвараа уралдаж төлөөд үнээ буулгах өрсөлдөөн хувийн секторт бий болно. 
Түүнчлэн бензин шатах тослох материал, халуун орны жимс... зэргээ төр өөрөө хариуцаж, төрийн өндөр цалинтай, мундаг менежерүүдтэй компаниудыг бий болгох хэрэгтэй байна. Жишээ нь 1 кг мандарин Испанид 1000 төгрөгний үнэтэй бол замын зардал, дээр нь татварыг нь шингээгээд замаас нь хэн ч ашиг хийхгүйгээр кг-ыг нь 1350 төгрөгөөр зарж болно. Хувийн сектoр энэ импортыг хийж буй болохоор мандарин бараг 5000 төгрөг (Испанийх биш чанар маш доогуур). Хомсдол үүсвэл үнэ нь өснө... гэх мэт жишээ зөндөө байна.
Төр зарим өргөн хэрэглээний бараа, хүнсэн дээр ашиг хардаггүй эсвэл бүр алдагдал хүлээгээд ард иргэддээ хямд нийлүүлдэг чадвартай, бодлоготой байх хэрэгтэй байна. 
Төр бол муу, төр бизнестэй хутгалдах хэрэггүй гэсэн онол сүүлийн 20-иод жил явлаа. 
Яг үнэндээ Монголын том том баячууд гээд буй этгээдүүд Төрдөө бараа нийлүүлж Төсвийн мөнгөөр л тэрбyмтангyyд боллоо шүү дээ. Тэдний хэд хэд нугалж шахсан үнийн зөрүүг бид төлсөөр л байна. 
Монгол улсын төсөв өсөөд л байдаг. Ард түмэндээ бодитоор очиж наалдсан юм алга. Бодит бүтээн байгуулалт хийгдэж буй юм алга.

Төрийг буруутгаж Засагтаа санаархсан Төсөв рүүгээ шуурсан Тэрбyмтангyyдын шуналын гал улам дүрэлзсээр л байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon