Нийтлэл 01 сарын 17, 2018

Ч.Хашчулуун: Үнийг чөлөөлж байж эдийн засгийн хямралаас гарна

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх олон асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэгийн энэ дугаарт эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун оролцож  Монгол улсын эдийн засгийн байдал болон шатахууны үнийн асуудлаар ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Монгол улсын эдийн засгийн байдлыг  ялангуяа өрөнд орсон байдлыг, татвар нэмэгдээд байгааг ярилцмаар байна. Энэ бүхэн ер нь хэзээ зогсох юм бид бүхэн яавал өрнөөсөө салах юм гэдэгт та макро эдийн засагч хүний хувьд хариулаач ?

Манай эдийн засаг сүүлийн арван жил өссөн. Тодорхой хэмжээгээр ядуурал ч буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засаг хүнд байгааг юуны өмнө уул уурхай хөгжихгүй байгаатай холбож үзэж байна. Үүнийг төрийн оролцоо буруугаар их оролцож байгаатай холбож байна. 2006 он хүртэл төрийн оролцоо бага байсан. 2007 оноос стратегийн орд бий болгосон. Үүний дараа томоохон ордуудад заавал төрийн оролцоо байх ёстой гэсэн ойлголт өгсөн. Уг нь тийм ойлголт байгаагүй. Энэ нь уул уурхайн салбарт төр оролцож эхэлнэ гэдэг ашиг сонирхол нь богино хугацааных  болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл ялсан намд ашигтай болж ирсэн. Дараагийн сонгууль хүртэл ашиг олбол үлдсэн жилүүд нь яах вэ гэдэг ч юм уу?. Тэгээд өчнөөн төрийн мэдлийн компаниуд байгуулж эхэлсэн.  Борооны дараах мөөг шиг  олширсоор 2015 он гэхэд маш их болсон. Бүүр хэрэг эрхлэхийн мэдэлд хүртэл очиж уул уурхай салбараасаа гараад төрийн мэдэл рүү очоод гажиж ирсэн. Энэ нь аюултай. Жишээлбэл нүүрсний салбарт экспорт хийхдээ төр өөрөө экспортлогч болж экспорт хийхдээ маш бага үнээр гаргаж байна. Тэгээд уул уурхайн салбар хөгжөөд байгаа хирнээ өрөнд ороод байгаа нь хүмүүсийг бухимдуулах нь аргагүй. Түүхий нүүрсээ зах зээлийн үнээс доогуур экспортлоод байна шүү дээ.

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Гэтэл уул уурхайд төр оролцоод дампууруулаад төсвийн алдагдалд оруулсан. Эндээс яаж гарах вэ?

Үүнээс гарах цорын ганц гарц бол төрийн том компаниудыг хувьчлах, болохгүй бол хувьцааг нь хүмүүст шилжүүлдэг. Гэтэл манайд тийм тогтолцоо байхгүй байна. Яагаад гэвэл улс төрийхөн сонгогчиддоо таалагдах гэж ажлаа хийдэг. Компанийнхаа үр ашгийг бодохгүй байгаа нь эмгэнэлтэй.

Жишээлбэл таван толгойн ордыг гурван компани хуваагаад хэрэглэж байна.  Нэг нь  “Ухаа худаг” дээр “MG Resource” гээд компани баяжуулах үйлдвэрээ барьчихсан, цахилгаан станцаа барьчихсан хэвийн ажиллаж байна. Нөгөө нэг компани нь орон нутгийн эзэмшлийн уурхай  муу ч сайн ч ажиллаад л байна.  Харин улсын  мэдлийн “Эрдэнэс таван толгой” гэж том компани бий. Гэтэл энэ  компани нүүрсээ гаргахдаа дандаа сайн чанарын түүхий нүүрсийг зах зээлийн үнээс доогуур гаргаж байна. Энэ байдал арилахгүй бол өр тасрахгүй. Тиймээс аль болох төрийн өмчит хувьцаат компаниудыг эзэнтэй болгох хэрэгтэй.

 

Тэгвэл төр өөрөө алдагдалтай ажилчихаад төсвөө нөхөх гэж татвараа нэмэх гээд байна л даа. Тансаглахыг нь төр тансаглалаа одоо хувааж төлөх л асуудал үүсэж байна. Энэ тал дээр?

Миний бодлоор татвар нэмэх гэж байгаа нь анхнаасаа буруу зүйл.  Олон улсын валютын сантай гэрээ байгуулахын тулд бид төсвөө эрүүлжүүлж байна гэж харагдуулахын тулд нэмнэ гэж амласан. Гэхдээ  татварын нэмэгдэж байгаа орлого нь 50 гаруй тэрбум төгрөг байгаа. Гэтэл Монгол улсад татварын нөөц бүрдүүлэх маш олон боломж бий. Үүнээс би гурвыг дурдъя.

  1. Түүхий нүүрсний экспортын татвар- Монгол улс жилд 30 сая тонн боловсруулаагүй түүхий нүүрс экспортод гаргаж байна. Ингэхдээ зах зээлийн үнээс доогуур зарж байна. Тэгвэл энэ гаргаж байгаа 30 сая тонн нүүрснийхээ 1 тонн тутамд 10 орчим долларын татвар ногдуулж болно. Ингэвэл зөвхөн нүүрсний экспортоос 300 сая  орчим долларын орлого олох боломж байна гэсэн үг. Төгрөгөөр бодвол 800 тэрбум төгрөг олох боломжтой гэсэн үг л дээ. Энэ бол төсвийн алдагдлаа бууруулах нэг том боломж
  2. Малын татвар- Монгол улс маш их малтай боллоо. 65 сая малтай. Гэтэл ядуу малчин айл ч бий. Тэгэхээр  эдгээр  65 сая малын дийлэнх нь мянгат малчдад байгаа төдийгүй тэгш биш гэсэн үг биш. Тэгвэл яагаад 65 сая малаас  илүү гарснаас татвар авч болохгүй гэж. Бэлчээрийн хомсдол ч бий болж байна.  Энэ татвар нь орон нутгийн хөгжилд зориулагддаг малчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчинд зориулагдаж болно.
  3.  Үйлчилгээний татвар “Жижигэлэн худалдаа эрхлэгчдийн”- Манай улсын эдийн засаг бол “Ченж” эдийн засаг. Энд тэндээс бараа бүтээгдэхүүн авчирч наймаалдаг. Том худалдаа үйлчилгээ эрхэлдэг газрууд татвараа төлдөг. Гэтэл хүн амын ихэнх нь орлого багатай учир захаас, гудамжнаас, гар дээрээс нууцаар худалдаа наймаа эрхэлж байна. Гэтэл энд маш их эргэлт байгаа. Эндээс татвар авахгүй байна авах сонирхол ч бага байна. Тэгэхээр татвар төлдөг ноомой хэсэг бүлэг хүмүүс буюу багш, эмч нар цэвэрлэгч нар жижиг жижиг хувийн компаниуд. Тэгэхээр татвар авах ёстой бүлгээсээ татвараа авч чадахгүй байна гэсэн үг шүү дээ.

Ер нь эдийн засгийн суурь хувийн хэвшил байна. Хувийн хэвшил ажил олгодог, төр хувиарладаг. Санаж байгаа бол 1990-өөд онд хувийн бизнес хийе, хувьдаа ажиллана гэж ярьдаг байсан бол одоо төр лүү орно л гэж зүтгэх болж. Энэ юутай холбоотой вэ. Үүнийг яаж эргүүлэх вэ. Хувийн хэвшлээ яаж хөгжүүлэх үү?

Миний бодлоор одоогийн манай засгийн газарт маш их боломж байна гэж би харж байна. Эхний ээлжид засгийн газар өөрийнхөө төсвийн баримтад оруулсан 4 том төсөл байна.

Нэгдүгээрт- Таван толгой

Хоёрдугаарт- Таван толгойн цахилгаан станц

Гуравдугаарт- Тавдугаар цахилгаан станц

Дөрөвдүгээрт- Бусад жижиг төслүүд жишээлбэл метро... гээд эдгээр төслүүдийг хийхэд ойролцоогоор 4-5 тэрбум доллар шаардлагатай. Энэ бол 10 их наядын хөрөнгө оруулалт байна гэсэн үг. Үүнийг хийхэд дор хаяж 20-30 мянган ажлын байр бий болно. Учир нь  том том бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэг чинь нийтээрээ цалин орлого өснө гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт 5-р цахилгаан станцын ажлыг зогсоолоо гэж зарласан. Өчнөөн хөрөнгө мөнгө, санхүүг үүнд зарцуулчихаад. Эндээс юу харагдаж байна гэхээр төр төлөвлөж чадахгүй байна гэж харагдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

Энэ маш буруу. Бидэнд цахилгаан станц маш их хэрэгтэй байгаа. Гэтэл улс төрийн үйл ажиллагаанаас болж цахилгаан станц барих асуудал хоёр гурван ч удаа хойшиллоо. Гэвч энэ бол зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш. Хотыг тэр чигээр нь цахилгаанаар хангах асуудал, цаашилбал технологийн дэвшлийн асуудал яригдаж байхад энэ асуудалд ингэж тоомжиргүй хандаж болохгүй.

Одоо үнэ чөлөөлөх асуудлаар ярилцъя. Үнийг барьж байгаад юмыг шахаж байгаа нь төрийн нэг арга барил боллоо шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд түлшний асуудал байна. Өнгөрсөн хэд хоногт түлшний хомсдол гээд шатахуун зарахгүй байна. Гэтэл дарга нар 40 хоногийн нөөцтэй гэж байна. Үнийн зөвлөл үнийг тогтооно гэж байна. Энэ асуудлыг та яаж харж байна?

Эхлээд үнэ яагаад өссөн бэ гэдэг асуудлыг ярья л даа. 2016 оноос хойш манай төгрөгийн ханш огцом уналаа. Долларын ханш өсөж 2000 төгрөгөөс 2400 төгрөг болтлоо өслөө. 2 удаа тусгай татвар нэмэгдлээ. Мөн дэлхий зах зээл дээр нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилд дээд түвшиндээ хүртэл өссөн. Энэ мэт үнийн өсөлтийн бүх хүчин зүйл бүрдсэн. Мөн төр шатахууны үнийг тогтоогоод түүнийгээ бариад байна. Үнээ чөлөөлөх хэрэгтэй. Ер нь энэ байдлаас гарах хамгийн энгийн хоёр шийдэл байна.

  1. Онцгой татвараа нэмэхгүй байх
  2. Үнээ чөлөөлөх

Дэлхийн зах зээлд үнэтэй байвал үнэтэй зар, хямдхан байвал хямдхан зар.  Манай улсын хувьд картын бараанд орчихсон эдийн засгийн хямралтай хүнд үед үнээ чөлөөлж байж л эдийн засаг сэргэсэн. Үнээ чөлөөлж байж л эдийн засгийн хүнд байдлаас гарсан гэдгийг мартаж болохгүй...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon